Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1581

 

МАГАДЛАЛ

 

2018.07.06                                                     Дугаар 1581                          Улаанбаатар хот

 

 

 

 

Г.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01057 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 51 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Б-д 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөг 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй тус тус баримт үйлдэж зээлдүүлсэн. Улмаар Б.Б нь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд төлөхийг шаардсан боловч удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн. Иймээс Б.Б-гаас үндсэн зээл 45 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүүгээр бодож 3 сарын хүү 6 750 000 төгрөг, нийт 51 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Г.Ч-аас 3 тасдаж 45 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн боловч энэ мөнгөнөөс 28 050 000 төгрөгийг буцааж төлсөн. Гэтэл Г.Ч нь намайг мөнгө төлөөгүй мэтээр нэхэмжлэлдээ бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх Г.Ч-ийн мөнгийг авахдаа хүүгийн талаар огт тохиролцоогүй. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр авсан 20 000 000 төгрөгөөс 14 000 000 төгрөгийг буцааж өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Т.М , Г.Ч нар 9 500 000 төгрөгийг Д.А-ийн дансанд хий гэж хэлсний дагуу Т.М , Д.А бид 3 хамт явж байгаад Ардын эрхийн Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. Мөн өдрөө Т.М  нь н.Б гэж Капитал банкны хүнд 2 500 000 төгрөгийг өгөх хэрэгтэй боллоо гээд Д.А-ийн дансаар дамжуулж авсан. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Т.М  нь Г.Ч-ийн ээж Т.М-ны Хаан банкны дансаар 2 000 000 төгрөг шилжүүл гэсний дагуу би өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авсан 15 000 000 төгрөгөөс           8 000 000 төгрөгийг буцааж өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Г.Ч , Т.М  нар 1 500 000 төгрөгийг шилжүүл гэсний дагуу миний нөхөр         М.Э-О-ын Хаан банкны данснаас Г.Ч-ийн дансанд шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг мөн М.Э-О-ын данснаас Г.Ч-ийн дансанд шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Т.М , Г.Ч-ийн хэлснээр 1 000 000 төгрөгийг Т.М ы нөхөр гэх н.Ч-ийн дансанд мөн М.Э-О-ын данснаас шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөгийг Г.Ч-ийн дансанд нөхөр     М.Э-О-ын данснаас шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг Г.Ч-ийн дансанд М.Э-О-ын данснаас шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан 10 000 000 төгрөгөөс 6 050 000 төгрөгийг буцааж өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 150 000 төгрөгийг Т.М , Г.Ч нарын хэлснээр н.Ч гэдэг хүний дансанд М.Э-О-ын данснаас шилжүүлсэн. Мөн өдрөө 250 000 төгрөгийг тэдний хэлсний дагуу н.О гэдэг хүний дансанд шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 5 удаа тус бүр 1 000 000 төгрөгөөр нийт 5 000 000 төгрөгийг Г.Ч-ийн дансанд М.Э-О-ын данснаас шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөгийг Г.Ч-ийн дансанд М.Э-О-ын данснаас шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Т.М , Г.Ч-ийн хэлснээр 150 000 төгрөгийг Д.А-ийн дүү Д.С-ын дансанд М.Э-О-ын данснаас шилжүүлсэн. Нийт 45 000 000 төгрөгөөс 28 050 000 төгрөгийг буцааж өгсөн учир 16 950 000 төгрөгийг буцааж төлөх ёстой гэж бодож байна. Үлдэх мөнгийг хариуцах учиргүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 27 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ч д олгож, үлдэх 23 800 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 3 300 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, мөн хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 237 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ч д тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч Б.Б надаас зээлийн гэрээний үүрэгт 27 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ч д өгөхөөр шийдвэрлэсэнийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнээс Г.Ч-ийн эгч Г.М , түүний найз Д.А нарын зээлийн мөнгөнөөс авсан 12 000 000 төгрөгийг хасч тооцох байсан бөгөөд хариуцагч Б.Б миний төлөх үүрэг нь 15 950 000 төгрөг байх байсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгүй, шүүхийн журмаар бүрдүүлэх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нотлох баримтуудыг зөвхөн нэхэмжлэгч талын ашиг сонирхолд нийцүүлэн харилцан зөрүүтэй үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэх нь хэсгийн 3-т “Б.Б-гаас Д.А-д шилжүүлсэн нийт 12 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцох боломжгүй байна гэсэн атлаа” хариуцагч Б.Б-ийн зүгээс нэхэмжлэгч Г.Ч-аас авсан зээлээ зээлдүүлэгч Г.Ч д өөрт нь, мөн гэрч Г.М , гэрчийн нөхөр гэх н.Ч мөн н.С, н.Ч, н.О гэх иргэдийн дансаар тус тус төлсөн байдаг. Эдгээр нь хэргийн мэдүүлгээр нотлогддог гэж эдгээр хүмүүсийн миний болон миний нөхөр М.Э бид нарын Г.Ч-аас зээлсэн мөнгөнүүдийг буцааж төлөхдөө Г.Ч болон түүний ээж Г.М, эгч Г.М  нарын хэлж ярьсаны дагуу нэр бүхий хүмүүсийн дансаар төлж байсан мөнгөнүүдийг нотлох баримтаар шүүх тооцсон. Гэтэл Д.А Г.М  нарын Г.Ч д хэлж авсан 12 000 000 төгрөгийг нь бусад хүмүүсийн дансаар төлсөн мөнгөний адил төлсөнд тооцогдох байтал шүүх хасч тооцоогүй. Гэрч Д.А-ийн нотариатаар батлуулж шүүхэд өгсөн тодорхойлолтыг шүүх огт үнэлж үзээгүйд гомдолтой байна. Энэ 12 000 000 төгрөгийн талаар Д.А гэрчийн тодорхойлолтдоо Г.Ч-ийн Б.Б-д зээлдүүлсэн 20 000 000 төгрөгнөөс Г.М  бид хоёрын авсан 2 500 000 төгрөг болон Д.А-ийн авсан           9 500 000 төгрөг нийт 12 000 000 төгрөгөө хасаад үлдсэн мөнгөө төлөөрэй би Г.Ч д хэлчихсэн байгаа гэж удаа дараа хэлж байсныг би мэднэ. Мөн гэрч Г.М  нь, Г.Ч-аас 20 000 000 төгрөг авч 10 000 000 төгрөг Д.А-ийн данс руу орсон гэдгийг мэднэ гэж мэдүүлсэн ба хариуцагч Б.Б би гэрч Д.А-аас мэдүүлэг авхуулахаар шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх Д.А-аас гэрчийн мэдүүлэг аваагүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн Д.А нь шүүхэд өөрийн биеэр ирж “...гэрчийн мэдүүлэг өгөх байсан боловч ар гэрт ажил явдал гарч эгч минь өөд болсон тул гэрчийн мэдүүлгээ бичгээр хүргүүлж байна гэж гарын үсэг утасны дугаараа бичсэн байхад шүүх тухайн үед гэрчийн мэдүүлэг аваагүй, дахин гэрчээр дуудаагүй байнга оршин суугаа хаягийг тодруулаагүй атлаа” шийдвэртээ “...гэрчийг шүүхэд дуудаж ирүүлэх тодорхой хаяггүй гэдэг үндэслэлээр гэрч дахин дуудаж ирүүлж гэрчийн мэдүүлэг авахуулах хариуцагч миний хүсэлтийг шүүх хангалгүй хэргийг шийдсэн нь хэрэг шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Түүгээрч барахгүй 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны эхэнд хариуцагч Б.Б би шүүгч Д.Н-ыг дахин татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан гэрч асуулгах, нотлох баримт, албадан гаргах хүсэлтүүдийг хангалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг буцаах эсвэл хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн Б.Б надаас        27 950 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Д.А , Г.М  нарын авсан 12 000 000 төгрөгийг хасч 15 950 000 төгрөг гаргуулж Г.Ч д олгуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 51 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь өөрөө болон нөхрийн дансаар 45 000 000 төгрөг шилжүүлэн авснаас 29 000 000 төгрөгийг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, харин зээлсэн мөнгөнөөс 17 050 000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Зээлийн хүү төлөх талаар талууд тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй болно.

Д.А , Г.М  нарт өгсөн 12 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Б.Б нь зээл төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Г.Ч д эсхүл түүний зөвшөөрсөн этгээдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй юм.

Зээлийг Д.А , Г.М  нарт хүлээлгэн өгөхийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгджээ.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                      ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ