| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/03848/И |
| Дугаар | 181/ШШ2021/01004 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2021/01004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “МК” ХХК/РД: /-д холбогдох,
493 486 243 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
... Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дох хэсэгт зааснаар “Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5%-ийн алданги төлнө” гэж заасан. Алдангийг Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 311,982,495.00 төгрөгт тооцон 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гэрээний үүргийн үнийн дүнгийн 50% хувиас хэтэрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 зүйлийн 234.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байх тул үнийн дүнгийн 50%-иар алданги 155,991,248.00/нэг зуун тавин таван сая есөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин найман/ төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Иймд хариуцагч “МК” ХХК-иас Барилгын туслах материал түрээслэх гэрээний дагуу үүргийн үлдэгдэл төлбөр 311,982,495.00 төгрөг, алданги 155,991,248.00 төгрөг, борлуулалтын төлбөр 25,433,500.00 төгрөг, нотариатын зардал 79,000.00 төгрөг, нийт 493,486,243.00/дөрвөн зуун ерэн гурван сая дөрвөн зуун наян зургаан мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““МК” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бараа материалаа хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн энэ өдөр нь төлбөр тооцоогоо дуусгасан байх ёстой байтал тооцоогоо дуусгахгүй байсан учраас барилгын материал түрээслэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.9-д заасны дагуу “Х” ХХК-иас идэвхи санаачлага гаргаад төлбөр тооцоогоо хуваарь гаргаад төлөх талаар бичиг өгөөд явж байсан. Тэгэхээр “МК” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэл гаргасан гэдгийг дахин хэлмээр байна. Мөн барилга материал түрээслэх гэрээг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны гэрээ мэтээр яриад байна. Энэ гэрээ нь 2018 болон 2019 онуудад үйлчлэх гэрээ бөгөөд ямар нэгэн хугацаа заагаагүй гэрээ гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт алдангийн тухайд хариуцагч байгууллага болох “МК” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээд, мөнгө төгрөгөө цаг тухайд нь өгөөд явдаг байсан бол манай байгууллага илүү ашиг орлого олох бөгөөд алданги ч гэж тооцохгүй байх байсан. Алдангийг хэзээ тооцох вэ гэдгийг хариуцагчийн өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтаар бол 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс үүссэн гэж харагдаж байна. Иймд гэрээний дагуу алдангиа тооцсон. Нотариатын үйлдэл заавал шүүхэд эх хувиараа байхыг шаарддаггүй. Нотариатын шаардлага хангасан бол шүүхэд гаргаж өгөх боломжтой. Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Хэрвээ “МК” ХХК нь гэрээний үүргээ цаг тухайд нь гэрээний үүргээ биелүүлээд явсан бол манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаад нотариатын үйлдэл хийх шаардлагагүй байсан. Тэгэхээр энэ нь уг гэрээнээс үүссэн хохирол байгаа тул нотариатын үйлдлийн 79,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна.” гэв.
Хариуцагч “МК” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд Х ХХК нь манай компанид холбогдуулан “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 311,982,495 төгрөг, түүнд тооцсон алданги гэх 155,991,248 төгрөг борлуулалтын төлбөрт 25,433,500 төгрөг, нотариатын зардал 79,000 төгрөг нийт 493,486,243 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь үл зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “Барилгын туслах материал түрээслэх тухай” гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу түрээсийн харилцаа үүссэн.
Барилгын туслах материалын түрээсийн гэрээний дагуу 2018 онд нийт 290,555,300 төгрөгийн туслах материалыг манай компани авч үйл ажиллагаандаа ашигласан. Мөн өвлийн улирал болсонтой холбогдуулан барилгын туслах материалыг манай компанийн барилгын талбайд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл байлгасан бөгөөд талууд энэ хугацаанд түрээсийн төлбөр тооцохгүй байхаар тохиролцсон.
Дээрх тохиролцооны дагуу төлбөр тооцоог баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актад 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд хоног бүхий тооцоог нийлүүлэн 275,148,710 төгрөг гэж баталгаажуулсан боловч энэхүү дүнд хоног хугацааны алдаа гаргасны улмаас зөрүүтэй дүнг баталгаажуулсныг талууд хожим тодорхойлж ойлголцсон болно. Энэ талаар ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан бөгөөд эхний хүснэгтээс тодорхой харагдана.
Мөн 2019 онд түрээслэсэн төлбөрт 107,971,910 төлөх ёстой бөгөөд ийнхүү нийтдээ Х ХХК-д түрээсийн төлбөрт 398,527,210 төгрөгийг төлөх ёстой. Уг төлбөрөөс манай компани нь бэлэн мөнгөөр болон бартераар нийт 172,672,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр нь 225,855,210 төгрөг болно.
Бараа материал худалдан авсны төлбөр болох 25,433,500 төгрөг болон гэмтэлд 1,485,000 төгрөгийг мөн тус тус төлөх үүрэгтэй.
Иймд нийтдээ нэхэмжлэлийн шаардлагаас 252,773,710 төгрөгийн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг энэ хүрээнд шийдвэрлэн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Нэхэмжлэгчийн тооцоолсон алданги нь хэзээнээс эхэлж тооцсон тодорхойгүй, гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг нарийвчлан тусгаагүй нөгөө талаар нэхэмжлэгчийн зүгээс тодорхой эд хөрөнгийг бартерт авах тухай хүлээн зөвшөөрч байсны улмаас төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож хойшлуулж байсан зэргээс үүдэн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн нотариатын зардал гэх шаардлага нь нэхэмжлэгчийн зүгээс хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхийн тулд нотариатаар тодорхой үйлдэл хийлгэсэн гэж үзэж байгаа бөгөөд нөгөө талаар заавал нотариатын үйлдэл шаардахгүй буюу зардал гаргахгүй байх боломжтой иймд уг хэсгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй болно.
2020 онд Ковид-19 халдварт өвчний улмаас үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан нь Гамшгийн тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан буюу заавал нотлох баримтаар нотлоод байх шаардлагагүй ба үйл ажиллагаа зогсонги байсан. Хөл хорио тогтоосон эсэх асуудал нь нийтэд илэрхий байгаа учраас тооцсон алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т алдангийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан байдаг. Нотариатын үйлдэл дээр өнөөдрийн шүүх хуралдаан дээр манай тал баримтыг эх хувиар нь гаргаж өгч байгаатай адил нотариатын үйлдэл шаардахгүйгээр буюу зардал гаргахгүй байх боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг эх хувиар нь гэсэн тодорхой зохицуулалт байдаг тул нийтдээ нэхэмжлэлийн шаардлагаас 252,773,710 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагагын хүрээнд шийдвэрлэн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч “Монгол гурван зуун гучин гурав корпорац” ХХК-д холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 311 982 495/гурван зуун арван нэгэн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг, алданги 155 991 248/нэг зуун тавин таван сая есөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг, борлуулалтын төлбөр 25 433 500/хорин таван сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг, нотариатын зардал 79 000/далан есөн мянга/ төрөгийг, нийт 493 486 243/дөрвөн зуун ерэн гурван сая дөрвөн наян зургаан мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Монгол гурван зуун гучин гурав корпорац” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 252 773 710/хоёр зуун тавин хоёр сая долоон зуун далан гурван мянга долоон зуун арав/ төгрөгийг зөвшөөрч байгаа, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр № 18-639 Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан болох нь № 18-639 Барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.
№ 18-639 Барилгын туслах материал түрээслэх гэрээний 1-ийн 1-т зааснаар нэхэмжлэгч нь барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжтэй байх тул Эд хөрөнгө хөлслөх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээний 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 290 555 300/хоёр зуун ерэн сая таван зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 84 642 285/наян дөрвөн сая зургаан зуун дөчин хоёр мянга хоёр зуун наян тав/ төгрөгийн, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 107 971 910/нэг зуун долоон сая есөн зуун далан нэгэн мянга есөн зуун арав/ төгрөгийн барилгын туслах материал буюу богино бэхэлгээ, тулаас зэргийг түрээсэлсэн болох нь Гэрээний хуулбар, Бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал, “Х” ХХК тооцоо нийлсэн акт, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх “Х” ХХК-ийн Орлогын болон Зарлагын падаануудын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ гэрээ 2018 оныг дуустал хүртэл хугацаатай байгуулагдсан, 2018 оны 11-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх гэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой ... хугацаагаар байгуулж болно.” гэж заасан.
Гэрээний 10-ын 10.1-т “Гэрээний үйлчлэх хугацаа 2018 оны дүгээр сарын -ны өдрөөс 2018 оны дугаар сарын -ны өдөр хүртэл байна.” гэжээ.
Гэрээний 10-ын 10.1-т Гэрээг ямар хугацаатай байгуулсан талаар шууд заагаагүй байх боловч Гэрээний 1-ийн 1.2-т гэрээний хавсралт 2-т заасан барилгын туслах материалыг мөн гэрээний хавсралт 2-т заасан хугацаагаар түрээслэх гэж заасны дагуу Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсэгт зааснаар Гэрээг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл байгуулсан гэж үзнэ.
Хариуцагч байгууллага нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид № 145-2 албан бичгийг хүргүүлжээ.
Тус № 145-2 албан бичигт карказ угсралтын ажил нь энэ оныг дуустал үргэлжлэх тул түрээслүүлж буй Хдаа өвлийн үнийн хөнгөлөлт үзүүлнэ үү гэжээ.
Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “... гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.” гэж заасан.
Хариуцагч нь барилгын туслах материалуудыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ашигласан болох нь “Х” ХХК тооцоо нийлсэн акт, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх “Х” ХХК-ийн Орлогын болон Зарлагын падаануудын болон 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн № 145-2 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар Гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгасанд тооцно.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр ... хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 289 дүгээр зүйлийн 289.1-т “Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх;” гэж заасан.
Гэрээний 8-ын 8.2-т зааснаар талууд түрээсийн нийт төлбөрийг Хавсралт 2-т зааснаар төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 8-ын 8.2-т зааснаар хариуцагч нь барилгын туслах материалыг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл түрээсэлсэн төлбөрт 290 555 300/хоёр зуун ерэн сая таван зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөгийг, барилгын туслах материалыг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл түрээсэлсэн төлбөрт 107 971 910/нэг зуун долоон сая есөн зуун далан нэгэн мянга есөн зуун арав/ төгрөгийг, нийт 398 527 210/гурван зуун ерэн найман сая таван зуун хорин долоон мянга хоёр зуун арав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний болон Хавсралт 2 хүлээн авсан бараа материалын акт 2019.08.03-11.30-ын хуулбар, Хавсралт 2 хүлээн авсан бараа материалын акт 2019.03.01-05.06-ын хуулбар, “Х” ХХК-ийн Орлогын болон Зарлагын падаануудын хуулбар, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.
Гэрээний 8-ын 8.2-т зааснаар хариуцагчийн түрээсэлсэн барилгын туслах материалын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 282 140 950/хоёр зуун наян хоёр сая нэг зуун дөчин мянга есөн зуун тавь/ төгрөг болох нь Гэрээний болон Хавсралт 2 Бараа материал өвөлжүүлсэн тооцооны дүн, “Х” ХХК-ийн Орлогын болон Зарлагын падаануудын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн № 145-2 албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч нь 282 140 950/хоёр зуун наян хоёр сая нэг зуун дөчин мянга есөн зуун тавь/ төгрөгийн төлбөрт 30/гуч/ хувийн хөнгөлөлт үзүүлж, хариуцагч нь түрээсийн төлбөрт 84 642 285/282140950х30%=84642285/ /наян дөрвөн сая зургаан зуун дөчин хоёр мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний болон Хавсралт 2 Бараа материал өвөлжүүлсэн тооцооны дүн, “Х” ХХК-ийн Орлогын болон Зарлагын падаануудын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь түрээсийн төлбөрт нэхэмжлэгчид нийт 483 169 495/дөрвөн зуун наян гурван сая нэг зуун жаран есөн мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний болон Хавсралт 2 хүлээн авсан бараа материалын акт 2019.08.03-11.30-ын хуулбар, Хавсралт 2 Бараа материал өвөлжүүлсэн тооцооны дүнгийн болон Хавсралт 2 хүлээн авсан бараа материалын актын хуулбар, “Х” ХХК-ийн Орлогын болон Зарлагын падаануудын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нийт 483 169 495/дөрвөн зуун наян гурван сая нэг зуун жаран есөн мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийн төлбөрөөс 55 672 000/тавин таван сая зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгийг мөнгөөр, 117 000 000/нэг зуун арван долоон сая/ төгрөгийг эд хөрөнгөөр төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбар, Хаан банкны 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн болон 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн хуулбар, Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас барилгын туслах материалыг ашигласан хөлсөнд нийт 310 497 495/483169495-55672000-117000000=310497495/ /гурван зуун арван сая дөрвөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас барилгын туслах материалын гэмтлийн төлбөрт 1 485 000/нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээний 7-ийн 7.3-т “Түрээслэгч нь түрээсэлж байгаа ... эд зүйлийг ... эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийн зах зээлийн үнээр бодож нөхөн 100 хувиар тооцон бодож төлөх үүргийг хүлээх ...” гэжээ.
Хариуцагч нь 1 485 000/нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийн барилгын туслах материалын гэмтээсэн талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-т “Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 288.1.4-т “хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг.”, 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн ... 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;” гэж заасан.
Хариуцагч нь Гэрээний 7-ийн 7.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 1 485 000/нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.4, 288.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас 1 485 000/нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 155 991 248/нэг зуун тавин таван сая есөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээний 7-ийн 7.2-т “Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь ... төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5%-ийн алданги төлнө.”, 8-ын 8.2-т “Түрээсийн гэрээний нийт төлбөрийг Хавсралт 2-т зааснаар авах бөгөөд уг төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд/дансаар, бэлнээр/ шилжүүлэх ...” гэжээ.
Гэрээний 7-ийн 7.2 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дээр дурдсан барилгын туслах материалыг ашигласан хөлсөнд нийт 172 672 000/55672000+117000000=172672000/ /нэг зуун далан хоёр сая зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкны 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн болон 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн хуулбар, Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 8-ын 8.2-т төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр төлөхөөр заасан байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид үлдэгдэл төлбөрийг 2019 оны 5 дугаар сард багтаан төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн № 03/223 Албан мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь алдангийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс тооцсон нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 311 982 495/310497495+1485000=311982495/ /гурван зуун арван нэгэн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийн 50/тавь/ хувиас хэтэрч/311982495х0.5%=1559912, 1559912x365=569367880/ байгаа болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж заасан.
Хариуцагч нь ашигласан барилгын туслах материалын хөлсний зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрч байгаа, мөн дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн, мөн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдон аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбогдуулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөх алдангийг 50%-иар багасгаж, хариуцагчаас алдангид 77 995 624/155991248:2=77995624/ /далан долоон сая есөн зуун ерэн таван мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангиас үлдсэн 77 995 624/далан долоон сая есөн зуун ерэн таван мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас борлуулалтын төлбөр 25 433 500/хорин таван сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 25 433 500/хорин таван сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий барилгын туслах бараа материал худалдан авсан талаар маргахгүй байх ба уг төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна.
Хариуцагч нь Борлуулалтын тооцоонд заасан нийт 25 433 500/хорин таван сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий барилгын туслах бараа материал нэхэмжлэгчээс худалдан авсан болох нь зохигчийн тайлбар, Борлуулалтын тооцоогоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас барилгын туслах бараа материал үнэ нийт 25 433 500/хорин таван сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардал 79 000/далан есөн мянга/ төрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь Гэрээнд заасан төлбөр буюу хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд хандахаар бичиг баримт нотариатчаар гэрчлүүлсэнтэй холбогдон 79 000/далан есөн мянга/ төрөгийн хохирол учирсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Мөнгөний тасалбар №5421-р тогтоогдож байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 79 000/далан есөн мянга/ төрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монгол гурван зуун гучин гурав корпорац” ХХК-иас нийт 415 490 619/дөрвөн зуун арван таван сая дөрвөн зуун ерэн мянга зургаан зуун арван ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 77 995 624/далан долоон сая есөн зуун ерэн таван мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ