Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/190

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч, хохирогч Б.Эгийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч, хохирогч Б.М-ын өмгөөлөгч Б.Манлайбаяр,

           Шүүгдэгч Б.Э, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Б.М нарт холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч  Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгонд Б.Мыг зодож, биед нь хүзүү, доод уруулын холбоос, дух, эрүүнд цус хуралт, завьжинд язрал, баруун нүд, зүүн дээд зовхи, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч  Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгонд хохирогч Б.Эг зодож, биед нь хамар ясны хугарал, хоёр хацар, баруун гарын сарвуунд зулгаралт, хамар, дух, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн гэмтэл, завжинд язрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус тус шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн **********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

         Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

         Шүүгдэгч  Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны Соёлын төвийн ойролцоо эзэнгүй хашаанд Б.Э-тай “нөхөр Б.Л төрсөн дүү Э.Д-тэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж нүүр хэвлий рүү нь өшиглөн зодож биед нь хамар ясны хугарал, хоёр хацар, баруун гарын сарвуунд зулгаралт, хамар, дух, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн гэмтэл, завжинд язрал бүхий  гэмтэл  учруулсан,

Шүүгдэгч  Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны Соёлын төвийн ойролцоо эзэнгүй хашаанд Б.Мтай  “нөхөр Л.А төрсөн дүү Э.Гтэй хардлаа”  гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж,  нүүр рүү нь алгадаж, хоолойг нь боож биед нь хүзүү, доод уруулын холбоос, дух, эрүүнд цус хуралт, завьжинд язрал, баруун нүд, зүүн дээд зовхи,  эрүүнд зулгаралт бүхий гэмтэл тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн:“...Намайг Б.Мгэдэг. Би Монгол Улсын иргэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгонд амьдардаг. 2023 оны 11 дүгээр сард би өөрөө мэдсэн. Энэ хүний дүү н.Чимгээ миний мэдэхээр манай нөхөртэй 2 жил гаран явалдаж байгаа. Би чатыг нь өөрөө уншсан. Тэгээд нөхөртөө хэлээд маргаан үүссэн. Би тэр хүүхэн рүү чат бичсэн. Тэгтэл энэ хүн 3 удаа утсаар намайг дарамталсан. Би энэ хүнийг залгахаар нь эмэгтэй хүн юм чинь эмэгтэй хүний хувиар намайг ойлгох болов уу гэсэн утгаар сонссон. Би 15,16 жилийн амьдралыг энэ хүмүүс ах дүүгээрээ нийлээд гаталж байгаа. Би ардаа хоёр хүүхэдтэй хүн. Тэгтэл шууд намайг янхан, банзал гэж доромжилсон. Би үе мөчний үрэвслийн өвчтэй хүн. Чи жил болгон хот явж биеэ үнэлдэг, миний дүү сайхан болохоор чиний нөхөр араас чинь гүйж байгаа юм. Хохь чинь чи хохино гэсэн. Тэр үгнүүд миний сэтгэл, зүрхэнд гүн орсон. Тэр үед чиний нөхөр тэгж байсан. Миний дүүг ингэж байсан гээд аймар ярьж байсан.11,12,1 дүгээр саруудад 3 удаа над руу залгасан. Хоёр нь миний нөхөр рүү нэг нь над руу залгасан. Бид тэнд тааралдаад ярилцъя гэж ойлголцох бодолтой байсан. Хэзээ ч энэ хүн эмэгтэй хүн мөртлөө ойлгохгүй юм байна лээ. Би энэ хүнтэй ойлголцохгүй юм байна гээд гараад явахдаа биед нь хүрсэн. Би өөрийгөө удирдах чадваргүй байсан. Уулзаад янхан, банзлаар нь дуудаад чиний нөхөр чамайг банзал гэдэг, ингэдэг тэгдэг тэгэхээр нь аймар хүнд туссан. Сэтгэл зүйн хямралтай байсан. Тэгээд шууд боосон. Би энэ хүнийг хаана нь яаж цохиж байгаагаа мэдээгүй. Нэг мэдэхэд доор нь орсон байсан. Гарынх нь эрхийн хурууг нь хөшиж байж тавиулсан. Болиоч тавиач гэсэн тавихгүй байсан. Би тавьсан байна. Чи тавь гэж байж тавиулсан. Тэгээд би шууд гараад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгийн өгсөн:“... 5 дугаар сард би энэ хүнтэй утсаар ярьсан. Тэгсэн ямар учраас ярьсан бэ гэхээр манай дүү над руу залгасан. Б.М, н.Л.А гэдэг хоёр хүн над руу мессеж бичиж, залгаад доромжлоод байна гэсэн. Нөхөр рүү минь хүртэл залгаад чам шиг хөгшин юм хаа явсан газар чинь ална гэж заналхийгээд  байна. Авгай нь манай нөхөр лүү залгаад наад муу янхан, гичийгээсээ зайгаа ав гэж залгасан гэж ярьсан. Тэрийг нөхөр нь тодорхой мэдэж байгаа. Мессеж нь хүртэл байгаа. Би энэ хүнд учрыг нь олж ойлгуулна гэж ярьсан. Манай дүү 3 дугаар сард Өмнөговь явсан. Танай нөхрөөс зайгаа аваад явсан. Нөхөр чинь манайд 5 дугаар сард согтуу дүүгийнхээ утасны блок гаргаж өг гэж гурван удаа манайд ирсэн. Би ирэхээр нь чи хоёрын хоёр хүүхэдтэй байж яагаад ингэж хүний араас гүйгээд байдаг юм гэж өөрт нь хэлсэн. Хүний анхны амьдрал гэж байдаг. Сүүлийн амьдрал гэж байдаггүй гэж өөрт нь хэлсэн. Тэгтэл миний утсыг булааж авч манай дүүгийн утас руу залгасан манай дүү утсаа авсан. Аваад Л.А гэдэг хүн байсан учир манай дүү утсаа салгасан. Араас нь очоод Дархан ороод ажил дээр нь үсдэж чирсэн байсан. Би Б.Мд ойлгуулах гэж хэлсэн. Нөхөр чинь тэгж гүйгээд байна. Манай дүү 3 дугаар сард урагшаа явсан. Өөрөө нөхөртэй болсон. Чиний нөхөртэй явалдахааргүй болсон. Нөхөртэй өөрөө ойлгуулж хэл гэж хэлсэн. Нөхөр нь өөрөө ярьж өгөхгүй байсан. Тэгээд би орхисон. Дараа нь хэл ам хийгээгүй. Би дүүдээ хэлсэн. Наадах чинь хоёрын хоёр хүүхэдтэй гэж хэлсэн учир манай дүү зайгаа тавиад явсан. Би 3 дугаар сарын 4-ний орой 11 болж байхад аав, ээжийгээ гэрт нь аваачиж буулгаад машинаар нь би бүжигт орох гэж ирсэн. Бүжигт орох гэж ирээд 1 цаг 30 минут болж байтал Б.М ажлынхаа гурван хүүхэнтэй орж ирсэн. Тэгээд уулзъя гэж хэлээд намайг аваад гарсан. Тэгээд намайг чи яасан хүнийг янхнаар дууддаг юм гээд алгадсан. Тэгэхээр нь би өөрийгөө алгадсанаа мэдээгүй. Тэрхэн зуур бачимдсан байх. Тэгээд байж байтал чиний нөхөр чинь чамд буруу ойлгуулаад байгаа  юм байна гэж хэлсэн. Тэгсэн Б.М би утас байхгүй байна. Чи утсаараа залга гэсэн намайг. Нөхөр лүү нь хоёр удаа залгасан. Нөхөр нь утсаа авахаар нь би авгай чинь ирсэн байна. Чи хүрээд ир би үнэн учрыг нь ойлгуулаад өгье гэсэн. Тэгтэл за гээд утсаа тасалсан. Дараа нь залгасан утсаа авахаа байсан. Б.М чи яасан сүрхий юм хүрээд ир гээд намайг харанхуй хашаа руугаа оруулсан. Тэр үед Б.М өөрөө утастай байсан. Би залгаж байтал Б.М өөрөө миний элэг рүү шууд ирээд өвдөглөөд өшиглөсөн. Хоёр гараараа үсдэж дараад намайг доороо хийгээд дээрээс нь дэвсээд нүдээд салахгүй байсан. Бачимдаж нэг хэсэг байж байхад харанхуйд яаж хоёр гараараа самардаж байснаа мэдэхгүй байна. Хоёр гараа би самардаж байсан. Өөрийнхөө амиа хамгааллын эрхэнд хоёр гараараа самардаж гэмтэл учруулсан байж магадгүй. Тэгээд байж байтал манай хоёр эмэгтэй дүү ирсэн. Хоёр эмэгтэй дүү ирэхээр нь би утсаа хайгаад олохгүй байсан Б.М хохь чинь өөрөө олж ав гээд зогсож байсан. Манай хоёр дүү залгаад би утсаа олж аваад би машиндаа очсон. Хоёр дүү маань цагдаа дуудаж өгсөн. Би тэгээд эмнэлэг дээр очиж цусаа арилгаж боолт хийлгэсэн. Эрхий хуруунд миний машины түлхүүр байсан. Аав машины түлхүүр хаяв гэхээр нь би бүжигт орохоор хаяж магадгүй гээд эрхий хуруундаа хийсэн. Ганц түлхүүр хажууд нь удирдлага байсан. Би хоёр гараараа самардаж байгаад нэг газраас нь барьсан юм байна лээ. Тэрийг Б.М хоолой дээр төмөр юм тулгасан гэж ярьсан. Тийм үйл явдал болсон. Би шөнө 12 өнгөрч байхад гэртээ харьсан. Аав,ээж ямар хүн ингэж зодов гэсэн. Эмэгтэй хүн яагаад хүнийг ийм аймар зодож байдаг юм гэсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мын өгсөн: “...Би хүний нүдэн дээр ажилладаг тогооч хүн. Энэ явдлаас болж би ажилдаа жигдрээгүй байгаа. Сая 5 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа орсон. Би амьдралынхаа алтан боломжийг хүртэл алдаад байж байна. Би гэрээгээр бүртгүүлээд Солонгосын визэнд орох гээд байж байсан. Тэрийгээ цуцлаад энд зогсож байна. Би 5 дугаар сард намайг залгаж доромжилсон гэж байна. Би 5 дугаар сард дүүг нь нөхөртэйгөө явалдаж байсныг гадарлаагүй. Миний мэдээгүй явсан үе. Яагаад худлаа ярьж байгааг ойлгохгүй байна. Хүнтэй андуурсан уу, он сараа андуурсан уу, гэж би өөрөө хувьдаа бодож байна. Би нааш, цаашаа явсан хохирлыг гаргаад өгсөн. Би эмнэлэгт хэвтсэн, цалингаар хохирсон. Сэтгэл зүйн байдлыг мөнгөөр үнэлээд эдгээх амархан юм гэж бодохгүй байна. Миний цаана хоёр хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эгийн өгсөн: “...Би гоо сайхнаараа хохирсон. Хамрын яс хугарсан, хамрын дотор хөвч тасарч тархины хаван үүссэн. Үснээс зулгааснаас болж гэмтэл үүсэж тархины хаван үүссэн. Хамрын хагалгаанд хувийн эмнэлгээр ор гэсэн. Хагалгаанд орохгүй удаан явах юм бол зүрх муудаж ой санамж алдагдах тархи толгой өвдөнө. Яаралтай  хамрын хагалгаанд ор гэсэн. Цаашид хэдэн төгрөг гарахыг би мэдэхгүй байна. Өдрийн хоёр гурав нааш, цааш явдаг. Хөдөө малтай мал дээрээ хүн хөлсөлж байгаа. Өдрийн 30,000 төгрөгөөр мал харж өгдөг. Эд мал төллөж эхэлсэн үе. Би бараг 2 сар шахуу эмнэлгээр явлаа. Цаг олдохгүй маргааш, нөгөөдөр ир гэнэ. Заримдаа би яараад хувийн эмнэлгээр явна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү. Гоо сайхан, нүүрэнд тогтсон шарх сорвийг яаж эдгэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Эгийн хохирогчоор өгсөн: “..Манайх Хатгал тосгоны “Зүүн харгана” гэдэг  газар мал маллан амьдардаг юм. 2023 оны 05 дугаар сарын дундуур М.Лнад руу утсаар залгаад нөхөр Л.А манай төрсөн дүү Э.Гтэй хардаж наад янхан дүүгээ хямгад манай нөхрийг гэртээ байлгаад байна гэж хэлэхээр нь дүү маань Өмнө-говь аймагт ажил хийж байгаа юу яриад байгаа юм өөрөө нөхөр сүүдэртэй хүн гэж хэлтэл та нар бүгдээрээ янхан юм биш үү гэж хэлэхээр нь хариуд нь чи өөрөө янхан юм биш үү гэж хэлээд салгасан юм. Дараа нь М.Лнөхөртэйгээ нийлж манай төрсөн дүү рүү мессеж бичиж дарамталсан гэж байсан юм яг юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна мессеж нь манай дүүд байгаа юм. 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хатгал тосгоны Соёлын төвд бүжгэнд орж байтал М.Лирээд уулзмаар байна гадагш гаръя гэтэл “чи ямар сүрхий намайг янхан гэдэг юм гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа алгадахаар нь зөрүүлээд нүүр хэсэг рүү нь алгадсан юм. Тэгээд миний үснээс зулгааж элэг рүү өшиглөж унагаагаад хэд хэдэн удаа нүүр хэвлий хэсэг рүү өшиглөж зодсон гэж хэлээд /үснийхээ тасархай хэсэг гэх үсийг цүнхнээсээ гаргаж ирэв/ 2 гараа өргөж болохгүй байгаа. Толгой хүзүү өвдөж байгаа. Мөн зүүн талын хацар зулгарч халцарсан, зүүн гарын эрхийн хуруу хавдартай, 2 чих шуугьж өвдөж байгаа. Манай дүү Э.Гтэй нөхрөө хардсан асуудлаас болж ийм үйлдэл гаргасан байх. Өр авлага өш байхгүй. Гомдолтой байна. Гоо сайхан бие мах бодиороо хохирсон байгаа тул эмчилгээнд шаардлагатай мөнгө төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Шүүгдэгч Б.Мын хохирогчоор өгсөн:“... 2024 оны 03 дугаар сарын 03-ны орой Хатгал тосгоны соёлын төвөөс гараад музейн урд Төмөрөө гэдэг хүний эхнэртэй таараад чи яахаараа хүнийг доромжилдог юм бэ гэж асуухад намайг янхан банзал гичий гэж хэл амаар дахиад доромжилж эхэлсэн. Тэгээд би явах гээд холд гээд биед нь хүрчихсэн юм. Тэгсэн миний хоолойг боосон. Тэр үед гарт нь хатуу юм миний хоолой руу тулгаад байсан. Тэрний боолт орж би амьсгалж чадахгүй биеийн аль хэсэгт хүрснээ мэдэхгүй байна. Би ямар ч байсан үснээс нь зулгааж боолтыг тавиулсан. Миний хоолойд тулгаад байсан зүйлийг машины түлхүүр байсныг дараа нь мэдсэн.  Тэр эмэгтэйн төрсөн дүү Ч.Г гэдэг санаж байна. Манай нөхөртэй 2023 онд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж уулздаг байсныг би мэдсэн юм. Тэгсэн эгч нь байна гээд нэг эмэгтэй 2023 оны 12 дугаар сард байх над руу залгаад намайг хохь чинь, чи өөрөө янхан гэх мэт үгээр доромжилж 2 удаа ярьсан юм. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Бид 2-г маргалдаж зодолдоход өөр хүн байгаагүй.  Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “... Б.Эгийн хувьд 2024 оны 03 дугаар сарын 05, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус тус 22.000 төгрөгийн тусламж, үйлчилгээ авч, нийт 44.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ мөнгөн дүнг гэм буруутай этгээд төлж барагдуулвал өөр нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй...” гэх  мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 24, 27 тал/,

Гэрч Б.Лгийн өгсөн: “...Б.М манай эхнэр, Э.А нь манай нутгийн хүүхэн байгаа юм. Мэднэ. Тухайн орой 22 цагийн үед М.Лнад руу залгаж би гарлаа шүү гэж хэлсэн. Би тэр орой гадуур явж байгаад 23 цаг өнгөрч байхад гэртээ харьсан чинь манай эхнэр Б.М гэртээ ирчихсэн байсан бөгөөд хүзүү хоолой нь улайчихсан нүүрэндээ маажуулсан бололтой шалбарчихсан, эрүү нь хавдчихсан, духан дээрээ овойж хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би чи юу болов, яачхав гэсэн чинь Соёлын төвийн гадаа Э.Атай зодолдоод ийм болчихлоо гэж хэлж байсан. Манай эхнэр бол тухайн өдөр намайг гэрээсээ 17 цагийн үед гарахад нүүр ам нь тийм болоогүй зүгээр байсан. Э.А гэх эмэгтэй над руу залгаад чи хүрээд ир, би танай эхнэртэй уулзаж байна гэсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлчхээд очоогүй. Дараа нь манай эхнэр Э.Агийн утсаар бас надтай яриад “би Э.Атай уулзаад байж байна, чи хүрээд ирээч” гэж хэлж байсан. Тэгээд би за за гэчхээд очоогүй. Тэгсэн чинь тэр хоёр хоорондоо зодолдсон асуудал болсон байсан. Би Э.А-ын дүү Э.Г гэх эмэгтэйтэй 2022 оноос хойш уулзаж байсан юм. Тэр асуудлаас болж манай эхнэр М.ЛЭ.Г нар маргалдаад хоорондоо тухайн өдөр таарч зодолдсон асуудал болсон байсан. Одоо Хатгал тосгонд бол байхгүй. Өмнөговь аймаг руу л ажил хийдэг гэж сураг дуулдаж байсан. Би хаана байдгийг нь сайн мэдэхгүй байна. Би одоо бол харилцаа холбоо барьдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаартай: “...Б.Мын биед хүзүү, доод уруулын холбоос, дух, эрүүнд цус хуралт, завьжинд язрал, баруун нүд, зүүн дээд зовхи, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Б.Мын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдийг нь хэрэг гарсан гэх цаг  хугацаанд  үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 146 дугаартай: “...Б.Эгийн биед хамар ясны хугарал, хоёр хацар, баруун гарын сарвуунд зулгаралт, хамар, дух, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн гэмтэл, завжинд язрал, гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Б.Эгийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдийг нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 40 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримт хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-53 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Эгийн өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны соёлын төвд бүжгэнд ороод байж байтал манай сумын иргэн М.Лгэдэг хүүхэн орж ирээд над дээр ирээд хоёулаа гарч уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би дагаад Соёлын төвийн гадаа гарсан чинь тэр хүүхэн “чи яасан их хүн доромжилдог юм” гээд намайг шууд нүүр рүү баруун гараагаа зүүн хацар руу нэг удаа алгадчихсан. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараагаа зүүн хацар руу нь нэг удаа алгадсан. М.Лманай дүү Э.Гийг нөхөртэйгээ хардаж уурлаад над руу залгаж танай дүү манай нөхөртэй уулздаг, янхан банзал энэ тэг гэсэн юм ярьсан. Тэрнээс болж бид хоёр 2023 оны 05 дугаар сард утсаар нэг удаа хэрүүл хийж байсан юм. Би тэр хэрүүлийг ярьж байна гэдгийг ойлгосон. Тэгээд би "чи нөхрөө дуудчих, би ойлгуулаад хэлээд өгье” гэж хэлсэн. Тэгсэн чинь М.Лнадад утас байхгүй, чи манай нөхөр рүү залгачих гэж хэлсэн. Тэгэхээр би залгасан чинь нөхөр нь утсаа авсан мөртөө “та хоёр яачхаад байгаа юм” гээд ирээгүй. М.Лч гэсэн өөрөө утсаар ярьж хүрээд ир, би Э.Атай соёлын төвийн гадаа уулзаад байж байна гэсэн ч нөхөр нь бас л ирээгүй. Тэгээд М.Л2-лаа ийшээ очьё, та нар яасан сүрхий янхнууд вэ гэхээр нь би дагаад явсан. Соёлын төвөөс баруун тийш нилээн явж байгаад эзэнгүй хашаа руу орсон. Тухайд үед гадаа гэрэлгүй, тас харанхуй байсан. М.Лнамайг дагуулж тэр хашаа руу орсон. .. Би утсаа чихэн дээрээ бариад зогсож байсан чинь М.Лнамайг шууд гэдэс рүү өшиглөчихсөн чинь миний элгэнд ороод би эвхэрч тонгойсон. Тэгсэн чинь М.Лнамайг хоёр гараараа үстэж аваад зуурч дараад унагаагаад дээрээс хэд хэд өшиглөж цохиж дэвссэн. Хэвтэж байхад толгой нүүр рүү өшиглөөд цохиод байсан. Би гараараа тэмтчиж байтал М.Лын куртикний зах нь баригдсан. Тэгэхээр нь би захнаас нь барьж авч зууралдсан. Тэгэхэд би гартаа машины түлхүүр барьсан байсан болохоор тэр түлхүүртэй гараараа захнаас нь барьж зуурч авсан. Би тавихгүй байхаар нь тавиулах гэж ноцолдож, самардаж байхдаа үснээс нь зуурч авсан. Тэгсэн чинь М.Л одоо тавь гичий минь гэсэн. М.Лч гэсэн намайг үстчихсэн байсан. Тэгээд би "чи эхэлж барьж авснаараа чи өөрөө тавь” гэсэн чинь намайг дээлийн захнаас заамдаж барьсан гараа эхлээд тавьсан. Тэгж зууралдсан байхад бол бид хоёр хоёулаа газарт хажуу талаараа хэвтчихсэн, зууралдчихсан байдалтай байсан. Би М.Лыг заамдсан гараа тавьчихаар нь үстсэн гараа бас тавьж бид хоёр салсан. Би босож ирээд утсаа харанхуйд хайж байтал М.Л намайг хохь чинь гэж хэлээд зогсож байсан. Тэгж байтал манай эгчийн хоёр охин болох Алтантуяа, Энхтуяа хоёр цаанаас гарч ирж таарсан. Би тэр хоёрыг байна гэдгийг таниад хүрээд ир гэж дуудсан. Тэр хоёр ирээд намайг нүүр ам чинь ямар аймар болчихсон юм бэ гээд гайхаад л байсан. Миний утас руу тэр хоёр залгаж олж өгсөн. Тэгэхэд бол М.Лэзэнгүй хашааны гадаа утсаар ярьчихсан, юу ч болоогүй юм шиг зогсож байсан. ..  би 7038102 тоот дугаар руу залгаж Хатгалын цагдаагийн дугаарыг олж аваад ярьсан чинь дуудлаганд явж байна, хэсэг хугацааны дараа цагдаагийн хэсэг дээр очно тэгэхээр хүрээд ир гэж байсан. Би Хатгалын эмнэлэг орж цусаа цэвэрлүүлж аваад цагдаа дээр очиж уулзаж болсон асуудлын талаар хэлсэн. Цагдаа тэмдэглэж авлаа гэж байсан. Тэгээд би хөдөө гэр үүгээ явсан. Тэгээд нөгөөдөр нь би Мөрөн суманд цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгч, шинжээч эмчид үзүүлсэн. Хувийн эмнэлгээр явж хамраа засуулж янзлуулсан. Би яг М.Лыг цохиж зодох санаа зорилго байгаагүй. Намайг үстээд дарчихсан дээр гарч суучхаад толгойн ар талаар хэд хэд газар савж мөргүүлээд цохиж зодоод байсан болохоор би эсэргүүцэл үзүүлж, биеэ хамгаалах гэж харанхуйд урдаас нь хоёр гараа сарвагануулаад самардаад л байсан. Тэгж байтал энгэр нь баригдахаар нь татаад толгойн үс нь баригдахаар нь үснээс нь татаж дарж зулгааж М.Лдээр хэлсэнчлэн одоо тавь гичий минь гэхээр нь өөрөө тавь гэж хэлж байж тавиулж салсан. Тэрнээс бол би санаатай зодож цохиогүй. Хүн дээр гараад суучхаар чинь ямар ч босох боломжгүй байгаа юм чинь. Би биеэ хамгаалах гэж урдаас нь сарваганалгүй л яахав дээ. Зүгээр хэвтүүлээд зодуулаад байлтай биш. Тэр орой нь би утсан дээрээ авсан зураг бас байгаа. Өөр хүн байгаагүй. Бид хоёр хоёулаа л байсан. ..  Би хоёр хоногт нэг дээл оёж гаргадаг хүн. Нэг дээлийг 80.000 төгрөгийн өлтгөөр оёдог юм. Уг асуудлаас болж хуруу гэмтээд одоог болтол дээл хувцас оёж чадсангүй. Тэгэхээр өнөөдрийг хүртэл 18 хоногийн хугацаа лав өнгөрсөн байна. Энэ хугацаанд дээл хувцас оёж олох байсан ашиг 720.000 нэхэмжилнэ. Нааш цаашаа ирж очих явдлын зардал 150.000 төгрөг, хамар янзлуулсан 150.000 төгрөг, уг асуудлаас болж эмчилгээ хийлгэх гэж хүнээс мөнгө зээлж авсны хүү, малаа хүнд харуулж үлдээгээд өгсөн хөлс мөнгө гэх мэт нийтэд нь бодоход би одоо М.Лаас 4 сая төгрөг нэхэмжилж байна. Надад яг одоо өгөх баримт байхгүй. Би бол эрүүл байсан. М.Лыг эрүүл согтуу байсан эсэхийг нь бол мэдэхгүй байна. Илт архи дарс үнэртэхгүй л байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

  Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Соёлын төв дотор бүжгэнд орж байтал манай сумын Төмөрөөгийн эхнэр ороод ирчихсэн бүжиглэж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Төмөрөөгийн эхнэр /нэрийг нь мэдэхгүй эмэгтэй/-тэй уулзсан. Тэр эмэгтэйтэй би яагаад уулзах болсон бэ гэхээр тэр эмэгтэйн дүү гэх эмэгтэй нь манай нөхөр Л.А уулзаж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд 2-3 жил болсон байсан. Тухайн асуудлаас болж би тэр дүү рүү нь уурлаад тэгсэн чинь Төмөрөөгийн авгай над руу 2023 оны сүүлээр над руу залгаж намайг доромжилж хэрүүл маргаан хийж байсан. Тэгж ярихдаа намайг янхан гэж дуудаж, чи угаасаа ийм банхар царайтай болохоор нөхөр чинь манай дүүгийн араас гүйж байгаа ш дээ гэх зэргээр хэлж ярьж байсан. Тэрийг нь би бодоод уулзсан юм. ..  Тэр өдөр бол би тэр эмэгтэйтэй яах гэж уулзсан гэхээр тэр эмэгтэйгээс “чи хүний эгч юм бол дүүдээ болохгүй гэдгийг нь хэлж ойлгуулахын оронд яахаараа ингэж намайг доромжилж янхан гичийгээр дуудаж байдаг юм” гэж хэлэхээр уулзсан. Би тэр эмэгтэйг гарч уулзая гэж дуудаад Соёлын төвийн гадаа гарсан. Тэгээд урьд нь намайг доромжилж утсаар ярьж байсан талаар хэлсэн чинь урдаас тэр эмэгтэй “хохь чинь, танай нөхөр манай сайхан дүү рүү өөрөө л гүйсэн. Миний утсаар ч хүртэл ярьж байсан, чи угаасаа өөрөө янхан, чам шиг ийм арчаагүй банхар нохой руу хэн очдог юм, чи жил болгон хавар хот явж биеэ үнэлдэг хүүхэн биз дээ” гэх зэрэг зүйл хэлж ярьсан. Бид хоёрын Соёлын төвөөс гараад баруун тийш явж музейн урд талын эзэнгүй хашаанд орж уулзсан. Тухайн хашаа нь гэрэлгүй, харанхуй хашаа байсан. Бид хоёрыг тэр хашаанд уулзаж байхад өөр хүн хажууд байгаагүй. ...Тэр эмэгтэйг би бас надтай адилхан эмэгтэй хүн юм чинь бас ойлгох юм болов уу гэж бодоод ярилцах гэсэн болов ч урдаас намайг шууд доромжилж ярихаар нь би уур хүрээд “чамтай угаасаа ойлголцохгүй юм байна” гээд холдуулах гээд гараараа түлхсэн чинь тэр эмэгтэй намайг барьж заамдаж аваад хоолой боосон. Хоолой бооход нь гарт нь нэг хатуу юм байсан. Тэр нь юу байсанг мэдэхгүй байна. Намайг боогоод бараг ухаан алдуулах гэж байсан, би газарт уначихсан байсан. Тэр эмэгтэйг тавиулах гэж нилээн ноцолдсон. Гэхдээ би манараад ухаан алдах шахам болсон байсан болохоор эсэргүүцэж яаж цохиж барьснаа сайн мэдэхгүй байсан. Тэгж ноцолдож байгаад эрхий хурууг нь хойш нь дарсан чинь арай нэг сулраад чөлөө гарахаар нь тавиач чи болиоч гэж хэлээд тавиулсан. Тэрнээс дуугарах ч боломжгүй болгож намайг боосон байсан. Тэгээд би босоод тэндээс гарч яваад шууд гэртээ ганцаараа алхаж харьсан. Гэрт очиход манай ээж Бямбаа, хоёр хүүхэд маань байсан. ... Миний хүзүү хоолой зулгарч улайсан, эрүү хоёр талдаа ангайхад хөндүүртэй, хавдартай байсан. Нүүрэнд маажуулсан, шалбарсан байсан. Духны баруун дээд хэсэгт хавдартай байсан. Би шаардлагатай тохиолдолд холбогдох баримтуудаа гаргаж өгч, нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирлоо тогтоолгож нэхэмжилмээр байна. Би уг асуудлаас болж нааш цаашаа дуудагдаж явсан. Нүүрэнд учирсан гэмтэл шархнаас болж ажил тасалдсан учир ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ. Би сард 1.400.000 төгрөгөөр цалинжиж ажилладаг. Би бол архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэр эмэгтэйг бол хэрэглэсэн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Надад илт архи согтууруулах ундаа үнэртэж анзаарагдаагүй. Би яг одоогоор хавирга хоорондын мэдрэлийн судас цочирсон гэдэг оношоор мэдрэлийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа. Уг өвчин нь сэтгэл санааны хямралаас үүдэлтэй үүсдэг гэсэн. Уг асуудал болсноос хойш бол би их сэтгэл санааны хямралтай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Гэм буруугийн тухайд харилцан шүүгдэгч Б.М, Б.Э нар нь харилцан зодолдож 2024 оны 3 дугаар сарын 3-ны өдөр бие биедээ гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг тус бүр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох дүгнэлт гаргаж байна. Хохиролтой холбоотой дүгнэлтээ танилцуулъя. Б.Эгийн зүгээс 171,400 төгрөг нэхэмжилснийг Б.М барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралд 3 ширхэг баримт 330,000 төгрөгийн баримт гаргаж өгснөөс 160,000 төгрөгийн баримт хуулбар тамга тэмдгээр баталгаажаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир 160,000 төгрөг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл Барнууд гэсэн хувийн эмнэлгээс эмчилгээ үйлчилгээ авсан 20,000 төгрөг, 150,000 төгрөгийн хоёр баримт буюу нийт 170,000 төгрөгийн эх баримт буюу нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэж байна. Ийм учир шүүгдэгч Б. М.Лаас 170,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эд олгуулах, мөн хохирогч Б.Эд цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй зардлыг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх санал гаргаж байна.

Хохирогч Б.Мын тухайд өнөөдрийн шүүх хуралд гаргаж өгсөн эм, эмчилгээ авсан талаарх 9 ширхэг баримт, замын зардал гарах боломжтой учир хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна гэж үзэж байна. Мөн сарын цалин 1,100,000 төгрөгийн ажил үйлчилгээг хор уршиг гэж үзэж байна. 1,521,370 төгрөгийн баримт дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 264,000 төгрөгийн баримтыг нэмээд 1,785,370 төгрөг хохирол хор уршиг гэдэг үүднээс шүүгдэгч Б.Эгаас гаргуулж хохирогч Б.Мд олгуулах саналтай байна. Мөн цаашид гарах сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэсэн учир эрхийг нь нээлттэй үлдээх нь зөв байна гэсэн байр суурьтай байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 44,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй  гэв.... гэх дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Л.Цогтбаярын  гаргасан: “..Миний үйлчлүүлэгч өөрийгөө хамгаалах зорилгоор түүнтэй харилцан зодолдож гэмтэл учруулсан учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэг өгсөн тул буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хохирлын баримт дээр тодорхой хэдэн зүйлийн дурьдаж хэлье. Хохирлын баримтаар гаргаж өгснийг хор уршиг гэж үзэж гаргуулах нь зүйтэй гэж үзэж байх шиг байна. Гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 1,785,357 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний журмаар нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл нотлох баримтын шаардлага хангаагүй. Яллах дүгнэлтэд Б.М нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж байсан. Шүүх хуралдаан дээр эдгээр баримтыг гаргаж өглөө. Эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 1,400,000 төгрөгийн цалин авах байсан гэдэг байдлаар шүүх гаргах үндэслэлгүй. Мөн  бензин авсан, эм авсан гэдэг баримтууд нь Б.М авсан гэдэг баримт биш. Магадгүй Л.Цогтбаяр өмгөөлөгч бензин авсан баримтыг аваад хавсаргасан байхыг үгүйсгэхгүй. Ийм учир Б.М авсан баримт биш байна гэж үзэж байна. Мөн эмийн үйлчилгээ авсан баримтууд шаардлага хангахгүй байна. 1,785,357 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай. Мөн миний үйлчлүүлэгч хамрын яс хугарсан хөнгөн зэргийн гэмтэл авсан. Өөрийнх нь хэлж байгаагаар 460,000 төгрөгийн үйлчилгээ авна гэж ярьж байгаа. Гэвч Улаанбаатар хот явах уу, энд хийлгэх үү гэдэг нь эргэлзээтэй.Хацар дээрх сорив хүндрэлтэй байгаа. Ийм учир цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлээх саналыг гаргаж байна. Сэтгэл санааны хохирлыг хувьд харилцан зодолдсон. Бие биеэсээ уучлалт гуйж байгаа тохиолдолд сэтгэл санааны хохирол нэхэмжлэн гэх юм бол бие биеэсээ нэхэмжлээд явах эрх зүйн үр дагавар үүсэх учир иргэний журмаар нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...”  гэх дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Манлайбаярын  гаргасан: “..Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргахгүй, хохирогчоос уучлалт гуйж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг улсын яллагчийн зүгээс ярьж байна. Улсын яллагчтай санал нэг байна. Миний үйлчлүүлэгч эм эмчилгээтэй холбоотой 183,570 төгрөг, шатахууны зардалтай холбоотой 237,800 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалинг хөлс 1,100,000 төгрөг. Үүнтэй холбоотой ажилд томилсон тушаал, чөлөө олгосон хуудас нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх  баримтууд гаргаж өгсөн. Энэ баримтуудыг үндэслээд шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 232, 497, 505 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 1,785,375 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Эгаас гаргуулж миний үйлчлүүлэгчид олгохоор шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. Сэтгэл санааны хохирлыг мөн нээлттэй үлдээж өгөөсэй гэж хүсэж байна. Хохирогч Б.Э 171,400 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. 160,000 төгрөг улсын яллагчийн хэлсэнчлэн нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримт байгаа учир нотлох баримтаас хасаж тооцож өгөөсэй гэж хүсэж байна. 20,000 төгрөг, 150,000 төгрөгийн 2 ширхэг баримт байгаа. Өөрөө Жаргалан эмнэлгээс үйлчилгээ авсан гэж байгаа боловч Жаргалан гэдэг эмнэлгийн тамга тэмдэг биш, Хөвсгөл Барнууд гэж өөр нэршилтэй байгаа учир нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж харж байна...” гэх санал дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

 Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч  Б.Э, Б.М, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, гэрч Б.Л нарын мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаартай  дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны Соёлын төвийн ойролцоо эзэнгүй хашаанд Б.Этай “нөхөр Б.Лг төрсөн дүү Э.Гтэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж нүүр хэвлий рүү нь өшиглөн зодож биед нь хамар ясны хугарал, хоёр хацар, баруун гарын сарвуунд зулгаралт, хамар, дух, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн гэмтэл, завжинд язрал бүхий  гэмтэл учруулсан,

  Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны Соёлын төвийн ойролцоо эзэнгүй хашаанд Б.Мтай “нөхөр Л.А төрсөн дүү Э.Гтэй хардлаа”  гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж,  нүүр рүү нь алгадаж, хоолойг нь боож биед нь хүзүү, доод уруулын холбоос, дух, эрүүнд цус хуралт, завьжинд язрал, баруун нүд, зүүн дээд зовхи,  эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эгийн биед хамар ясны хугарал, хоёр хацар, баруун гарын сарвуунд зулгаралт, хамар, дух, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн гэмтэл, завжинд язрал бүхий гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мын биед нь хүзүү, доод уруулын холбоос, дух, эрүүнд цус хуралт, завьжинд язрал, баруун нүд, зүүн дээд зовхи, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд Б.М, Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.М, Б.Э нар нь харилцан бие биедээ халдаж, Б.М, Б.Э нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учирсан байх бөгөөд хэн аль нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний  эрх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд бодитоор халдсан буюу Б.Эгийн биед учирсан хамар ясны хугарал, хоёр хацар, баруун гарын сарвуунд зулгаралт, хамар, дух, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн гэмтэл, завжинд язрал бүхий гэмтэл, Б.Мын биед хүзүү, доод уруулын холбоос, дух, эрүүнд цус хуралт, завьжинд язрал, баруун нүд, зүүн дээд зовхи, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.Э, Б.М нарын гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд хийсэн хууль бус, идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүсчээ.

Шүүгдэгч нарын харилцан зодоон хийж, хэн альныхаа эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.М, Б.Э нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

  Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

  Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эгийн биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мын биед хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М нь эм эмчилгээний зардал 183,570 төгрөг, шатахууны зардал 237,800 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,100,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн зардал 264,000 төгрөг нийт 1,785,357 төгрөгийг шүүгдэгч Б.Эгаас нэхэмжилж байна, мөн сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж  өгнө үү гэх тайлбар гаргаж нотлох баримтыг  ирүүлжээ.

  Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 89 дүгээр талд авагдсан /30,000, 40,000, 50,000, 50,000, 30,000, 37,800/ =237800 төгрөгийн шатахууны зардлыг хэрэгт авагдсан  баримттай тулгахад цаг хугацааны хувьд зөрүүтэй, мөн хх-ийн 90 дүгээр талд /6,560, 121,360, 12,500, 2,700, 12,400, 2,850, 9,000, 8,700, 7,500/ 183,570 төгрөгийн авагдсан эмийн сангийн е баримтууд нь  эмчийн  бичиглэл бүхий карт хавсаргагдаагүй, эмчилгээ бичсэн эмчийн жор бичсэн баримт байхгүй байх тул дээрх нийт 421.370 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн хохирогч  Б.Мын  гаргасан нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны зардал 1.100.000 төгрөгийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн зардал 264,000 төгрөг нийт 1,364,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тодруулбал Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байх боловч хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 03 дугаар  сарын 12-ны өдрийн 148 дугаартай дүгнэлтэд “хохирогч Б.Мын гэмтэл..Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэж заасан байх тул хохирогч Б.Мын ажилгүй байсан хугацааны зардал 1.100.000 төгрөгийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн зардал 264,000 төгрөг нийт 1,364,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

    Иймд хохирогч Б.Мын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн зардал нийт 1,364,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  түүний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол, эмчилгээтэй холбоотой болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай  холбоотой  гарсан зардал 421.370 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа  бүрэн бүрдүүлэн иргэний  журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Э нь эм, эмчилгээний зардал 171,400 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж хх-ийн 56 дүгээр талд авагдсан /111,400, 60,000/ 171,400 төгрөгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хх-ийн 94-96 дугаар талд авагдсан /160,000, 150,000, 20,000/ 330,000 төгрөгийн баримтыг тус тус  ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эгийн нэхэмжилсэн 171,400 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Эгийн нэхэмжилсэн 330,000 төгрөгийн нэхэмжлэлийн баримтаас 160,000 төгрөгийн баримт нь хуулбар хувь, 20,000, 150,000 төгрөгийн баримтууд нь  эмнэлгийн байгууллагын тамга тэмдэггүй, шүүгдэгч нь Жаргалан эмнэлэгт үзүүлж эмчилгээ үйлчилгээ авсан гэх боловч Хөвсгөлбарнууд гэх өөр нэршилтэй баримт хавсаргасан, мөн эмчийн  бичиглэл бүхий карт хавсаргагдаагүй, эмчилгээ бичсэн эмчийн жор бичсэн баримт  байхгүй байх тул эм, эмчилгээний зардал 330,000 төгрөгийн зардлаа, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 44,000 төгрөгийг шүүгдэгч Б.Маас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 44,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд  2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Мыг  иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Хоёр: Шүүгдэгч нарт  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Б.М, Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Б.М, Б.Э нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г, шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн”-г тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзаад  шүүгдэгч нарт торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Э, Б.М нарт 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Манлайбаяр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн  шинж чанар, нөхцөл байдал, хэр хэмжээ зэрэгт эрүүгийн хариуцлагын ял шийтгэл тохирсон байна гэсэн зохицуулалт байна. Үүнээс гадна эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, хохирол төлбөр төлөх зорилгыг агуулж байдаг. Миний үйлчлүүлэгч хохирол, төлбөрөө төлсөн. Анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Тэр ч агуулгаараа өнөөдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө эрүүл мэндийн даатгалын санд 44,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Мөн хохирогч Б.Эд учирсан 171,400 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулж тооцож өгөөсэй гэж хүсч байна. Мөн хохирогчийн хууль бус үйлдэл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд орно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудаар хангагдана гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал байдаггүй. Хувийн байдлын тухайд ам бүл 4, нөхөр хоёр хүүхдийн хамт байдаг. Өрх гэрээ тэжээн тэтгэж Цагаан Уул тур компанид ахлах тогоочоор ажилладаг. Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл байдлын тухайд миний үйлчлүүлэгч сэтгэл санааны хохирол амссан байдалтай холбогдуулж ярьдаг. Гэр бүлээс гадуур харилцаа үүссэн нөхцөл байдал үйлдэл хийхэд хүргэсэн. Хохирогчийн хууль бус үйлдэл буюу хорио цээртэй үгээр намайг удаа дараа доромжилж байсан нь ийм нөхцөл байдалд хүргэхэд гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэл байна гэж үзэж шүүхэд хүсэлт гаргаж байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагыг чөлөөлж болно гэсэн байгаа. Миний үйлчлүүлэгчийн нөхцөл байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, чөлөөлөх нөхцөл байдал бий болж байна гэж харж байна. Нэгэнт хууль тогтоогчоос тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас гэмт хэрэгт холбогдсон байдлыг анхаар ч үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа хариуцлага, хохирол төлнө гэдэг байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж шуурхай явуулж ирсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү...” гэх санал дүгнэлт,  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байгаа. Б.Э тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Гэмт хэрэг гарсан байдал нь Б.М гэдэг хүний гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн гэр бүлдээ уурласан уураа гаргаж бүжигт орох гэх байхад нь гараад ир гэж дуудсаны улмаас гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болдог. Тийм учир Б.Эг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх санал дүгнэлтийг тус тус  гаргажээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.М нарыг тус бүр таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс  шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж  өгнө үү гэх  санал дүгнэлтийг гаргаж байх боловч  дээрх  дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Тодруулбал шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хор уршиг бүрэн дүүрэн арилаагүй, хохирогч Б.Эгийн гоо сайхны хувьд хохирол хор уршиг арилаагүй, хохирогч Б.Мын сэтгэл санааны хохирол хор уршиг арилаагүй түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар гомдолтой байна гэх тайлбарыг гаргаж, цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар  нээлттэй  үлдээх саналыг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан  хохирол хор уршиг бүрэн арилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э, Б.М нарт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч М.Л, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  М.Л, Б.Э нарыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

         3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Э нарт оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  тус бүр 90 (ер)  хоногийн хугацаагаар төлүүлэхээр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

         5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар  шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Эд 171,400 (нэг зуун далан нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 44,000 (дөчин дөрвөн мянга)  төгрөгийг  тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Мын нэхэмжлэлээс 1,364,000 (нэг сая гурван зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол болон 421,370 (дөрвөн зуун хорин нэгэн мянга гурван зуун далан мянга)  төгрөгийн хохирлоо  шүүглэгч Б.Эгаас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч Б.Э нь  шүүгдэгч Б.Маас  330.000 (гурван зуун гучин мянга)  төгрөг болон нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

         6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН