Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 126/ШШ2022/0018

 

 

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын  байцаагч, ахлах дэслэгч Н.Эт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Эийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0072801 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

... Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Э нь “Хатгал тосгоны 2 дугаар хороо 600 тоотод байшин шатсан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.Гт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч П.Ц, холбогдогч Т.Г, гэрч Т.Г нарын мэдүүлэг, 0072801 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хатгал тосгоны 2 дугаар хороо 600 тоотод байшин шатсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 Эрх бүхий албан тушаалтны 0072801 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 14-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул ...” гэж Зөрчлийн тухай хуульд байхгүй зүйл, хэсгээр шийтгэл оногдуулах үндэслэл болгож байгаа нь уг шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Эийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0072801 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул ...” гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Э миний 2021 оны 12 сарын 31-ний өдрийн “Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороо 600 тоотод байшингийн дотор хэсэг шатсан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.Гт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Тус зөрчлийн хэргийн 0072801 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Э Хатгал тосгоны иргэн Т.Гт “Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороо 600 тоотод байшингийн дотор хэсэг шатсан” гэх зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0072801 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө тус шүүхэд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Эийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0072801 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул ...” гэж өөрчлүүлэх тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Харин тус хуульд 5 дугаар зүйлийн 14 дэх хэсэг гэсэн зүйл заалт байхгүй, прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Э 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0072801 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул ...” гэж өөрчлүүлэх тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн

111.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын “Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Эийн үйлдсэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0072801 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул ...” гэж өөрчлүүлэх тухай” дүгнэлт бүхий гомдлыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Э бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ