Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 151

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Шүүгдэгч Б.Энхцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэхь хэсэгт зааснаар Б.Энхцолмонд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000205 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 09 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фото зурагчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЭ70091171 регистрийн дугаартай, Урианхан овогт Балжиннямын Энхцолмон,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Энхцолмон нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт 2016 оны 06 сарын 20-ны өдөр иргэн Л.Санжмятавтай барилдаж баруун гарын шуугаа гэмтээсэн атлаа 2016 оны 07 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан яллагдагч Ё.Цогмандахад зодуулж баруун гарын бугалаг ясаа гэмтээсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.           

                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч Б.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай эхнэр хүүхэд 2016 оны 06 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотруу явчихсан. Би гэртээ ганцаараа байсан болохоор 2016 оны 06 сарын 21-22-нд шилжих шөнө 00 цагийн орчим гэртээ жоохон архи уучихсан ганцаараа унтаж байсан чинь манай эхнэр Цогмандах Улаанбаатар хотоос ирээд гэрийн хаалга цохиод байхаар нь босоод хаалгаа тайлаад өгсөн чинь нэлээд ууртай орж ирээд нүүр маажаад авахаар нь өмнөөс нь маргалдаад байж байсан чинь гурил элддэг элдүүр модоор цохиод зодож байснаа намайг архи уугаад агсан тавиад байна гээд цагдаа дуудаад өгч явуулсан. Миний хувьд бол агсан согтуу тавьсан зүйл байгаагүй байтал намайг цагдаад бариулаад 14 хоног баривчлуулчихаар нь би гомдоод намайг зодоод гар гэмтээсэн талаар нь өргөдөл өгсөн.. Манай эхнэрийг хотод байхад нь эндээс манай ойролцоо байдаг айлын эхнэр танай нөхөр гэртээ байнга архи уугаад хүүхэн шуухантай байгаад байна гэж хэлсэн юм гэсэн. Тэгээд ирээд уурлаад намайг чи намайг явснаас хойш байнга архи уугаад хүүхэн хүртэл авчраад байгаад байсан гэсэн гээд уурлаад байсан юм. Би энэ талаар нь мэдээгүй байгаад эхнэрийг ирэхээс өмнө 2016 оны 06 сарын 18-ны үеэр байх манай хүүхэд Соёл-Эрдэнэ хотоос утсаар ярихдаа ээж таны талаар янз бүрийн юм сонсоод гэж байсан болохоор үүнээс болж уурлаад байна гэдгийг мэдэж байсан. Би эхнэрийг хот явснаас хойш архи уусан нь үнэн. Эхнэрийг ирэх үед нь ч гэсэн халамцуу байсан юм. Эхнэр ирэхдээ охин Соёл-Эрдэнийн хамт ирсэн. Би эхнэрийг намайг хардаад байгааг мэдэж байсан болохоор гэрт орж ирээд надруу дайрхаар нь хоёр гарнаас нь бариад авчихсан аргадаад байж байсан чинь эргээд гал тогооны тавиур дээр байсан гурил элддэг мод аваад гарын бугуйны орчим нэг удаа цохиод гар бэртээгээд хуга цохичихоор нь би зугтаагаад гадагшаа гарах хооронд толгой гар луу хэд хэдэн удаа цохиод авахаар нь гарч зугтаагаад хашаандаа байсан чинь миний араас хөөж гарч ирээд хашаанаас гаргахгүй байж байгаад цагдаад бариад өгчихсөн юм. Би өөр хүнд бол зодуулсан зүйл байхгүй...

...Би согтуу архи уусан байх үедээ л хүмүүстэй барилдаад байхад учирсан байх гэж бодоод байна. Миний санаж байгаагаар барилдаж байхад л гар нүүр зулгарсан байсан. Түүнээс биш эхнэртээ зодуулаад бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Би эхнэртэйгээ өөрийн сайн дураар эвлэрч учир зүйгээ ололцсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг / хх-ийн 17-19, 90/

Гэрч Ч.Цэзмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 06 сарын 15-ны өдөр Ё.Цогмандах нь хотруу яваад гэртээ Б.Энхцолмон нь хоцорсон. Би 2016 оны 06 сарын 16-ны өглөө 09 цагийн орчим ажил дээрээ ирээд хүүхэд хардаг байшингийнхаа хаалгыг онгойлгох гэсэн чинь цоож нь дотор талаасаа түлхүүр хийсэн юм шиг гацаад онгойхгүй байхаар нь Ё.Цогмандах руу утсаар яриад танай нөхөр чинь түгжчихээд явчихсан байна гэж хэлсэн чинь гараад явчихсан юм байхдаа гээд утсаа салгасан. Тэгээд би хаалгыг нь оролдож байгаад буцаад явах гээд байж байсан чинь дээд давхрын цонхоор Энхцолмон цээж нүцгэн тонгойгоод та яасан хаалгаа онгойлж чадахгүй байгаа юм уу гэхээр нь чи юу яриад байгаа юм дотор талаас нь чи өөрөө түгжчихсэн, цоож чинь гацаад байна гэсэн чинь та арын хаалгаар хүүхдүүдээ авчих гэхээр нь арын хаалгаар нь дотор нь орсон. Энэ үед Энхцолмон үүдний хаалгыг оролдоод зогсож байхаар нь гал тогооны өрөөнд ороод хүүхдүүдийн цай бэлдэх гэж байгаад халуун сав алга байхаар нь гэртээ оруулчихсан байна гэж бодоод дээд давхараад халуун савыг нь авах гээд гэрт нь орсон чинь гэрийн буйдан дээр нь нэг хүүхэн шалдан шахуу хөхний даруулгатайгаа сууж байхаар нь сандраад буцаад гараад явж байсан чинь Цогмандах утсаар залгаад “та юу болж байна, хаалгаа онгойлж чадав уу” гэхээр нь танай нөхөр чинь гэртээ байсан байна шүү дээ, танай орон дээр чинь нэг шалдан хүүхэн сууж байна гээд хэлчхээд утсаа салгаад гэрээдээ яваад өгсөн. Тэгээд гэртээ хариад байж байсан чинь Энхцолмон манай хажуугийн хашаанд ирчихсэн намайг дуудаад эгчээ энэ талаар манай эхнэрт битгий хэлчихээрэй гээд байхаар нь “чи яасан ичдэггүй юм бэ, дөнгөж өчигдөр эхнэр хүүхдээ явуулчхаад гэр орондоо хүүхэн авчраад заваараад байдаг гэж загнаад гэртээ орчихсон. Дараа нь Энхцолмон ахиад манайд орж ирээд намайг “та буруу ойлгоод байна, надтай хамт эхнэр нөхөр хоёр байсан юм нөхөр нь эхнэрээ орхиод архинд явчихсан байсан гэхээр нь чи яасан ичдэггүй юм бэ, тэнэг хүн хуурах гэж байгаа биш гэр орондоо шалдан нүцгэн хүүхэн авчирч суулгачхаад юу яриад байгаа юм гээд өнгөрсөн. Тэгтэл энэ асуудлаас болоод эхнэр нь 2016 оны 06 сарын 21-ний шөнө ирээд нөхөртөө хэлээд самардаад авсан чинь эхнэрээ зодох гэхээр нь зугатаагаад цаад өрөөндөө байсан гурил элддэг модоор гарыг нь цохиод авсан чинь гэмтээсэн юм шиг байна гэж яриад байгаа юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 20-22-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2016 оны 06 сарын 18-ны үеэр хөдөө байж байгаад гэртээ ирээд байж байсан. 2016 оны 06 сарын 20-ны өдөр байх энэ Б.Энхцолмон ах намайг хашааны завсараар дуудаад ах нь гараа гэмтээчихлээ, ахдаа жоохон ус хийгээд өгөөч гээд надад ундааны сав өгөхөөр нь ус хийж өгсөн. Энэ үедээ баруун гараа бугуйгаар нь боочихсон, нэлээд хавдчихсан харагдаж байсан. Энэ үед эхнэр байхгүй хот явчихсан гээд Энхцолмон гэх энэ ах гэртээ ганцаараа байгаа бололтой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Э.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 06 сарын 21-22-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би ээжийнхээ хамт хотоос ирээд гэртээ ороод ирсэн чинь аав гэртээ ганцаараа согтуу байсан ба гэр орон гэж хүн аймаар, архины шил хөглөрчихсөн, ил хувинд шээгээд тавьчихсан, үнэр танар гэж найгүй байсан. Ээж орж ирээд чи ингэж гэр орноо хардаг юм уу гээд уурласан чинь аав согтуу өмнөөс нь яачихсан байна, чи 17-нд ирнэ гээд байсан яасан гээд өшиглөж авах гээд хөөсөн чинь ээж цаад өрөө рүү зугтааж ороод тэр өрөөнд байсан гурил элддэг модыг аваад аавын гарлуу цохисон юм. Гэтэл гар нь гэмтсэн юм шиг байна. Үүнээс өмнө ээж бид хоёрыг хотод байхад манай хүүхэд харах үйлчилгээнд ажилладаг Цэзмаа эгч утсаар яриад аавыг гэртээ хүүхэнтэй байна, архидаад байна гэж яриснаас манай ээж уурлаад байсан юм. Тэгээд гэртээ ирэхэд нь гэр орондоо хувинд шээгээд тавьчихсан, гэрээр дүүрэн архины шил хөглөрчихсөн, үнэр танар гэж найгүй юм байснаас болоод ээж уурлаад аавд хэлсэн чинь аав согтуурхаад ээжийг зодох гээд ийм зүйл болоод байхаар нь би цагдаа дуудаад аавыг өгч явуулсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Л.Санжмятавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 06 сарын 20-ны өдөр шиг санагдаад байна. Би 10 мянгатын Нураг хайрхан дэлгүүрийн үүдэнд сууж байгаад Энхцолмон ахтай таараад 1 шил Ерөөл архи авч явахаар нь гудамжинд хувааж уугаад сууж байгаад архиа дуусаад явах гэж байгаад Энхцолмон ах намайг барилдчихъя гээд байхаар нь барьж аваад хөлд нь дэгээдээд мушигсан чинь гэдэргээ саваад унасан. Энэ үедээ баруун гараа гэмтээчихлээ гар хавдчихлаа гээд байсан. Тэгсэн сүүлд нь энэ надтай барилдаж байгаад бэртээсэн гараа эхнэртээ зодуулаад ингэсэн гээд цагдаад өгчихсөн чинь согтуудаа эхнэртээ ярьчихсан байна гээд байгаа юм. Бид хоёрыг барилдах үед хамт Болдоо гэх ах хамт байсан. Гар нь бугуйгаараа хавдчихсан. Унахдаа хий дарчихлаа, гайгүй байлгүй гээд байсан. Тэгээд салаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/

Гэрч Н.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 06 сарын 20-ны үеэр шиг санагдаад байна сонгуулиас өмнө байсан юм. Би 10 мянгатын Нураг хайрхан дэлгүүрийн үүдэнд өдөр Санжмятавтай сууж байсан чинь Энхцолмон ирээд 1 шил Ерөөл архи авчирч өгсөн. Бид гурав түүнийг нь гудамжны ард гарч хувааж уугаад дуусч байгаад Энхцолмон, Санжмятав хоёр ноцолдоод барилдаж байгаад Энхцолмон нь унаад гараа бэртээчихлээ гээд байсан. Би гарыг нь бол хараагүй яваад өгсөн Энхцолмон ч гэрээдээ явах шиг болсон. Гарын бугуйгаараа бариад өвдөөд чигтэйхэн болчихлоо гээд байсан. Аль талын гар байсныг мэдээгүй. Тэгээд салаад явцгаасан. Энхцолмон өөрөө л Санжмятавыг барьж аваад барилдъя гээд байсан чинь өөрөө унаад гар нь хавдчихлаа гээд байсан. Бид гурав л 10 мянгатын Нураг хайрхан дэлгүүрийн арын гудамжинд архиа уугаад ийм зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

Яллагдагч Ё.Цогмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би өөрийн нөхөр Энхцолмонтой маргалдаад үнэндээ ганжингаар цохиод авсан чинь сүүлд нь гар гэмтээсэн гээд цагдаад гомдол гаргаад энэ гомдолд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан чинь манай нөхөр өөрөө гараа гэмтээсэн байсан талаар олж мэдлээ. Энэ талаар манай хажуу хашааны айлын охин саяхан надтай таараад надад Энхцолмон ах хашаандаа хөл нүцгэн согтуу явж байсан гэхээр нь хэзээ тэр вэ гэсэн чинь таныг эртээд хот явсан хойгуур хашаандаа согтуу хөл нүцгэн, гар нь хавдчихсан яваад байсан гэхээр нь би Энхцолмонгоос ороод чи хашаандаа гар чинь хавдчихсан хөл нүцгэн явж байсан байна гэсэн чинь тэр ямар хамаатай юм би чамд гомдолгүй гээд хэлчихсэн, хэрэг чинь хэрэгсэхгүй болно биз, би өөрөө гараа тулчихсан байсан гээд байсан. Тэгээд дараа нь согтуу орж ирж юм ярьж байгаад “миний гар хүнтэй барилдаж байгаад гэмтсэн, би чамайг намайг цагдаад өгөөд 14 хоног баривчлуулсан болохоор чинь чамайг гэмтээсэн гээд хэлчихсэн юм, чи цохиогүй байж цохиогүй гэдгээ хэлэхгүй яасан юм гээд байхаар нь би цохиж гэмтээгээгүй гэдгээ мэдээд хүүхдүүддээ хэлээд энэ талаар гомдол гаргахаар болсон... Намайг хотод байхад гудамжинд архи ууж байгаад Санжмятав гэх хүмүүстэй барилдаад гэмтээсэн гэж хэлсэн. Би Энхцолмонгийн толгой орчим нь цохисон юм. Гэтэл намайг гар хугалсан гээд байхаар нь гарыг цохисон юм байх гээд бодоод байсан чинь үгүй байна. Энэ өөрөө гэмтээсэн байгаад намайг цохисон гэж гүтгэснээ хүлээн зөвшөөрөөд байна. Би энэ хүнд гүтгүүлсэндээ гомдолтой..” байна гэх мэдүүлэг, /хх-ийн 47-50/,

Яллагдагч Б.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Манай эхнэр Цогмандах хотруу явчихаад би гэртээ ганцаараа байсан. 2016 оны 06 сарын 20-ны өглөө 10 цагийн орчим гэртээ ганцаараа 1 жижиг О.ЗЗ литрийн Ерөөл архи уучихаад, гэрээсээ ахиад 0.5 литэртэй Ерөөл архи аваад Санжмятавтай уулзахаар явсан чинь Санжмятав нь Болдоо гэх хүнтэй хамт 10 мянгатын Нураг хайрхан дэлгүүрийн ард нь сууж байсан. Тэгээд авч очсон архиа тэр хоёртой гудамжны ард ууж дуусаад Санжмятавтай тоглоод ярьж байгаад барилдахаар болоод барилдсан чинь би арагшаа саваад унахдаа гараараа тулсан чинь гар эвгүй болчихсоноо сүүлдээ хавдаад эхэлсэн. Тэгээд тэндээсээ тэд нараас салж яваад гэртээ ирсэн. Би согтуу унтаж байгаад шөнө аажуу манай эхнэр хотоос ирэхээр нь хаалга тайлаад өгсөн чинь миний нүүрнээс самардах гээд дайраад цаашаа яваад гурлын элдүүр мод авахаар нь би зугтаагаад гэрийнхээ шатаар доошоо буух хооронд манай эхнэр толгой орчим хоёр цохиод авсан. Энэ хооронд би гараад ирсэн чинь араас ахиж гарч ирээд намайг барьж аваад явуулахгүй хорьж байгаад цагдаа дуудаад барьж өгөөд эрүүлжүүлэхэд өгсөн. Маргааш нь 21-ний өглөө багийн байцаагч асуудлыг шийдэхээр эхнэрийг дуудсан чинь манай эхнэр гомдолтой баривчлуулна гээд тэр өдрөө 14 хоног баривчлагдсан. Үүний маргааш нь 2016 оны 06 сарын 22-ны өдөр чөлөө гуйж аваад гэртээ хувцсаа солихоор очсон чинь гэрт оруулахгүй хөөгөөд миний хувцаснуудыг гэрийн гадна таамбарт гаргасан байсан ба сална гэхээр нь би миний гарыг гэмтээсэн гээд цагдаад гомдол гаргачихсан юм. Манай эхнэр намайг зодож гэмтээсэн зүйл байхгүй. Манай эхнэр манай хажуу айлын хүмүүстэй юм ярьж байгаад мэдчихсэн байхаар нь би согтуудаа ороод үнэнээ хэлчихсэн юм. Энэ талаар надтай барилдсан Санжмятав болон хамт байсан Болдоо гэх ах мэднэ. Манай эхнэр бол миний гаранд хүрч цохиогүй...” /хх-ийн 56-57/,    

-Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 483 дугаартай: 1.2. Б.Энхцолмонгийн биед учирсан баруун гарын шуу ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, хуйхны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, нүүрний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд баруун гарын шууны ясны хугарал болон баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн, тархи доргилт, хуйхны шарх гэмтэл нь мөн нэг удаагийн, бусад гэмтэл нь тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүснэ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39, 94-95/

-эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, шүүгдэгч Б.Энхцолмонгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 2-4/

-захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Б.Энхцолмонгийн тайлбар /хх-ийн 8-10/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 12-13/

-эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-15/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16/

-Б.Энхцолмонгийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 62, 64/,

-Б.Энхцолмонгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/ ,

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29, 2016 оны 07 сарын 26-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 61/

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Б.Энхцолмон нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт 2016 оны 06 сарын 20-ны өдөр иргэн Л.Санжмятавтай барилдаж баруун гарын шуугаа гэмтээсэн атлаа 2016 оны 07 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан яллагдагч Ё.Цогмандахад зодуулж баруун гарын бугалаг ясаа гэмтээсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Энхцолмонг мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар ял оногдуулаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Энхцолмон нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Энхцолмон нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирл байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Энхцолмонгийн гарын шуу ясны 2 ширхэг рентген зургийг буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Энхцолмонгийн эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290, 294, 295-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхан овгийн Балжиннямын Энхцолмонг мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхцолмонг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхцолмонд оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Энхцолмон нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхцолмонд оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн шүүгдэгч Б.Энхцолмонгийн гарын шуу ясны 2 ширхэг рентген зургийг буцаан өгсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхцолмонгийн эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энхцолмонд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэхь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Энхцолмонд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ