Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар    2024/ШЦТ/202  

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч З.Бат-Амгалан, хохирогч Н.*************, түүний өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч Г.*************, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************* овогт *************гийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000000033 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт *************дүүргийн 16 дугаар хороо, *************ын 18 дугаар гудамжны 250 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ************* овогт *************гийн ************* /РД: *************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.************* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Мишээл Экспо төвд байрлах ****** нэртэй баарны гадна хохирогч Н.*************тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын арьсан доорх цусан хураа, дагзны хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Хохирогч Н.*************: “...2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 цагт манай байгууллагын шинэ жил Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төв дотор байдаг ****** нэртэй паб-д болсон, дуусгаад манайхан санал нэгтэйгээр хажууд нь байдаг ****** нэртэй баард орсон. Түүнээс гараад Хувьтөгөлдөр, Ганцогт бид хэд явж байсан. Энэ хүн манай Хувьтөгөлдөр гээд найзтай маргах шиг болсон. Би нэлээн урд алхаж байсан. Гэнэт ард чи би гэхээр нь салгах санаатай эргээд хартал зүүн гар талаас нүдэнд харагдахгүй байдлаар цохиход би шууд газар саваад унасан. Тэгээд ухаан алдсан, ухаан ороод харсан чинь дүүг дуудсан байсан. Цагдаагийн байгууллага дээр очоод дараа нь гэмтэл дээр очсон...” гэв.

 

Шүүгдэгч: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагын шинэ жил 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төв дотор байдаг, ****** нэртэй паб-д болсон. Манай байгууллагын шинэ жил дуусаад хажууд нь байрлах ****** нэртэй бааранд орсон. Тэр баарнаас байгууллагаараа 03 цагийн үед гарах болсон. ****** нэртэй баарны үүдэнд 4-5 хүнтэй таарсан. Манай найзтай тэр хүмүүс маргасан, би салгах санаатай гүйгээд очсон чинь намайг нэг эрэгтэй хүн шууд хажуу талаас шанаанд нэг удаа цохиод авсан, тэгээд би ухаан алдаад унасан. Би 10 дугаар хорооллын Эм Би Жи гэх нэртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн эмнэлэгт хацар толгойндоо эмчилгээ хийлгэсэн. Би гомдолтой байна. Би эрүүл мэндээр хохирсон учраас эмнэлэгт эмчлүүлсэнтэй холбоотой, мөн төлбөрийн талаарх 12 хуудас баримтыг хэрэгт хавсаргуулахаар гарган өгч байна. Би баримтаар нийт 6,825,000 төгрөгийг нэхэмжилж байна”...” /хавтас хэргийн 16, 18 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч Б.Хувьтөгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан- Уул дүүргийн 20 дугаар нутаг дэвсгэрт байрладаг Мишээл экспо төв дотор байрлах ****** нэртэй бааранд шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Бид нар шинэ жилээ тэмдэглэж дуусаад шөнийн 02 цагийн үед ****** баарнаас гарах гээд Ганцог, ************* бид гурав гарах гээд явж байхад бид нарын ард хүмүүс орилохоор нь эргээд харсан чинь хүмүүс хоорондоо муудалцаж байсан. Тэгтэл ************* нь салгана гээд гүйгээд очиж байхад хажуу талаас нь нэг ах *************ыг шууд эрүү хэсэгт нэг удаа цохиж авсан. ************* хойшоо саваад газарт унасан ба ухаан алдсан байсан ба дагз хэсгээс нь цус гараад эхэлсэн...” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.Ганцог мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...*************, Хувьтөгөлдөр бид гурав гарч явахад ард хүмүүс маргаж байгаа чимээ гарахаар нь эргээд харсан. Тэгтэл ************* нь тухайн хүмүүсийг салгах санаатай шууд гүйгээд очиж явахад хажуугаас нь нэг танихгүй эрэгтэй ах шууд цохисон. Тэгтэл ************* хойшоо гэдрэг саваад шалан дээр унаж ухаан алдсан...” /хавтас хэргийн 22 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг эргээд харахад нэг үл таних залуу намайг араас шууд цохих шиг болсон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залууг нэг удаа цохисон. Намайг цохисон залуу шууд газарт унаад өгсөн....” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №755 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.*************ын биед зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын арьсан доорх цусан хураа, дагзны хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.  

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 6 дахь тал/,  

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 8-13 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 51-60 дахь тал/,

- Шүүгдэгч Г.*************ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтас хэргийн 42 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дах тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.************* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Мишээл Экспо төвд байрлах ****** нэртэй баарны гадна хохирогч Н.*************тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын арьсан доорх цусан хураа, дагзны хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.*************ын: “...Манай байгууллагын шинэ жил 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төв дотор байдаг, ****** нэртэй паб-д болсон. Манай байгууллагын шинэ жил дуусаад хажууд нь байрлах ****** нэртэй бааранд орсон. Тэр баарнаас байгууллагаараа 03 цагийн үед гарах болсон. ****** нэртэй баарны үүдэнд 4-5 хүнтэй таарсан. Манай найзтай тэр хүмүүс маргасан, би салгах санаатай гүйгээд очсон чинь намайг нэг эрэгтэй хүн шууд хажуу талаас шанаанд нэг удаа цохиод авсан, тэгээд би ухаан алдаад унасан...” /хавтас хэргийн 16, 18 дахь тал/ гэсэн, 

Гэрч Б.Х-н: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний ...шөнийн 02 цагийн үед ****** баарнаас гарах гээд Ганцог, ************* бид гурав гарах гээд явж байхад бид нарын ард хүмүүс орилохоор нь эргээд харсан чинь хүмүүс хоорондоо муудалцаж байсан. Тэгтэл ************* нь салгана гээд гүйгээд очиж байхад хажуу талаас нь нэг ах *************ыг шууд эрүү хэсэгт нэг удаа цохиж авсан. ************* хойшоо саваад газарт унасан ба ухаан алдсан байсан ба дагз хэсгээс нь цус гараад эхэлсэн...” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.Г-н: “...************* нь тухайн хүмүүсийг салгах санаатай шууд гүйгээд очиж явахад хажуугаас нь нэг танихгүй эрэгтэй ах шууд цохисон. Тэгтэл ************* хойшоо гэдрэг саваад шалан дээр унаж ухаан алдсан...” /хавтас хэргийн 22 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Г.*************ын: “...Намайг эргээд харахад нэг үл таних залуу намайг араас шууд цохих шиг болсон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залууг нэг удаа цохисон. Намайг цохисон залуу шууд газарт унаад өгсөн....” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №755 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.*************ын биед зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын арьсан доорх цусан хураа, дагзны хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 8-13 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Н.*************ын эрүүл мэндэд учирсан биед зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын арьсан доорх цусан хураа, дагзны хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.*************ын түүнийг цохисон идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.*************ын хохирогч Н.*************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Г.*************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Г.************* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын арьсан доорх цусан хураа, дагзны хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цалин дунджаар 3,000,000-3,500,000 төгрөг, эмчилгээний зардал 2,200,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул хавтас хэргийн 60 дахь талд авагдсан КТГ-н төлбөр 300,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цалин хөлс, эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2410000000033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.************* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* овогт *************гийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************гийн *************ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.*************т шийтгэсэн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.************* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*************аас 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.*************т олгож, хохирогч Н.************* гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2410000000033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.************* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР