Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/220

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Бат-Орших, шүүгдэгч Ш.********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310041170020 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан Улаанбаатар их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, ээж, хоёр эгчийн хамт Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ******** хотхон 113 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн ******** овогт ********ын ******** /РД: ********/.

                  

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.******** нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******** хотхоны 209 дүгээр байрны 1404 тоотод хамтран амьдрагч Н.********тай үл ялих зүйлээс болж маргалдан хацар руу нь алгадах, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж үс халцрал хуйханд зулгаралт, завьжинд язарсан шарх, өвдөлт зулгаралт, цус хуралт, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ш.********: “…Би муурны харшилтай учраас нөгөө өрөөнд оруулчих гэж хэлсэн. Өмнөх өдөр нь миний утсанд сайхан амраарай гэсэн чат ирсэн байсныг уншиж намайг хэвтэж байхад өшиглөсөн. Тэгээд уурлаад унтаад өгсөн. Өглөө хажуугаар нь ороод намайг уучлаарай гэж хэлээд уучлалт гуйсан. Тэгэхэд зайл гэхээр нь хувцсаа өмссөн ба энэ үед үснээс татаад 3-4 удаа намайг цохисон, дахин 1 удаа алгадах гэхээр нь зугтсан. Би баруун гартаа хагалгаанд ороод удаагүй байсан учраас болиулах зорилготой хацар руу нэг удаа алгадсан, дүү нь гаднаас орж ирээд бусниулсан эд зүйлээ зас гэхээр нь засаад гарсан…” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********ыг гэрээс хувцсаа өмсөөд гарах гэж байхаар нь цамцнаас нь татсан чинь намайг зайлаач гэж хэлээд түлхээд хойш нь шалан дээр унагаасан. ...Баруун хацарт алгадаж унагаасан. Тэгэхээр нь би цамцнаас нь зуурч босож ирээд дагзны үсний хэсгээс зулгааж сэгсчиж нааш цааш татаж үсийг унагаасан. Тэр үед миний нүд харанхуйлаад чих шуугиад толгой өвдөөд байж байсан чинь ******** гэрээс гараад явсан...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********гийн шүдний дотор хэсэг язарч үсийг их хэмжээгээр зулгаасан, хүзүү нь улайсан, биеийнх нь энд тэнд хөхөрсөн хавдсан байдалтай байсан...” /хавтас хэргийн 37 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...******** найз ********тай нөгөө өрөөнд хэрүүл хийгээд байсан. Тэр хоёр ширээ сав түжигнүүлээд зодолдоод байх шиг байсан...” /хавтас хэргийн 18, 137 дах тал/ гэсэн,

 

Гэрч А.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********, Саруул эгч хоёр хоорондоо хардалтын улмаас маргалдаж эхэлсэн, ...өглөө 9 цагийн үед Саруул эгч ********ыг унтаж байхад цохиж сэрээсэн. ...Гэрээсээ хөөх явцдаа хэл амаар доромжилж явах гэхэд үснээс нь зулгааж буйдан дээр унагаад цохиод байсан, ...зөрүүлээд Саруул эгчийн үснээс зулгаасан. ...Саруул эгч ********ын үснээс зулгаагаад байсан болохоор зүүн гараараа алгадаж авсан...” /хавтас хэргийн 43 дахь  тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ш.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гараас барьж байгаад тавиулах гэсэн чинь гараа тавьж өгөхгүй дийлдэхгүй байсан, үснээс зулгааж татаад доош нь тонгойлгож дарсан. Тэгээд би үснээс нь зулгаахаа больж тавьсан чинь ******** миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би нэг удаа хацар руу алгадсан...” /хавтас хэргийн 65, 68 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай 14402 шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.Н.********гийн биед үс халзрал хуйханд зулгаралт завжинд язарсан шарх, өвдөгт зулгаралт, цус хуралт, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хавтас хэргийн 48-49 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 9 дэх тал/,  

- Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- Шүүгдэгч Ш.********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 70 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ш.******** нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******** хотхоны 209 дүгээр байрны 1404 тоотод хамтран амьдрагч Н.********тай үл ялих зүйлээс болж маргалдан хацар руу нь алгадах, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж үс халцрал хуйханд зулгаралт, завжинд язарсан шарх, өвдөлт зулгаралт, цус хуралт, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.********гийн: “...********ыг гэрээс хувцсаа өмсөөд гарах гэж байхаар нь цамцнаас нь татсан чинь намайг зайлаач гэж хэлээд түлхээд хойш нь шалан дээр унагаасан, ...баруун хацарт алгадаж унагаасан. Тэгэхээр нь би цамцнаас нь зуурч босож ирээд дагзны үсний хэсгээс зулгааж сэгсчиж нааш цааш татаж үсийг унагаасан. Тэр үед миний нүд харанхуйлаад чих шуугиад толгой өвдөөд байж байсан чинь ******** гэрээс гараад явсан...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн, 

Гэрч Б.********гийн: “...********гийн шүдний дотор хэсэгт язарч үсийг их хэмжээгээр зулгаасан, хүзүү нь улайсан, биеийнх нь энд тэнд хөхөрсөн хавдсан байдалтай байсан...” /хавтас хэргийн 37 дахь тал/ гэсэн,

Гэрч Э.********ийн: “...2023 оны 11 дүгээр сарын 12-ны ...******** найз ********тай нөгөө талын өрөөнд хэрүүл хийгээд байсан. Тэр хоёр ширээ сав түжигнүүлээд зодолдоод байх шиг байсан...” /хавтас хэргийн 18, 137 дах тал/ гэсэн,

Гэрч А.********гийн: “...********, Саруул эгч хоёр хоорондоо хардалтын улмаас маргалдаж эхэлсэн. ...Өглөө 9 цагийн үед Саруул эгч ********ыг унтаж байхад цохиж сэрээсэн. ...Гэрээсээ хөөх явцдаа хэл амаар доромжилж явах гэхэд үснээс нь зулгааж буйдан дээр унагаад цохиод байсан. ...зөрүүлээд Саруул эгчийн үснээс зулгаасан. ...Саруул эгч ********ын үснээс зулгаагаад байсан болохоор зүүн гараараа алгадаж авсан...” /хавтас хэргийн 43 дахь  тал/ гэсэн,

Шүүгдэгч Ш.********ын: “...Би гараас барьж байгаад тавиулах гэсэн чинь гараа тавьж өгөхгүй дийлдэхгүй байсан, үснээс зулгааж татаад доош нь тонгойлгож дарсан. Тэгээд би үснээс нь зулгаахаа больж тавьсан чинь ******** миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би нэг удаа хацар руу алгадсан...” /хавтас хэргийн 65, 68 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 14402 шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.********гийн биед үс халзрал хуйханд зулгаралт завжинд язарсан шарх, өвдөгт зулгаралт, цус хуралт, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 48-49 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Н.********гийн эрүүл мэндэд учирсан үс халзрал хуйханд зулгаралт завжинд язарсан шарх, өвдөгт зулгаралт, цус хуралт, шуунд цус хуралт  бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ш.********ын түүнийг цохисон, үснээс зулгаасан идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.********ыг хохирогч Н.********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2023 оны 06 сараас хойш цуг амьдарч буй хамтран амьдрагч нар болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ш.********ын хамтран амьдрагч Н.********гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Ш.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Ш.******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.                       

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, учруулсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.********гийн эрүүл мэндэд үс халзрал хуйханд зулгаралт завжинд язарсан шарх, өвдөгт зулгаралт, цус хуралт, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүү хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2310041170020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын ********ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Шүүгдэгч Ш.********т шийтгэсэн 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2310041170020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Золбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР