| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2022/0020/З |
| Дугаар | 126/ШШ2022/0019 |
| Огноо | 2022-08-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 126/ШШ2022/0019
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бд холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0262706 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:
“Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө би, тус аймаг дахь Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б нь “2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны Доод модот гэдэг газар Лексус 570 загварын автомашин Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрсөн” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч Х.Бт 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэсэн тэмдэглэл, 0262706 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар иргэн Х.Бын Лексус 570 загварын 01-31 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрсөн гэх үйл баримт тогтоогдож байх боловч холбогдогчоос мэдүүлэг аваагүй, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл, 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12, 15.33 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчиж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үнэдэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд уг шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0262706 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр дүгнэлттэй танилцаад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х.Бын Лексус 570 загварын 01-31 ХӨА улсын дугаартай автомашин усны холбогдолтой осолд өртсөн нь 0262706 дугаар маериалтай танилцаад хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө тус шүүхэд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бгийн үйлдсэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0262706 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б холбогдогч Х.Бт “Усны холбогдолтой осолд өртсөн” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Хөвсгөл аймаг дахь Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байна.
Харин хэрэгт авагдсан Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан загвар бүхий 0262706 дугаар шийтгэлийн хуудсанд огноо болон бусад мэдээллийн талаар огт бичээгүй, зөвхөн “Х.Б” гэсэн гарын үсэг зурагдсан байна.
Хэрэгт авагдсан Төрийн банкны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Гялс банк интернет-гүйлгээний мэдээлэл”-ээс үзэхэд холбогдогч Х.Б 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлжээ.
0262706 дугаар шийтгэлийн хуудсанд бичигдсэн огноо, зөрчлийн утга байхгүй боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, төлбөр төлүүлсэн баримтыг үндэслэн иргэн Х.Бт Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэлийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б оногдуулсан байна гэж үзлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн ... 5.13 дугаар зүйлийн 2 дахь ... хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж заасан тул гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б хуулиар Эрүүгийн шүүхэд харьяалуулсан асуудлыг шийдвэрлэх эрхгүй, прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б нь он, сар, өдөр тодорхойгүй 0262706 дугаар шийтгэлийн хуудсаар Х.Бт 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн
111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын “Хөвсгөл аймаг дахь Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л. Бямбасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0262706 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах /иргэн Х.Бт 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах/” дүгнэлт бүхий гомдлыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ