| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/03972/И |
| Дугаар | 181/ШШ2021/01076 |
| Огноо | 2021-06-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2021/01076
| 2021 оны 06 сарын 03 өдөр | 181/ШШ2021/01076 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4-р баг, 5-р хэсэгт байрлах, “С” ТӨХК/РД: 3735362/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Про ван оффис төв, 505 тоотод байрлах, “П” ХХК/РД: 5160901/-д холбогдох,
76 809 206 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “С” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Сэлэнгэ авто зам засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компаниас “П” ХХК нь 2014 оны 9-р сард 883,44 тонн асфальтбетоны хольц, 2.28 тонн шингэн битумыг авч хэрэглэсэн ба асфальт дэвсэгч 4 өдөр ажиллуулсны зардал 3 200 000 төгрөг, битум халаасны үнэ 60 000 төгрөгийг тооцоод, нийт 159 457 460 төгрөгийг манай компанид төлөх ёстой байсан болно.
“П” ХХК нийт төлөх 159 457 460 төгрөгөөс 82 648 200 төлсөн бөгөөд үлдэгдэл 76 809 260 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй манай компанид хохирол учруулж байна. Тус 2 компанийн санхүүч нар хамтран 2014 оны 10-р сарын 06-ны өдөр 14/16 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөрийг баталгаажуулсан юм.
Манай “С” ТӨХК нь “П” ХХК-д хандаж төлбөрөө бүрэн төлж барагдуулахыг мэдэгдсэн албан бичгүүдийг 2015 оны 4-р сар, 5-р саруудад хүргүүлж байсан болно.
“П” ХХК-ийн захирал Р.Амарзаяа нь санхүүжилт хийгээгүй байдлаас шалтгаалан төлбөрийг төлж чадахгүй байгааг харгалзан үзэж төлөх ёстой 76 809 260 төгрөгийг төлж барагдуулах хугацааг хойшлуулж өгнө үү гэж 2015 оны 04 сарын 09-ны өдөр 01/25 дугаартай албан бичиг ирүүлсэн юм.
Манай компанийн зүгээс “П” ХХК-ийг санхүүжилт нь ирэхээр төлбөрөө удахгүй төлөх юм байна гэж итгэж байсан билээ. Гэтэл тус компанийн захирал Р.Амарзаяа нь бидний итгэлийг эвдэж харилцаа утсаа авахгүй, бидэнтэй харилцахгүй болсон.
Иймд манай компани нь хохирч байгаа учир 2017 оны 3-р сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл өгсөн юм. Цагдаагийн байгууллагаас иргэний хэргийн шинжтэй байна гэдэг үндэслэлээр хариу өгсөн болно.
Манай компани нь 2017 оны 8-р сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус компанийн гэрчилгээ дээр бичигдсэн хаягийн дагуу нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч “П” ХХК нь хаягтаа байхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан юм.
Иймд бид хариуцагч тус компанийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд өгч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12-р сарын 04-ны өдөр 639 дугаартай “Хариуцагчийг эрэн сурвалжлах тухай” шийдвэр гарсан юм.
Шүүхийн тус шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэсээс шүүхэд албан бичиг ирж хариуцагч компанийн захирал Р.Амарзаяа нь Баянгол дүүргийн 19-р хороонд түр оршин сууж байна гэж хаягийг нь тогтоож өгсөн юм. Иймд хариуцагч компанийн захирлын энэ хаягийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 11-р сарын 07-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан боловч шүүхээс мөн л хариуцагч хаягтаа байхгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан билээ.
Иймд манай компани арга буюу дахиж шүүхэд хандаж хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ өгсөн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 05-р сарын 07-ний өдөр 196 дугаартай шийдвэр гарч хариуцагч компанийг эрэн сурвалжлуулах шийдвэр дахин гарсан болно.
Цагдаагийн газраас хариуцагч “П” ХХК-ийг эрэн сурвалжиж олж өгөхгүй 2 жил шахам хугацаа болсон учир манай компани нь Улаанбаатар хотын цагдаагийн газарт, Баянгол дүүргийн Цагдаагийн газарт тус тус хандаж гомдлоо гаргасан билээ.
Энэ гомдлын дагуу Цагдаагийн газраас хариуцагчийн хаягийг нь олж тогтоосон юм. Хариуцагч “П” ХХК нь Сүхбаатар дүүрэгт түрээсийн гэрээгээр ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулдаг болохыг нь тогтоож, тус компанийн захирал Р.Амарзаяатай биечлэн уулзаж гэрийнх нь хаягийг нь мөн тодорхой авч шүүхийн дуудсан цагт саадгүй ирнэ гэсэн баталгаа бичүүлсэн байна.
Манай компани тус хариуцагч компаниас мөнгөө нэхэмжлэхийн тулд удаа дараа шүүхэд хандсан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн, эрэн сурвалжлуулсан ... зэрэг цаг хугацааны хувьд их хохирч байна.
Хариуцагч “П” ХХК нь санхүүгийн тооцоо нийлж акт үйлдэж, санхүүжилт ирэхээр төлбөрийг удахгүй төлнө гэж албан бичиг хийж өгсөн атлаа одоог хүртэл төлбөрийг төлөхгүй хохироож байгаа учир “П” ХХК-иас 76.809.260/ далан зургаан сая найман зуун есөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулж манай компанид өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “С” ТӨХК хариуцагч “П” ХХК-д холбогдуулан асфальтон хольц нийлүүлсний үнэ 76 809 206/далан зургаан сая найман зуун есөн мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “П” ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Асфальтан хольц нийлүүлэх гэрээ” байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01/25 дугаар албан бичигт дурдсан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Асфальтан хольц нийлүүлэх” гэрээгээр гэх тайлбараар тогтоогдож байна.
2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Асфальтан хольц нийлүүлэх гэрээ”-ээр нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 9 дүгээр сард нийт 151 951 680/172000х172000=151951680/ /нэг зуун тавин нэгэн сая есөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун ная/ төгрөгийн үнэ бүхий 883.44 тонн асфальтбетоны хольц, 4 168 980/2.28х18285000=4168980/ /дөрвөн сая нэг зуун жаран найман мянга есөн зуун ная/ төгрөгийн үнэ бүхий 2.28 тонн шингэн битумыг нийлүүлэн, битум халааж, асфальт дэвсэгч 4/дөрөв/ өдөр ажиллуулсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн № 14/16 Тооцоо нийлсэн актын болон “Сэлэнгэ АЗ-ЗА” ТӨХК, “П” ХХК-иудын хоорондын тооцооны хуулбар, “П” ХХК-д асфальто нийлүүлсэн тонны хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01/25 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ... бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Асфальтан хольц нийлүүлэх гэрээ”-ээр хариуцагчид бараа буюу асфальтбетоны хольц болон шингэн битум нийлүүлэн бараа худалдаж, битум халааж, асфальт дэвсэгч ажиллуулж ажил гүйцэтгэсэн байх тул зохигчийн байгуулсан тус гэрээ нь Худалдах-худалдан авах гэрээ болон Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.” гэж заасан.
2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Асфальтан хольц нийлүүлэх гэрээ” нь Худалдах-худалдан авах гэрээ болон Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар “Асфальтан хольц нийлүүлэх гэрээ”-г холимог гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Гэрээгээр 883.44 тонн асфальтбетоны хольц, 2.28 тонн шингэн битумыг нийлүүлж байх ба Гэрээний гүйцэтгэл нь Худалдах-худалдан авах гэрээтэй илүү төстэй байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарах үндэслэлтэй байна.
Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 883.44 тонн асфальтбетоны хольцын үнэд 151 951 680/нэг зуун тавин нэгэн сая есөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун ная/ төгрөгийг, 2.28 тонн шингэн битумын үнэд 4 168 980/дөрвөн сая нэг зуун жаран найман мянга есөн зуун ная/ төгрөгийг, асфальт дэвсэгч 4/дөрөв/ өдөр ажиллуулсан хөлсөд 3 200 000/гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг, битум халаасны үнэ 60 000/жаран мянга/ төгрөгийг, нийт 159 457 460/нэг зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавин долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг төлөхөөс 82 648 200/наян хоёр сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуу/ төгрөгийг төлж, үлдсэн 76 809 260/159457460-82648200=76809260/ /далан зургаан сая найман зуун есөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг төлөөгүй болох нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн № 14/16 Тооцоо нийлсэн актын болон “Сэлэнгэ АЗ-ЗА” ТӨХК, “П” ХХК-иудын хоорондын тооцооны хуулбар, “П” ХХК-д асфальто нийлүүлсэн тонны хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01/25 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас асфальтбетоны хольцын үлдэгдэл үнэд 76 809 260/далан зургаан сая найман зуун есөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2017 онд хариуцагч “П” ХХК-д холбогдуулан тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан нэхэмжлэл гаргаж байсан байх ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “П” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 639 дугаар шийдвэр болон 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр “П” ХХК-ийг эрэн сурвалжилж байсан байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас нийт 76 809 260/далан зургаан сая найман зуун есөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ТӨХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ