Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй 

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Д.Эад холбогдох эрүүгийн 1922001830130 тоот хэргийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, - нд төрсөн, настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:/ Ховогт Дийн Э нь 2019 оны 7 дугаар сарын 5-аас 2019 оны 7 дугаар сарын 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод орших суух Х.Дийн гэрт хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг аяны хөнжил /мишок/ хулгайлж, 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1,2-т зааснаар Д.Эад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэснийг удирдлага болгожээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдийг тусгасан байхад урьдчилсан хэлэлцүүлгээс бус гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас хуулийн дээрх заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.” гэснийг ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүгчийн захирамжинд “Д.Э нь хохирогч Х.Дийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг аяны хөнжил авсан үйлдлийн сэдэлт, зорилгыг нотлох мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг, түүнчлэн шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн үйлдэлд гэмт хэрэг, зөрчлийн шинж байгаа эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай.” гэжээ.

Прокуророос Д.Э нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба хулгайлах гэмт хэрэг нь амар хялбар аргаар, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор авах байдлаар илэрдэг. Улмаар шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн дээрх шинжид хамаарч байгаа бөгөөд энэ нь хохирогчийн гэрт хууль бусаар буюу тооноор нь нэвтрэн орж, хулгайн эд зүйлийг бусдад хариу төлбөртэйгээр шилжүүлсэн үйлдлээр нотлогддог.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн сэдэлт, зорилго тодорхойгүй гэж байгаа боловч Д.Эын яллагдагчаар өгсөн “...би тэр мишокийг зарж үрнэ гэж аваагүй. ажилд явахад хэрэгтэй гэж авсан.” гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн, мөн прокуророос шунахайн зорилгоор бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж зүйлчилснийг няцаан үгүйсгэсэн үндэслэл тодорхой бус байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс Д.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг болон мөн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэжээ. Гэвч Д.Эын үйлдэл нь дээрх гэмт хэргүүдэд хамаарахгүй бөгөөд шүүхээс тухайн гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх, хэргийн зүйлчлэл тохирсон эсэхийг тогтоох бүрэн боломжтой юм.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл нь “Байнгын” шинжтэй байхаар хуульчилсан бол 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд дээрх гэмт хэргүүдийн аль аль нь “шунахайн” сэдэлт, зорилгогүйгээр үйлдэгддэгээрээ онцлог юм.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд үүнийг Улсын дээд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх замаар тайлбарлахдаа “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтрэн үйлдэж бага хэмжээнээс доогуур хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар хууль тогтоогч хуульчлан тайлбарлаж Эрүүгийн хуульд тусгасан нь хуулийг тайлбарлах, хэрэглэх талаар эргэлзээ үүсгээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний хохирлын хэмжээнд хүрээгүй боловч орон байранд нэвтэрсэн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилнэ.” гэж дүгнэн практик тогтоосон байна.

Мөн шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлдээ “Д.Эад холбогдох хэрэг бүртгэлтийн 192200042 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг шалгаж, эцэслэн шийдвэрлээгүй бол 1922001830130 дугаартай хэрэгтэй нэгтгэн шалгах, хэрвээ шийдвэрлэсэн бол тэр талаарх нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай.” гэсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газраас Д.Эыг хамтран амьдрагч Х.Дг байнга зодож, харгис хэрцгий харьцан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан ба хэргийг прокуророос хянаад уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан хэргийг нэгтгэх, тусгаарлах зохицуулалт нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт буюу зөвхөн мөрдөн байцаалтын хэрэгт хамаарах тул хэрэг бүртгэлтийн хэргийг мөрдөн байцаалтын хэрэгт нэгтгэн шалгах боломжгүйгээс гадна 1922001830130 дугаартай хэрэгт Д.Эын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх асуудал огт тусгагдаагүй байхад зөвхөн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Эрх хязгаарлах тухай” захирамжинд бичигдсэн хэргийн дугаарыг үндэслэн 192200042 дугаартай хэргийг нэгтгэн шалгах эсэхийг асуудлыг шийдвэрлэх гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг зөрчсөн байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлийг  эсэргүүцэлдээ тодорхой дурдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарлалаа. Д.Э нь иргэн Дийн гэрийн тооноор орж, түүний зарж байсан мишокноос 2 ширхэгийг хулгайлж, бусдад  50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогддог бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл  тохирсон. Гэрийн тооноор орж байгаа үйлдлийг орон байранд нэвтэрсэн  гэж үзнэ. Э нь хохирогч руу залгасан, урьд нь мишок авна гэж ярьж байсан гэдэг боловч энэ нь нотлогддоггүй. 

         Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/46 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Э нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогддоггүй. Хохирогч Х.Д Д.Э нар нь хамтын амьдралтай, дундын хөрөнгөтэй байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2019 онд шүүгчийн захирамжаар Д.Эыг Дтай уулзах, бусад хэлбэрээр харилцахыг хязгаарласан арга хэмжээ шүүхээс авсан, үүнээс хойш тусдаа амьдрах болсон. Гэмт хэргийн санаа зорилго, сэдэлтийг тогтоож байж хэргийг шийдвэрлэх ёстой. Шүүгдэгч Д.Э нь 2 мишокыг ашиг олох, шунахай сэдэлтээр аваагүй. Э нь Дтай уулзахаар олон удаа утсаар ярьсан боловч уулзахгүй, утсаа авахгүй болохоор нь гэрийн түлхүүргүй учраас тооноор нь орсон гэдэг. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Хэрэг бүртгэлтийн хэргийг мөрдөн байцаалтын хэрэгтэй нэгтгэн шалгах боломжгүй гэсэн прокурорын саналтай санал нэг байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаш-Эрдэний бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Эад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, мөрдөгчөөс “Эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох”-оор шинжээч томилсон тогтоолдоо  Эын хулгайлсан гэх мишокны талаар “хуучин“ гэхээс өөр ямар ч мэдээллийг шинжээчид өгөлгүй, шинжээчид асуулт тавиагүй байгаа нь “шинжээч томилох шийдвэрт  шинжээчид тавих асуулт, шинжилгээний объектийн талаарх мэдээллийг тусгана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн бөгөөд шинжээчээр томилогдсон Б.Саранзаяа үнэлгээг шинжээчийн дүгнэлтийн загвараар гаргалгүй, эд зүйлд үнэлгээ хийсэн акт, үнэлгээний комисс гэх зэргээр хуульд байхгүй нэр томъёо хэрэглэсэн, шинжээчийн дүгнэлтдээ эд зүйлийг үнэлсэн үнэлгээгээ бичилгүй  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5 дахь заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг ноцтой зөрчжээ. 

 

Шүүгдэгч Д.Эын хохирогч Х.Дийн гэрт хууль бусаар нэвтрэн  орж 2 ширхэг аяны хөнжлийг авсан үйлдлийн сэдэлт, зорилго нь бусдын эд хөрөнгийг хулгайлах эсхүл хохирогчийн эсрэг гэр бүлийн харилцаанаас үүссэн сэдэлттэй эсэхийг нотлох шаардлагатай байна гэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн сэдэлт, зорилгыг тогтооход шүүгдэгч, хохирогч нарын харилцаа гэмт хэрэг үйлдэгдэх үед ямар байдалтай байсан нь чухал болно. Хохирогч Х.Д нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Э “гэрийг чинь буулгаж аваад явна, эд зүйлийг чинь зарж үрээд архи авч ууна” гэж дарамталсан, эд зүйл алдагдсан шөнө Э над руу   дугаарын утаснаас залгаад байсан гэж мэдүүлдэг бөгөөд эдгээр асуудлыг шалгаж тогтоосноор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго тогтоогдох тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмуудад нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/46 дугаар  захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Г.Хаш-Эрдэний 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хэргийг прокурорт очтол Д.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ