Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/296

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энх-Амгалан, хохирогч Б.************, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүгдэгч Д.************, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ************ овогт ************гийн ************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210028771569 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ************ овогт ************гийн ************ , .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Д.************ нь хохирогч Б.************ыг Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд байхад ноос авч өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2022 оны 07 дугаар сарын 01-ээс 19-ний хооронд 5 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг, мөн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 19-ний өдөр 4,470,000 төгрөг, нийт 19,470,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн Хаан банкны 515ххххх33 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Хохирогч Б.************: “...Би сум орон нутагт мал цуглуулах ажил хийж байхдаа Д.************той танилцсан, энэ хүнийг ченж гэдэг утгаар нь харилцаад л явдаг байсан, өвөл хүртэл холбоотой явсан, өвөл надаас махны үнэ, хавар, зун ноолуурын үнэ асуудаг, би хэлдэг байсан. 2022 онд Хөвсгөлд ноолуур өгдөг байсан, тэр үед ноос хэрэгтэй байна гэхээр нь би Д.Эрдэнэ-Очроос танайхаас ноос гардаг уу гэхэд одоо гарна гэж хэлсэн, олдох уу гэхэд олдоно 500 төгрөгөөр гарахаар байна гэж хэлсэн, гарахаар байна шүү, мөнгөө шилжүүл гэсэн би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр анх мөнгө шилжүүлсэн, 5 сая төгрөгөөр 10 тонн ноос авна ш дээ, тийм хэмжээний ноос авчихсан юм уу гэхэд ноос авна гээд мөнгийг нь малчдад өгчихсөн гэж хэлсэн. Д.************ын ярьж байгаа зүйлүүд нь авцалдаагүй, худлаа ярьж байна. Хонины ноос, хөөвөр жил бүрийн 6 сараас 20-ноос 7 сарын 20 хүртэл ноос гардаг, 5 сард ноос гардаггүй. Би 2022 оны 06 дугаар сарын 19-нийг хүртэл мөнгөө шилжүүлсэн. ...Наадам болсон ноосоо ачуулаагүй, асуух гээд залгахаар утсаа аваагүй, эхнэр рүү нь ярихад мөн утсаа аваагүй. Дараа нь ярихдаа эхнэртэйгээ муудалцсан, дансанд байсан бүх мөнгийг эхнэр авчихсан, та унаагаа олоод явуулчих гэж хэлсэн, тэгэхээр нь би 3 машины түлшийг хийгээд явуулсан. Эхний машин 3,300,000 төгрөг, дараагийн машинд нийт 4 сая гаруй төгрөг болж байгаа, нийтдээ 19,435,000 төгрөг, сүүлийн машины мөнгийг би өгсөн, нэхэмжлэхгүй. Д.************той 2 удаа тооцоо нийлсэн, гомдолтой байна...” гэв.

 

          Шүүгдэгч Д.************: “...2022 оны 05 дугаар сарын 20-оос эхлэн малчдаас ноос авч эхэлсэн, 6 дугаар сард Б.************ надтай утсаар холбогдоод ноос хэрэгтэй байна, олж өгч чадах уу гэхээр нь би судлаад 1800 төгрөгийн ханштай байна, ноос авахаар бол мөнгөө шилжүүлээрэй гэсэн, Б.************ ноос авахаар болж над руу мөнгөө шилжүүлж эхэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэл шилжүүлсэн 8 дугаар сарын 11, 16-ны өдрүүдэд хоёр удаа ноос ачуулсан, өмнө 20,000,000 төгрөгийн ноос ачуулаагүй, ноос ачуулахад 6 тонн ноосны зөрүү гарсан, эндээс Б.************ бид хоёрын маргаан гарсан, бичлэг дээр ярьсан зүйл байгаа, 1 тонн ноос 1450 төгрөг, ачааны хөлс нэмэгдээд 1650 төгрөг болсон. Б.************т кг ноосноос 100 төгрөгийн ашиг би авъя гэсэн, тэгээд 1,800 төгрөгөөр тохирсон. Эхлээд 18 тонн байсныг ачуулаад нэмж 20 тонн ноос явуулсан гэсэн чинь 12 тонн 600 гаруй кг ноос ирлээ гэсэн, сүүлийн 5 тонн ноосыг ачуулаад явуулсан чинь бас 3 тонн ирсэн гэж хэлсэн, ингээд ноосны тонноос зөрүү гарсан, зөрүү гарсан ноосондоо би мал өгье гэж хэлээд 6-7 сая төгрөгийн мал дээр тохирсон, гэтэл 19 сая төгрөг болгож нэхсэн, ингээд маргаан гарсан. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийтдээ 35 сая төгрөг шилжүүлсэн, 20 гаруй тонн ноос ачуулна гэж тохирсон. Хоёр удаа ноос ачуулсан, өөрөөр ноос ачуулаагүй. Ноосны зөрүүг нэмж нэхэмжлээд байгаа юм. Би тухайн үед мал, мах, ноос, ноолуур бүх зүйлийг зардаг, Б.************ авдаг хүн байсан, гудамжинд таараад танилцсан. Мөнгө аваад мөнгөнд нь мал өгч байсан зүйл байхгүй, бидний хооронд огт харилцаа байхгүй байсан, бие биеийгээ зүс танихаас цаашгүй. 2022 оны 08 сарын 11-ний өдөр эхний ээлжид 18 тонн ноос байсан, дээр нь хажуугийн байшинд байсан ноосноос нэмээд нийтдээ 20 тонн ноос ачуулсан байсан. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5 тонн ачуулсан чинь 3 тонн ноос ирсэн гэж маргасан. Нийтдээ 25 тонн ноос ачуулсан, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Б.************ өөрийн биеэр Баянхонгор аймагт ирээд ноосоо ачуулаад аваад явсан. Ноосны зөрүүнээс болж би одоогоор 8 сая төгрөгийг ************т өгнө, гэтэл надаас 19 сая төгрөг нэхэмжилж цагдаад өргөдөл гаргасан байсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч Б.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хөдөө орон нутгаас малын мах, ноос худалдан авахдаа Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас авдаг байсан, тухайн сум руу явж байхдаа Д.************, түүний эхнэр ************ нартай танилцаж байсан. Д.************ манай сумын тэх хүн хямд мал зарна гэж надад хэлдэг болоод түүний дагуу очиж тухайн хүмүүсээс мал худалдаж авч байсан. Ингээд хоорондоо байнга холбоотой болоод ************ нь над руу малын мах явуулаад би тухайн махыг зарж борлуулаад мөнгө төгрөгийг нь явуулдаг байсан. Надад малын ноос хэрэгтэй болоод ************оос малын ноос байгаа юу гэж асуухад “байгаа, та мөнгөө явуулчих, тухайн мөнгөнд чинь тааруулаад ноос явуулъя” гэж хэлэхээр нь Д.************ын эхнэр ************ нь тухайн сумын Тамгын газарт ажилладаг төрийн албан хаагч байсан учраас итгэж 20,000,000 төгрөг шилжүүлж, тухайн мөнгөндөө тааруулж малын ноосыг авсан. Надад дахин ноос хэрэг болоод Д.************, ************ нартай холбогдож малын ноос явуулах боломж байна уу гэхэд ямар нэг асуудал байхгүй гэж хэлэхээр нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ явдлаас хойш ноос авсан уу гэж асуухад авчихлаа гэж хэлээд фейсбүүк чатаар залгахад авчихсан байгаа гээд зургийг нь харуулдаг байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр малын ноосоо ачуулах гэж байна, тээврийн зардал хэрэгтэй гэхээр нь 4,470,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Д.************, ************ нар нь утсаа авахаа болиод одоогийн байдлаар миний мөнгө ч байхгүй, малын ноос ч байхгүй, урьд харилцааны явцад надад итгэл төрүүлж намайг залилсан. Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 19-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг ноосонд зориулж, түүний дараа малын ноос ачуулах гэж байна гээд тээврийн зардалд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 4,470,000 төгрөг тус бүрийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Ямар нэгэн гэрээ байхгүй, урьд нь амаараа ярьж тохироод ажил бүтээд байсан болохоор итгэсэн байсан. Гэтэл миний итгэлийг алдаж, миний мөнгийг өгөхгүй залилсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/ гэсэн,

 

          Гэрч Э.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ноос, ноолуур авдаггүй, ************ гэдэг хүнээс мөнгө авч байгаагүй, танихгүй, ямар нэгэн бизнес хийж байгаагүй, ************тай хийсэн гэрээ гэж зүйл байхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

 

          Шүүгдэгч Д.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Б.************ надаас хонины ноос авах зорилгоор нийтдээ 35,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн, би уг мөнгөнөөс нэг ч төгрөг үрэлгүй бүх мөнгөөр нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өөр 20 тонн ноос авсан ба хажууд Б.************ өөрөө зогсож байгаад хүлээж авсан. Түүний дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4 тонн ноос авчсан, Б.************ өөрөө тухайн ноосыг ачуулаад аваад явсан. Ингээд 35,000,000 төгрөг 24 тонн ноос ачуулаад Б.************т хүлээлгэж өгсөн. Б.************ бид хоёр хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, Б.************ нь анх надад “ноос хэрэгтэй байна, олоод өгөөч” гэж залгаад танилцаж байсан. Түүнээс Б.************тай хамтарч ажиллаж үзээгүй. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20 тонн ноос, 17-ны өдөр 4 тонн ноос, нийт 24 тонн ноос өгсөн. Би 35,000,000 төгрөгт ноос өгсөн, 3 саяас 4 сая төгрөгийн зөрүү үүсээд байгаа, надад илүү авсан зүйл огт байхгүй. Ноос ачуулах тээврийн хөлс надад хамаагүй, Б.************ төлөх ёстой, одоо надаас тээврийн зардал нэхээд байгаа, тээврийн зардлыг би хариуцахгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 29-30, 127-129 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

          - Б.************, Д.************ нарын Хаан банкны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 32-40, 84-102, 139-154 дэх тал/ гэсэн,

          - Д.************ын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал/ гэсэн,

          - Б.************, Д.************ нарын хооронд фейсбүүк чатаар болон гар утсаар зурвас хэлбэрээр ярьсан, харьцсан тухай баримт /1 дүгээр хавтаст хэргийн 41-50, 115-122 дахь тал/ гэсэн,

          - Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал/ гэсэн,

          - Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 110-113 дахь тал/ гэсэн,

          - Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал/ гэсэн,

          - Тооцоо нийлсэн тухай баримт /1 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал/ гэсэн,

          - Ноос ачсан тээврийн хэрэгслийн гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дахь тал/ гэсэн,

          - Д.************ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал/, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

          Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.************ыг хохирогч Б.************ыг Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд байхдаа ноос авч өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2022 оны 07 дугаар сарын 01-ээс 19-ний хооронд 5 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг, мөн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 19-ний өдөр 4,470,000 төгрөг, нийт 19,470,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн Хаан банкны 504ххххх92 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Д.************ын холбогдсон хэрэгт хууль ёсны болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дүгнэсэн болно.

 

          Хэргийн талаар болсон үйл явдал:

          Б.************т хөдөө орон нутгаас ноос худалдан авах шаардлага үүсэж, 2022 оны 06 дугаар сард Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэн зүс таних Д.************той холбогдож, ноос хэрэгтэй байгаагаа хэлж, зах зээлийн ханшаар ноос худалдан авах саналыг Д.************т тавихад Д.************ зөвшөөрч тэдний хооронд ноос худалдах, худалдан авах аман хэлцэл үүссэн. Үүний дагуу Б.************ 2022 оны 07 дугаар сарын 01-ээс 19-ний хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг, мөн 2022 оны 8 дугаар сарын 13-аас 19-ний хооронд 4,470,000 төгрөг, нийт 19,470,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 504ххххх92 тоот дансаар Д.************ын Хаан банкны 5015ххххх33 тоот данс руу шилжүүлсэн. Б.************, Д.************ нарын хооронд ноос худалдах, худалдан авах амаар хийсэн хэлцлийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 20 орчим тонн, 16-ны өдөр 3 орчим тонн ноосыг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас Д.************ ачуулсан, тухайн ноосыг Б.************ хүлээн авсан, улмаар тэдний хооронд ноосны жингийн зөрүү гарсан болох нь хохирогч Б.************ын “...Надад малын ноос хэрэгтэй болоод ************оос малын ноос байгаа юу гэж асуухад “байгаа, та мөнгөө явуулчих, тухайн мөнгөнд чинь тааруулаад ноос явуулъя” гэж хэлэхээр нь Д.************ын эхнэр ************ нь тухайн сумын Тамгын газарт ажилладаг төрийн албан хаагч байсан учраас итгэж 20,000,000 төгрөг шилжүүлж, тухайн мөнгөндөө тааруулж малын ноосыг авсан. Надад дахин ноос хэрэг болоод Д.************, ************ нартай холбогдож малын ноос явуулах боломж байна уу гэхэд ямар нэг асуудал байхгүй гэж хэлэхээр нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ явдлаас хойш ноос авсан уу гэж асуухад авчихлаа гэж хэлээд фейсбүүк чатаар залгахад авчихсан байгаа гээд зургийг нь харуулдаг байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр малын ноосоо ачуулах гэж байна, тээврийн зардал хэрэгтэй гэхээр нь 4,470,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн, Д.************ын “...Б.************ надаас хонины ноос авах зорилгоор нийтдээ 35,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн, би уг мөнгөнөөс нэг ч төгрөг үрэлгүй бүх мөнгөөр нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өөр 20 тонн ноос авсан ба хажууд Б.************ өөрөө зогсож байгаад хүлээж авсан. Түүний дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4 тонн ноос авчсан, Б.************ өөрөө тухайн ноосыг ачуулаад аваад явсан. Ингээд 35,000,000 төгрөг 24 тонн ноос ачуулаад Б.************т хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгүүд, Б.************, Д.************ нарын Хаан банкны дансны хуулга, Д.************ын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Б.************, Д.************ нарын хооронд фейсбүүк чатаар болон гар утсаар зурвас хэлбэрээр ярьсан, харьцсан тухай баримт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, тооцоо нийлсэн тухай баримт, ноос ачсан тээврийн хэрэгслийн гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

          Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ тухайн эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй, өгөхгүйгээр өөрийн болгох гэсэн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд Д.************, Б.************ нарын хооронд болсон үйл явдлыг дүгнэхэд тэдний хооронд ноос худалдаж авах, нийлүүлэх хэлцлийг амаар хийсэн, улмаар Б.************ 2022 оны 07 дугаар сарын 01-ээс 19-ний хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг, мөн 2022 оны 8 дугаар сарын 13-аас 19-ний хооронд 4,470,000 төгрөг, нийт 19,470,000 төгрөгийг шилжүүлсэн, ноосоо хэзээ ачуулах талаар талууд харилцан тохиролцоогүй ч 2022 оны 08 дугаар сарын 11, 16-ны өдрүүдэд хоёр удаа Улаанбаатар хот руу Д.************ ноос ачуулсан, Улаанбаатарт хүлээж авсан, ноос ачсан тээврийн хэрэгслийн төлбөрийг Б.************ төлсөн зэрэг үйл баримтаас дүгнэхэд Д.************ын үйлдэлд ноос нийлүүлээгүй, нийлүүлэхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байх бөгөөд өөрөө түүхий эд худалдан авч зардаг байсан, энэ талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь мэдүүлэх бөгөөд ноос нийлүүлэх явцад хугацаа алдсан, ноосны жингийн зөрүү гарсан байх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Ноос худалдаж авах, нийлүүлэхээр хийсэн Б.************, Д.************ нарын хооронд байгуулсан аман хэлцлээр тэд ноосоо Улаанбаатар хот руу хэзээ ачуулах, тээвэрлэх, хүргүүлэх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд Д.************ ноосоо Улаанбаатар хот руу ачуулахгүй хугацаа алдаж, улмаар утсаар асуухаар залгахад утсаа авдаггүй, юу болж байгаа талаараа мэдэгдээгүй нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Б.************ 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Гурван булаг суманд очиж Д.************той уулзаад 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20 орчим тонн ноос, 16-ны өдөр 3 орчим тонн ноосыг Улаанбаатар хот руу ачуулаад Д.************, Б.************ нарын хооронд хэлцлээ дүгнээд 20 сая төгрөгийн ноос авсан, энэ тухай тооцоо дууссан гэх акт үйлдээд байгаа нь иргэдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа бөгөөд ноосны жингийн зөрүүнээс үүссэн өр төлбөрийг Б.************ иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Д.************ыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Д.************ыг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч Б.************ын нэхэмжилсэн 19,470,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.************ өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэйг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн 2210028771569 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогт ************гийн ************т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.************ыг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Б.************ын нэхэмжилсэн 19,470,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Эрүүгийн 2210028771569 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Д.************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.АЛТАНЖИГҮҮР