| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/03456/И |
| Дугаар | 181/ШШ2021/00939 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2021/00939
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б/РД: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Х/РД: /-д холбогдох,
13 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч миний бие 2020 оны 3 дугаар сард иргэн Г.Хтай өөрийн танил н.Очироогоор дамжиж танилцсан бөгөөд удалгүй надаас цөөхөн хэдэн төгрөг хүүтэй зээлдүүлээч гэж хүсэлт тавьсан.
Ингээд миний бие 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Г.Хы нэр дээрх Хаанбанкны 5009907751 тоот дансанд хэсэгчилсэн байдлаар 500,000 төгрөг, 6,900,000 төгрөг, нийт 7,400,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаанбанкны 5042198405 тоот данснаас шилжүүлсэн.
Ингэхдээ 10 хоногийн хугацаатайгаар нийт 7,400,000 төгрөгийг хүүгийн хамт 9,500,000 төгрөг болгож буцааж өгнө гэж харилцан тохиролцсон.
Гэтэл 10 хоногийн хугацаа өнгөрч Г.Хаас зээлдүүлсэн мөнгөө буцаан нэхэхэд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн хүү гэж 2,000,000 төгрөгийг хүний данснаас надруу шилжүүлсэн бөгөөд 4 сарын 14-ний өдөр надтай дахин холбогдож 2,500,000 төгрөг нэмж зээлдүүлээч хүүний хамт бөөнд нь удахгүй буцаагаад өгье гэсэн.
Ингээд миний бие эхнэр М.Нарантуяагийн нэр дээрх Хаанбанкны 5075430906 тоот данснаас Г.Хы нэр дээрх Хаанбанкны 5009907751 тоот дансанд нэмж 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл Г.Х нь нийт 9,500,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл 7,500,000 мянган төгрөг дээрээ нэмж 2,500,000 төгрөг авч нийт 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
Ингээд 2020 оны 5 дугаар сарын эхээр Г.Хаас мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, тэгж хүлээж бай, ингэж хүлээж байгаарай ахаа гээд утсаар холбогдоод байхаар нь уулзаж дахин зээлдүүлсэн мөнгөө нэхсэн.
Улмаар Г.Х нь зээлийн гэрээнийхээ сүүлд өгч, авсан нэмэлт өөрчлөлтүүдээ тусгаж зээлийн гэрээний хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр болгож, үлдэгдэл зээл/9,500,000 гэж бичсэн боловч данс шүүхэд 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг/ дээрээ 3,500,000 төгрөгийн хүүг нэмж төлнө гэдгээ баталгаажуулсан юм.
Ингээд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр болоход мөн л зээлсэн мөнгөө өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг шалтаг хэлсээр, сүүлдээ утсаа салгаад зугтаадаг болсон. Иймд дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Г.Хаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж, Ч.Б намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч Ч.Бийн өмгөөлөгч Л.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Товчхон гурван үндэслэлээр тайлбар хэлье. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа тодорхой дурдсан байгаа. Ямар нэгэн барьцаагүй зээл өгөхгүй гэсэн учраас өөрийн нөхрийн дүүгийн хөрөнгө болон тээврийн хэрэгсэл нарыг зүйлийг барьцаалан н.Х гэрээнд дурдагдсан мөнгийг авсан байдаг. Мэдээж эрх зүйн боловсрол, мэдэхгүй учраас тохирсон 2 хүнтэй нь гэрээ байгуулан Хы дансанд мөнгө шилжүүлсэн. Мөн энэ хоёр хүнээс мөнгө өгөөгүй гэдэг ямар нэгэн маргаан байхгүй байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж үзэж байна. Ерөнхий агуулга н.Х өөрийн даснаар мөнгийг авсан. Хүүгүйгээр тохиролцсон. Дараа нь 2.500.00 төгрөг шилжүүлэн авсан тухай тодорхой дурдсан байгаа. 2020 оны 5-р сарын 25-ны өдрийн гараар бичсэн хугацаа тохирсон баримтыг нотлох баримт шинжлэн судлахад дурдлаа. н.Х бол н.Сансарлуу мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэлийн анх гаргасан үндэслэлийг анхаарч үзэж, хоорондын цаг хугацааны хувьд харьцуулж өгөөч гэж хүсч байна. Зээлийн гэрээг хэзээ байгуулагдсан гэж үзэх бэ? Зээлийн гэрээг бичгээр болон амаар байгуулж болно.” гэв.
Хариуцагч Г.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэхээр сүүлд зээлийн гэрээ гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэлд заасан он, сараар 3 дугаар сарын 24-ний өдөр Даваажавын Сансар гэдэг хүнд 7.400.000 төгрөг өгч зээлийн гэрээ хийж түрүүн ярьсанчлан 1.100.000 төгрөгийг зээлийн хүүнд авахаар тохиролцсон байдаг. Энэ хэлцэлд Г.Х гэдэг хүн яагаад орж ирээд байгаа вэ гэхээр Г.Х бол зөвхөн мөнгийг шилжүүлэн аваад Д.Сансарт шилжүүлэн өгсөн байдаг. Энэ үйл баримт нь хэрэгт өгсөн дансны хуулгаар харагдана. 2020 оны 3-р сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, дараа нь 6.900.000 төгрөг авсан байна. Дараа нь Д.Сансар гэдэг хүний дансруу 7.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн ийм л үйл баримт байна. 400.000 төгрөгийг энэ хүн өөрөө сайн мэдэж байгаа. Машиныг барьцаалахад үйлчилгээ хийсэн асуудал юм. Тэгэхээр хариуцагчаар татагдах этгээд нь миний үйлчлүүлэгч Г.Х биш 1754 дугаартай зээлийн гэрээний дагуу Даваажавын Сансар гэдэг хүн байгаа.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Г.Хд холбогдуулан үндсэн зээл 10 000 000/арван сая/ төгрөгийг, хүү 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг, нийт 13 500 000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатардорж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Д.Сансарт 7 000 000/долоон сая/ төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5042198405 дугаар данснаас Хаан банк дахь хариуцагчийн эзэмшлийн 5009907751 дугаар дансруу нийт 7 400 000/500000+6900000=7400000/ /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банк дахь 5042198405 дугаар болон 5009907751 дугаар данснуудын дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 7 400 000/долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Д.Сансар авсан гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн дансруу 7 400 000/долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шижлүүлсэн, хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн хамтран амьдрагч М.Нарантуяагийн Хаан банкинд эзэмшдэг 5075430906 дугаар дансруу 2 000 000/хоёр сая/ төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн болох нь Хаан банк дахь 5042198405 дугаар болон 5009907751 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк дахь 5075430906 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь зээлийн төлбөрт төлөлт хийсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид 7 400 000/долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 7 400 000/долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 10/арав/ хоногийн хугацаатай шилжүүлэх, мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ байгуулсан болох нь Хаан банк дахь 5042198405 дугаар болон 5009907751 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк дахь 5075430906 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавиагүй учир зохигчийн байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч 7 400 000/долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хүү 2 100 000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хамт, нийт 9 500 000/есөн сая таван зуун мянга/ төгрөгийг 10/арав/ хоногийн дараа буцааж өгнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хүү тогтоосон гэрээг бичгээр хийгээгүй байх тул хариуцагч нь хүү шаардах эрхгүй байна.
Хариуцагч нь 7 400 000/долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн зээлийн төлбөрт 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2 000 000/хоёр сая/ төгрөгийг төлсөн болох нь М.Нарантуяагийн Хаан банкинд эзэмшдэг 5075430906 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч 7 400 000/долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөг дээр нэмж 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг авсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж авсан талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлэхдээ буцааж төлөх хугацаа тогтоогоогүй байсан болох нь нэхэмжлэгчийн удахгүй буцаагаад өгье гэсэн гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төрөгийг авсан нь үнэн гэх тайлбараар тогтоогдож байна.
Гэвч зохигчид Зээлийн гэрээний хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банк дахь 5075430906 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 9 900 000/7400000+2500000=9900000/ /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, хариуцагч нь зээлийн төлбөрт 2 000 000/хоёр сая/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банк дахь 5042198405 дугаар болон 5009907751 дугаар данснуудын дэлгэрэнгүй хуулга, Хаан банк дахь 5075430906 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн хүүнд 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг нэмж төлнө гэдгээ баталгаажуулсан гэх тайлбар гаргаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хүү тогтоосон гэрээг бичгээр хийгээгүй байх тул нэхэмжлэгч нь хүүнд 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хүү төлөх талаар баримт үйлдсэн гэх тайлбар гаргаж байна.
Хариуцагчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн гэх баримтад 8 000 000/найман сая/ төгрөгийн талаар дурдсан байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 7 900 000/9900000-2000000=7900000/ /долоон сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 5 600 000/13500000-7900000=5600000/ /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Хаас нийт 7 900 000/долоон сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бөд олгож, үлдсэн 5 600 000/таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ