| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/03767/И |
| Дугаар | 181/ШШ2021/00951 |
| Огноо | 2021-05-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2021/00951
| 2021 оны 05 сарын 14 өдөр | 181/ШШ2021/00951 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “У” ТӨХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б/РД: /-д холбогдох,
19 292 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантогоо, Э.Төвшинтөр, Э.Хүсэлбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “У” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хүсэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус УБЦТС ТӨХК-ийн салбар нэгж болох Баруун түгээх төвд Б.Б нь нярав/аж ахуйн/-аар 1996-2017 онууд ажиллаж байсан болно.
2017 онд төв компаниас хийсэн Дотоод аудитын хяналт, шалгалтаар Б.Б өөрийн хариуцаж байсан, өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй зэс уян кабель буюу шрыпец кабелийг шугам тоноглолын зардал, урсгал засвар дансанд зарлагдаж, бүртгэлээс хассан болохыг санхүүгийн програмын зарлагын гүйлгээгээр тогтоосон. Энэ талаар холбогдох бүх хүмүүстэй уулзаж, тайлбар мэдүүлэг авсан бөгөөд тэдгээр хүмүүст худлаа хэлж гарын үсэг зуруулсан хуурамч бичиг баримт бүрдүүлж, тухай кабелийг санхүүгийн аргаар зарлагадсан болох нь илэрсэн.
Уг шалгалтын илтгэх хуудсыг үндэслэн Б.Бг Гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж учирсан хохирлыг төлж барагдуулахыг үүрэг болгосон.
Гэтэл Б.Б тус төлбөр болон ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөлгүй Анхан, Давж заалдах, Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2017.11.30-ны өдрийн 183/ШШ2017/02616 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.26-ны 210/МА2018/00556 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018.06.19-ний 001/ХТ2018/01016 дугаар тогтоол тус тус гарч Б.Б нь бараа материал дутаасан болон ажлаас халсан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.
Хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэж нэхэмжлэлдээ дурдаагүй худлаа хэлж гарын үсэг зуруулсан гэсэн юмыг хэлсэн. Анхан шатны шүүх дээр ажлаас халсан 398 дугаар тушаалыг хэлэлцсэн тэр тушаал дээр Б.Бг бараа материалын дутагдал гаргасан талаар хянаад Б.Бг ажлаас халсан, бараа материал дутаасан байна гэдгийг шүүхээс тогтоосон байгаа. Кабелийн талаар ярьж байна. Кабель яагаад зөрүүтэй байгаа юм бэ гэж энэ нь тухайн үеийн ханшаар 10.280.558 төгрөг болж байгаа 2017 оны ханшаар 19.292.000 төгрөг өнөө үеийн ханшаар бол энэ үнэ өсөөд явна гэсэн үг бид нар энэ бараа материалыг дахиж худалдаж авна. Өмнөх ханшаар худалдаж авахгүй. Тухайн үед буюу 2017 оны ханшаар бол 19.292.000 төгрөгөөр хохироосон байгаа.
Иймд Б.Б нь бараа материал дутаасан 19,292,000 төгрөгийг гаргуулж, УБЦТС ТӨХК-ийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Миний бие нь УБЦТС ТӨХК-д 1996-2017 он хүртэл 21 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан. Энэ байгууллагад ажилласан 21 жилийн хугацаанд би ажилтны ёс зүй, хариуцлагыг өндөр сахин ажилласан. Гэтэл 2014 оноос Ахлах нягтлан Энхцэцэг гэх эмэгтэй надтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж эхэлсэн. Ажлын байранд байнгын дарамтанд байх болсон. Зарим нэг ажил дээр олон жилийн ажпын туршлагаар зааж зааварлах, зөвлөх хэрэг гардаг. Түүнийг нь өөрийн ажлын үүрэг гэж ойлгож, хандахаар нягтлан Энхцэцэг нь намайг олон жил ажилласан гэх шалтгаанаар дарамталдаг болсон. Миний ажилтай холбоотой байнгын шалгалт оруулж, ямар нэг алдаа өө хайсаар 2017 он хүрсэн. 2017 оны 05 сард миний ажлын байранд байгууллагын санхүүгийн аудит орсон. Энэ аудитын дүгнэлт нь 2017 оны 07 сард гараад, намайг 08 сарын 10-ны өдөр халсан. Халсан үндэслэл нь энэ нэхэмжлэлд дурдсан “зэс уян кабель буюу шрыпеи кабелийн утсыг хүмүүст худлаа хэлж гарын үсэг зуруулсан хуурамч бичиг баримт бүрдүүлж, тухай кабелийг санхүүгийн аргаар зарлагдсан” гэж буруутган, надаас уг дутаасан гэх кабелийн утсыг дотоод аудитын дүгнэлтээр өөрсдөө 19,292,000 төгрөг нэхсэн байна. Би энэ байгууллагад 1996 оноос хойш няраваар ажилласан. Миний хариуцдаг хөрөнгө эргэлтийн хөрөнгө байсан.
Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг шаардлагатай үед тарааж хэрэглэчихээд, дахин шинээр авдаг төрлийн хөрөнгө. Харин энэ кабель нь элэгдэж хорогддог/байнга шинээр авдаггүй хөрөнгө/ учир үндсэн хөрөнгө юмуу аваарын нөөцийн дансанд байх ёстой. Ямар нэг хөрөнгөд насжилт гэж бий. Энэ кабель гэхэд л 2012 оноос авч, ашиглаж эхэлсэн маш их хоргодолтой хөрөнгө байсан. Ашиглалт бүрт элэгдэж, хорогддог. Учир нь хариуцсан нутаг дэвсгэрүүдэд цахилгааны гэмтэл гарсан үед шрыпец кабелийг/ганцхан байдаг/ дуудлагын шуурхай үйлчилгээний бригад аж ахуйн хашааны сахиулаас/надад мэдэгдэж, бүртгүүлдэггүй/ гэмтэл гарсан газарт авч очиж, ашиглаад буцааж, аж ахуйн сахиулд оруулж өгдөг. Энэ кабелийг манай шуурхай үйлчилгээний бригад ашиглалт бүртээ кабелийн гаднах хальсыг урдаас нь төгсгөвчөөр үзүүрлэн, шамлаж, доторх зэс утсыг төгсгөвчөөр холбодог. Төгсгөвч гэдэг нь кабелийн гэмтсэн утсыг шинэ залгах утастай нь хавчиж байгаад, үзүүрлэж, холбогог цахилгааны материал хэрэгсэл юм.
Энэ мэтээр байнгын богиносч, хорогдож байдаг хөрөнгө юм. Би энэ талаар ахлах болон тооцооны нягтлангуудад удаа дараа “Энэ кабелийг байгууллагаас дуудлаганд авч гарахдаа болон буцааж буулгахдаа надад огт мэдэгдэхгүй, хэлэхгүй, бүртгүүлэхгүй байна. Тэгээд ч энэ нь эргэлтийн хөрөнгө биш юм. Харин байгууллагын элэгдэл хорогдол бодогдох дансруу хариуцуулах шаардлагатай байна. Үүнийг энэ хэвээр байлгавал эзэнгүй болоод, хожим би байнга богиносч, хорогдож байгаа хэмжээгээр нь өр төлбөрт орохоор байна” гэж хэлсэн. Гэтэл надад энэ талаар хөрөнгийг зөв зохистой хуваарилалт хийж өгөх нь бүү хэл миний энэ хүсэлтийг ашиглаж, намайг энэ хөрөнгийг өөрөө хоргодуулж, дутааж, зарлагадсан болгож баримт бүрдүүлж, миний эсрэг ашиглаж, хөрөнгө үгүй хийж, байгууллагыг хохироосон мэтээр өр төлбөрт оруулж ажлаас халсан. Би өнөөдрийг хүртэл маш их гомдолтой явдаг.
Учир нь энэ кабелийн утсыг 2016 оны 10 сард “Үндсэн хөрөнгө буюу аваарын нөөцрүү хийлгэхээр санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж, гарын үсгийн бүрдэл болсон, шаардах хуудсыг тооцооны нягтланд өгсөн. Уг шаардах хуудсанд баруун түгээх төвийн даргын орлогч Чинбат, тооцооны нягтлан Оргилмаа, хүлээн авсан инженер Одончимэг, шаардахыг олгосон няраваар би гарын үсэг зурсан. Энэ гарын үсгүүдийг зуруулахдаа би дээрх тайлбарыг холбогдох хүмүүст гаргаж, гарын үсгийг нь зуруулсан. Гэтэл намайг хүмүүст худал хэлж, хуурамчаар гарын үсэг зуруулсан гэж буруутгасан. Ийм хууль бус үнэнд нийцэхгүй тайлбар баримтаар ажлаас халсан. Надаас нэхэмжилж буй кабелийн утас нь байгууллагад ажлаас халагдах үед хадгалагдаж үлдсэн. Би байгууллагаас зарлагадаж, үгүй хийсэн зүйл байхгүй.
Мөн манай байгууллага хагас жилд болон жилийн эцсээр жилд 2 удаа тооллого хийдэг. 2016 оны 12 сарын тооллогоор надад ямар нэг бараа материалын дутагдал гараагүй. Учир нь би дээрх хүмүүсийн зөвшөөрөлтэй гарын үсэгтэй шаардах хуудсаар 2016 оны 10 сард Үндсэн хөрөнгө эсхүл аваарын нөөцийн дансруу шилжүүлэхээр өгчихсөн. Хэрвээ би энэ хөрөнгийг 2016 оны 12 сард байгууллагын аль иэг тийш нь шилжүүлэхгүйгээр бүр завшиж үрэгдүүлсэн бол/байгууллагаас гаргасан бол/ тооллогоор энэ хөрөнгө байхгүй гэдэг нь илэрч, би 2016 оны 12 сараас өр төлбөрт орох байсан. гэтэл энэ үед кабель нь байгууллагад байсан харин тооцооны нягтлан Оргилмаа миний өмнөх шилжүүлэхээр бүрдүүлж өгсөн санхүүгийн анхан шатны баримтаар урсгал засварын дансруу хийж, бүр мөсөн зарлагадаж, бүртгэлээс хассан байсныг тухайн үедээ холбогдох албан тушаалтнууд нь тооллогоор мэдсэн.
Тэгээд яагаад тооцооны нягтлан бодогчийн гарын үсгээр зарлагадаж, бүртгэлээс хассаныг өмнөх оны эцэст мэдсээр байж, гэнэт 2017 оны 07 сард гэнэт мэдсэн мэтээр надаар хийгдсэн гэж, өр төлбөрт оруулаад байгааг ойлгохгүй байгаа.
Би нэхэмжилсэн дүнг гайхаад байна яагаад 19 сая төгрөг 2 дахин илүү үнэлгээ гарсан бэ гээд нэхэмжлэгчээс асуухаар тухайн зах зээлийн ханш гээд байгаа 1м нь 105.000 төгрөг, 1 м нь 90.000 төгрөг гээд 2 үнэлгээ гаргаад тухайн 2016 оны 08 сарын байдлаар үнэлгээг ингээд гаргаж тавьсан нь нэхэмжлэгч байгууллагаас ийм өндөр үнээр аваад байдаг байсан юм уу ойлгохгүй байна.Энэ дээр бол журмаар нь тухайн үеийн ханшаар авсан үнийн дүн байна гэж ойлгоод байна. Ажилтан ажил олгогч нарын хооронд тэгш бус биш тэнцвэргүй харилцаа үүсч байдаг өөрөөр хэлбэл байгууллагаас аудит орвол тухайн аудит нь ажил олгогчийн эрхшээлд нэг талыг барьсан үнийн дүн гарч байдаг. Эрүүгийн шүүх дээр хэзээ ч байгууллагын дотоод аудитын үнэлгээг нотлох баримтаар үнэлдэггүй. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьсан үнэлгээ гэж үзэж байна.
Тиймээс би энэ мөнгийг төлөхгүй. Байгууллагыг хохироосон асуудал байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “У” ТӨХК хариуцагч Б.Бд холбогдуулан хохирол 19 292 00/арван есөн сая хоёр зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Б нь байгууллагыг хохироосон асуудал байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн Баруун түгээх төвд нярав/аж ахуйн/-р ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний болон 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид ажиллаж байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 9 171 846/есөн сая нэг зуун далан нэгэн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийн үний бүхий зэс кабель буюу шрыпец кабель дутааж, үрэгдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Илтгэх хуудсын хуулбар, “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн № ХУД061 Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 513 дугаар Прокурорын тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил ... ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний болон Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01016 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн дутаасан зэс кабель буюу шрыпец кабелийн зах зээлийн үнэ 2017 оны байдлаар 19 292 000/арван есөн сая хоёр зуун ерэн хоёр мянга/ төгрөг гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд ... эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 132.2-т “Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй.” гэж заасан.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2 дахь заалтад зааснаар “Ашид билгүүн” ХХК-ийн хийсэн үнэлгээгээр 2016 оны 8 дугаар сарын байдлаар 215.2/хоёр зуун арван тав аравны хоёр/ метр зэс кабелийн зах зээлийн үнэ 9 171 846/есөн сая нэг зуун далан нэгэн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөг болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн № ХУД061 Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчид 9 171 846/есөн сая нэг зуун далан нэгэн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийн шууд хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн № ХУД061 Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас нийт 215.2/хоёр зуун арван тав аравны хоёр/ метр зэс кабель буюу шрыпец кабель дутаан, үрэгдүүлж, нэхэмжлэгчид бүгд 9 171 846/есөн сая нэг зуун далан нэгэн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Илтгэх хуудсын хуулбар, “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн № ХУД061 Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 513 дугаар Прокурорын тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас нийт 9 171 846/есөн сая нэг зуун далан нэгэн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У” ТӨХК-д олгож, үлдсэн 10 120 154/арван сая нэг зуун хорин мянга нэг зуун тавин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ