Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 181/2018/00841/и |
Дугаар | 1582 |
Огноо | 2018-07-06 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 1582
МАГАДЛАЛ
2018.07.06 Дугаар 1582 Улаанбаатар хот
Ш А ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00841 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ш А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч НШШГГ-т холбогдох,
Алт олборлох тусгай зөвшөөрөл болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, алт олборлох тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ө,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 06 сарын 25-ны өдрийн 506 дугаар тогтоолоор Ш А ХХК-иас 2 624 614 140 төгрөг КБ-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу НШГА шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт заагдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст бичигдээгүй ажиллагаануудыг явуулж миний эрхийг ноцтой зөрчиж байгаа үндэслэлээр шүүхэд хандахад хүрлээ. Ш А ХХК-ийн хувьд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уурхайн карьерт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлт нөхцөл байдал үүссэний улмаас их хэмжээний үргүй зардал гарч, олборлолтын хугацаа хойшлогдоод байгаа ба энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа хүсэлт гомдлоор танилцуулж уурхайн үндсэн үйл ажиллагаа болох алт олборлолтын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр төлбөрийг төлөх нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төлбөр төлөгч компанийн хувьд 2.6 тэрбум төгрөгийг уурхайн үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байж уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой юм. Гэтэл НШГА нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нэрийдлээр шүүхийн шийдвэрт тусгагдаагүй тус компанийн алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 20-р байр, 16 тоот 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн, худалдан борлуулах ажиллагааг явуулж манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаад гомдолтой байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59-р зүйлд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дарааллыг эхний ээлжинд үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй эд хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүн, бусад материалыг битүүмжилж, хамгийн сүүлд тусгай зөвшөөрлийг битүүмжлэхээр зохицуулсан байтал шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль бус үйл ажиллагаа явуулж дээрх хөрөнгүүдийг шууд битүүмжлэн худалдан борлуулах ажиллагаа явуулж хууль зөрчиж байна. Иймд Ш А ХХК-ийн алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байр, 16 тоот хаягт байрлах 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Д.Д-д удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул банк дахь харилцах данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйл, 59 дүгээр зүйлийн 59.1.5-д заасны дагуу Ш А ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ашигт малтмалын ашиглалтын 282 А, 12665 А тоо тусгай зөвшөөрлүүдийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001 дугаартай хураах тогтоолоор хураан авсан. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 16 тоот 4 өрөө орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 002 дугаартай хураах тогтоолоор тус тус хураасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй ба битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул төлбөр төлөгч Ш А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.1.1, 36.1.1-т заасны дагуу эд хөрөнгийг битүүмжлэх эрхтэй байдаг. Битүүмжилсэн тогтоол нь тус хуулийн 36.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зөвхөн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдсөн бэ, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эд зүйлээс шаардлагаа хангуулах давуу эрхтэй. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу тогтоол үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрбөл шүүхэд 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан байгаа. Хуульд заасан энэ хугацаа өнгөрсөн байна. 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамж хэрэгт эх хувиараа авагдаагүй байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг талуудад мэдэгдсэн талаар баримт байдаггүй.
Хавтаст хэргийн 186 дугаар хуудаст нэг канондсон хувь, нэг хуулбар үнэн хувь байдаг. Өмнөх материалыг үзэхээр 2017 оны 10 дугаар сард үйлдэгдсэн баримтын ар талд гарч ирсэн байдаг. Тэгэхээр шүүгчийн захирамжийг талуудад танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй. Энэ хугацаанд шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээгүй байх хооронд үнэлгээний процесс явагдсан байдаг. Нэхэмжлэгч тал мөн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан, ашигт малтмалын 12665 А, 282 А тоот лицензийг битүүмжилсэн тогтоол, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 16 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, ашигт малтмалын 12665 А, 282 А тоот лицензийг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хууль зөрчиж хийгдсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай, Ш А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ш А ХХК-иас С.Ө надад олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа болохыг шүүх хуралдаанд орохын өмнө мэдэгдсэн болно. Тухайн үед захирал Д.Д нь Өвөрхангай аймагт аавыгаа сахиж байсан ба Шүүх хуралдаан дээр миний бие өөрийн биеэр орж захирал н.Д-ааг хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг танилцуулж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, итгэмжлэлийг сунгуулах боломж олгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Гэтэл шүүгч "С.Ө-ийн итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа учир шүүх хуралдаанд оролцох эрхгүй, ирцэд ирснээр тэмдэглэхгүй, харин ажиглагчаар сууж болно, хүсэлтийг чинь хүлээж авах үндэслэл байхгүй" гээд намайг нэхэмжлэгчийн суудлыг чөлөөлөхийг шаардаж зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс болон хүний эрхийн мэдрэмж талаасаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч итгэмжлэлийг сунгуулах боломжийг нэг удаа олгосноор хуулийн ямар зүйл заалт зөрчигдөх байсан нь ойлгомжгүй байгаа болно. Иймд нэхэмжлэгч Ш А ХХК-ийн шүүх хуралдаанд оролцож хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох зэрэг хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ш А ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан алт олборлох тусгай зөвшөөрөл болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, алт олборлох тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад нэхэмжлэгч нь алт олборлох тусгай зөвшөөрлүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэрээр Ш А ХХК-иас 2 624 614 140 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийг үндэслэн НШГА шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, нэхэмжлэгч Ш А ХХК-ийн алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дугаар хороолол, 20 дугаар байр, 16 тоот 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авсан. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлд зааснаар ”Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилон, хөрөнгийн үнэлгээ гаргуулсан, шинжээч нь төлбөр төлөгч болон төлбөр авагчийн төлөөллийг байлцуулан хөрөнгийн үнэлгээ гаргасан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээтэй холбогдох гомдлоо нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гаргаагүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан журам, хугацаанд нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар нэхэмжлэгчид 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүнд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссаныг тухайн үед мэдэх боломжтой байсан ба шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл буюу 8 хоногт итгэмжлэлтэй холбоотой асуудлаа шийдвэрлээгүй, зохигчдыг байлцуулахгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
М.НАРАНЦЭЦЭГ