| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/00496 |
| Дугаар | 142/ШШ2021/00621 |
| Огноо | 2021-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2021/00621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,275,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ийн засаг дарга * гэдэг хүнтэй анх ирж “* эгчийн үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг тавиад * эгч гарын үсэг бүх юмаа зурчихна” гээд надаас 3,000,000 төгрөг зээлж аваад явсан. Тэгээд * нь 3 сар хүү өгч 1,010,000 төгрөг хассан. Тэгээд дараа сар болоод хүүгээ, мөнгөө нэхсэн чинь “би * гэдэг хүнтэй хувааж авсан, одоо надад ямар ч хамааралгүй” гэж хэлсэн. * нь “би авсан шүүхдээ өг, шүүх ямар ч хүү шийдэж өгдөггүй юм чинь би хэзээ ч төлсөн болно, зөндөө олон жил болсон ч болно” гэж элдвээр хэлээд өгөхгүй гээд байна. 01 сарын 25-нд мөн “750,000 төгрөг нэмж авъя, Цах маркет дотор би Талх чихрийн барааг зардаг лангуутай, цагаан сарын боов зараад одоохон буцааж төлнө” гэж хэлээд 750,000 төгрөг нэмж аваад явсан. 1,990,000 төгрөгийг 03 сарын 12-ны өдрөөс 04 сарын 14-ний өдрийг хүртэл 33 хоног алданги 262,680+1,990,000=2,252,680 төгрөг, 750,000 төгрөгийг 01 сарын 25-ны өдрөөс 02 сарын 25-ны өдрийг хүртэл 31 хоног хүү 93,000 төгрөг, 02 сарын 25-ны өдрөөс 04 сарын 14-ний өдрийг хүртэл 48 хоног хүү 180,000 төгрөг, нийт 1.023.000+2.252.680= 3.275.680 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2021 оны 03 сард хүүгээ төлсөн. Иймд хүүнээс чөлөөлж эвлэрүүлж өгнө үү. Хуулийн дагуу шалгаж өгнө үү. Үндсэн мөнгөө төлнө. Эвлэрлийн гэрээ хийж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *-гаас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 1,990,000 төгрөг, алданги 262,680 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 750,000 төгрөг, зээлийн хүү 273,000 төгрөг нийт 3,275,680 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зээлийн үндсэн мөнгөө төлнө, би 2021 оны 03 сард хүүгээ төлсөн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ....”*, * нар нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлж * хүү болон үндсэн зээлээс 1,010,000 төгрөг хассан. Үлдсэн мөнгийг нь *г өгнө гэж * тайлбарласан. Дараа нь Б.Э 2021 оны 01 сарын 25-нд мөн 750,000 төгрөгийг нэмж авъя гээд 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлж авсан ба 2021 оны 01 сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл 31 хоног хүү 93,000 төгрөг, 2021 оны 02 сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 сарын 14-ний өдрийг хүртэл 48 хоног хүү 180,000 төгрөг, нийт 1,023,000 төгрөг мөн 1,990,000 төгрөгийг 03 сарын 12-ны өдрөөс 04 сарын 14-ний өдрийг хүртэл 33 хоног алданги 262,680+1,990,000=2,252,680 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байна.
Зээлдүүлэгч * нь зээлдэгч *-гийн өмчлөлд нийт 2,740,000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч * нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх бөгөөд талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүүгийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч * хариуцагч * гаас гэрээгээр тохирсон хугацааны хүү, алданги шаардах эрхтэй, мөн гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч *, * нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тус тус тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон мөнгө авсан, өгсөн талаар маргаагүй, хариуцагч зээлийн гэрээнд зурсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Харин хариуцагч 3 сарын хүүг төлсөн гэж тайлбарлаж зээлийн гэрээний хүүгээс чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна.
Гэвч хариуцагч * нь зээлийн гэрээний дагуу 3 сарын хүү төлсөн гэж тайлбарлаж байх боловч, энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй, бичгийн баримтаар тогтоогдохгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийг хүү, алданги төлөхөөс чөлөөлөх боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *-аас 3,275,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч *-д шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн хэргийн материалтай танилцахыг удаа дараа мэдэгдсэн боловч танилцаагүй. Шүүх хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулах үүрэггүйгээс гадна хуулиар олгосон эрхийг хүчээр эдлүүлэх боломжгүй. Хуулиар олгосон эрхээ эдлэх, эдлэхгүй нь тухайн хэргийн оролцогчийн эрх юм.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч *-гаас 3,275,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *-т олгосугай
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,361 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 67,361 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН