Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/00189

 

Ж.Гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2023/00147 дугаар шийдвэртэй,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 214/МА2023/0021 дугаар магадлалтай,

Ж.Гийн нэхэмжлэлтэй

“ША” ХХК, Л.Н, Л.Нч нарт холбогдох

 ...... тоот нэгж талбарын дугаартай 74,1483 м.кв газрыг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай, Газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Оын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч “ША” ХХК-ийн өмгөөлөгч Р.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Л.Нч, Л.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч “ША” ХХК, Л.Нч, Л.Н нарт холбогдуулан “ША” ХХК-ийн нэр дээрх .....д байрлах ...... тоот нэгж талбарын дугаартай 74.1483 мкв газрыг хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “ША” ХХК нь нэхэмжлэгч Ж.Гэд холбогдуулан “Газар худалдах худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус тул хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

2. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2023/00147 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ША” ХХК-д ...... /одоогийн ....../ нэгж талбарын дугаартай 74.1483 мкв газрыг нэхэмжлэгч Ж.Гийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Л.Н, Л.Нч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,950 /гурван зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч “ША ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 370,950 /гурван зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “ША” ХХК-аас 372,950 /гурван зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 10,650 /арван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 214/МА2023/0021 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2023/00147 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...хариуцагч “ША” ХХК болон Л.Н, Л.Нч нарт холбогдуулан гаргасан “ША” ХХК-ийн нэр дээрх .....д байрлах ...... тоот нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв талбайтай газрын эрхийг хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “ША” ХХК, Ж.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,950 /гурван зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч “ША” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 370,950 /гурван зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Гээс 370,950 /гурван зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан хариуцагч “ША” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 10,650 /арван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.Гэд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 743,900 /долоон зуун дөчин гурван мянга есөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүйн улмаас нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 44 дүгээр зүйл буюу “Болзол тавьж хийсэн хэлцэл”-ээр тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгч талын маргааны үндсэн агуулга нь нэхэмжлэгч Ж.Г болон “ША” ХХК-ийн гүйцэтгэх захирал талийгаач П.Ц нарын хооронд болзол тавьж харилцан тохиролцсон хэлцэл бөгөөд уг хэлцэл 2022.01.25-ны өдрөөс эхлэн биелэгдэх нөхцөл шаардлага бүрдсэн байх тул харилцан тохиролцсоны дагуу газрын эрхийг шилжүүлэн өгөхийг хүсч байгаагаа илэрхийлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийж оролцсон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж буй Иргэний хуулийн 44.1-т “тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ” гэсэн эрх зүйн харилцаанд дүгнэлт хийгээгүй нь хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн.

Тухайлбал Нэхэмжлэгч Ж.Г болон “ША” ХХК-ийн захирал талийгаач П.Ц нар 2021 оны 5 дугаар сараас эхлэн газрын эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож нийт 43,000,000 төгрөгийг хариуцагч Л.Нчийн дансанд шилжүүлсэн бөгөөд харин газрын эрхийг Ж.Гийн нэр дээр шилжүүлэх гол нөхцөлийг Иргэний хуулийн 44.1 дүгээр зүйлд заасны дагуу “маргаан бүхий газрын гэрчилгээг банкны барьцаанаас чөлөөлөгдмөгц” хэмээн хэлцэл тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Үүнд:

-“ША” ХХК болон хувьцаа эзэмшигчдийн харилцах болон хадгаламжийн данс нь 2018 оноос хойш битүүмжлэгдсэн байсан бөгөөд уг битүүмжлэл 2022.11.09-ний өөр чөлөөлөгдсөн болох нь битүүмжлэлээс чөлөөлсөн тухай улсын байцаагчийн тогтоол /3-р хавтаст хэргийн 228 дугаар тал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх материал/,

-Х банкны 2012.01.25-ны өдрийн 330,000,000 төгрөгийн зэлийн гэрээ, зээлийн гэрээний хугацаа хэтэрч 2017.01.25-ны өдөр дууссан /1-р хавтаст хэргийн 158 тал, Х банкны зээлийн гэрээний хувийн хэрэг/,

-Х банкны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр төлөгчөөр “ША” ХХК, Гүйцэтгэх захирал П.Ц, хувьцаа эзэмшигч Л.Н, П.Э, Д.М нар байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр барагдуулах гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан болох нь Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас,

-Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.05- ны өдрийн 534 дүгээр шүүхийн шийдвэрээр “ША” ХХК нь “А” ХХК-д 85,291,400 төгрөгийн төлбөртэй болох шүүхийн шийдвэр,

-Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 155 дугаар шүүхийн шийдвэрээр “ША” ХХК нь “А” ХХК-д 101,472,000 төгрөгийн төлбөртэй болох шүүхийн шийдвэр,

-Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.22- ны өдрийн 508 дугаар шүүхийн шийдвэрээр “ША” ХХК нь Х банкинд 537,547 төгрөгийн төлбөртэй болох шүүхийн шийдвэр,

-“ША” ХХК нь “А” ХХК-ийн төлбөрийг хаасан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022.11.09-ний өдрийн 06 дугаар тогтоол,

-“ША” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон хамтран зээлдэгч нарын гадаадад зорчих эрх болон банкны орлого зарлагын гүйлгээний эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол,

-“ША” ХХК-аас Х банкны өр төлбөрийг барагдуулах Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.22-ны өдрийн 508 дугаартай шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2022.01.10-ны өдөр дуусгасан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар илэрхийлэгдэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон тайлбартаа “миний бие П.Ц талийгаач захиралтай хэлцэл хийхдээ тус компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг мэдэж байсан тул газрын гэрчилгээг банкны барьцаанаас чөлөөлөгдөж дуустал тус газрыг эзэмшиж ашиглаж байхаар харилцан тохиролцсон бөгөөд зээлийн гэрээний үүрэг 2022.01.25-ны өдөр дуусгавар болж маргаан бүхий газрын гэрчилгээний барьцаалбараас чөлөөлөгдсөн тул одоо газрыг шилжүүлэн авахыг хүсч байна” гэж удаа дараа илэрхийлсэн байдаг.

“ША” ХХК-ийн захирал талийгаач П.Ц, Ж.Г нарын хооронд тохиролцон болзолт нөхцөл 2022.1.25-ны өдрөөр буюу газрын гэрчилгээ барьцаалбараас чөлөөлөгдсөнөөр тэдгээрийн тодорхойгүй байсан үйл явдал тодорхой болсон нь Иргэний хуулийн 47 дүгээр зүйлийн болзол хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч давж заалдах шатны шүүх маргааны үндсийг зөв тодорхойлоогүйгээс эрх зүйн харилцаа бүрийг ялгалгүй хольж шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнд нийцээгүй гэж үзэж байгаа болно. Давж заалдах шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ эрх зүйн харилцаа тус бүрийг зөв тодорхойлоогүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэх үндсэн нөхцөл болсон.

Эрх зүйн харилцааг тодорхойлохын тулд талуудын харилцаа тус бүрийг авч үзэх нь ач холбогдолтой билээ. Нэхэмжлэгч ямар үндэслэлийг тодорхойлж юуг нэхэмжилж байгаа, нэхэмжлэх үндэслэл нь ямар эрх зүйн харилцаа болон хэлцэл дээр тулгуурласан гэдгийг тус бүр шинжлэн судлах, харилцаа тус бүрийг нарийвчлан тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд туйлын ач холбогдолтой билээ. Үүнд,

Ж.Г, талийгаач П.Ц нарын хооронд тариалангийн газрын эрх шилжүүлэх талаар болзолт нөхцөл тавьж худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүсгэж буй үйл явц,

Ж.Г хэлцлийн үр дүнд 2019 онд тус газарт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсныг “ША” ХХК-ийн зүгээс эсэргүүцэж татгалзсан зүйлгүй байгаа үйл явц,

Ж.Г нь “ША” ХХК-ийн санхүүгийн болон бусад хүндрэл бэршээлтэй нөхцөл байдлыг ойлгосны үндсэн дээр Цэрэнбат талийгаачийн хадам дүү болох /хамаарал бүхий этгээд/ Л.Нчийн дансанд 43,000,000 төгрөгийг шилжүүлж буй үйл явц,

2022.01.25-ны өдөр болон 2022.11.19-ний өдрүүдэд “ША” ХХК-ийн болон хувьцаа эзэмшигчдийн банкны данс, гадаадад зорчих эрх гэх зэрэг бусад бүх эрхийг хязгаарласан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусч хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд, мөн эзэмших эрхийг барьцаалбар, хязгаарлалтаас чөлөөлсөн үйл явц зэрэг хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий анхаарвал зохих зүйлүүдийг нарийн нягтлах шаардлагатай байна. Учир нь давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ж.Г болон талийгаач П.Ц хоёрын хоорондын харилцаа, харилцан тохиролцож хийсэн хэлцэл зэргийг нарийвчлан хянаж үзэх ёстой байтал хэргийг үйл явцад өнгөц дүгнэлт хийж маргааныг газар өмчлөлийн асуудлыг хөнгөж, төрийн байгууллагад өргөдөл гаргах буюу газар шилжүүлэх процесс ажиллагааны талаар дүгнэж байгаа нь талуудын хоорондын эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Тухайлбал Газрын тухай хуулийн 38.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх, барьцаалж болно” гэж заасан. Энэ эрхийн хүрээнд Ж.Г, П.Ц нар газрыг шилжүүлэх талаар харилцан тохиролцсон нь хууль зөрчсөн зүйлгүй бөгөөд харин маргаан бүхий газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлөгдмөгц эрх шилжүүлэх талаар тохиролцсон. Харин төрийн байгууллагад хүсэлт гаргах харилцаа нь уг болзолт нөхцөл хангагдсанаас хойш үүсэх дараагийн харилцаа билээ. Уг харилцааг үүсгүүлэх, газрыг шилжүүлж авахад “ША” ХХК-ийн одоогийн захирал П.Эаар өргөдөл гаргуулж, урьд байсан гүйцэтгэх захирал талийгаач П.Цын хэлцлийг шийдвэрлүүлэхэд нэхэмжлэлийн гол агуулга яригддаг. Гэвч энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Газрын тухай хуулийн 38.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх, барьцаалж болно” гэсэн талуудын эрх шилжүүлэх тухай хуулийн заалтыг Газрын тухай хуулийн 38.2 дахь заалт болох газар шилжүүлэхтэй холбоотой процесс ажиллагааны талаарх хуулийн зохицуулалтыг ялгаж шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Газар шилжүүлэх талаар тухайн сумын Засаг даргад Газрын тухай хуулийн 38.2-т заасан материалыг бүрдүүлж өгөх харилцаа нь Ж.Г болон “ША” ХХК-ийн хооронд барьцаанаас газрын гэрчилгээ чөлөөлөгдсөн үеэс буюу 2022.01.25-ны өдрөөс эхлэх харилцаа байсан. Иймд газрын гэрчилгээг банкны барьцаанаас чөлөөлөгдсөн болохыг Ж.Г олж мэдсэн даруйдаа “ША” ХХК-ийн захирал П.Этай ярилцсан боловч тэрээр зөвшөөрөөгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

“ША” ХХК-ийн гүйцэтгэх захирал талийгаач П.Ц нь тариалангийн зориулалттай газрыг Газрын тухай хуулийн 38.1-д заасны дагуу газрын эрхээ барьцаалах, түүнчлэн бусдад шилжүүлэх эрхтэй. Үүний дагуу 2012 онд Х банкнаас авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль зөрчөөгүй, мөн Ж.Гэд барьцаанаас чөлөөлөгдмөгц шилжүүлэх талаар хэлцэл хийж харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй үйлдэл юм. Гэтэл давж заалдах шатны шүүх эрх үүсгэсэн хуулийг заалтыг процесс ажиллагааны хуулийн заалттай адилтган тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2 Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243, 252 дугаар зүйл, мөн хуулийн 56 дугаар зүйлүүдийг тус тус зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь: “маргаан бүхий дээрх газар банкны барьцаанд байсан болохыг нэхэмжлэгч Ж.Г мэдэж байсан ба эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдсан болох нь нэхэмжлэлд дурдагдсан байдал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байхад анхан шатны шүүх газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэлт хийсэн байдаг. Гэвч Иргэний хуулийн 252.1-т “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ”, 252.2-т “Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ” гэж заасан байна. Үүнээс үзвэл Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 252 дугаар зүйлийг буюу эрхийн доголдлын талаарх хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Ж.Г болон “ША” ХХК-ийн гүйцэтгэх захирал талийгаач П.Ц нар барьцаанд байгаа газрын эрхийг шилжүүлэхэд урьдчилан тохиролцсон болзол тавьж хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн худалдах худалдан авах харилцааны эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Давж заалдах шатны шүүх Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.7, 5.18 дэх заалт, Газрын тухай хуулийн 5.1.3-т заасныг тус тус үндэслэн “ША” ХХК нь маргаан бүхий газрыг өмчилж аваагүй тул худалдах хэлцэл хийх эрхгүй гэж үзнэ” гэж дүгнэлт хийсэн байдаг. Энэ дүгнэлт нь маргааны эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 243 дугаар зүйл буюу худалдах, худалдан авах харилцаа үүссэн боловч эрхийн доголдолтой байна гэж дүгнэсэн атлаа газрыг өмчлөөгүй тул худалдах эрхгүй гэж агуулгын зөрүүтэй тайлбарыг хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар газрын өмчлөлийн талаарх нэхэмжлэлийн шаардлага болон тайлбар огт хийгээгүй зөвхөн газрын эрх шилжүүлэх талаар маргааны зүйлийг тодорхойлдог. Үүнийгээ Газрын тухай хуулийн 38.1 дүгээр заалт буюу “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан үндэслэлээр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага гаргадаг билээ. Ийнхүү хууль зүйн зөрүүтэй дүгнэлтүүд хийж байгаа нь дээр дурдсанчлан нэхэмжлэгч болон хариуцагч этгээдүүдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйтэй холбоотой бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Зохигчийн хооронд байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж хоёр шатны шүүх гэрээний харилцааг тодорхойлсон боловч хэлцэл хүчин төгөлдөр байдлын талаар зөрүүтэй дүгнэсэн. Анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна. Ингэхдээ эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хуулийг тодорхой нэг төрлийн маргааныг 2 өөр агуулгаар тайлбарлах шалтгаан болсон.

Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ дээр дурдсанчлан Ж.Г нь газрын хэмжээ болон үнийн талаарх зөрүүг нотлох үүргээ биелүүлээгүй, /ИХХШТХ-ийн 25.2.2, 38.1-т заалтыг зөрчсөн/, Эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдсан /ИХ-ийн 56.5-т заасныг зөрчсөн/ Газрыг шилжүүлэхийн тулд төрийн байгууллагад хүсэлт гаргах ёстой байсан /Газрын тухай хуулийн 38.2-т заасныг зөрчсөн/, “ША” ХХК-ийн өмчлөөгүй газар учир худалдах эрхгүй /Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.7, 5.1.8, Газрын тухай хуулийн 5.1.3-т заасныг зөрчсөн/ гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нь дараах хууль зүйн ойлголтыг нягт нямбай шалгаагүй, хууль тайлбарлаж хэрэглэхдээ ойлгомжгүй, зөрүүтэй хэрэглэсэн байна.

Газрын тухай хуулийн 38.1-т заасан “газрын эрхийг шилжүүлэх, барьцаалах” талаарх заалтыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.7, 5.1.8, Газрын тухай хуулийн 5.1.3-т заасан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” ойлголтын талаар маргааны тус бүр эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, Газрын тухай хуулийн 38.1 буюу газрын эрх шилжүүлэх эрхийн тухай заалтын Газрын тухай хуулийн 38.2-т заасан газрын эрхийг шилжүүлэх үеийн процесс ажиллагаанд хамаарах заалттай адилтгаж тайлбарласан.

Анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэх үндэслэл болгосон Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтын талаар үгүйсгэсэн, эсхүл зөвшөөрсөн талаар агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн бөгөөд түүнчлэн маргааны тохиолдол Иргэний хуульд тусгасан ямар зүйл, зохицуулалт, ямар харилцаанд хамаарч байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй болно

Мөн Иргэний хуулийн 56.5-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар хууль хэрэглэж тайлбарлахдаа хууль зүйн үр дагавар, Ж.Гийн Л.Нчийн дансанд шилжүүлсэн 43,000,000 төгрөгийг яг хэн авсан болох талаар огт дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй, үндэслэл муутай, учир дутагдалтай болсон гэж үзэж байна.

4.3. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, талуудын маргаагүй асуудлыг анхаараагүй.

Магадлалын үндэслэх хэсгийн “7”-т нэхэмжлэгч Ж.Г 74.1483 м.кв газар гэж нэхэмжлэлийн шаардлагаа дурдсан байхаас гадна гэрээнд 71 га газар гэж аж ахуйн нэгжийн гэрчилгээнд 74,1483 м.кв гэсэн байхаас үзвэл маргаан бүхий газрын хэмжээг нэхэмжлэгч хэрхэн тооцсон, гэрээнд заасан үнэ, дансаар шилжүүлсэн үнийн зөрүүний талаар хэрхэн тодорхойлж, өөрчлөлт оруулсан талаар нотлох баримтгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзнэ гэж дүгнэсэн байдаг.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Г нэхэмжлэлийн шаардлагадаа газрын хэмжээ болон газрын м.кв-ийн үнийг 600.000 төгрөгөөр харилцан тохиролцож хэлцэл хийсэн болохоо тодорхойлдог. Мөн гэрээний үнийн талаар гэрчийн мэдүүлэгт авагдсан бөгөөд тухайн үед газрын үнийн талаар мэдүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч Ж.Гийн газрын хэмжээ болон үнэ, дансаар шилжүүлсэн үнийн талаар хариуцагч тал эсэргүүцээгүй бөгөөд энэ талаар зөрүүтэй тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т заасан хуулийн шаардлагад нийцэж байна гэж үзэж байна.

шүүх газрын хэмжээ болон гэрээний үнэ, дансаар шилжүүлсэн үнийн зөрүүний талаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд маргаан бүхий газрын гэрчилгээнд тусгасан газрын хэмжээний зөрүүтэй байдал болон тухайн үед хэдэн төгрөгөөр 1м.кв газрын хэмжээг үнэлж байсан талаар давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгчийн асуусан асуултанд нэхэмжлэгч Ж.Г тодорхой тайлбар хийсэн бөгөөд хариуцагч нар уг тайлбарыг эсэргүүцэж, үгүйсгээгүй байдаг. Түүнчлэн анхан шатны шүүхэд цугларсан нотлох баримтад тулгуурлан хариуцагч Л.Нчийн дансаар 43,000,000 төгрөг орсон болохыг хариуцагч Л.Нч, Л.Н нарын хариу тайлбар болон тайлбартай хавсаргаж ирүүлсэн бусад нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд “Шинэ-амжилт” ХХК-ийн зүгээс 43,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн үнийн дүнгийн талаар маргаж үгүйсгэдэггүй болно.

4.3 Давж заалдах шатны шүүх магадлалд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т заасан заалтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3-т хуулийн улсын дээд Шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд, эргэлзээгүй, тал бүрээс нь нягт нямбай шинжлэн судлаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Магадлалын үндэслэл хэсгийн “6а” хэсэгт хийсэн тайлбараар нэхэмжлэгч Ж.Г болон “ША” ХХК-ийн гүйцэтгэх захирал талийгаач П.Ц нарын хооронд байгуулсан газар худалдах худалдан авах гэрээг шаардах эрхийн үндэслэл болсон гэж тайлбарласан байдаг. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хоёр шатны шүүхэд шаардах эрхийн үндэслэлийн болзол тавьж хийсэн хэлцлээр тайлбарлаж харин газар худалдах худалдан авах гэрээ бол тус болзлыг илэрхийлж хийсэн гэрээ хэмээн тайлбарладаг. Гэрээ хүчин төгөлдөр бус байсан ч газрын эрх шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцлийн гол нөхцөл, үнэ, төлбөр төлөх хугацаа, хүлээн авах газрын хэмжээ зэргийг эргэлзээгүй тохиролцсон байдаг. Хариуцагч нар нь маргаан бүхий газрын хэмжээ, 1мкв-ын үнэ, газрыг хүлээлгэн өгөх хугацаа зэрэгт няцаасан тайлбар хийдэггүй. Зөвхөн 43,000,000 төгрөгийг хариуцагч Л.Нч, Л.Н нар авсан эсэх, эсвэл “ША” ХХК авсан эсэх талаар, мөн П.Ц нь компанийн ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн нь хуульд нийцэхгүй хэмээн маргаан үүсгэж мэтгэлцдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор нотлох баримтыг бүрдүүлдэг төдийгүй шүүхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт 1-4 хавтаст хэрэг болж цугларсан. Гэвч шүүх маргааны тохиолдлыг, хэрэгт цугларсан нотлох баримтуудтай нэг бүрчлэн нягт нямбай судлан үзэлгүй шаардлагын үндэслэлийг өөрөөр тодорхойлж дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Магадлалын үндэслэх хэсгийн “7”-д нэхэмжлэгч Ж.Г 74.1483 м.кв газар гэж нэхэмжлэлийн шаардлагаа дурдсан байхаас гадна гэрээнд 71 га газар гэж аж ахуйн нэгжийн гэрчилгээнд 74,1483 м.кв гэсэн байхаас үзвэл маргаан бүхий газрын хэмжээг нэхэмжлэгч хэрхэн тооцсон, гэрээнд заасан үнэ, дансаар шилжүүлсэн үнийн зөрүүний талаар хэрхэн тодорхойлж, өөрчлөлт оруулсан талаар нотлох баримтгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзнэ гэж дүгнэсэн байдаг.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Г нэхэмжлэлийн шаардлагадаа газрын хэмжээ болон газрын м.кв-ийн үнийг 600,000 төгрөгөөр харилцан тохиролцож хэлцэл хийсэн болохоо тодорхойлдог. Мөн гэрээний үнийн талаар гэрчийн мэдүүлэгт авагдсан бөгөөд тухайн үед газрын үнийн талаар мэдүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч Ж.Гийн газрын хэмжээ болон үнэ, дансаар шилжүүлсэн үнийн талаар хариуцагч тал эсэргүүцээгүй бөгөөд энэ талаар зөрүүтэй тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т заасан хуулийн шаардлагад нийцэж байна гэж үзэж байна.

4.4. Давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааныг 2023.06.27-ны өдөр хийсэн байдаг ба магадлалыг 2023.06.27-ны өдөртөө шууданд хийснээс үзвэл тус шүүх хэргийг шийдвэрлэхдээ нягт нямбай хандаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь нэхэмжлэгч Ж.Г болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр газрын хэмжээ, үнийн талаар үндэслэлтэй тайлбарыг хийсээр байтал нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь хэргийн материал болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэгт ач холбогдол өгөөгүй тул шүүх хуралдаанаас өмнө шүүхийн шийдвэрийн талаар урьдчилан шийдвэр гарсан ба хуралдаан болсон өдөртөө л магадлалыг үзэглэж шууданд хийсэн зэргээс харагдаж байна.

Монгол улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаартай тайлбарын 9 дэх хэсэгт “Хуулийн 38.1 дэх заалтын "Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэдгийг нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаа үндэслэлээ нотолсон тайлбар гаргах, бичмэл ба эд мөрийн баримт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий гэж үзэгдсэн үйл баримтын тухай шүүхийн шийдвэр, мэдээ зэргийг эрж олж, шүүхэд гаргаж өгөх, тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хандаж гэрчийг байцаалгах, шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргахыг ойлгоно” гэж тайлбарласан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Г болон түүний өмгөөлөгч Ч.О нарын хүсэлтээр /тус бүрт нь хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар нотлогдож байна/ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбарыг няцаах холбогдох хүслийг тухай бүрд нь гаргаж байсан бөгөөд түүнийг шүүгчийн захирамжаар тус бүрд нь шийдвэрлэж байсан.

Гэтэл шүүх газрын хэмжээ болон гэрээний үнэ, дансаар шилжүүлсэн үнийн зөрүүний талаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд маргаан бүхий газрын гэрчилгээнд тусгасан газрын хэмжээний зөрүүтэй байдал болон тухайн үед хэдэн төгрөгөөр 1м.кв газрын хэмжээг үнэлж байсан талаар давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгчийн асуусан асуултанд нэхэмжлэгч Ж.Г тодорхой тайлбар хийсэн бөгөөд хариуцагч нар уг тайлбарыг эсэргүүцэж, үгүйсгээгүй байдаг. Түүнчлэн анхан шатны шүүхэд цугларсан нотлох баримтад тулгуурлан хариуцагч Л.Нчийн дансаар 43,000,000 төгрөг орсон болохыг хариуцагч Л.Нч, Л.Н нарын хариу тайлбар болон тайлбартай хавсаргаж ирүүлсэн бусад нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд “ША” ХХК-ийн зүгээс 43,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн үнийн дүнгийн талаар маргаж үгүйсгэдэггүй болно.

4.4 Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна.

4.4.1. Хариуцагч Л.Нч нь 2022.06.22-ны өдөр өөрийн итгэмжилсэн төлөөлөгчөөр П.Зыг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл олгож, 2022.06.28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн материалтай танилцсан байдаг. Гэвч Л.Нчээс Б.Зд олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй нь хавтас хэрэгт авагдсан 1-р хавтаст хэргийн 167 талд авагдсан баримтаар нотлогдож байна. Уг итгэмжлэлд итгэмжлүүлэгч П.Зын гарын үсэг зурагдаагүй байна. Харин хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлээр нэхэмжлэлийн хувь гаргуулан өгсөн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байна. Харин хариуцагч Л.Н, Л.Нч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дахин 2023.08.26-ны өдөр иргэн Б.Бг оролцуулахаар итгэмжлэл хийлгэж шүүхэд ирүүлсэн байдаг. 1-р хавтаст хэргийн 239 талд авагдсан баримтаас үзвэл 2022.09.09-ний өдрөөс хойш Б.Б нь хариуцагч Л.Н, Л.Нч нарыг төлөөлөх эрхтэй болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Нийн итгэмжилсэн төлөөлөгчөөр Б.Б, хариуцагч Л.Нчийн итгэмжилсэн төлөөлөгчөөр П.З, Б.Б нар итгэмжилсэн төлөөлөгчөөр ажиллах хууль зүйн үр дагавартай байна. Гэвч 2022.06.28-ны өдрөөс хойш Л.Нчийн итгэмжилсэн төлөөлөгч П.Зыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй байна. Хариуцагч Л.Нч нь П.Заас итгэмжлэлээс татгалзсан баримт хэрэгт авагдаагүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З нь хэргийн оролцогч мөн байна.

4.4.2. “ША” ХХК-ийн 2023.04.06-ны өдрийн 04/04 дугаар албан бичгээр ША ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Мд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон байна. Мөн 4-р хавтаст хэргийг 209 дүгээр талын арын хэсэгт “ША” ХХК-ийн 2023.05.08-ны өдрийн 05/03 дугаар албан бичгээр “ША” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мгийн хамтаар шүүх хуралдаанд оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргаж шүүхэд ирүүлжээ. Мөн 2023.05.08-ны өдрийн 05/03 дугаар албан бичгээр ША ХХК-ийн итгэмжлэлээр Р.Нд итгэмжлэл олгосныг цуцалж өмгөөлөгчийн байр сууриар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болсноо илэрхийлсэн байна. Гэвч 2023.6.27-ны өдрийн шүүх хурлын товыг оролцогч нарт 06 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мд огт шүүх хурлын тов мэдэгдээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

Мөн хариуцагч П.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох тухай хүсэлт гаргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мг биечлэн оролцуулах талаар хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарлаж, хурлын тов мэдэгдээгүй, шүүх хуралд хэргийн оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй, мөн хэргийн материал танилцуулаагүй зөрчлийг гаргасан байна.

4.4.3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцохдоо гэрээгээр болон хүсэлтээр оролцохоор хуульчилсан байхад хариуцагч Л.Н болон Л.Нч нарын өмгөөлөгч н.Пүрэвлхамын өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ болон хариуцагч нарын эрх ашиг сонирхлыг хамгаалуулж оролцуулахыг хүссэн хүсэлт хэргийн материалд авагдаагүй байна. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ болон хүсэлтийг бичгээр илэрхийлээгүй байхад П өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан зөрчлийг гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн хэн аль нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчлийг арилгахгүй шийдвэрлэсэн байна.

4.4.4. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч О.О нь тус шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэрийн хянаж буй хэрэгт оролцож нотлох баримт бүрдүүлэн авч байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Ж.Гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Л.Хишигдэлгэр шүүгч иргэний хэрэг үүсгэсэн, хэргийн хэлэлцүүлж шийдвэрлэсэн байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ерөнхий шүүгч Г.М нь шүүхийг төлөөлж албан бичигт гарын үсэг зурж эрх хэмжээний хүрээнд гомдол шийдвэрлэн оролцсон байдаг. Гэвч энэхүү маргаантай ижил төрлийн хэргийг шийдвэрлэж буй шүүгч О.О нь өөр шүүгчийн хянан шийдвэрлэж байгаа хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нотлох баримт гаргуулан авч байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил билээ. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.28-ны өдрийн 628 дугаар албан бичиг, 2022.11.28-ны өдрийн 624 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтаас гадна, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.23-ны өдрийн 03/1190 дугаартай албан бичгээр нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар тус шүүхийн шүүгчдийн Зөвлөгөөний тогтоол шийдвэр хэрэгт авагдаагүй мөн тус шүүхийн Ерөнхий шүүгч биш байхад хэргийн ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулахаар албан бичигт гарын үсэг зурж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг зөвтгөж, зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ аваагүй байна.

4.4.5. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ магадлал шийдвэрээ урьдчилан гаргасан гэх үндэслэл бүхий хардлага байгаа ба энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.4 дэх хэсэгт “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг энэ хуулийн 119.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 119.5-д заасны дагуу зохигчид хүргүүлнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3-т Шийдвэр хүчингүй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Мөн хуулийн 119.4 дэх хэсэгт Шүүх хуралдаанд оролцсон тал нь энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. 119.5 дугаар зүйлд “...ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ гэж тус тус заасан байна. Гэвч Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хяналтын шатанд гомдол гаргах эрхийг эрс боогдуулж оролцогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө. Тухайлбал Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүх хуралдааныг 2023.06.27-ны өдөр 09 цагаас эхэлсэн ба уг хурал хуралдаж дуусангуут үргэлжлүүлээд Б.А, Д.Н нарт холбогдох Эрүүгийн онц хүнд гэмт хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг хянан хэлэлцэж 17 цаг өнгөрч байхад тарсан. Миний бие Ж.Гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн болон Б.А, Д.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн аль алинд нь өмгөөлөгчөөр хурлыг үргэлжлүүлэн оролцож байсан болно.

Гэтэл Давж заалдах шатны шүүхийн 2023.06.27-ны өдөр хуралдсан хуралдааны магадлал 2023.06.27-ны өдрийн Баталгаат шуудангаар нэхэмжлэгч Ж.Гийн хаягаар хүргүүлсэн байна. Ж.Г нь 2023.06.27-ны өдөр Булган аймгийн төвд байсан ба шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Хэрвээ шүүх магадлалыг хурал хийсэн өдөртөө л бичгээр албажуулан гаргаж байгаа тохиолдолд шууд газар дээр нь Ж.Гэд өөрт нь гардуулах боломжтой байсан. Нэхэмжлэгч Ж.Г ч мөн магадлалыг гардан авах бүрэн боломж байсан. Гэтэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4 дэх хэсэгт Шүүх хуралдаанд оролцсон тал нь энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. 119.5 дугаар зүйлд “... ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ гэж тус тус заасан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Гийг магадлал гардан авах боломжийг олгоогүйгээс болж Ж.Г нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн байна. Ж.Г нь шуудангаар хүргүүлсэн магадлалыг 2023.07.07-ний өдөр буюу Баасан гарагт авсан ба 2023.07.07-ны өдрөөс 2023.07.17-ны өдрийг хүртэл Монголын уламжлалт баяр наадамд зориулсан бүх нийтийн амралтын өдөр болон хагас, бүтэн сайн өдөр таарч 2023.07.17-ний өдөр ажлын эхний өдөр болсон билээ.

Өөрөөр хэлбэл Ж.Г нь 2023.06.27-ны өдөр хүргүүлснээр гардуулсан хугацааг тоолбол бүх нийтээр амрах өдөр болох 2023.07.11-ний өдөр таарч байна. Гэтэл шүүх магадлалыг гардуулахдаа хэргийн оролцогчдын шүүхэд биечлэн ирж гардан авах хугацааг өнгөрөөсний дараа 7 хоногийн дотор баталгаат шууданд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхээр хуульчилсан байна.

Давж заалдах шатны шүүх зориуд ийнхүү нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байгаа бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ гаргах шийдвэрийнхээ талаар урьдчилан төлөвлөж магадлалыг боловсруулсан, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгаагүй, огт тайлбар, нотолгоо гаргаагүй гэж үгүйсгэж шийдвэрлэсэн, хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон бусад ажиллагааны талаарх зөрчлийг нягт нямбай нэг бүрчлэн шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн шаардлагыг алдагдуулж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийг шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлд дурдсан зөрчлийг арилгах, хуулийг зөв тайлбарлах, анхан болон давж заалдах шатны шүүхийн эрх зүйн харилцааг зөрүүтэй тайлбарласан тайлбарт хууль зүйн дүгнэлт өгөх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх, шударга ёсонд нийцэх байх хуулийн шаардлагад нийцүүлэх шаардлагатай байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.09.22-ны өдрийн 001ШХТ2023/00979 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Оын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Оын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэстэй байна.

7. Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч “ША” ХХК, Л.Н, Л.Нч нарт холбогдуулан “ША” ХХК-ийн нэр дээрх .....д байрлах ...... нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв газрыг түүний хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “ ... 2019 оны эхээр “ША” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ц /агсан/ нь .....д байрлах ...... нэгж талбарын дугаар бүхий 74.1483 м.кв талбайтай газрыг 1м.кв-ыг 600,000 төгрөгөөр тооцон, нийт 43,000,000 төгрөгөөр худалдан авахыг санал болгосон. Бид газрын төлбөрийг урьдчилан төлж, харин П.Ц надад компанийн ургац хурааж дууссаны дараа газрын эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд би “ША” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цтай 2019.05.31-ний өдөр “газар худалдах, худалдан авах”-аар эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн үед П.Ц нь “манай компани банкны зээлийн хугацаа хэтрэлттэй байгаа учир компанийн дансаар мөнгө шилжүүлж болохгүй байна” гээд өөрийн эхнэр Л.Нийн төрсөн дүү Л.Нчийн дансанд мөнгийг шилжүүлэн авсан. Гэтэл П.Ц нь 2019.12 сард өвчний улмаас гэнэт нас барсан. “ША” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Э нь 2021 оны хавар газрыг чөлөөл, хууль бусаар газрыг авсан тул манай компани газраа танд өгөхгүй, төлбөрийг манай компани аваагүй хувь хүний дансанд орсон тул та П.Цын өв залгамжлагчтай ярилцах хэрэгтэй гэж татгалзах болсон. “ША” ХХК-ийн зүгээс өмнөх захирал нас барсныг далимдуулан газрын эрхийг надад шилжүүлж өгөхгүй байна.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “ША” ХХК-ийн төлөөлөгч П.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Компанийн захирлаар ажиллаж байсан П.Ц нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хэтрүүлэн, хууль тогтоомжийг зөрчиж компанийн эзэмшлийн төрийн өмчийн газрыг Ж.Гэд үнэлэн худалдах гэрээ хийсэн нь хууль бус ... газрын үнэ гэх ямар ч мөнгө "ША" ХХК-ийн дансанд ороогүй бөгөөд мөнгө хүлээн авах талаар Л.Нчт эрх олгосон, итгэмжлэл өгсөн зүйл байхгүй. Ж.Г нь газар худалдсаныг хууль бус болсныг ойлгож, компанитай 2021.04.29-ний өдөр худалдан авсан гэх манай компанийн эзэмшлийн 74.148 м.кв газрыг 42 сарын хугацаатай түрээслэх гэрээг байгуулсан. Тэрээр энэ гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул уг гэрээний 7.1 дэх заалтаар түрээслүүлэгч талаас гэрээг цуцалсан. Иргэн Ж.Гэд "ША" ХХК-ийн эзэмшлийн ...... (......) тоот нэгж талбарын дугаартай 74.148 м.кв газраас ямар нэгэн үүрэг шаардах эрх хэмжээ байхгүй болно. Иймд Ж.Гийн нэхэмжлэл үндэслэлгүй.” гэжээ.

9. Хариуцагч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Нэхэмжлэлд дурдагдсан газрыг хувь иргэн миний бие эзэмшдэггүй учраас “.....д байрлах ...... тоот нэгж талбарын 74.1483 кв.м талбайтай газрын эрхийг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэх эрх хэмжээ надад байхгүй билээ. Миний нөхөр П.Ц нь компанийн үйл ажиллагаагаа өөрөө удирддаг, намайг оролцуулдаггүй байсан. Миний нөхөр 2019.12.21-ний өдөр өвчний улмаас нас барсан. “ША” ХХК-ийн хувьцааны тодорхой хувийг эзэмшиж байсныг миний бие Л.Н, охин Ц.Эгшиглэн нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн боловч уг асуудал улсын бүртгэлд бүртгэгдээгүй, одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, “ША” ХХК-ийн өөрийн нөхөрт ногдох хувьцааг ч албан ёсоор өвлөн аваагүй. Миний бие Л.Н, миний дүү Л.Нч бид уг мөнгийг хувьдаа ашиглаагүй бөгөөд нөхрийн хийсэн гүйлгээ, шилжүүлгээс харахад компанийн үйл ажиллагаанд зарцуулж байсан нь тодорхой байна.” гэх тайлбарыг гаргажээ.

10. Хариуцагч Л.Нч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэхэмжлэлд дурдагдсан газар нь иргэн миний эзэмшилд байдаггүй, миний бие Булган аймгийн Тэшиг суманд тариалангийн зориулалтаар ямар ч газар эзэмшдэггүй болно. “ША” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, хүргэн ах талийгаач П.Ц (төрсөн эгч Л.Нийн нөхөр) нь компани шүүхийн хоригтой, компанийн албан ёсны данс ашиглах боломжгүй байна гэсэн шалтгаанаар Х банкны миний нэр дээрх дансыг ашиглаж байсан юм. Өөрөөр хэлбэл, хүргэн ахын хүсэлтээр өөрийн эзэмшлийн дансаа ашиглуулж байсан ч “ША” ХХК-тай ямар ч холбоогүй билээ. ... би “ША” ХХК-д огт хамааралгүй, иргэн Ж.Гийн нэхэмжлэлд дурдагдсан газрыг иргэн миний бие эзэмшдэггүй, мөн дурдагдсан мөнгийг хувьдаа ашиглаагүй тул намайг хариуцагчаар тодорхойлсон энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг ирүүлжээ.

11. Хариуцагч “ША” ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “... “ША” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Цын байгуулсан энэ гэрээ түүнийг 2019.12 дугаар сард нас барсны дараа компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдсэн. Гэрээ хууль бус болох нь илэрхий байсан тул гүйцэтгэх захирлаар томилогдсон П.Э миний бие эрх үүргийн дагуу Ж.Гэд 2021.03.19-ний өдөр Нарийн хөндийн 74.148 м.кв газрыг ашиглуулах боломжгүй тухай мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг хүлээн аваад Ж.Г учрыг ойлгож манайтай тохиролцон 2021.04.29-ний өдөр 2012/13 тоот газрын "Түрээсийн гэрээ" байгуулсан. ... “ША” ХХК нь Ж.Г, Л.Нч нартай төлбөрийн эрх үүрэг шилжүүлсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймд "ША" ХХК болон иргэн Ж.Г нарын хооронд 2019.05.31-ний өдөр байгуулсан “Газар худалдах, худалдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчингүй.”  гэж маргасан байна.

12. Нэхэмжлэгч Ж.Г нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Талийгаач П.Ц нь “ША” ХХК-ийн нэрийн өмнөөс надтай газар худалдах гэрээ байгуулах бүрэн эрхтэй хүн байсан. Бид 2019.05.31-ний өдөр гэрээ байгуулсан. Би гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 43,000,000 төгрөгийг П.Цад шилжүүлсэн. Харин П.Ц нь надад газрын эрхийг шилжүүлэхдээ тухайн газрын гэрчилгээ барьцаанаас суллагдсаны дараа шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Гэвч талийгаач П.Ц нь тухайн газрын барьцаалбар суллагдаж гарахаас өмнө нас барчихсан. Хэрвээ нас бараагүй байсан бол бидний харилцаа хууль ёсны дагуу хэвийн явагдаж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Н, Л.Нч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. ... “ША” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан П.Ц нь тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа бизнесийн шийдвэр гаргах дүрмийн дагуу хэрэгжүүлсэн. ... Маргаан бүхий газар нь 2012.01.25-ны өдөр “ША” ХХК-ийн Х банкнаас авсан 330,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд байсан бөгөөд тухайн зээлийн төлбөр 2022.01.10-ны өдөр дуусгавар болсон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна. Иймд П.Ц ажиллаж байх хугацаандаа тухайн газрын эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй байсан. ... Хариуцагч Л.Нчийн дансанд нэхэмжлэгч Ж.Гээс шилжүүлсэн 43,000,000 төгрөг орсон байх бөгөөд тухайн мөнгө хоол, хүнс, хандив, түрээс, бензин, сэлбэг, түлш зэрэгт “ША” ХХК болон Цэ гэсэн нэрээр зарцуулагдсан болох нь Л.Нчийн дансны хуулгаар тогтоогдсон. ... Л.Нчийн дансанд гэрээний үнэ 43,000,000 төгрөгийг шилжүүлэхийг П.Ц аман хэлбэрээр нэхэмжлэгч Ж.Гэд зөвшөөрсөн бөгөөд гэрээний үнийг аваагүй талаар П.Цыг ажиллаж байх хугацаанд Л.Нчт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул гэрээний үнийг “ША” ХХК-ийг хүлээн авсанд тооцож, Л.Нчт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ. Л.Н нь “ША” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд мөн П.Цын хууль ёсны өв залгамжлагч хэдий ч П.Цын хувьцааг өвлөж аваагүй болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгээр тогтоогдож байна. Л.Н нь компанийн хувьцаа эзэмшигчийн, мөн П.Цын өв залгамжлагчийн хувьд ч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно. ...Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр байхаар, 42 дугаар зүйлийн 42.5-д нотариатаар гэрчлүүлэхээр заасан хэлцлийг талуудын аль нэг тал үүргээ бүрэн биелүүлсэн бол шүүх уг хэлцлийг хийгдсэнд тооцно гэж тус тус хуульчилсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.” гэж дүгнэжээ.

13. Давж заалдах шатны шүүх Ж.Гийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох “ША” ХХК-ийн сөрөг шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Магадлалд “... Маргаан бүхий дээрх газар банкны барьцаанд байсан болохыг нэхэмжлэгч Ж.Г мэдэж байсан ба эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдсан болох нь нэхэмжлэлд дурдагдсан байдал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байхад анхан шатны шүүх газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ... маргаан бүхий газрыг “ША” ХХК нь өмчилж аваагүй тул худалдах хэлцэл хийх эрхгүй гэж үзнэ. Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, бүрдүүлбэр дутуу баримтыг үндэслэн газрын эрхийг шаардаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх ба хариуцагч Л.Н, Л.Нч нарын эзэмшилд тухайн газар байдаггүй, газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй ... Талуудын хооронд байгуулагдсан 2019.05.31-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг тус тус зөрчиж байгуулсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ж.Г нь газрын төлбөрт шилжүүлсэн 43,000,000 төгрөгөө буцаан нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.” гэж дүгнэсэн байна.

14. Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Оын хяналтын журмаар гаргасан, хоёр шатны шүүх эрх зүйн харилцааг зөрүүтэй тодорхойлсноос хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.  

15. Зохигчийн хооронд Булган аймгийн .....д байрлах ...... (......) нэгж талбарын дугаартай 74.1483 кв.м талбайтай тариалангийн зориулалттай газрыг эзэмших эрх нэхэмжлэгч Ж.Гэд үүссэн эсэх талаар маргаан өрнөсөн байна. Нэхэмжлэгч дээрх газар эзэмших эрхийг хариуцагч “ША” ХХК-ийн захирал асан, талийгаач П.Цаас худалдан авсан, гагцхүү эзэмших эрх бодитойгоор шилжин ирэх нөхцөл байдал бүрдэхийн тулд тодорхой болзол хангагдахыг хүлээж байсан гэж тайлбарласан бол хариуцагч “ША” ХХК-ийн төлөөлөгч, гүйцэтгэх захирал П.Э дээрх гэрээ нь хууль зөрчсөн, “ША” ХХК гэрээний нэг тал биш, мөнгийг хүлээж аваагүй гэж мэтгэлцжээ.

16. Хоёр шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоож, хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэсэн байх боловч эрх зүйн харилцааг ялгаатай тодорхойлон, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний зүйл нь “тариалангийн зориулалттай газар эзэмших эрх” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх зохигч өөрийн бүрэн эрхэд хамааралгүй зүйл буюу төрийн өмчийн газрыг худалдсан нь хууль бус болсон гэж тайлбарласан. Нэг талаас худалдан авагч Ж.Г, нөгөө талаас худалдагч “ША” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний зүйл нь “газар өмчлөх эрх” бус харин “төрийн өмчийн газрыг тариалангийн зориулалтаар эзэмших эрх” байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 Давж заалдах шатны шүүх газар эзэмших эрхийг худалдах боломжгүй, энэ нь төрийн өмчийн газар гэх агуулгаар дүгнэхдээ өмчийн аль ч хэлбэрийн газарт үүссэн эд юмсын хязгаарлагдмал эрхийг хуульд заасан хязгаарлалтын хүрээнд худалдах-худалдан авах, арилжих, бэлэглэх, барьцаалах байдлаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нэгээс нөгөөд шилжүүлэх боломжтойг анхаарсангүй. Тодруулбал, Иргэний хуулийн дагуу хувийн өмчийн газарт “бусдын газар дээр барилга байгууламж барих эрх”, “узуфрукт”, “ипотек” гэсэн хязгаарлагдмал эрхийг үүсгэж болох бол төрийн өмчийн газрын тухайд Газрын тухай хуулийн дагуу “эзэмших эрх” гэх эд юмсын хязгаарлагдмал эрхийг үүсгэж болно. Улмаар төрийн өмчийн газрын эрхийг хязгаарлаж үүсдэг иргэн, хуулийн этгээдийн “газар эзэмших эрх” нь хувийн өмчийн газарт үүсэх “бусдын газар дээр барилга байгууламж барих эрх”-тэй төсөөтэй эрх бөгөөд эдгээр эрх нь ипотекийн зүйл болж, уг эрх нь өмчлөх эрхийн зүйл болж Монгол Улсын хуулийн этгээд, иргэд хооронд нийтийн эрх зүйн хязгаарлалтын хүрээнд шилжих боломжтой. Өөрөөр хэлбэл, эд юмсын хязгаарлагдмал эрхийн өмчлөлийг шилжүүлэх нь газар өмчлөх эрхийг шилжүүлэхээс ялгаатай ойлголт.

Энэ үндэслэлээр зохигчийн хооронд газар эзэмших эрхийн өмчлөлийг шилжүүлэх харилцаа явагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Иймд төрийн өмчийн газрыг нэгээс нөгөөд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэстэй.

17.  Давж заалдах шатны шүүх бусдын барьцаанд байгаа зүйлийг худалдсаныг эрхийн доголдолтой зүйл худалдсанд тооцно үзнэ гэж дүгнэн худалдах-худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Дээр дурдсанчлан эрх бүхий этгээдийн шийдвэрээр төрийн өмчийн газарт эзэмших эрх олж авах замаар төрийн өмчлөх эрхийг хязгаарлан эд юмсын хязгаарлагдмал эрх үүсгэсэн нь Газрын тухай хуулийг зөрчөөгүйн зэрэгцээ уг эзэмших эрхээ барьцаалж ипотек үүсгэх нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмшигч нь “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах” эрхтэй гэж заасантай нийцэх юм. Улмаар тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг барьцаалсан бол ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээнэ. Газар эзэмших эрх ийнхүү ипотекийн зүйл болсныг эрхийн улсын бүртгэлээс мэдэх хууль зүйн боломжтой тул ипотек бүхий газар эзэмших эрхийг бусдад худалдах, шилжүүлэх нь хууль зөрчихгүй, ипотек үүссэн нь газар эзэмших эрхийг доголдолтой гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын “Маргаан бүхий дээрх газар банкны барьцаанд байсан болохыг нэхэмжлэгч Ж.Г мэдэж байсан ба эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдсан болох нь нэхэмжлэлд дурдагдсан байдал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байхад анхан шатны шүүх газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх дүгнэлт хуульд нийцсэнгүй. Энэ үүднээс эрхийн доголдлын талаар алдаатай дүгнэлт хийсэн гэх агуулгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

18. Хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд үүргийн болон өмчийн хэлцэл хийгдэнэ. Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрх болох эд юмсын хязгаарлагдмал эрхийг бусдад худалдах-худалдан авах үүргийн хэлцэлд хэлбэрийн тухайлсан шаардлага тавигдаагүй байна.  Иргэний эрх зүйн гэрээний зүйл болох эд хөрөнгө, эсхүл эдийн бус хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх харилцаанд тухайлсан шаардлага тавигдах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 109, 110, 111 дүгээр зүйлээр зохицуулагджээ. Эдгээр зүйлд заасан нөхцөл хангагдаагүй бол үүргийн хэлцэл байгуулсан хэдий ч өмчийн хэлцэл хийгдээгүй гэж үзнэ.

Энэ хэргийн тухайд нэг талаас худалдан авагч Ж.Г, нөгөө талаас худалдагч “ША” ХХК нарын хооронд газар эзэмших эрхийг худалдах-худалдан авах үүргийн хэлцэл хийгдсэн боловч уг эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой өмчийн хэлцэл хараахан хийгдээгүй байна.

    Тодруулбал, “ША” ХХК-ийг төлөөлж, тухайн үеийн гүйцэтгэх захирал Пүрэвдоржийн Цэрэнбат, нэхэмжлэгч Ж.Г нарын хооронд нэгж талбарын ...... /одоогийн ....../ дугаартай Булган аймгийн ..... гэх газар байрлалтай газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээ 2019.05.31-ний өдөр бичгээр байгуулагдсан нь хуульд заасан үүргийн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангасан гэж үзнэ. Тухайн үед “ША” ХХК-ийг гүйцэтгэх захирал П.Ц бүрэн төлөөлөх эрхтэй байсан нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн эрхийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдсон байх ба түүний байгуулсан 43,000,000 төгрөгийн үнэ бүхий уг хэлцэл нь компанийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг шаардах их хэмжээний хэлцэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцжээ. Иймд зохигчийн хооронд байгуулсан газар эзэмших эрхийг худалдах-худалдан авах дээрх гэрээ үүргийн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангажээ.

19. Нэхэмжлэгч Ж.Г болон хариуцагч “ША” ХХК-ийн хооронд 2019.05.31-ний өдөр байгуулсан газар эзэмших эрхийг худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх 43,000,000 төгрөгийг П.Цын хүсэлтийн дагуу Л.Нчийн Х банк дахь 5007764383 дугаартай дансанд шилжүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагчийн төлөөлөгч П.Э компанид төлсөн гэж үзэхгүй гэж маргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарын хүрээнд үндэслэл бүхий дүгнэж, тухайн үед компанийн дансны битүүмжлэгдсэн байдлаас шалтгаалан өөр дансанд мөнгийг хүлээн авсан, улмаар хүлээн авсан мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзсэнийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлсэн байх ба түүнд уг гэрээг үндэслэн газар эзэмших эрхээ шилжүүлэхийг худалдагч тал болох “ША” ХХК-аас шаардах эрх хүчин төгөлдөр үүргийн хэлцлийн үндсэн дээр үүснэ. Ийнхүү эрхийг бодитой шилжүүлснээр өмчийн хэлцэл байгуулагдаж газар эзэмших эрх худалдан авагчид үүсэх юм.

20. Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болох нэгж талбарын ...... дугаартай Булган аймгийн .....д байрлалтай тариалангийн зориулалттай газар эзэмших эрх нь өнөөдрийн байдлаар “ША” ХХК-д хадгалагдаж байгаа, хариуцагч Л.Н, Л.Нч нар нь тус газрыг эзэмших эрхийн тухайд аливаа эрх эдэлдэггүй талаар зохигч маргаагүй. Нэгэнт маргаан бүхий газар “ША” ХХК-ийн эзэмшилд байгаа, худалдан авагч Ж.Г газар эзэмших эрхийн үнийг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул газар эзэмших эрхийг бодитой шилжүүлж, өмчийн хэлцэл хийхийг хариуцагч “ША” ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэстэй. Харин хариуцагч Л.Н, Л.Нч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зохицуулалт бол газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үед хийгдэх процесс ажиллагаа” гэх, давж заалдах шатны шүүхийн “Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, бүрдүүлбэр дутуу ... хэлцэл хүчин төгөлдөр бус” гэх агуулга бүхий дүгнэлтийг тус тус залруулна.

21. Дээр дурдсан дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч Ж.Гийн хариуцагч “ША” ХХК-д холбогдуулан гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулах үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Л.Н, Л.Нч нарт холбогдуулан гаргасан шаардлагыг болон “ША” ХХК-ийн гаргасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

22. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О нь хоёр шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан талаар хяналтын гомдолдоо дурдсан байна.     

Тодруулбал, хариуцагч Л.Нчээс Б.Зд олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй байхад нэхэмжлэлийн хувь гардуулсан, 2022.06.28-ны өдрөөс хойш Л.Нчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, “ША” ХХК-ийн 2023.04.06-ны өдрийн 04/04 дугаар албан бичгээр С.Мд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон байтал С.Мд шүүх хурлын тов мэдэгдээгүй, хариуцагч Л.Н болон Л.Нч нарын өмгөөлөгч н.Пүрэвлхамын өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ болон хариуцагч нарын эрх ашиг сонирхлыг хамгаалуулж оролцуулахыг хүссэн хүсэлт хэргийн материалд авагдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэх агуулгыг хяналтын гомдолдоо дурджээ.

Эдгээр гомдлыг хангах үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийгөө бусдаар төлөөлүүлэх эрх олгосон этгээд буюу төлөөллийн үр дүнд эрх ашиг нь хөндөгдөх тал  төлөөллийн үйл ажиллагааны талаар гомдол гаргаагүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг талыг хэд хэдэн этгээд төлөөлөн оролцож байгаа тохиолдолд төлөөлөгчийн аль нэгэнд, эсхүл төлөөлүүлэгчид өөрт нь зар, тов хүргэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй байх явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчилд тооцогдохгүй бөгөөд зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох үедээ өөрийгөө төлөөлөн оролцох өмгөөлөгчийн талаар хангалттай мэдээлэл өгснийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Оын энэ хэргийн материалаас өөр хэрэгт баримт татан авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон, давж заалдах шатны шүүх магадлалаа урьдчилан гаргасан гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байх ба шүүх магадлалыг шүүх хуралдааны өдөр, бичгээр албажуулж, магадлалыг хэргийн оролцогчид шуудангаар хүргүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Шүүх хуульд заасан үндэслэлээр тухайн шүүхэд, эсхүл бусад шүүх, эрх бүхий байгууллагад хянагдаж буй хэрэг маргаанаас баримт гаргуулан авах хууль зүйн боломжтой. Шүүх хуульд заасан хугацаанд шийдвэр, магадлалаа гаргаж, холбогдох этгээдэд гардуулах нь хуулиар хүлээсэн шүүхийн үүрэг бөгөөд энэ үндэслэлээр шүүх, шүүгчийн ажиллагааг хууль зөрчсөн гэж буруутгахгүй.

Эдгээр үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Оын гомдлыг хангахгүй орхино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 214/МА2023/0021 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2023/00147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Оын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.07.17-ны өдөр төлсөн 370,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                                        Д.МӨНХТУЯА

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН