Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/02189

 

 

 

 

 

 

 

 

                       2021        07          24   

         101/ШШ2021/02189

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Г/,

 

Хариуцагч: М.О  / / нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 35 871 668.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч А.Г , хариуцагч М.О , түүний өмгөөлөгч Г.Т /ҮД-1921/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 “Зээлдэгч А овогтой Г, М овогтой О  нар нь 2018 оны 11 сарын 27-ны өдөр Г тай ЗГ1705141967 дугаартай гэрээг байгуулж, 28 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авч ашигласан. Зээлдэгч А.Г , М.О  нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Г  нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан шаардлагыг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч А овогтой Г, М овогтой О  нарт холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд, үндсэн зээлийн төлбөрт 26 471 974.67 төгрөг, үндсэн хүүнд 9 239 856.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 159 837.36 төгрөг, нийт 35 871 668.09 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч А.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Би энэ зээлийг өөрөө авсан, өөрөө буцааж төлнө. Энэ зээлд М.О  хамааралгүй тул түүнийг хамтран зээлдэгчээс хасаад өгөөсэй гэж бодож байна. Би банкны эдийн засагчийг нь таньдаг хүнээр яриулж зээл авсан. Зээлийн материал бүрдүүлж өгөхөд чамд ийм хэмжээний зээл гарах юм байна, одоо хамтран зээлдэгч олоод ир гэхээр нь М.О  эгчийг дуудсан. Зээлийн талаар болон эрх, үүргийг нь танилцуулаагүй шууд гарын үсэг зуруулсан. Би өмнө нь Г инд 10 сая төгрөгийн зээлтэй байсан. Хамт ажилладаг байсан хүн маань намайг Солонгос улс руу гаргаж өгнө гээд надаас 18 сая төгрөг авсан. Би та намайг баллаваа, би ажлаасаа гарчихсан, ядаж зээлийн хүүг нь хийнэ шүү гэж хэлсэн. Би 2019 оны 02 сард тэр хүнтэй яриад та миний мөнгийг хийж байгаа юм уу гэхэд ах нь асуудалгүй, мөнгө хийж байгаа, чи санаа зоволтгүй гэсэн. Г ны эдийн засагч над руу 2019 оны 08 сард залгасан байхаар нь буцаагаад залгахад 5, 6 сарын зээлийн төлөлт хийгдээгүй байна гэж хэлсэн. Би нөгөө Солонгос гаргаж өгнө гэсэн хүнтэй ярихад ах нь одоо мөнгөө хийлээ гэсэн. Гэвч одоо тэр хүнтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа. Миний хувьд Г наас зээл авснаа хүлээн зөвшөөрч байна, зээлийг төлнө” гэв.

Хариуцагч М.О  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Г наас шүүхэд зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан А.Г  болон М.О  надаас 35 871 668.09 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Миний бие 2018 оны 11 сарын 27-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад сургалтад суугаад гарч иртэл А.Г  над руу утсаар залгаад ойрхон яваа юм бол 1 дүгээр хороолол Саппорагийн арын Г анд ороод ир гэсэн. Би юу болсныг нь сайн мэдээгүй банкин дээр явж ортол А.Г  зээлийн эдийн засагч гарах гээд яараад байна гэж надад хэлээд, банкны эдийн засагч гэх эмэгтэй хоёр иргэний үнэмлэхээ өгчих гээд миний иргэний үнэмлэхийг конандаж авч намайг 2-3 хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зуруулж байгаа юм гэхэд надад хэн нь ч тайлбарлаагүй. А.Г  зээл авч байна л гэж надад хэлсэн. Би дараа нь асуудалд орох юм биш биз дээ гэхэд чамд асуудал болохгүй ээ, би өөрөө зээлээ төлөөд явна гэж хэлж байсан. Зээлийн эдийн засагч нь гарах гээд яараад надад тайлбарлаж, надтай ярилцсан юм байхгүй, надад батлан даагч хамтран зээлдэгч гэх мэт гэрээний нэг хувийг ч өгөөгүй. Тухайн зээлийг А.Г  нь хүнээр яриулж авсан болохоор банкны эдийн засагч хүртэл гэрээн дээр хэн гарын үсэг зурах нь хамаагүй гэж бодсон байх. Иймээс энэ мэтээр хүнд олон сая төгрөг зээлж байж хөндлөнгийн хамаатан садан биш танил төдий хүнээр гарын үсэг зуруулан зээл олгож намайг хөлд нь чирч байгаа асуудалд би гомдолтой байна. Би А.Г ийн авсан зээлд ямар үүрэгтэй оролцож байгаагаа одоо хүртэл мэдэхгүй байна. Г наас надад утсаар мэдэгдсэн, хэлсэн, надаас мөнгө нэхэж залгасан удаа огт байхгүй байтал шүүхэд өгсөн нэхэмжлэл дээрээ надад залгаж хэлсэн гэж бичсэн байна. А.Г  зээл авах зорилготой банкинд хандаж, зээлийн гэрээний дагуу бүх мөнгийг нь өөрийн цалингийн данс руугаа шилжүүлэн авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Цалингийн дансаа барьцаалаад барьцаат зээлийн гэрээ байгуулсан байдаг. Банкны зүгээс тухайн үед хамтран зээлдэгчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, М.О гийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглаад ийм асуудалд оруулсан гэж үзэж байна. Тухайн зээлээс би нэг ч төгрөг өөртөө авч хэрэглээгүй тул энэ зээлийг авч хэрэглэсэн А.Г оос нэхэмжлэж намайг зээлийн гэрээний үүргээс чөлөөлж өгнө үү. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг анхаарч шийдвэрлэж өгнө үү. Зээл авсан хүн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч зээлээ төлье гээд эвлэрэх санал гаргаж байна. Тийм учраас энэ мөнгийг М.О  хариуцах ёсгүй, А.Г  нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь төлөх үүрэгтэй” гэв. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт” ХХК нь хариуцагч А.Г , М.О  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 26 471 974.67 төгрөг, үндсэн хүүнд 9 239 856.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 159 837.36 төгрөг, нийт 35 871 668.09 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч А.Г  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрч, хариуцагч М.О  энэ зээлд хамааралгүй гэх тайлбарыг, хариуцагч М.О  нь зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцсэн.

“Г ” ХХК нь А.Г , М.О  нартай 2018 оны 11 сарын 27-ны өдөр ЗГ1705141967 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-г байгуулан, 28 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл олгосон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-7/

Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан талаар маргаагүй.

Зээлийн гэрээний дагуу “Г ” ХХК нь 2018 оны 11 сарын 27-ны өдөр 28 000 000 төгрөгийг зээлдэгч А.Г ийн данс руу шилжүүлэн олгосон нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч А.Г   мөнгө шилжүүлэн авсан талаар  маргаагүй. /хх-9/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт ёсоор зээлийн төлбөрийг сар бүр, хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1 528 025.33 төгрөг, зээлийн хүүнд 2 053 166.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 158.19 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт нийт 3 582 350.46 төгрөгийг төлсөн нь зээлийн дансны гүйлгээний хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. Эдгээр төлөлтийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 11 сарын 27-ны өдөр ЗГ1705141967 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ний хугацаа 2023 оны 11 сарын 27-ны өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч “Г ” ХХК нь гэрээний 3.3.4-т “зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцлах эрхтэй” гэж заасныг үндэслэн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгч нараас гаргуулахаар шаарджээ.

Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мэдэгдэл өгснөөр тогтоох тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2021 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 26 471 974.67 төгрөг, үндсэн хүүнд 9 239,856.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 159 837.36 төгрөг, нийт 35 871 668.09 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохдоо зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах, зээлдэгчийн орлого, хөрөнгийн талаар судалж тэмдэглэсэн байх, зээл олгохыг хүссэн өргөдлийг зээлдүүлэгчээс авч зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэрийг хангах үүрэгтэй.

Хамтран зээлдэгч М.О гийн хувьд банкнаас хуульд заасны дагуу зээл олгох үйл ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь зээл олгох үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан ба 2018 оны 11 сарын 27-ны өдөр зээлдэгч А.Г ийн данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд хамтран зээлдэгч М.О гийн данс руу зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч М.О  нь 2018 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ1705141967 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-нд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байх боловч зээлийн гэрээ байгуулах, зээл олгох үйл ажиллагаанд түүнийг зээлдэгчийн хувиар оролцуулж, нэхэмжлэгч “Г ”ХХК-тай зээлийн гэрээний харилцаанд орсон гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг баримтлан хариуцагч А.Г , М.О  нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж тодорхойлон зээлийн гэрээний үүргийг шаардсан байх боловч хариуцагч М.О гийн хувьд дээр дурдсаны дагуу зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч А.Г  нь зээлийн гэрээний дагуу 28 000 000 төгрөгийг авсан болон зээлийн эргэн төлөлтийн дүнгийн талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэгт нийт 35 87 ,668.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч А.Г оос 2018 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ1705141967 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 26 471 974.67 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 9 239 856.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 159 837.36 төгрөг, нийт 35 871 668.09 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгож, хариуцагч М.О д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1,  225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч А.Г оос зээлийн гэрээний үүрэгт 35 871 668.09 /гучин таван сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун жаран найман төгрөг есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгож, хариуцагч М.О д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 400 төгрөг, 72 257 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Г оос 337 308 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР