Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 126/ШШ2022/0020

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бд холбогдуулан гаргасан “тус аймаг дахь Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0262707 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө би, тус аймаг дахь Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б нь “2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны Доод модот гэдэг газар Aepo спасе загварын 07-01 УНЦ улсын дугаартай автобус Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрсөн” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч Ө.Бд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан холбогдогч Ө.Б, Н.Ж нарын мэдүүлэг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, 0262707 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар иргэн Ө.Бын Aepo спасе загварын 07-01 УНЦ улсын дугаартай автобус Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрсөн гэх үйл баримт тогтоогдож байх боловч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл, 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12, 15.33 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчиж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үнэдэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд уг шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0262707 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар дүгнэлттэй танилцаад 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ө.Бын Aepo спасе загварын 07-01 УНЦ улсын дугаартай хүн тээврийн автобус усны холбогдолтой осолд өртсөн нь 0262707 дугаар маериалтай танилцаад хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б иргэн Ө.Бд “2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүн тээврийн автобус Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрсөн” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Ө тус шүүхэд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бгийн үйлдсэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0262707 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан загвар бүхий 0262707 дугаар шийтгэлийн хуудсанд огт бичилт хийгдээгүй байна.

Хэрэгт авагдсан Төрийн банкны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд холбогдогч Ө.Б 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлжээ.

0262707 дугаар шийтгэлийн хуудсанд бичигдсэн зүйл байхгүй боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, төлбөр төлүүлсэн баримтыг үндэслэн иргэн Ө.Бд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэлийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б оногдуулсан байна гэж үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн ... 5.13 дугаар зүйлийн 2 дахь ... хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж заасан тул гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б хуулиар Эрүүгийн шүүхэд харьяалуулсан асуудлыг шийдвэрлэх эрхгүй, прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0262707 дугаар шийтгэлийн хуудсаар Ө.Быг 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн

111.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Өын “Хөвсгөл аймаг дахь Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0262707 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ГАНЧИМЭГ