Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1580

 

МАГАДЛАЛ

 

2018.07.06                                                     Дугаар 1580                                Улаанбаатар хот

 

 

 

 

Ш.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01172 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б-д холбогдох,

 

Гэм хор учруулсны хохиролд 10 032 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.С,

Хариуцагч: Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт хажуу айл Ц.Б-ийн хашаан дотор байсан гараашаас гал гарч манай хашаа руу дамжин манай 5 ханатай том гэр, эд хогшил, хувцас эдлэл шатаж гэр бүлийн гишүүд маань өмссөн хувцастайгаа үлдсэн. Түүнчлэн нэхэмжлэл өгснөөс хойш Ц.Б өөрийн болгоомжгүй үйлдлээс болж гал гарсан гэдгийг зөвшөөрөхгүй, гал гарсан утсыг өөр айлын кабель утас байсан, түүнийг тогтоолгоно гэж олон удаа хүсэлт гаргасан, түүний хүсэлт болгоныг шүүх хүлээн авч шинжээч томилж, холбогдох арга хэмжээг авч байсан. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Ч.Н-ын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 тоот шинжээчийн дүгнэлтээр гал гарах болсон шалтгаан нь цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсэж улмаар дамжуулах утаснуудын болон төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачааллах үед халалт бий болсноос тоног төхөөрөмж халж гал гарсан гэдгийг тогтоосон. Ц.Б-ийн гараашаас гал гарсан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг, энэ нь бас лабораторийн шинжилгээгээр тогтоогддог. Гэрчээр асуугдсан Ш.Бөхбат мэдүүлэхдээ гараашаас утаа гарахыг хараад хүн дуудахад эдний гэрээс 5 залуу гарч ирээд гараашийн хаалгыг онгойлгож гал асахаар нь Ш.Д-нд орж хэлсэн гэж мэдүүлсэн байдаг. Түүнээс гадна Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дүгнэлтээр гал түймэр гараашийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асч байгаад гараашийн хаалга нээгдэхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан болохыг дүгнэсэн. Гэтэл Ц.Б эднийхээс 4 айлын цаана байдаг Н.Д-ын кабель утаснаас болж гал гарсан гээд байгааг зөвшөөрөхгүй. Н.Д өдөр нь гэртээ байхгүй байсан, орой ирэхэд цахилгаан тасарсан байсан, өөрийнх нь кабель утас шатсан байсан гэдгийг мэдүүлсэн болохоос өөрийн эзэмшлийн кабель утаснаас болоод гал гарсан гэж хэлээгүй. Манайх цахилгаанаа урд талын гудамжнаас авдаг, Ц.Б-хээс цахилгаан авдаггүй, өөрөө гараашдаа тоног төхөөрөмж ажиллуулдаг гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд цахилгааны утсанд хэт ачаалал өгснөөс гал гарсан гэж үзэх үндэслэлтэй. Ц.Б-д холбогдуулан таван ханатай иж бүрэн гэр, тавилгын хамт, гэрийн доторх эд зүйлсийн хамт 12 258 000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх эд зүйлсийг 10 032 500 төгрөгөөр шинжээч үнэлсэн тул энэ үнэлгээгээр тооцож учруулсан хохирлыг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 дугаарт шинжээчийн дүгнэлтэд хэргийн газар хийсэн үзлэг зэргээс үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсэж, улмаар дамжуулах утаснуудыг болон тоног төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед тэнд хор уршиг үүсэж болохуйц халалт бий болсоноос төхөөрөмж халж гал түймэр гарсан хэмээн дурьдсан ба арын зурган тайлбаруудад яг аль утсанд хэт ачаалал үүсч гал түймэр гарсаныг сумаар зааж үзүүлсэн байгаа. Тэрхүү зурганд заагдсан утас нь манай утас биш ба Монелийн 7-129 тоот айл буюу Н.Д-ын утас юм. 2005 оны үед 6 айлын дунд тоолуур тавиад кабелийг өөрсдөө газар ухаад цахилгаанаа татаж ав гэсэн. Тэгээд 128 тоот, 129 тоот буюу Н.Д манай 3-ынх кабелиа нийлж татсан. Тэр хавийн цахилгааны шит манай урд айлын хашаанд байрладаг ба 7-129 тоот айл нь манай баруун талд байрладаг. Уг айлын шитнээс цахилгаан авч буй кабель манай хашаан дээгүүр ил явдаг ба гарааш маань хашаатай залган барьсан модон гарааш байсан. Манай хашаан дээгүүр ил байрлаж байдаг ба уг утсанд хэт ачаалал өгч халалт үүссэний улмаас түймэр гарсан гэж дүгнэлтэд дурьдсан байна. Тухайн өдөр манай байшинд 3 залуу гал тогооны өрөөнд замаск хийж байсан бөгөөд над руу гараашаас гал гараад байна гэж утсаар яриад машины түлхүүр хаана байгааг асуусан. Машиныг холдуулж чадалгүй гараашийн хамт шатсан. Намайг гэртээ ирэхэд галынхан ирээд галыг унтраагаад дуусчихсан, галын дүгнэлт хэд хоногийн дараа гарна гэсэн. Гараашийн баруун урд талаас гал гарсан, гал эхэлсэн кабелийг дээж болгон авсан гэж байсан. Ш.Д санаа тавиагүй гэж байгаад гайхаж байна. Тухайн үед би өөрийнхөө гараашаас гал гарсан гэсэн ойлголттой байсан тул Ш.Д-ийн нөхөртэй уулзаад хохиролгүй болгож өгнө гэдгээ хэлсэн. Тэгээд эдний гэр нь юу ч үгүй шатчихсан, гараашдаа хоноод хэцүү байхаар нь би хоосон гэр оллоо, дүгнэлт гартал энэ гэрийг хэд хоног барих уу гэхэд үгүй гэсэн. Дүгнэлт гартал Ш.Д танайхаас гал гарсан, хохирлоо төл гэсэн. Тэгэхээр нь дүгнэлтэд гал гарсан кабелийг заасан байна, энэ кабель хэнийх болохыг мэдэх тул түүнд холбогдуулж нэхэмжлэлээ хамтдаа гаргая гэхэд Ш.Д зөвшөөрөхгүй, бид хоорондоо маргалдсан. Н.Д ч гал гарсны дараа цахилгаангүй болсон гэдгээ мэдүүлсэн. Манай гэрт 3 хүн замаск хийж байсан болохоос гараашид ямар нэгэн цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулаагүй байсан. Энэ талаар манай гэрт засвар хийж байсан Г.О , Б.Б нар мэдүүлэг өгсөн. Гал гарсан өдрөөс өмнөх 14 хоногт гараашид цахилгаан тоног төхөөрөмж огт ажиллуулаагүй, гэртээ засвар хийхээр гэрийнхээ эд хогшлыг бүгдийг хураачихсан, тэнд ажил хийх ямар ч боломжгүй байсан. Галын дүгнэлтэд 127 тоотын кабелиас болж гал гарсан гэж байсан бол хохирлыг төлнө гэж бодож байсан боловч энэ талаар тогтоосон зүйл байхгүй. Гал хаанаас гарсныг мэдэх боломжгүй байсан. Иймд Ш.Д-ийн 10 032 500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-ээс 10 032 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 922 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 175 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212 000 төгрөгөөс үлдэх 211 078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчим гал түймэр гарч манай гарааш доторх эд зүйлсийн хамт, автомашин, түлээний амбаар, агуулах, жорлон, 20 орчим метр банзан хашаа болон Ш.Д-ийн гэр шатсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Цагдаагийн байгууллага гал түймэр гарсан хашааны баруун урд талын баруун хэсгээс орсон бөмбөлөг үүссэн цахилгааны утаснаас дээж болгон тасалж, эд мөрийн баримтаар хурааж авсан. Энэхүү эд мөрийн баримтаар хурааж авсан цахилгааны утсанд Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв галын шинжээч болон Геологийн төв лаборатори шинжилгээ хийж энэ цахилгааны утсанд хэт ачааллын эсэргүүцэл үүссэний улмаас гал түймэр гарсан гэж тогтоосон. Уг бөмбөлөг үүссэн цахилгааны утсыг хаанаас тасдаж эд мөрийн баримтаар хурааж авсан нь хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд сумаар зааж тодорхой тусгасан байгаа. Гэрч Н.Д нь уг цахилгааны утсыг манай цахилгааны утас мөн гэж мэдүүлэг өгсөн. Манай цахилгааны утас газар доогуур норм дүрмийн дагуу далд явдаг ба уг гал түймрийн улмаас манай кабель шатаагүй, манай гэрт хүчдэл тасраагүй болно. Энэ нь гэрч Г.О , Б.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна. Гал түймэр болсон газар болон түүний ойр орчимд ил цахилгааны утастай айл Н.Д-аас өөр байхгүй. Хавтаст хэрэгт гал түймрийн эх үүсвэр болсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, эд мөрийн баримтаар хураагдсан бөмбөлөг үүссэн цахилгааны утас нь манайд хамааралтай цахилгааны утас гэдгийг нотолсон баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 10 032 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед хариуцагч Ц.Б-ийн хашаан дотор байсан гараашаас гал гарсан, нэхэмжлэгчийн 5 ханатай том гэр, эд хогшил, хувцас эдлэл шатсан, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Ч.Н 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 тоот дүгнэлт гаргаж, гал гарах болсон шалтгаан нь “цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсэж улмаар дамжуулах утаснуудын болон төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачааллах үед халалт бий болсноос тоног төхөөрөмж халж гал гарсан” гэж тогтоосон, 10 032 500 төгрөгийн хохирол учирсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд, хариуцагч Ц.Б нь цахилгааны утас хаана байрлалтай, хэний эзэмшлийнх болохыг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2017/08506 дугаар тогтоолоор “Гамшиг Судлалын хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төв”-ийг шинжэээчээр томилсон.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/16667 тоот захирамжаар АТП-2591 транспорматораас тэжээгдэж буй шит 32-т холбогдсон, шатсан цахилгааны утас нь хэнийх болохыг тогтоолгохоор “УБЦТС” ХК-ийн харъяа Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг шинжээчээр томилсон. Гэвч шүүхээс томилогдсон шинжээч болох “Гамшиг Судлалын хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төв” нь “...шинжээч ахмад Ч.Н хэргийн газраас авч ирүүлсэн утсыг шатсан гараашийн хаанаас авсныг тодорхойлох боломжгүй...” гэх үндэслэлээр шинжээчээр ажиллах боломжгүй талаар шүүхэд мэдэгдсэн. Харин шинжээч “УБЦТС” ХК нь “...үзлэгээр 3 жилийн хугацаа өнгөрсөн байсан тул шатсан кабель утас нь аль айл өрхийн оруулгын кабелийг тодруулах боломжгүй...” гэжээ.

Хэргийн баримтад авагдсанаар цахилгааны кабелаас болж гал гарсан нь тогтоогдож байгаа тохиолдолд тухайн кабелийн эзэмшигчийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ. Гал түймэрт өртсөн болон тухайн хаягт оршин суугчид өөрчлөгдөөгүй байх тул шатсан кабель утас хэний эзэмшлийнх болохыг тогтоох боломжтой байжээ.

Иймд шинжээч “УБЦТС” ХК нь дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч Ц.Б нь “...уг кабель нь гал гарсан хэсгээс хэрэглэгч хүртэл ил байгаа, аль айлын цахилгааны утас болохыг тодорхойлуулах...” гэж үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Учир нь хариуцагчийн ашигладаг шитнээс 127,128,129 тоот, урд талын 3 айл, нэхэмжлэгчийн ашигладаг шитнээс 6-7 айл цахилгаан авдаг болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ба эдгээр айлын хэний эзэмшлийн кабель шатаж гал түймэр гарах болсоныг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Тодруулбал, дээрх нөхцөл байдлыг тогтоосноор Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийх боломжтой болно. Гэм хорын хохирлыг хариуцан арилгахад гэм хор учруулагчийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх учиртай бөгөөд хэргийн баримтаар хариуцагч Ц.Б-ийн гэм буруу тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ. Учир нь анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэргийг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                             М.НАРАНЦЭЦЭГ