Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Бат-Орших, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүгдэгч Э.*****************, Э.**********, тэдний өмгөөлөгч М.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн *****************, ********** овогт **********ийн ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2310016501824 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “**********” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “**********” хотхоны 107-70 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ***************** /РД: **********/.

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 03 дугаар хороо, 214-48 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********йин ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.*****************, Э.********** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Э.**********: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

Шүүгдэгч Э.*****************: “..Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэг гаргахгүй... “ гэв.  

 

Хоёр: Гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч Э.********** нь “********** буйлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь “Мөнхтэнгэр Хөх тэнгис” ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр БУ/2306 дугаартай Бетон шахагч төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх гэрээ, мөн БУ/ХАБ/23 дугаартай Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах гэрээ байгуулан ажиллаж байхдаа буюу 2023 оны 04 дүгэр сарын 30-ны  өдрийн 23 цагийн орчим барьж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх тэнгэр Хөх тэнгис ХХК-ийн барьж буй ********** хотхон барилгын гараж дээвэр цутгах ажлыг 06-60 УАО улсын дугаартай Эвэрдимс Эсп60эсси-5 (Everdigm Ecp60cs-5) загварын помп шахагч тээврийн хэрэгслээр гүйцэтгүүлэхдээ БУ/23-06 дугаартай Бетон шахагч төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх гэрээний 7.1 Гүйцэтгэгч бетон зуурмаг шахагч автопомпын ажиллагааг бүрэн хариуцан ажиллах бөгөөд Барилгын хот байгуулалтын сайдын 2014 оны 109 дүгээр тушаалаар баталсан Бетон зуурмагийн шахуургын аюулгүй ажиллагааны дүрэм болон Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох эрх зүйн актыг баримтлан ажиллах үүрэгтэй, 7.2 Гүйцэтгэгч, түүний зохих ажилтан бетон зуурмаг шахагч автопомпыг өдөр болгон ажилд гарахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, зохих үзлэг хийх операторуудад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллана гэснийг мөн БУ/ХАБ/23 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн нөхцөлийг хангаж ажиллах гэрээний 1.2 Туслан гүйцэтгэгч нь гэрээт ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулан, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана, 5.7 зургийн дагуух тэмдэг тэмдэглэгээг өөрийн үйл ажиллагаа хийгдэж байгаа талбайд байрлуулах ажлуудыг тэмдэг тэмдэглэгээг өөрийн үйл ажиллагаа хийгдэж байгаа талбайд байрлуулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ гэж заасан үүрэг,

          Шүүгдэгч Э.***************** нь ********** буйлдинг ХХК-ийн оператороор  ажиллаж байх үедээ Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 109 дүгээр тушаалаар баталсан Бетон зуурмагийн шахуургын аюулгүй ажиллагааны 109 дүгээр тушаалаар баталсан Бетон зуурмагийн шахуургын аюулгүй ажиллагааны дүрмийн 5.16 Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийн оператор дараах үүрэгтэй байна. 5.16.3 /Ажил эхлэхийн өмнө ажлын төхөөрөмжид өдөр тутмын техникийн үзлэг хийж түүний бүрэн бүтэн байдал, аюулгүй нөхцөлийг шалгана, ...Бетон зуурмагийн дамжуулах хоолой цохигдож хонхойгоогүй түүнд ан цав цууралт үүсээгүй байна. 7.2 зохих ажилтан бетон зуурмаг шахагч автопомпыг өдөр болгон ажилд гарахдаа бүрэн бүтэн байдлыг шахаж зохих үзлэг хийх үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах Мөнхтэнгэр Хөх тэнгис ХХК-ийн барьж буй ********** хотхоны барилгын гаражийн дээвэр цутгаж байсан 06-61 УАО улсын дугаартай Эвэрдимс Эсп60эсси-5 (Everdigm Ecp60cs-5) загварын помп шахагч тээврийн хэрэгслийн помп шахагч хошуу хугарч барилгын талбайд ажил гүйцэтгэж байсан амь хохирогч Г.Мөнхнасангийн толгой дээр унаж зүүн зулай яснаас цөмөрч титэм заадас салан зүүн чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх, доорх цусан ухраа, толгойн хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун шанаа, хацрын төвгөр, амны булан, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл учруулан амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 19 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 21-31 дэх тал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.**********ийн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 50-51 дэх тал/, гэрч Т.Буянбаатарын мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 62-64 дэх тал/,гэрч Б.Мөнхзаяагийн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 66 дахь тал/, гэрч Э.Жавхланбатын мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 69-71 дэх тал/, гэрч Т.Зоригтбаатарын мэдүүлэг /74-76 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1304 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 78-90 дэх тал/, ХАБ-15/23 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 96-100 дахь тал/, шүүгдэгч Э.**********, Э.********** нарын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 118-127 дахь тал/, “**********” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1 дэх хавтас хэргийн 129-133 дахь тал/, автопомпын операторын ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтас хэргийн 133-135 дахь тал/, Э.*****************ийг ажилд томилсон захирлын тушаал /1 дэх хатвас хэргийн 136 дахь тал/, Бетон шахагч төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх гэрээ /1 дэх хавтас хэргийн 137-142 дэх тал/, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах гэрээ /1 дэх хавтас хэргийн 143-147 дахь тал/, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1 дэх хавтас хэргийн 175-177 дэх тал/, хөдөлмөрийн гэрээ /1 дэх хавтас хэргийн 179-183 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Шүүгдэгч Э.**********, Э.********** нар нь өөрсдийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн тул шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг түүний өмгөөлөгчөөс гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар явуулахаар тогтож, 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулсан болно.

 

Гэмт хэргийн улмаас ажил гүйцэтгэж байсан 20 настай Г.Мөнхнасангийн амь нас хохирсон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон бусад зардалтай холбоотой төлбөрийг төлж барагдуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.**********, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх төлбөргүй байна.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.**********, Э.***************** нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт, шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.**********, Э.*****************д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаанд шүүгдэгч Э.**********, Э.***************** нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 2310016501824  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.**********, Э.***************** нар цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ийн *****************, ********** овогт **********ийн ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.*****************, Э.********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаанд шүүгдэгч Э.*****************, Э.********** нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.*****************, Э.********** нар нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2310016501824 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.**********, Э.***************** нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.**********, Э.***************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.**********, Э.***************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.АЛТАНЖИГҮҮР