| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/00454/И |
| Дугаар | 142/ШШ2021/00508 |
| Огноо | 2021-06-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2021/00508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: *-д холбогдох
*-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *, * дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, 412,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *-д борлуулалтын байцаагчаар 2010 оноос эхлэн ажиллаж байгаа ба ажил үүргээ хийж гүйцэтгэж байгаа дээрх хугацаанд Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж ирсэн. Гүйцэтгэх захирал нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний тоолуурын заалтыг буруу бичсэнээс байгууллагад хохирол учруулсан гэж үзэж улмаар Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр 2.518.055 төгрөгийг надаас гаргуулах, уг төлбөрийг миний цалингаас хувь тэнцүүлэн авахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд байгууллагад хохирол учраагүй байхад андуурч шивэгдсэн тоолуурын заалтыг үндэслэн надаас төлбөр гаргуулах гэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү хоёр тушаалтай холбоотой асуудлаар 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр * аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасан. Гомдлын дагуу Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо гомдол шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай зөвлөмж гаргасан. Зөвлөмжид 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн.
Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тоолуурын заалт авах боломжийг ажил олгогчоос болон хэрэглэгчийн зүгээс авах бололцоог хангаагүй, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтаа сайн хянаагүй, тооцоог хариуцсан горимын инженер нь ажлаа зохих ёсоор хийгээгүй байхад намайг буруутгаж улмаар надад сахилгын сануулах шийтгэл оногдуулсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн * дугаартай тушаал гаргасан байна. Иймд *-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *, * дугаартай тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *ийн нэхэмжлэлтэй *-д холбогдох иргэний хэрэгт хуулийн зөвлөх ажилтай * миний би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байна. *-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь Манай байгууллага нь “Эрчим хүчний тухай хууль”, “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль” болон холбогдох бусад хууль дүрэм, журмын дагуу Айл өрх ААНБ-тай цахилгаан, дулааны эрчим хүч, Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсны үндсэн дээр цахилгаан дулааны эрчим хүч, Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг ба Борлуулалтын албаны ажил үйлчилгээний журмын дагуу сар бүрийн 13-24-ны хооронд Айл өрх, ААНБ-уудын ус, дулаан, цахилгааны тоолуурын заалтыг авч дуусган, төлбөр тооцоог эцэслэн бодож гаргадаг.
Илэрсэн зөрчил нь: Борлуулалтын ажилтан * нь 2020 оны 12 сарын 24-ний өдөр ДГТ 2 байрны усны тоолуурын гуурын заалтыг авахдаа бодит заалт 29059 байсныг 29590 гэж орон андууран авснаар * манай байгууллага хоорондын усны төлбөр тооцоонд өөрчлөлт орж манай байгууллагад 531 м3 буюу 2,518.055 төгрөгний хохирол учирсан. Мөн тоолуурын заалт гацсан байсныг мэдээгүй гэх зөрчил гаргасан. /Нотлох баримтыг хавсаргав/
Тодруулбал: Борлуулалтын ажилтан * нь 2018 оноос эхлэн ДГТ 2 байр, Хүүхэлдэйн театр, * ус, Сувилал гэх ААНБ-уудыг хариуцан ажиллаж байгаа ба Борлуулалтын ажилтан нь ААНБ-ын тоолуурын заалтыг сар бүр өөрийн биеэр заавал авч хянаж, ажиллах үүрэгтэй байдаг. Гэвч ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэснээс байгууллагад 2,518,055 төгрөгний хохирол учруулсан гэж үзсэн. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсанчлан нэхэмжлэлийн үндэслэлийг харахад өөрийн ажлын байрны тодорхойлолтын дагуу ямар ажил үүрэг гүйцэтгэх ёстой талаараа наад захын мэдэгдэхүүн байхгүй байна гэж харж байна Үүнд:
1. Байгууллагад хохирол учруулаагүй байхад андуурч шивэгдсэн тоолуурын заалтыг үндэслэн надаас төлбөр гаргуулах гэж байна.
Тайлбар: Байгууллагад учирсан хохирол нь *, манай байгууллага хоёрын хоорондын тооцоогоор нотлогдож, андуурч шивэгдсэн тоолуурын заалт нь өөрийн бичсэн тайлбар үзлэг, шалгалтын зөрчлийн хуудсаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэлээс харагдаж байна.
2. Тоолуурын заалт авах боломжийг ажил олгогчоос болон хэрэглэгчийн зүгээс авах бололцоог хангаагүй.
Тайлбар: Тухайн ажилтан нь 3 жилийн хугацаанд тухайн газрыг хариуцсан ажилтнаар ажиллахдаа нэг ч удаа харъяалах дээд албан тушаалтандаа энэ талаар хүсэлт тавьж байгаагүй бөгөөд энэ тухай хариуцсан албаны даргын тайлбараар нотлогдоно. Мөн тус газраас усны тоолуурын заалт авахад хүндрэлтэй гэж үзэх нотлох баримт байхгүй, хүндрэлтэй нөхцөл ч байхгүй гэж үзэж байна.
3. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтаа сайн хянаагүй.
Тайлбар Тухайн ажилтнь. ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтонд заасанчлан
1.11 /Тоолуурын эвдрэлээс шалтгэалсан усны тооцоог газар дээр нь үзэх,шийдвэрлэх/
1.13 /Шаардлагатэй тохиолдолд тоолуурын эвдрэлийг байгууллагын техникийн комиссоор шалгуулж шийдвэрлүүлэх/,
2.2 /Айл өрх, аж ахуй нэгжүүдийн тоолуурын ашиглалтанд хяналт тавьж зүй бус хэрэглээтэй газрыг албаны даргад танилцуулах, шийдвэрлүүлэх,
2.3 /Тоолууртай аж ахуйн нэгжүүдэд тоолуурын хэсэгтэй хамтран графикт хугацаагаар үзлэг шалгалт хийх,
2.5 /Аж ахуйн нэгжийн тоолуурын заалтыг сар бүр өөрийн биеэр заавал авч хянаж баталгаажуулна/ гэж заасан байдаг бөгөөд өөрийн ажил үүргийг мэдэхгүй, бусдад бурууг тохож байна.
4. Тооцоог хариуцсан горим тооцооны инженер нь ажлаа зохих ёсоор хийгээгүй гэж үзсэн.
Тайлбар: Усны горим тооцооны инженерийн ажил байдлын тодорхойлолтонд тухайн борлуулалтын ажилтны авсан усны заалтыг үндэслэн тооцоонд тусгана гэсэн заалт байдаг бөгөөд тухайн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанчлан хянах үүргийг хүлээгүй болно.
Иймд Дээрх заалтын дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой байтал ажил үүргээ дутуу хангалтгүй гүйцэтгэснээс байгууллагад хохирол учруулж цаашлаад байгууллагын нэр хүндийг унагаасан үйлдэл гаргасан гэж үзэн, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2 D /Өөрийн ажил үүргийг буруу буюу хариуцлагагүй, хангалтгүй, гүйцэтгэснээс үйлчлүүлэгч, байгууллагад хохирол учруулсан/, 3.3 /ажил үүргээ гүцэтгэх явцдаа байгууллагад болон бусдад өөрийн буруугаас хохирол учруулсан бол эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх замаар хохирлыг барагдуулна/-д заасны дагуу эд хөрөнгийг хариуцлага хүлээлгэн, сануулах арга хэмжээ авсан.
Эд хөрөнгийн хариуцлага ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан байх ба байгууллагын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.3 /ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагад болон бусдад өөрийн буруугаас хохирол учруулсан бол эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх замаар хохирлыг барагдуулна/-д заасан байх тул хуулийн 135 4 дах заалтын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхэд эрх зүйн бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэн *-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: *-ийн нэхэмжпэлтэй *-д холбогдох иргэний хэрэгт хуулийн зөвлөх ажилтай * миний би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байна.
*-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нэмэлт тайлбар гаргаж байна. Үүнд:
* нь ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэснээс байгууллагад 2 518 055-ний хохирол учруулсан гэж үзэн 2021 оны 02 сарын 26 өдрийн * дугаартай тушаалаар эд хөрөнгийн хариуцлага ногдуулж, мөн өдрийн * тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.
* нь ******* аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2021 оны 03 сарын 02-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж ******* аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 03 дугаартай зөвлөмж гаргаж 2021 оны 02 сарын 26-ны өдрийн * тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн.
Харин 2021 оны 02 сарын 26-ны өдрийн * дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн тул үүнийг байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль”-ийн 13 дугаар зүйл Гэрээ, 15.1.13, Усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх үүрэгтэй, мөн хуулийн 20.1 /хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно, 20.3 /тооцооны хэмжих хэрэгслийн гэмтэл, эвдрэл нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, эсхүл тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлах, баталгаажуулах зорилгоор шугамаас салгасан бол өмнөх 3 сард хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны хэмжээний дунджаар тооцно гэх заалтуудыг тус тус үндэслэн “Э” ТӨҮГ-тай цэвэр усаар хангах бохир ус татан зайлуулах гэрээ байгуулан хэрэглээгээр ханган ажиллаж байх тул *аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн *-ыг үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд *-ийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн *, *-ны тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: *ийн нэхэмжлэлтэй *-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна. Энэхүү хэрэгт гүйцэтгэх захиралын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *, * дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед *-ийн цалингаас хэдэн төгрөг суутган авч байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байсан. Ажил олгогч нь *-ийн цалингаас 2021 оны 03 дугаар сард суутган авсан 213,000 төгрөг, 04 дүгээр сард суутган авсан 199,000 төгрөг нийт 412,000 төгрөгийг *-иас гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *-д холбогдуулан *-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *, * дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, 412,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь *-д борлуулалтын байцаагчаар 2010 оноос эхлэн ажилласан байх ба ажил үүргээ хийж гүйцэтгэж байх явцдаа 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тоолуурын заалтыг буруу бичсэнээс байгууллагад хохирол учруулсан үндэслэлээр *-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн * дугаартай тушаалаар Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж 2,518,055 төгрөгийг гаргуулах, уг төлбөрийг цалингаас хувь тэнцүүлэн авахаар шийдвэрлэсэн байх ба тушаалаар түүнд сануулах арга хэмжээ авчээ. Мөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн * дугаартай тушаалаар түүнд сануулах арга хэмжээ авчээ.
Нэхэмжлэгч нь “шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд байгууллагад хохирол учраагүй байхад андуурч шивэгдсэн тоолуурын заалтыг үндэслэн надаас төлбөр гаргуулах гэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй, тоолуурын заалт авах боломжийг ажил олгогчоос болон хэрэглэгчийн зүгээс авах бололцоог хангаагүй, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтаа сайн хянаагүй, тооцоог хариуцсан горимын инженер нь ажлаа зохих ёсоор хийгээгүй байхад намайг буруутгаж улмаар надад сахилгын сануулах шийтгэл оногдуулсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн * дугаартай тушаал гаргасан байна” гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч нь “холбогдох хууль, дүрэм, журмын дагуу айл өрх, аж ахуйн нэгж байгууллагатай цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг ба борлуулалтын албаны ажил үйлчилгээний журмын дагуу сар бүрийн 13-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд ус, дулаан, цахилгааны тоолуурын заалтыг авч дуусган, төлбөр тооцоог эцэслэн бодож гаргадаг. Борлуулалтын ажилтан * нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр * аймаг * сум * баг ДГТ 2 байрны усны тоолуурын заалтыг авахдаа бодит заалтыг орон андууран авснаар * манай байгууллага хоорондын усны төлбөр тооцоонд өөрчлөлт орж манай байгууллагад 531 м.куб буюу 2,518,055 төгрөгний хохирол учирсан. Мөн тоолуурын заалт гацсан байсныг мэдээгүй гэх зөрчил гаргасан” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь борлуулалтын албаны ажил үйлчилгээний журмын дагуу сар бүрийн 13-24-ний хооронд ус, дулаан, цахилгааны тоолуурын заалтыг авч дуусган, төлбөр тооцоог эцэслэн бодож гаргадаг, энэ нь түүний ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан, байнга хийж гүйцэтгэдэг ажил байжээ.
Гэтэл нэхэмжлэгч * нь 2020 оны 12дугаар сарын 24-ний өдөр ДГТ 2 байрны усны тоолуурын заалтыг авахдаа бодит заалт 29059 байсныг 29590 гэж орон андууран авснаар * болон хариуцагч хоорондын усны төлбөр тооцоонд өөрчлөлт орж хариуцагч нь тус байгууллагаас 531 м.куб буюу 2,518,055 төгрөгний төлбөр авч чадахгүйд хүрч хохирол учирсан болох нь тогтоодож байна.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, тоолуурын заалтыг анхаарал болгоомжгүйгээр буруу бичиж авсаныг илрүүлсэн даруйд хэрэглэгч байгууллагад энэ талаар мэдэгдэж төлбөр тооцоонд өөрчлөлт оруулж төлбөрийг нэхэмжлэн авах боломжтой байсан атал нэхэмжлэгчээр дээрх төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул *-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дугаартай тушаалыг хүчингүй болгож түүний цалингаас 2021 оны 03 дугаар сард 213,000 төгрөг, 04 дүгээр сард 199,000 төгрөг нийт 413,000 төгрөг суутган авсаныг хариуцагч *-иас буцаан гаргуулах үндэстэй байна.
Харин нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа дахин нягталж үзэхгүй, хайхрамж болгоомжгүй хандаж тоолуурын заалтыг буруу тэмдэглэн авсаны улмаас төлбөр тооцоо буруу бодогдож хариуцагч хохирол хүлээхэд хүрсэн буруутай үйлдэл тогтоогдсон байх тул түүнд *-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн * дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсан нь үндэстэй байх тул дээрх тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар * нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх ба хариуцагч *-иас улсын тэмдэгтийн хураамжинд 83,210 /70,200+13,010/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан *-ийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн * тоот тушаалыг хүчингүй болгож,хариуцагчаас 412.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *-т олгож, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн * тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч *-иас улсын тэмдэгтийн хураамжинд 83,210 /70,200+13,010/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН