Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/470

 

 

 

 

 

 

 

  2024         04            26                               2024/ШЦТ/470

 

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч М.Сүхчулуун,

Шүүгдэгч М.Ө,

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Ө, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Н нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2406 00776 0553 дугаар хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *** төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** ажилтай, ам бүл 2, эгчийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, М.Ө,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 08-ны өдөр *** төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жил 8 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн, регистрийн *** дугаартай, М.Н.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч М.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1842 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/,

 

“Ашид-Үлэмж” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2312/18 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26-27 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БЗ1-24-217 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-33 дахь тал/,

Хохирогч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дэх тал/,

Хохирогч П.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56 дахь тал/,

Яллагдагч М.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /хх-ийн 82-83 дахь тал/,

Яллагдагч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-93 дахь тал/,

Гэрч Г.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-98 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121-123 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Ө, М.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Ө нь “Ноён Капитал” ХХК-ийн харьяа “Амар” зочид буудал, ресторан үйлчилгээний төвд *** 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын ресторан, караоке зааланд үйлчлүүлж байсан хохирогч М.Нг шилэн хаалга өшиглөж хагалсан гэх шалтгааны улмаас түүнийг цохиж, биед нь баруун дээд 3-р шүдний цөгцний хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Н нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын ресторан, караоке зааланд үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ тус газрын хамгаалалтын ажилтан “манай байгууллагын хаах цаг болсон, та гарна уу” гэх шаардлага тавихад нь маргаан үүсгэн, улмаар “Амар” зочид буудлын шилэн хаалгыг өшиглөн хагалж, бусдын 480.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг санаатай устгаж, дахин ашиглах боломжгүй болгосон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон…” гэж заасныг шүүх хуралдаанаар хянахад шүүгдэгч нар нь хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэдэг нь зүгээр үгээр хэлэхийг тооцохгүй бөгөөд хүнээс гарч байгаа аливаа үг, үйлдэл нь хүний үйл ажиллагааны нэг төрөл болохын хувьд хүний бие махбодын ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг билээ. Өөрөөр хэлбэл хохирол төлбөр төлөх эсхүл төлөхөө илэрхийлэх гэдэг нь өөрийн гэмт зан үйлдлийг ойлгон ухамсарлаж, тэрхүү үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахаар өөрийн сайн дураар хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх болон хохирол төлбөр төлөх нь бодитоор хэрэгжих боломжтой байгааг батлан харуулахыг ойлгоно.

Түүнчлэн шүүгдэгч М.Ө нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шаардлага, түүнээс үүсэх хууль зүйн үр дагавар зэргийг ойлгоогүй, энэ талаар ямар ч ойлголтгүй, түүнийгээ илэрхийлж хэлэхгүй байгаа байдал зэрэг шүүх хуралдааны явцад тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “…энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.…” гэж заасныг үндэслэн ердийн журмаар шийдвэрлэхээр тогтов. 

Мөн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д “...Шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр, ердийн журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулах,...” гэж заасанчлан шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч М.Ө нь “Ноён Капитал” ХХК-ийн харьяа “Амар” зочид буудал, ресторан үйлчилгээний төвд *** 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын ресторан, караоке зааланд үйлчлүүлж байсан хохирогч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус байгууллагын 1 дүгээр давхарт байрлах орох, гарах хаалганы шилэн тусгаарлагчийг санаатай өшиглөж хагалсан үйлдэлд дургүйцэж, улмаар түүнийг газарт унагаж хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хохирогчийн биед баруун дээд 3-р шүдний цөгцний хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч М.Н нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын ресторан, караоке зааланд үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ тус газрын хамгаалалтын ажилтан “манай байгууллагын хаах цаг болсон, та гарна уу” гэх шаардлага тавихад нь үл ойлголцож маргаан үүсгэн, улмаар “Амар” зочид буудлын орох, гарах төв хаалганы шилэн тусгаарлагчийг санаатай өшиглөн хагалж, бусдын 480.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг санаатай устгаж, дахин ашиглах боломжгүй болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Н нь мөн хохирогчоор тогтоогдсон байдаг. Энэ гэмт хэргийн улмаас түүний биед 5.070.000 төгрөгийг эмчилгээний зардал гарсан, үүнээс хохирол төлбөрт 900.000 төгрөгийг шүүгдэгч М.Өоос төлсөн. Үлдэгдэл 4.170.000 төгрөгийг шүүгдэгч М.Өоос гаргуулах саналтай байна. Шүүгдэгч М.Н нь энэ хэргийн улмаас тухайн караокены шилэн хаалгыг хагалж, байгууллагад 480.000 төгрөгийг хохирол учруулсан байдаг. Уг мөнгөн дүнг шүүгдэгч М.Өын цалин дээрээс хасаж байгууллага хохирлоо барагдуулсанд тооцсон тул түүнийг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч М.Ө, М.Н нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Өын үйлдлийн улмаас хохирогч М.Нгийн биед баруун дээд 3-р шүдний цөгцний хугарал гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь:

Камерын бичлэгт үзлэг хийсэн ...Бичлэгийн 03:15 цагт М.Н хаалга өшиглөсний дараа М.Ө гарч ирээд түүнийг цохиж газарт унагааж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 121-123 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1842 дугаартай: “...М.Нгийн биед баруун дээд 3-р шүдний цөгцний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/,

 

Хохирогч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ үед нэрийг нь мэдэхгүй нэг хамгаалагч намайг татаж чангааж байгаад караокены гадна үүдэнд намайг нүүрэн хэсэгт нэг удаа цохиж унасан байхад өшиглөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дэх тал/,

Яллагдагч М.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна хэргийг минь хялбаршуулж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Өын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч М.Нгийн үйлдлийн улмаас “Ноён Капитал” ХХК буюу хохирогч П.Чд бага хэмжээнээс дээш буюу 480.000 төгрөгийн хохирол учирсан болох нь:

“Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БЗ1-24-217 дугаартай “...Хаалганы шил зах зээлийн үнэлгээ нийт 480.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-33 дахь тал/,

Хохирогч П.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэсэг хугацааны дараа нөгөө хүмүүс нь явж тэр залуу ганцаараа үлдсэн. Тэгээд байгууллагаас гарахгүй байсан ба оператортай хамт очиж тэр залууг ажлаас гаргасан. Би цаана ажлаа хийгээд байж байтал манай ажилтан нөгөө залуу шилэн хаалга хагалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн 03:22 цагт хохирогч М.Н 1 дүгээр давхрын хаалганаас гарч ирээд шилэн хаалгыг өшиглөж байгааг зураг хэлбэрээр оруулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 121-123 дахь тал/,

Яллагдагч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...3үйл ангийг хүлээн зөвшөөрч байна маргалдах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дахь тал/ зэргээр тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…”, “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй…” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд тус тус халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч М.Ө нь “...шилэн хаалга өшиглөж хагаллаа...” гэх шалтгааны улмаас М.Нгийн биед халдах үедээ болон шүүгдэгч М.Н нь “...хөөж гаргалаа...” гэх шалтгааны улмаас бусдын эд хөрөнгөд халдах үедээ тус тус хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.Нгийн биед үүссэн гэмтэл нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1842 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “…Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно…” гэжээ.

Иймд “Ашид-Үлэмж” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2312/18 дугаартай албан бичгийг /хх-ийн 26-27 дахь тал/ нотлох баримтаар үнэлж харин тус байгууллагын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №24/016 дугаар албан бичгийг /хх-ийн 132 дахь тал/ нотлох баримтаар үнэлэх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч М.Н нь эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зардалд 840.000 төгрөг болон 1.080.000 төгрөгийн НӨАТ-ын баримт /хх-ийн 131 дэх тал/-ыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч М.Ө нь хохирогч М.Нд 500.000 төгрөгийн хохирол төлбөрийг бэлнээр төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан талуудын тайлбар мэдүүлэг болон хохирогч М.Нгийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 130 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч М.Нгийн хагалсан шилэн хаалганы төлбөрийг түүнээс нэхэмжлэхгүй, харин М.Өын төлсөн хохиролд оруулан тооцохоор тохиролцсоныг /хх-ийн 104 дэх тал/ талуудын хүсэлтийг харгалзан шүүхээс тооцохоор шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч М.Нг хохирогчийн хувиар нийт 1.080.000+840.000 = 1.920.000 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч М.Н нь 900.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч М.Өыг хохирогч М.Нд үлдэгдэл 1.020.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж үзлээ.

Харин хохирогч М.Н нь цаашид учирч болох гэм хорын хохирлоо хуульд заасан шаардлагын дагуу баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Нгийн хууль бус үйлдлийн улмаас “Ноён Капитал” ХХК-д 480.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БЗ1-24-217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-33 дахь тал/-ээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.Н нь уг хохирлыг барагдуулсан болох нь хохирогч П.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 104 дэх тал/-ээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Ө, М.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч М.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг хэргийн хамт архивын нэгж болгон хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч М.Ө нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч М.Н нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Шүдэндээ хийлгэсэн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 105, 106 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа

/хавтаст хэргийн 61, 107 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Ө, М.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Өод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлж, харин шүүгдэгч М.Нд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Ө, М.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус бүрээр харгалзан шүүгдэгч М.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч М.Нгийн зорчих эрх хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч М.Н нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг болон түүний хүсэлтээр ажлын газар нь Баянзүрх дүүрэгт нутаг дэвсгэрт байрладаг зэргийг харгалзан тус хоёр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ө, М.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Ө, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Өод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн  505.1 дэх хэсэгт тус тус  хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өоос 1.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Нд олгосугай.

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.Ө, М.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Н нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч М.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ө, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ШИНЭХҮҮ