Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ү.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй 

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгч Ү.А

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам 

           Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар           

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/41 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ү.Ад холбогдох 3 хавтас бүхий эрүүгийн 1822003450105 тоот хэргийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, төрсөн,  эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилтай, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: / Т овогт Үийн А нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй М.Эд 15.000.000 төгрөгийн, мөн өөрийн нөхөр Ш.Хт 18.000.000 төгрөгийн зээл олгуулж, бусдад давуу байдал бий болгосон, мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт буюу “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №01 дугаартай хурлын тэмдэглэл”-ийг 2018 оны 11 дүгээр сард хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ү.Ад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ү.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ү.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагч яллахаас татгалзах санал амаар гаргасан болохыг дурьдаж, энэхүү захирамж хуулийн хүчин төгөлдөр болмогц Ү.Ад холбогдох 1822003450105 тоот хэргийг, эд мөрийн баримт “гарын үсэгний дардас”-ны хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

   Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийпвэрлэхдээ “...Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжийг Гурвансайхан сумын засаг дарга С.Өлзийбуян гаргаж, төлбөрийн хүсэлтэд С.Өлзийбуян, нягтлан бодогч Д.Баярцэнгэл нар, мөн Сум хөгжүүлэх сангаас зээл олгох зээлийн гэрээнд С.Өлзийбуян, Ү.А нар гарын үсэг зурсан байна. Эдгээр баримтыг судалж үзэхэд шүүгдэгч Ү.А нь Сум хөгжүүлэх сангаас иргэн М.Э, Ш.Х нарт зээл олгосон үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэрхэн, яаж урвуулан ашигласан эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Ү.Агийн гэмт хэрэг үйлдсэн аргыг баримтаар нотолж ирүүлээгүй байна. Мөн Ү.Агийн үйлдэлд хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн, хариуцсан албан тушаалтнууд хамтран оролцсон эсэхийг шалгаж, нотолж ирүүлэх шаардлагатай.” гэжээ.

            Хэрэгт цугларсан баримтуудаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын хэмжээнд 2017 оны байдлаар Сум хөгжүүлэх сангаас зээл олгох төслийн сонгон шалгаруулалт зарлагдаагүй, мөн төсөл сонгон шалгаруулах комиссын хурал огт хийгдээгүй болох нь тогтоогдсон байдаг. Гэвч тус сумын иргэн М.Э, Ш.Х нарт ямар учраас зээл олгогдсон талаар тухайн үед засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан С.Өлзийбуян нь “...Санхүүгийн албаны дарга Ү.А надад хэлэхдээ “төсөл сонгон шалгаруулалт болоод 2 төсөл дэмжээд зээл олгохоор болсон.” гэж хэлэхээр нь баримт бичгүүд бүрдсэн үү? гэхэд “бүрдсэн, та одоо захирамж гаргах хэрэгтэй байна.” гэж хэлсэн. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А/110 дугаартай захирамжийг гаргасан. Үүнээс хойш 2018 оны эхээр cap, өдрийг нь санахгүй байна Ү.А нь надтай уулзаад зээл олгосон баримт бичигт хурлын тэмдэглэл дутуу байсныг нөхөж байна. Та гарын үсгээ зураач гэхээр нь хурлын тэмдэглэлтэй танилцахад М.Э, Ш.Х нарт нийт 33 сая төгрөгийн зээл олгосон байсан.” гэж мэдүүлсэн, мөн төсөл шалгаруулах комиссын хуралд оролцсон гэх Э.Загдсүрэн, Г.Эрдэнэцэцэг, Б.Очгэрэл, Б.Сумъяасүрэн нар нь “...Хурал огт хийгдээгүй, Ү.Аг гуйсны дагуу хуралд оролцсон мэтээр худал мэдүүлэг өгсөн. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлтэй холбоотойгоор Ү.Агаас өөр хүн уулзаагүй.” гэж мэдүүлдэг.

Гэтэл шүүгчийн захирамжинд зөвхөн “Гурвансайхан сумын засаг даргын 2017 оны А/110 дугаартай захирамж болон төлбөрийн хүсэлт, зээлийн гэрээг судалж үзэхэд” гэж тусгасан байдаг ба хэрэгт цугларсан дээрх баримтууд болон бусад нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн, тэдгээрийг няцаан үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн Ү.А нь тухайн гэмт хэргийг бусад албан тушаалтнуудтай хамтран үйлдсэн эсэхийг шалгаж, нотолж ирүүлэх шаардлагатай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг зөрчсөнөөс гадна хэрэгт цугларсан баримтуудаар тухайн хэрэгт С.Өлзийбуян, Б.Очгэрэл, Г.Эрдэнэцэцэг, Э.Загдсүрэн нарын оролцоо байхгүй болох нь тогтоогдсон бөгөөд дээрх нэр бүхий этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд нь тус прокурорын газраас яллагдагчаар татаж улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Ү.А нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “С.Өлзийбуян намайг захирамж боловсруулчих гэхээр нь би боловсруулж өөрт нь өгсөн.” гэдэг бол анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрийн нөхөр Ш.Хыг зээл авч байгаа талаар огт мэдээгүй, засаг даргын 2017 оны А/110 дугаартай захирамж гарсны дараа мэдсэн. Учир нь зээлийн хөрөнгийн ашиглалт болон эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг надад үүрэг болгосон байсан.” гэж эрс зөрүүтэй мэдүүлдэг.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас тухайн гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай захирамжийг Ү.А нь гаргаагүй гэж тайлбарладаг боловч дээрх захирамжийг гаргуулахын тулд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа гэдгийг анхаарах зайлшгүй шаардлагатай юм.

Хэрэгт цугларсан баримтуудаар Гурвансайхан сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Өлзийбуян нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх сэдэлт, зорилгогүй болох нь тогтоогдсон бөгөөд харин С.Өлзийбуян нь албан үүрэгтээ хайнга хандсан байдаг.

  Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийи 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжтэй боловч дээрх гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул түүнийг яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч Номинцэцэг нь Ү.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг. Харин хуулийн энэ зүйл хэсэг нь 2017 оны хуулиар хэрэгсэхгүй болгогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж тайлбарладаг. Ү.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгчийн захирамжинд яг ямар ажиллагаа хийлгэх шаардлагатай байгааг тодорхой тусгаагүй тул захирамжийг хүчингүй болгох саналтай байна. Энэ хэрэгт  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харъяаллыг зөрчөөгүй  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч Ү.А нь албан тушаалын эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласан нь хангалттай нотлогддоггүй. Сум хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл шалгаруулах захирамжийг сумын засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Өлзийбуян гаргасан байдаг. А нь зээл олгох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Ийм ч учраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгч захирамж гаргасан. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан С.Өлзийбуянг яллагдагчаар татахгүй гэсэн мөртлөө яагаад А энэ хэрэгт яллагдагч байх ёстой талаар тайлбарлаж бас нотолж чадаагүй. Яллах дүгнэлт болон прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хохирол учраагүй, зээл зээлийн хүү хуваарийн дагуу төлөгдөж байгааг хохирогч, иргэний нэхэмжлэгч тайлбарласан. Ү.А нь зээл олгох шийдвэрийг гаргаагүй, шийдвэрт нөлөөлсөн гэдэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй, зээлийн гэрээний оролцогч ч биш гэжээ. 

Шүүгдэгч Ү.А давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон боловч тайлбаргүй гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

       Анхан шатны шүүхээс” Ү.А нь Гурвансайхан сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн М.Э, Ш.Х нарт зээл олгосон үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа хэрхэн яаж урвуулан ашигласан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн аргыг баримтаар нотолж ирүүлээгүй. Агийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэлд тухайн үед сумын Засаг даргын үүргийг түр орлон  гүйцэтгэж байсан С.Өлзийбуянгийн хамтран оролцсон оролцоо байгаа эсэхийг шалгаж, нотолж ирүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт хийж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр  прокурорт буцаасан нь хуульзүйн үндэслэлтэй байна.

 Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн саналыг хүлээн  авах, сонгон шалгаруулах үүрэгтэй орон тооны бус зөвлөл төслийн саналыг хүлээн авч, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн сонгон шалгаруулдаг тусгай  журамтай /1-р хх-66-69/ байхад Ү.Агийн бүрдүүлсэн хуурамч материалыг үндэслэн Сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэх С.Өлзийбуян нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээл олгох захирамж гарган /1-р хх-17,3-р хх-62-63/, зээлийн гэрээ байгуулж //1-р хх- /, зөвлөлийн хурал хийсэн гэх хуурамч тэмдэглэлд /2-р хх-206, 3-р хх-71, 79-81, 88-89// гарын үсэг зурж баталгаажуулсан үйлдлийг хэрхэн ямар үндэслэлээр хайхрамжгүй хандсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна

        Мөн дээрх зээлийг олгох “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралдаан”-ыг сумын засаг дарга Э.Загдсүрэн даргалж оролцсон бөгөөд мөн хуралдаанд оролцсон Б.Очгэрэл, С.Сумъяасүрэн нарыг орон тооны бус зөвлөлийн гишүүн болохыг батлах баримт хэрэгт байхгүй. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг журмын 3.3.3-т зааснаар сумын засаг даргаар ахлуулан сумын засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс 1 иргэний төлөөллийг оролцуулан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгуулдаг журамтай. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд оролцдог албан тушаалтнуудын үүрэг хариуцлага, шийдвэр гаргахад  оролцсон оролцоо, харилцан хамаарлыг шалгаж тодруулснаар албан тушаалын гэмт хэрэг мөн эсэх нь тогтоогдоно.

Ү.Агийн холбогдсон  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэгт  Авлигатай тэмцэх байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан,мөн түүний холбогдсон Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар Цагдаагийн байгуулага мөрдөн байцаалт явуулахаар хуульчилсан байхад  Авлигатай тэмцэх газраас  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг ноцтой зөрчжээ. Тус шүүх хуралдаанд оролцож байгаа прокуророос энэ талаар тайлбарлахдаа “Ү.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн 22.1-д заасан гэмт хэргийг Авлигатай тэмцэх газар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харъяалалтай тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй” гэсэн  тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Ү.Агийн холбогдсон гэмт хэрэг нь Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллага гэсэн 2 байгууллагад харъяалагдаж байх тул хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах харъяаллыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-т зааснаар прокурор тогтоохоор хуульчилсан байхад хэргийн харъяаллыг тогтоолгүйгээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн захирамжинд заасан үндэслэлүүд болон  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/41 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаш-Эрдэний 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хэргийг прокурорт очтол Ү.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Ү.Ад холбогдох 1822003450105 тоот 3 хавтас хэргийг,  эд мөрийн баримт “гарын үсэгний дардас”-ны хамт Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Номинцэцэгт  даалгасугай. 
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ