Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/198

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Урангоо, шүүгдэгч /хохирогч/ О.*********, шүүгдэгч /хохирогч/ Б.*********, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********агийн *********, ********* овогт *********гийн ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310043090038 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*********” ХХК-д барилгын шавар хийдэг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********ы 816-152 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********ын ********* /РД: *********/.

 

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********ы 816-152 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********гийн *********  /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.********* 2023 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* 816-152 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.*********тэй “дүүгийн хажууд томорлоо” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүнийг түлхэх, нүүр рүү нь цохих, үсдэх, хана руу, буйдан руу шидэх хөлөөрөө хөл нуруу хэсэгт өшиглөх зэрэг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн бугалга, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.********* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо ********* 816-152 тоотод нөхөр О.*********тай “дүүгийн хажууд томорлоо” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүнийг хазах, нуруу хэсэгт цохих, хүүхдийн сагсны шийдээр толгой, нуруу, баруун хавирга руу нь цохих, бэлэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл зүүн чамархайд шарх, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Шүүгдэгч /хохирогч/ О.********* нь “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хохирол төлбөрт мөнгө нэхэмжлэхгүй, гомдолгүй…” гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Б.********* нь “…Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч О.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тараад маргааш нь амрах байсан учраас манай үеэл дүү Нямбаяртай Нисэхийн эцэст байрладаг караокед Сэнгүр нэртэй 0,5 литрийн лаазтай пивоноос 4-5 ширхгийг уусан. Тэгээд бид хоёр караокеноос гараад манай гэр лүү явсан ба гэртээ орохоосоо өмнө дэлгүүрээс 0,5 литрийн лаазтай пивоноос 6 ширхгийг худалдаж аваад Нямбаяртай хамт гэр лүүгээ орсон юм. Тэгээд Н бид хоёрыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********ы 816-152 тоотод байх манай гэр лүү ороход эхнэр ********* гэртээ байхгүй, хоёр хүүхэд хоёулаа байж байсан. Тэгээд удалгүй эхнэр ********* намайг хайж байгаад ирлээ гээд гаднаас орж ирсэн ба хаашаа яваад ирж байгаа юм гээд бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Тэгээд эхнэр ********* над руу уурлаад гал тогооны хөлдөөгч дээр байсан заазуур аваад намайг ална, тэгээд өөрөө шоронд орно гэж хашхираад орилж чарлаад байсан ба намайг хазаад нуруу хэсэгт цохисон ба хүүхдийн сагсны шийдээр миний толгой руу болон нуруу, баруун хавирга руу нэлээн хэдэн удаа цохисон бөгөөд миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн юм. Миний толгой хагарчихсан цус гарч байсан. Тэгээд би намайг цохиод байсан болохоор нь болиулах гээд 2 гарыг нь бариад өөрийгөө цохиулахгүй гэж хамгаалсан. Тэгээд ********* орцны коридор руу гарч орилоод байсан бөгөөд ********* намайг цохиод байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тэгээд эхнэр ********* бид 2 цагдаагийн хэлтэс дээр ирсэн ба намайг 103 түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэг рүү авч явсан ба би толгойдоо 3 оёдол тавиулаад шөнийн 04 цагийн орчимд гэртээ очоод, унтсан юм. Тухайн үед миний толгой хагарч, 3 оёдол тавиулсан. Миний гар, хөл рүү өшиглөөд, хавирганы хэсгээс хазаж, эмзэг эрхтэн рүү өшиглөсөн ба миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан юм. Тухайн гэмтлийг эхнэр ********* 2023 оны 11 дүгээр 27-ны өдөр намайг цохиж, зодож учруулсан...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн, 

 

Хохирогч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********ы 816 дугаар байрны 152 тоотод хоёр хүүхдийн хамт байсан. Нөхөр О.*********, үеэл дүү Нямбаярын хамт гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тор дүүрэн 0,5 литрийн лаазтай пиво барьчихсан чамтай уух гээд ирлээ гээд орж ирсэн. Тэгээд би хаашаа яваад ирж байгаа юм бэ гэж асуусан чинь хаашаа ч явсан яадаг юм, архи ууж байгаад ирлээ гэж хэлсэн, тэгэхэд нөхөр О.********* нь миний дүүгийн хажууд чи яагаад над руу томроод байгаа юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг шууд түлхээд нүүр рүү цохиод байхаар нь би зөрүүлээд цохисон, ...ширээн дээр шилэн аяга байхаар нь аваад нуруу хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд дүү Нямбаяр нь ирээд намайг боль гээд миний гараас барьж аваад болиулсан, …хэрүүл хийгээд байхаар нь гал тогооны ширээн дээр байсан заазуурыг аваад айлгах гээд барьж байсан чинь айхгүй над руу дайраад байхаар нь би өөрөө айгаад заазуурыг нь өөрөөсөө хол шидсэн юм. Тэгээд нөхөр бид 2 харин цохилцоод, зодолдсон. Намайг үсдээд хана руу, буйдан руу шидээд шалан дээр унагачхаад хөлөөрөө хөл нуруу хэсэгт өшиглөөд байхаар нь би зөрүүлээд цохисон юм. Хүүхдийн сагсны шийд газарт байхаар нь аваад нөхөр *********ын нуруу болон гар хүрэх хэсэгтээ цохисон юм. Тэгсэн чинь гэнэтхэн толгойноос нь цус гарч эхэлсэн юм. Тэгээд би айсандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гээд утсаа авсан чинь нөхөр ********* миний утсыг булааж авчхаад өгөхгүй байсан. Тэгээд би гэрээс гарч гүйгээд урд талын айлын хаалгыг нүдээд цагдаа дуудаад өгөөч гээд орилсон юм. Тэгээд нөхөр ********* намайг чирээд гэр лүү оруулсан юм. Тэгээд бид 2 маргалдаж байсан чинь цагдаа нар ирээд бид 2-ыг аваад явсан юм. Тухайн хэрэг учрал болсон гэх өдөр нөхөр ********* миний биед гэмтэл учруулсан. Миний үснээс зулгаагаад, хана руу савж, газарт унагаагаад цээж хөл хэсэг рүү өшиглөсөн ба миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тарчхаад үеэл ах О.*********тай Нисэхийн караокед орж, 6 ширхэг лаазтай 0,5 литрийн пиво авч уусан юм. Тэгээд караокеноос гараад би гэр лүүгээ явах гэтэл үеэл ах О.********* хоёулаа манай гэрт орж, манай эхнэр Б.*********тэй гурвуулаа хэсэг ойр зуурын зүйлс ярьж сууцгаая гэсэн юм. Тэгээд би зөвшөөрөөд, бид хоёр Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо *********ы 816 дугаар байрны 152 тоотод байдаг гэр лүү нь явсан юм. Тэгээд үеэл ах ********* гэрийнхээ доор байдаг дэлгүүрээс 0,5 литрийн лаазтай пиво 6 ширхгийг аваад гараад ирсэн юм. Тэгээд бид 2 О.*********ын гэр рүү нь ортол бэр эгч Б.********* нь гэртээ байхгүй, бага насны 2 хүүхэд нь хоёулаа байж байсан юм. Тэгээд төд удалгүй ********* ахын эхнэр ********* нь гаднаас ороод ирсэн юм. Тэгээд үеэл ах руу хаагуур юу хийж явж байгаад ирдэг юм бэ гээд өөрийнхөө гар хүрэх, тааралдсан газар бүр лүү нь цохиод хэрүүл хийж эхэлсэн юм. Тэгээд ********* нь үеэл ах *********ын толгой руу нь цохих гээд дайрах үед нь үеэл ах ********* нь өөрийгөө цохиулахгүй гээд *********г түлхчихсэн чинь ********* нь хана тулаад зогссон юм. Тэгээд ********* нь гал тогооны шүүгээнээс заазуур аваад алчихна шүү гээд орилоод байсан. ...********* нь ********* ахыг цохих гээд дайраад байхаар нь ********* ах тэврээд авсан чинь орилж хашхираад, намайг авраарай гээд байсан юм. Тэгээд үеэл ах тэврэхээ болиод тавьчихсан чинь гэрээсээ гарч гүйгээд хажуу айлынхаа хүмүүсийг цагдаа дуудаарай гээд орилоод байсан. ....2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрт нь очиход маргалдаж, нэг нэгнийгээ цохиж зодсон асуудал гарсан юм...” /хавтас хэргийн  17 дах тал/ гэсэн,

 

Шүүгдэгч О.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ********* намайг цохиод өшиглөөд хазаад байхаар нь *********гийн хоёр гараас чанга базаж, цохиулахаас өөрийгөө хамгаалсан тэгээд миний баруун хавирганаас хазах үед нь *********г үсдэж өөрөөсөө холдуулсан. Тэгээд над руу хутга бариад дайрахаар нь *********г түлхээд тэгээд ********* хана мөргөсөн...” /хавтас хэргийн 36, 89 дэх  тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...нөхөр ********* нь миний дүүгийн хажууд чи яагаад над руу томроод байгаа юм бэ? Гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг шууд түлхээд, нүүр рүү цохиод байхаар нь би зөрүүлээд цохисон юм. Тэгээд ширээн дээр шилэн аяга байхаар нь аваад нуруу хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэгээд дүү Нямбаяр нь ирээд намайг боль гээд миний гараас барьж аваад болиулсан, ...нөхөр бид 2 харин цохилцоод зодолдсон...” /хавтас хэргийн 38 дахь тал, 82 дахь тал/ 

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15006  дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.*********гийн биед дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн бугалга, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 21-22 дэх тал/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14985  дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.*********ын биед зүүн чамархайд шарх, нуруунд цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрчийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 31-32  дах тал/ гэсэн дүгнэлтүүд

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дах тал/,  

- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 44, 53 дахь тал/,

- Шүүгдэгч О.********* хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 43 дах тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг болно.

- Шүүгдэгч Б.********* хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дах тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 55 дах тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дах тал/зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч О.*********, Б.********* нар нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ий өдөр гэрлэлтээ батлуулсан эхнэр нөхөр бөгөөд  2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********ы 816-152 тоотод гэртээ “дүүгийн хажууд томорлоо” гэх шалтгааны улмаас өөр хоорондоо маргалдан харилцан зодолдож нэг нэгийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.*********ын: “...Эхнэр ********* над руу уурлаад гал тогооны хөлдөөгч дээр байсан заазуур аваад намайг ална, тэгээд өөрөө шоронд орно гэж хашхираад орилж чарлаад байсан ба намайг хазаад нуруу хэсэгт цохисон ба хүүхдийн сагсны шийдээр миний толгой руу болон нуруу, баруун хавирга руу нэлээн хэдэн удаа цохисон бөгөөд миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн юм. Миний толгой хагарчихсан цус гарч байсан. Тэгээд би намайг цохиод байсан болохоор нь болиулах гээд 2 гарыг нь бариад өөрийгөө цохиулахгүй гэж хамгаалсан. Тэгээд ********* орцны коридор руу гарч орилоод байсан бөгөөд ********* намайг цохиод байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тэгээд эхнэр ********* бид 2 цагдаагийн хэлтэс дээр ирсэн ба намайг 103 түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэг рүү авч явсан ба би толгойдоо 3 оёдол тавиулаад шөнийн 04 цагийн орчимд гэртээ очоод, унтсан юм. Тухайн үед миний толгой хагарч, 3 оёдол тавиулсан. Миний гар, хөл рүү өшиглөөд, хавирганы хэсгээс хазаж, эмзэг эрхтэн рүү өшиглөсөн ба миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан юм. Тухайн гэмтлийг эхнэр ********* 2023 оны 11 дүгээр 27-ны өдөр намайг цохиж, зодож учруулсан..” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн, 

Хохирогч Б.*********гийн: “...Нөхөр О.*********, үеэл дүү Нямбаярын хамт гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тор дүүрэн 0,5 литрийн лаазтай пиво барьчихсан чамтай уух гээд ирлээ гээд орж ирсэн. Тэгээд би хаашаа яваад ирж байгаа юм бэ гээд асуусан чинь хаашаа ч явсан яадаг юм, архи ууж байгаад ирлээ гэж хэлсэн, тэгэхэд нөхөр О.********* нь миний дүүгийн хажууд чи яагаад над руу томроод байгаа юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг шууд түлхээд нүүр рүү цохиод байхаар нь би зөрүүлээд цохисон, ...ширээн дээр шилэн аяга байхаар нь аваад нуруу хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд дүү Н нь ирээд намайг боль гээд миний гараас барьж аваад болиулсан, …хэрүүл хийгээд байхаар нь гал тогооны ширээн дээр байсан заазуурыг аваад айлгах гээд барьж байсан чинь айхгүй над руу дайраад байхаар нь би өөрөө айгаад заазуурыг нь өөрөөсөө хол шидсэн юм. Тэгээд нөхөр бид 2 харин цохилцоод, зодолдсон. Намайг үсдээд хана руу, буйдан руу шидээд шалан дээр унагачхаад хөлөөрөө хөл нуруу хэсэгт өшиглөөд байхаар нь би зөрүүлээд цохисон юм. Хүүхдийн сагсны шийд газарт байхаар нь аваад нөхөр *********ын нуруу болон гар хүрэх хэсэгтээ цохисон. …Миний үснээс зулгаагаад, хана руу савж, газарт унагаагаад цээж хөл хэсэг рүү өшиглөсөн ба миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн, 

Гэрч Б.Н-н: “...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрт нь очиход маргалдаж, нэг нэгнийгээ цохиж зодсон асуудал гарсан юм...” /хавтас хэргийн  17 дах тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 15006  дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.*********гийн биед дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн бугалга, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 21-22 дэх тал/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: О.*********ын биед зүүн чамархайд шарх, нуруунд цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 31-32  дах тал/ гэсэн дүгнэлтүүд,

Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 4 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26 дахь тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч О.*********ын эрүүл мэндэд учирсан зүүн чамархайд шарх, нуруунд цус хуралт нь шүүгдэгч Б.********* түүнийг цохисон нь идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Хохирогч Б.*********гийн эрүүл мэндэд учирсан дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн бугалга, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт нь шүүгдэгч О.********* түүнийг цохисон нь идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.********* Б.********* нар өөр хоорондоо харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд тэдний хэн аль нь энэ талаар маргаагүй тэдний нэг нэгийнхээ биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  О.*********, Б.********* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч О.*********, Б.********* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

 Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуу мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.*********ын эрүүл мэндэд биед дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн бугалга, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол, Б.*********гийн эрүүл мэндэд дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн бугалга, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан шүүгдэгч хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр хоорондоо эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй.

 

Эрүүгийн 2310043090038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.*********, Б.********* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********ыг, ********* овогт *********гийн ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын *********ыг, *********гийн ********* нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.*********, Б.********* нарт шийтгэсэн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*********, Б.********* нар нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 2310043090038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.*********, Б.********* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.*********, Б.********* нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч шүүгдэгч О.*********, Б.********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч О.*********, Б.********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР