Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 152

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Э.Гантулга,

нарийн бичгийн дарга А.Батдрож,

хохирогч П.Төмөртогоо,

шүүгдэгч М.Эрдэнэжаргал, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000266 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай. эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багг оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алдар овогт Манлайбаатарын Эрдэнэжаргал, регистрийн дугаар ВЗ77100816,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

М.Эрдэнэжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг “Элгэн” гэх газарт өөрийн эзэмшлийн 28-26 БНХ улсын дугаартай Hyundai Mighty маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана...” мөн дүрмийн 2.1 дэх заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж 2 настай Э.Лхагвамааг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                          

        /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч П.Төмөртогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Элгэн” гэдэг газар ирээд буух газраа ирээд машинаас гэрээ буулгаад ханаа дугуйлаад байж байхад Эрдэнэжаргал ах нь явъя даа гээд Эрдэнэжаргал өөрөө машинаа тойроод доогуур нь нохой байна уу гээд тойрч шалгасан. Тэгээд шалгасны дараа нь би машиных нь хойд талынх нь кабинд үлдээсэн байсан шар савтай усаа авсан. Тэгээд 2 савтай усаа буулгатал машин хөдөлсөн тэгээд манай нөхөр Эрдэнэбаяр хүүхэд гээд орилсон тэгэхэд нь би хартал машин хөдлөөд явсан. Хөдөлсөн зам дээр нь хүүхэд газар хэвтэж байхаар нь би тэвэрч аваад нэлээд удаан байж байгаад хартал өнгөрчихсөн байсан. Тэр машиныг Эрдэнжаргал өөрөө жолоодож явсан. Эрдэнэжаргал тухайн уед архи уугаагүй байсан... Манай гэрийн гадаа Эрдэнэжаргалын машинаас өөр ямарч машин байгаагүй...Одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-65/,

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:

2016 оны 09 дүгээр 12-ны өдөр Эрдэнэбаяр нь Эрдэнэжаргалыг гэр нүүлгээд өгөөч гэж гуйхад завгүй гэсэн бөгөөд маргааш нь би утсаар ярихад ах нь очлоо гэсэн. Манайх “Загийн худаг” гэдэг газраас “Элгэн” гэх газар руу нүүсэн. Тэгээд гэрээ буулгаад ханаа дугуйлаад байж байхад Эрдэнэжаргал ах явъя гэхээр нь 2 шар савтай усаа кабинд нь мартсаныг буулгатал Эрдэнэбаяр хүү гээд орилсон. Би очоод тэврээд авсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Жолооч машинаа нар зөв тойроод эргэж харсан гэв.

Гэрч Т.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тэгээд манай эхнэр машины кабинаас шар савтай 2 ус буулгаад дуусангуут нь Эрдэнэжаргал машинаа жолоодоод хөдлөөд явсан... Би эхлээд машин хөдлөх үед хүүхэд тоглож байсан буйдан руу харсан чинь харсан чинь байхгүй байсан. Тэгээд би яг машин руу явчихлаа гээд хүүе хүүхэд гээд орилсон юм. Би хүүхдээ машинд дайруулахыг яг хараагүй... Машин хөдөлсний дараа манай эхнэр тэр газар дээрээ байсныг нь тэвэрч авсан юм шиг байна лээ...Эрдэнэжаргал нь тухайн үед архи уугаагүй байсан. Ер нь архи уудаггүй юм. Манай гэрийн гадаа тухайн үед Эрдэнэжаргалын машинаас өөр машин байгаагүй. Талийгаач хүүхэд маань 2 настай, бие дааж өөрөө чөлөөтэй хаа сайгүй явдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/,

Гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 09 сарын 13-ны өдөр Эрдэнэбаярынхыг нүүж ирэхэд нь Цэрэнжав, Лувсаншарав бид 3 очоод гэрийн хана дугуйлж байтал Эрдэнэжаргал мал эзэнгүй байгаа та нар гэрээ барьчих гээд машинаа асаагаад явсан. Тэр үед Эрдэнэбаяр хүүе хүүхэд хаачив гэхэд машин хөдөлсөн газарт хүүхэд уначихсан хэвтэж байхад нь Цэрэнжав араас нь явж Эрдэнэжаргалыг дуудаж ирүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,

Гэрч Н.Цэрэнжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 09 сарын 13-ны өдөр Эрдэнэбаярын гэрийг барилцах гэж очсон. Гэрийн хана дугуйлж байхад Эрдэнэжаргал машинаа асаагаад явсан. Эрдэнэбаяр хүүхэд хаачив гэхэд машин хөдлөөд явсан газар хүүхэд унасан харагдсан. Эрдэнэбаяр хүүхэд дайрчихлаа гээд машины араас гүйхэд нь арай хурдан байх гээд би мотоциклоор араас нь очиж Эрдэнэжаргалд хүүхэд дайрчихлаа гэхэд худлаа байлгүй дээ гэж гайхаж байгаад эргэж иртэл Эрдэнэбаярын эхнэр нь хүүхдээ тэврээд уйлж байсан...” /хх-ийн 78-79/,

Шүүгдэгч М.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би өөрийн 28-25 БНХ улсын дугаартай ачааны машинаа асаагаад Богд сумын 2 дугаар багт байдаг Цагаан гол гэдэг газар байсан Эрдэнэбаярын гэрт нь очоод гэрийг нь ачаалаад “Элгэн” гэдэг газар очиж буулгасан. Тэгээд гэрийг нь буулгаж дуусаад явах гэтэл Төмөртогоо машинаас чинь усаа аваадхая гээд машинаас 2 савтай ус буулгасан. Тэгээд би машиндаа суугаа хөдлөөд жоохон явж байтал араас Цэрэнжав мотоциклтой ирээд намайг зогсоогоод хүүхэд дайрчихлаа гэсэн. Тэгэхээр нь би “чи битгий худлаа ярь” гэсэн чинь очоод үз гэхээр нь би машинаа эргүүлээд очсон чинь ээж, аав хоёр нь хүүхдээ ээлжилж тэврээд орилоод байсан. Тэгээд хүүхэд дайрснаа мэдсэн. Намайг машинаа тойрчихоод доогуур нь харахад гэрийн баруун урд талд орны бадушкин дээр сууж байгаа харагдсан. Тэр үед ээж нь миний машины хажууд усаа буулгаж байсан юм. Би тэр хүүхдийг хэзээ машины хажууд ирснийг нь мэдэхгүй байна. Ээжийгээ машин дээр ирж ус буулгахад ээжийгээ машинд суучихлаа гэж бодсон байх. Тэгээд машин дээр дагаад ирсэн болов уу гэж бодож байна. Би хүүхэд дайрснаа мэдээгүй. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115, 118-119/,

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:

2016 оны 09 сарын 12-ны орой Эрдэнэбаяр ирээд гэр нүүлгээд өг гэсэн бөгөөд ах нь зав муутай байна маргааш нүүлгээд өгье гээд явуулсан. Маргааш нь над руу утсаар эхнэр нь яриад малаа нүүх газраа авчирсан, мөн гэрээ янзалчихлаа та хүрээд ир гэсэн. Би очоод гэрийг нь нүүлгээд “ Элгэн ” гэх газар буулгаад ах нь зав муутай явъя гээд машинаа бүтэн тойрч хараад машинд суух гэтэл Төмөртогоо ус аваадхая гээд усаа буулгаад толиндоо хараад хөдөлсөн. Тэгээд явж байтал араас мотоцикльтой хүн ирээд чи айлын хүүхэд дайрчихлаа гэхээр нь би үнэмшээгүй, эргээд очоод үзтэл дайрсан байсан гэв.

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 77 дуаартай: 1. Талийгаачид гавал тархины ил гэмтэл, гавлын орой ба суурь ясны бяцарсан хугарал, толгойн хуйх дагзны баруун хэсгээс урагш чамархайгаар дух хүрсэн няцарч урагдсан шарх, тархины хатуу хальсны урагдал, тархины эдийн их хэмжээний няцрал, толгойн хуйхан доорх зүүн чамархай хэсэг, элэгний саран холбоосны цус хуралт, дух, хамар, баруун хацар хамарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба талийгаачийг нас барах үед үүсчээ. Гавал тархины ил гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. 3. Дээрх гэмтэл нь талийгаачийг дээш харж унасан буюу хэвтсэн үед биеийн баруун талаас толгойн оройн хэсгээр автомашины дугуйн хажуу ирмэгээр дайрах үед үүсэх боломжтой. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-86/,

-Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 сарын 19-ний 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-99/,

-Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 08 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт /хх-ийн 92-93/,

-Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 19-ний 8078 дугаартай М.Эрдэнэжаргалын биеэс авсан цусны дээжид шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 106-107/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12/,

Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-27/,

Цогцосонд задлан шинжилгээ хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-35/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /36-42/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 43/,

М.Эрдэнэжаргалын биеэс цусны дээж авсан тэмдэглэл /хх-ийн 44/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 45-46, 51-53/

Хохирогч нарт мөнгөн тусламж үзүүлсэн тухай баримт /хх-ийн 53/,

Хохирогч Э.Лхагвамаагийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 54-55/,

Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам орчны байдлыг тодорхойлсон тэмдэглэл /хх-ийн 56-59/,

Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 120/,

шүүгдэгч М.Эрдэнэжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 121/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122/,

жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 123/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус прокурорын газраас М.Эрдэнэжаргалын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч М.Эрдэнэжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг “Элгэн” гэх газарт өөрийн эзэмшлийн 28-26 БНХ улсын дугаартай Hyundai Mighty маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана...” мөн дүрмийн 2.1 дэх заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж 2 настай Э.Лхагвамааг дайрч амь насыг нь хохироосон болох нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч М.Эрдэнэжаргалыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Эрдэнэжаргал нь хохирогчийн оршуулгын болон бусад зардлыг бүрэн төлсөн, хохирогч П.Төмөртогоо нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн учир М.Эрдэнэжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Эрдэнэжаргалын №450880 дугаарын АВ ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, 2825 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг буцаан олгож шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч М.Эрдэнэжаргалын өмчлөлийн 28-25 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 10 тооны эр ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.

Хохирогч П.Төмөртогоо нь уг гэмт хэрэгтэй холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                 

                                                                                        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Алдар овогт Манлайбаатарын Эрдэнэжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас Э.Лхагвамаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.        

4. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэжаргалд оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар зааснаар тэнсэгдсэн ялтан М.Эрдэнэжаргалд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

7. Шүүгдэгч М.Эрдэнэжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Эрдэнэжаргалын №450880 дугаарын АВ ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28-25 БНХ улсын дугаартай Hyunda Mighty маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг буцаан олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэжаргалын өмчлөлийн 28-25 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 10 тооны эр ямааг битүүмжилсэн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эрдэнэжаргалд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Эрдэнэжаргалд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ