Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 118/ШШ2022/0015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Санжсүрэнгийн Дашдулам

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Борхүүгийн Алтангэрэл

Хариуцагч:  Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сангарьдийн Батсүх

Гуравдагч этгээд: Лхагвадоржийн Намсрайжав

Хариуцагч  “Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 02 сарын 11-ний өдрийн Б/03 тоот захирамж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар захирамжуудыг тус тус  хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Дашдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Батсүх, гуравдагч этгээд Л.Намсрайжав/ онлайнаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 02 сарын 11-ний өдрийн Б/03 тоот захирамж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар захирамжуудыг тус тус  хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч С.Дашдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: С.Дашдулам нь Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 11 сарын 27-ны өдрийн Б/02 тоот захирамжаар томилогдсон ба 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд томилогдсон С.Батсүх нь Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 02 сарын 11-ний өдрийн Б/03 тоот “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлөх тухай” хууль бус захирамжаар намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие төрийн албаны үүрэгт ажлыг хийж байгаа ба би хүний оронд ажиллаагүй, төрийн албаны ажил үүргийг гүйцэтгэж, төрийн албан хаагчийн эрх үүргийг хэрэгжүүлж ирсэн байхад тухайн захирамжид Төрийн албаны тухай хуульд заасан чөлөөлөх үндэслэлүүдээс юу ч аваагүй, зөвхөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолыг үндэслэсэн хууль бус юм. Төрийн албаны зөвлөлд ажлын байрны захиалга өгөх, сонгон шалгаруулалт зарлах эрх нь байгаа ч одоог хүртэл зарлахгүй байж намайг төрийн албаны тухай хуулийн ямар ч үндэслэлгүйгээр чөлөөлж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн ямар ч заалтгүйгээр чөлөөлөгдсөн боловч сонгон шалгаруулалтгүйгээр миний ажлын байранд дахин Л.Намсрайжавыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд жинхлэн томилсныг сая мэдлээ. Үүнийг эс зөвшөөрч Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан ажилдаа томилогдох, ажилгүй байсан хугацааны олговроо гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх, мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагаа дэмжиж байгаа гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Дашдуламыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ... Энэ захирамжид төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, ажлаас нь чөлөөлсөн ямар нэг хуулийн заалт үндэслээгүй байгаа учраас бүхэлдээ хууль бус хүчингүй захирамж гэж үзэж байна. ... Захиргааны акт нь өөрөө агуулга болон үндэслэлийн хувьд нийцсэн байх шаардлагатай. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуульд зааснаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх явцад шинээр томилогдсон дарга нь Төрийн албаны тухай хуулийн ямар нэгэн зүйл заалт баримтлалгүйгээр шууд чөлөөлсөн байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-г авсан. Энэ нь сул орон тоо гарсан тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж авах зүйл заалт байгаа. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн тайлбараар нотлогддог. Нэхэмжлэгчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар түр орлон гүйцэтгэх журмыг баримтлаад 43.3.3-т зааснаар сул орон тоон дээр томилсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ албан тушаал дээр сул орон тоог нөхөх хүртэл нэхэмжлэгч ажлаа хийх ёстой байсан. Гэтэл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр, дараагийн хүн нь томилогдоогүй байхад чөлөөлөөд, гуравдагч этгээдийг шууд томилсон байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоог нөхөх 3, 4-н шатыг алгасаад төрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд түрээр ажиллаж байсан хүнийг шууд чөлөөлөөд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр нэг этгээдэд давуу байдал олгож албан тушаалд томилсон байдаг. ... Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлчхөөд дахиад түр орлон гүйцэтгэгч томилоод байгаа нь Төрийн албаны хууль дээдлэх зарчмын шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.Дашдулам нь төрийн албаны шалгалт өгөөгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны гэрээт ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон  ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2 удаа төрийн албаны шалгалт өгсөн боловч тэнцээгүй, төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолд заасан шалгуурыг хангаагүй учраас ажлаас чөлөөлсөн болно. 1. Төрийн албаны зөвлөлд 2021 оны 4-р сарын 08-ны өдөр 17 дугаар хүсэлт, 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 1 дүгээр Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах хүсэлт тус тус уламжилсан болно. 2. Төрийн албаны тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.2.5 дахь заалтад төрийн жинхэнэ албан хаагчийг бусад үндэслэлээр ажлаас чөлөөлнө гэж заасан байгаа. Энэ заалтыг яагаад аваагүй гэвэл 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн  411 дүгээр тогтоол нь хууль үндэслэн гарсан гэж би үзсэн. Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолд маш нарийн заасан байсан  учраас Төрийн албаны тухай хуулийн заалт үндэслээгүй. Төрийн албаны зөвлөлийн тогтоолын 1.1-д Корона вируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс чөлөөлөх гээд заасан байгаа. Тийм учраас С.Дашдулам нь нэгдүгээрт төрийн албаны  шалгалт өгөөгүй байсан. Хоёрдугаарт төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй. Гуравдугаарт сонгон шалгаруулалтгүйгээр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Дөрөвдүгээрт албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй. Тавдугаарт үүрэг гүйцэтгэгч байх хугацаандаа төрийн албаны шалгалтыг 2 удаа өгөөд тэнцээгүй. Өөрт нь би төрийн жинхэнэ албан хаагч болох бүх боломжийг олгосон гэж бодож байна. Би өөрт нь байдлыг бүгдийг нь танилцуулаад захирамж гаргасан. Би С.Дашдуламын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

7. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн. Түүнээс хойш тасралтгүй төрийн албанд ажиллаж байгаад 2020 оны 8 сард Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тоо гарч, тухайн ажилд орох өргөдөл, холбогдох материалын хамт өгсөн. ... Би Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан 50 хувийг хангаж байгаа учраас шатлан дэвшиж ажиллах саналаа өгсөн байсан.... С.Дашдулам нь өргөдлөө бусад материалаа өгөөгүй байхад шууд өргөдөл өгсөн болгож өргөдөл өгсөн нэг хүнтэй хамтад нь хоёр хүн болгож өрөөндөө шалгалтыг хууль бусаар авч С.Дашдуламыг шууд нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан. Тухайн гаргасан захирамж дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 гэсэн ганцхан заалтаар ажилд томилсон. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч ажилд томилж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийг заавал барих ёстой. ... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн төрийн жинхэнэ албан хаагчийн шаардлагыг огт хангахгүй хүнийг шууд хүчээр томилсон. Мөн энэ хуулийн 42 дугаар зүйлийг зөрчсөн. ... С.Дашдулам нь Төрийн жинхэнэ албан хаагч биш учир түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах боломжгүй. ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэсэн заалтын дагуу Тэргүүлэгчдийн хуралдаанаар  хэлэлцэж нийт 7 тэргүүлэгч санал хураалтад 100 хувийн ирцтэй оролцож миний бие 5 хүн санал авсан. С.Дашдулам 2 хүний санал авсан. Гэтэл намайг тухайн албан тушаалд аваагүй. Миний бие маш олон удаа тэгвэл ажлын байраа зарла гэдэг шаардлагыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Дашдуламд тавьсан. Тухайн үед өөрөө шалгалт өгөөгүй байсан болохоор зарласан гэж худлаа ярьж маш олон сар ярьсан. Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Мөнхзаяагаас асуухаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал чинь хүсэлтээ ирүүлээгүй байна гэсэн хариу өгдөг байсан. Мөн С.Дашдулам нь 2021 онд хоёр удаа Завхан аймагт төрийн албаны шалгалт зарлагдахад 2 удаа оролцож тэнцээгүй. ... 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр С.Дашдулам чөлөөлөгдсөн. Миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад тавигдах шаардлага, Төрийн албаны тухай хуульд тавьсан шаардлагуудыг хангаж байгаа. Мөн тэргүүлэгчдийн олонхын саналаар сонгогдсон учир иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон үндэслэлгүй байна. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсан. Төрийн албаны шалгалт зарлаагүй томилсон гэдэг бол огт худал. Нэхэмжлэгч өөрөө байхдаа удаа дараа зарлаж тэнцээгүй. Мөн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн төрийн албаны зөвлөлд сул орон тоо зарлаж өгөх тухай албан бичиг хүргүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр болсон Төрийн албаны ерөнхий шалгалтад 3 дахь удаагаа оролцож тэнцээгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/03,  2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын  шимтгэлээ зохих санд төвлөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1 Хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар тус хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэгч С.Дашдуламыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 52 дугаар зүйлийн 52.1.6, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байна.

2.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... дарга захирамж гаргана”, 52 дугаар зүйлийн 52.1.6-д хурлын дарга нь “Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх”, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дүгээр тогтоолын 1.1-д “...төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, ..., тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг ... чөлөөлөх”-өөр заасан байна.

2.3 Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий Б/03 дугаар захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуульд үндэслээгүй, зөвхөн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дүгээр тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж, хариуцагчаас “С.Дашдулам нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дүгээр тогтоолын 1.1-д зааснаар “...төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон тул ажлаас чөлөөлсөн” гэж тус тус маргаж байна.

2.4 Нэхэмжлэгч С.Дашдулам нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар тус хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ба томилогдох үедээ төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад орж тэнцээгүй, төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй байсан болох нь тогтоогдож байна.

2.5 Нэхэмжлэгчийн ажиллаж байсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал нь батлагдсан ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилал, ТЗ-9 зэрэглэлийн удирдах албан тушаалд хамаарч байна.

2.6 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс зохих журмын дагуу томилох зохицуулалттай.

2.7 Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг хуульчилсан ба 26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно”,  23 дугаар зүйлийн 23.2-т “... доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд ... дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 23.2.3 “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэжээ.

2.8 Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д зааснаар “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолын 1.1 “Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг ... чөлөөлөх” заалтыг хэрэгжүүлж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна.

2.9 Учир нь нэхэмжлэгч С.Дашдулам нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд анх томилогдохдоо Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцоогүй байхдаа түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагчид тооцохгүй ба Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй юм.

2.10 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлөх тухай“ Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

3. Нэхэмжлэгч С.Дашдулам нь уг хэргийн гуравдагч этгээд Б.Намсрайжавыг Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон тус сумын хурлын даргын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

3.1 Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж буй Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар тус хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Намсрайжавыг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 217 дугаар тогтоолыг үндэслэсэн байна.

3.2 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “... төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд ... доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог ... нөөцөд байгаа иргэдээс”, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 217 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 15-д Л.Намсрайжавыг туслах түшмэл ангилал, ТЗ-2 зэрэглэлийн албан тушаалын нөөцөд бүртгэсэн байна.

3.3 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор ахлах түшмэл, ТЗ-9 зэрэглэлийн удирдах албан тушаалд хамаарч байх тул туслах түшмэл, ТЗ-2 зэрэглэлийн албан тушаалын нөөцөд байгаа гуравдагч этгээдийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хуульд нийцэхгүй ба хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд зааснаар тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгч томилох журамтай байна.

3.4 Шүүхээс нэхэмжлэгчийг Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн хариуцагчийн 2022 оны Б/03 дугаар захирамж үндэслэлтэй гэж үзсэн тул уг шийдвэрийн эрх зүйн үр дагавраар эрх зүйн үйлчлэл нь тодорхойлогдох, гуравдагч этгээдийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

3.5 Учир нь нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба гуравдагч этгээдийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоогдох боломжгүй тул түүний зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй байна.

3.6 Гэвч үүрэг гүйцэтгэгчийн оронд үүрэг гүйцэтгэгч томилж байгаа нь хуульд нийцэхгүй тул хариуцагч Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тус хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан шаардлага, шалгуур хангасан иргэнийг тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан журмаар томилж хууль хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтээ байна.

3.7 Түүнчлэн нэхэмжлэгчээс Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувиар гаргаж өгсөн Б/06 дугаар захирамж нь тус шүүхийн шаардсанаар хариуцагчаас эх хувиар ирүүлсэн Б/06 дугаар захирамжаас тэргүү болон 1 дэх заалтын бичвэрийн хувьд зөрүүтэй байх боловч энэ нь маргаан бүхий Б/03, Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ба Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар “Захиргааны актын бичилт ..., бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө засах эрхтэй байгааг дурдах нь зүйтээ байна.

3.8 Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу Б/03 дугаар захирамжийн үр дагавраар тодорхойлогдсон, түүнтэй уялдаа холбоо бүхий Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна”, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно”, 44.1.1-д “тогтоосон хэмжээнээс илүү хураасан” гэж зааснаар нэхэмжлэгчид 70.200 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 52 дугаар зүйлийн 52.1.6, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Дашдуламын Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/03,  2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын  шимтгэлээ зохих санд төвлөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Дашдуламаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 100090000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР