Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 153

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

улсын яллагч Д.Эрдэнэсоёл,           

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

хохирогч Х.Батжаргал,

шүүгдэгч Ц.Алтаншагай нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Алтаншагайг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201605000310 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                

Монгол  Улсын иргэн, 1996 оны 10 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-р баг 2-46 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, УП96102551 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэнгүнжавын Алтаншагай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Яллагдагч Ц.Алтаншагай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 сарын 25-ны өдөр Баянхонгор сумын 3-25-26 тоот хашааны үүдэн дээр иргэн Х.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж харилцан маргалдаж улмаар түүний зүүн шуун тус газарт нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                /сэжигтэнг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

                                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Батжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2016 оны 10 сарын 25-ны өдөр 20 цаг 20 минутын үед  Баянхонгор сумын 3-25-25 тоотод байх гэрээсээ гараад гудамж өгсөөд явж байхад 3-25-26 тоот хашааны үүдэнд 20 орчим насны залуу зогсож байсан. Хажуугаар нь гараад явахад араас хөөе гэж дуудсан. Яасан бэ гэхэд утсаа өгчих яриадхъя гэхээр нь би гар утсаа өгөхөд миний  гар утсыг аваад залгахад нөгөө дугаар нь холбогдохгүй байсан. Гар утсаа буцаагаад авахад тэр залуу энэ хашаанд янхан хүүхэн байдаг мэдэж байгаа биздээ гэхэд нь би яаж мэдэх юм гэж хэлсэн. Дээрх залуу чи мэдэж байгаа биздээ гээд дахин надад хэлсэн. Би хүний явдлыг яаж мэдэх юм бэ чи юу яриад байгаа юм бэ гээд маргалдаад зогсож байхад чи мэдэж байгаа биздээ гээд надруу ойртоод ирсэн. Баруун гарт нь хутга харагдах шиг болсон. Би 2 гарнаас нь барьж аваад цааш түлхсэн. Тэгэхэд тэр залуу хутгатай гараа цааш нь татахдаа миний зүүн гаран тус газар хутгалчих шиг болсон. Би хутгалчихлаа гэж бодоод уруудаж гүйгээд хашаан дээгүүр даваад гэртээ орж эхнэр Өлзийдэлгэрт хутгалуулсан талаар хэлээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч Д.Өлзийдэлгэрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2016 оны 10 сарын 25-ны өдөр 3-25-25 тоот гэртээ байхад манай нөхөр айлд очоод иръе гээд 20 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан. Удалгүй 10 орчим минут болоод эргэж гэртээ орж ирээд 3-25-26 тоот хашааны харалдаа гудамжинд хүн утсаар чинь яръя гэж хэлээд миний гар утсаар залгаж байгаад утас нь холбогдохгүй байхад дээрх хүн надтай маргалдаж байгаад миний зүүн гарын шуун тус газар хутгалчихлаа гэж хэлсэн. Зүүн гарын шуун тус газраас нь цус гарч байсан гэх мэдүүлэг /хх-н 20-21/

Насанд хүрээгүй гэрч О.Янжинлхамын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2016 оны 10 сарын 25-ны өдөр Баянхонгор сумын 3-25-26 тоотод гэртээ байхад 19 цагийн орчимд Алтаншагай утсаар залгаад танайд очиж байна гэсэн. Би гэрээсээ гараад  өмнөөс нь очихоор гудамжны зүүн үзүүрт очиж хүлээхэд ирэхгүй байсан. Буцаад гудамж өгсөөд алхаж байхад нэг танихгүй хүн хашаа даваж байгаа харагдсан. Би хашааныхаа үүдэнд очиход Алтаншагай манай хашааны үүдэнд бага зэрэг согтсон байдалтай зогсож байсан. Би хоёулаа манайд ороё гэж хэлээд ороод байж байхад удалгүй цагдаа нар орж ирсэн. Өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

Шүүгдэгч Ц.Алтаншагайгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан зүйл ангитай танилцлаа. Буслын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 10 сарын 25 нд миний төрсөн өдөр болоод 2 найзтайгаа 2,5 литрийн 3 пиво хувааж уусан. 20 цагийн орчимд Баянхонгор сумын 3-25-26 тоотод найз охиныхоо гэрт очсон. Гэрт хүн байгаагүй. Гэрээс гарахдаа гал тогооны тавиур дээр байсан хүрэн улаан өнгийн иштэй эвхмэл хутга байхаар нь ямар нэг санаагүйгээр аваад гэрээс гарсан. Миний гар утасны цэнэг дууссан байсан учраас гудамжинд явж байсан эрэгтэй хүнээс яриулчхаач гэхэд тэр хүн надад утсаа өгсөн. Найз охин руугаа залгахад холбогдохгүй байсан. Утасыг нь буцааж өгөөд юм ярьж байгаад маргалдсан. Тухайн үед би их согтсон байсан болохоор юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэр хүн миний 2 гарыг бариад авсан байсанаа түлхэж өшиглөөд цааш гүйгээд хашаа руу орсон. Би араас нь жаахан гүйж байгаад больсон. Тэнд байж байхад миний найз охин ирээд бид 2 гэрт нь ороод байж байхад цагдаа ирсэн. Би тэр хүнийг хутгалсанаа санахгүй байгаа. Тэр хүн миний 2 гарыг барьж байгаад буцаагаад түлхэхэд миний гарт байсан хутга тэр хүний гар руу орсон байх. Би санаатай хутгалж гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 45/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 547 тоот: 1.Х.Батжаргалын биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/,

-Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай санал хүргүүлэх тогтоол /хх-н 2/

-Хутга хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12/,

-Хураан авах тогтоол, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-14/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15/

-Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ын тодорхойлолт /хх-ийн 27/

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2016.11.04-ний өдрийн 2145 тоот албан бичиг /хх-ийн 34/,

-Ц.Алтаншагайн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

-хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт, эвлэрлийн гэрээ /хх-ийн 46-48/

-Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016. 11. 14-ний өдрийн 1/1256 тоот албан бичиг /хх-ийн 52/,

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 53/ зэргийг шинжлэн судалсан болно.  

Шүүгдэгч Ц.Алтаншагай нь 2016 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор сумын 3-25-26 тоот хашааны гадна Х.Батжаргалтай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар Х.Батжаргалын зүүн гаран тус газарт хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Алтаншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Ц.Алтаншагайн хохирогч Х.Батжаргалын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнд энэ зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Алтаншагай болон хохирогч Х.Батжаргал нар нь хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан, шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохиролын талаар маргаангүй байх ба хэргийн зүйлчлэлийн хувьд хялбаршуулсан журамаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах хэргийн харьяалалд хамаарах учир шүүх хялбаршуулсан журмаар хэрэгийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Прокурорын санал болгосон нэг сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах тухай ялын төрөл, хэмжээг шүүгдэгч болон хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байна.

Ц.Алтаншагайд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалыг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хажуу талдаа халбагатай, улаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгаж  шийдвэрлэв.

Хохирогч нь хохиролгүй гэж байх тул шүүгдэгч Ц.Алтаншагайгийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298, 418 дугаар зүйлийн 418.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэнгүнжавын Алтаншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ц.Алтаншагайг нэг сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтаншагайд оногдуулсан нэг сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хажуу талдаа халбагатай, улаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтаншагайгийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч Ц.Алтаншагай нь хохирогчид төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Алтаншагайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Алтаншагайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ