Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/362

 

  

 

 

 

 

 

 

 

      2024          5               7                                    2024/ШЦТ/362

 

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч ***

хохирогч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны 5 дугаар сарын 11-нд *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө мал малладаг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт *** аймгийн *** сум, *** баг, *** гэсэн хаягт оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, *** дугаарын регистртэй,

*** овогт ***ийн ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 18-нд Баянгол дүүргийн * дугаар хороо, “***” нэртэй караокед хохирогч **** “тооцоогоо хий, үнэгүй ууж идэх гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглаж нүүр рүү нь гараараа цохиж түүний биед хамрын ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хэлний зүүн хажуу хэсэгт язарсан шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хэрэгт бүх зүйлийг зөв бичсэн байна, тиймээс дахиж ярихгүй. Би тухайн караоке-д зөөгчөөр ажиллаж байсан. Гэтэл хохирогч *** болон хамт явсан хүн нь тооцоогоо хийхгүй, тооцоо хий гэж хэлтэл намайг эхлээд *** цохисон. Тэгэхээр нь би түүнийг цохисон. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хөдөө орон нутагт байдаг болохоор хот руу тэр болгон ирээд байж чаддаггүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Хохирлын баримт байвал хохирлыг нь төлөх болно гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би энэ хүнийг тэр баарны ажилтан байсан гэж бодохгүй байна. Энэ залуугаас гадна өөр 3 хүн байсан. Эд нар бүгдээрээ нийлж намайг зодсон. Миний хувьд тэгтлээ согтуу байгаагүй. Харин энэ залуу өөрөө согтуу байсан. Би зодуулаад 7 хоног хэвтэрт байж ажилдаа очоогүйн улмаас намайг ажлаас халсан. Би *** дугаар сургуульд багшаар ажилладаг байсан юм. Хохирол, эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт надад одоо байхгүй. Тухайн үед томографикт үзүүлсний төлбөр 280.000 төгрөг болсон санагдаж байна. Энэ баримтыг мөрдөгчид өгсөн санагдаж байна. Гэхдээ 1 жил өнгөрсөн учир одоо сайн санахгүй байна. Миний хувьд 4 сая төгрөг нэхэмжилнэ гэж байгаа. Баримт бол байхгүй. Хохирлоо л барагдуулж авмаар байна. Шүүгдэгчид оногдуулах ялын талаар хэлэх саналгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлын газрын хүмүүс болох ***, *** нартай Баянгол дүүрэгт байрлах “***” нэртэй бааранд орж пиво ууцгаасан. Уг баарнаас гараад “***”, “***” хоёрын голд доошоо ордог караоке байсан ба тухайн караокед шөнийн 05 цагийн үед ороод ууж суусан. Тухайн караокены өрөөнд манайх хааж байна гээд нэг халамцуу залуу орж ирсэн. *** бид хоёр *** дүүг үлдээгээд гарах гэтэл тухайн караокены текэн дээр байсан залуу *** бид хоёрыг тооцоогоо хий гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр *** дүү рүү нь заагаад энэ залуу наад архийг чинь авч өгсөн. Та нар сэрээгээд асуу гэхэд тухайн залуучууд *** бид хоёрыг “үнэгүй ууж идэх гэлээ” гээд бидний сууж байсан өрөөнд 3 залуу гаднаас орж ирээд “мөнгөө төл” гэж бид хоёрыг зодож эхэлсэн. Би архи хэтрүүлэн хэрэглээд зарим зүйлийг огт санахгүй байна.

Миний биед гэмтэл учруулсан, миний нүүрэн хэсэгт 2-3 удаа цохиж мөн өшиглөсөн хүн *** гэдгийг таньж олуулах ажиллагааны явцад мэдлээ. Надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Миний эрүүл мэндэд хохирол учруулсан хүнээс 4.000.000 төгрөг нэхэмжилж байна” /хх-н 17-18, 20/ гэж,

гэрч *** “... хорооллын эцэст байдаг “***” нэртэй доошоо ордог караоке руу орсон. Би нэлээн архи уусан байсан учраас удалгүй гэр рүүгээ явсан. ***, ***, *** нар үлдсэн. Маргааш нь *** утсаар яриад тооцоо хийгээгүй маргаан болоод цагдаа дээр очсон гэж хэлж байсан” /хх-н 23/ гэж,

гэрч *** “... би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караокег 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээслэн ажиллуулж байсан. 2023 оны 3 дугаар сарын 18-ны шөнө танил ах *** найз нарын хамт дөрвүүлээ орж ирээд сууж байхаар нь өглөө ажилтай учраас дүү ***ийн ***г үлдээгээд унтсан. Сэрсэн чинь *** гэх залуу тооцоогоо хийхгүй байна гээд ***, *** нар маргалдаад бие биеийнхээ нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. *** гэх залуугийн хамраас нь цус гарсан байдалтай байсан” /хх-н 27-28/ гэж,

гэрч *** “... зөөгч *** гэх залуу ***ийг цохиж зодсон. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, гомдол санал байхгүй” /хх-н 30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***н биед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хэлний зүүн хажуу хэсэгт язарсан шарх, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна гэсэн *** тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 39-40/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ийн ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тухайлбал, шүүгдэгч *** урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй байгааг харгалзав.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 55/, нийгмийн  даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 57/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-н 58/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 59/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** нь “... надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй, ... миний эрүүл мэндэд хохирол учруулсан хүнээс 4.000.000 төгрөг нэхэмжилж байна” /хх-н 20/ гэсэн боловч хохиролтой холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу хавтаст хэрэгт хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримт авагдаагүй байна.

Иймд хохирогч ***ийн хохирол, эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийн ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч ***ийн хохирол, эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ