Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 149

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бямбасүрэн

Шүүгдэгч П.Доржбат, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Доржбатад холбогдох 201605000255 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багт оршин суудаг, малчин, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЙ74053011 регистрийн дугаартай, Тайжууд овогт Пүрэвсүрэнгийн Доржбат,

Шүүгдэгч П.Доржбат нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Өвдөгийн хоолой” гэх газарт ховор ан амьтан болох хоёр тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :

Иргэний нэхэмжлэгч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Доржбат нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Богд уулын хормой буюу Өвдөгийн хоолой гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ховор амьтнаар бүртгэгдсэн 2 тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнасан байсан. Янгир ямаа нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор “Ховор” амьтнаар бүртгэж Монгол Улсын Улаан номонд оруулсан ховор зүйлийн амьтан юм. Нэг эр янгир ямааны экологи-эдийн засгийн үнэлгээ 2,700,000 төгрөг байдаг бөгөөд Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу дүгнэлт гарч улсад 10,800,000 хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:

Хохирлын хувьд экологи, эдийн засгийн үнэлгээ болох 10800 000 төгрөгийг нөхөн төлсөн тул хохирол гомдолгүй. Цаашид ховор ан амьтан агнаж болохгүй талаарх мэдээллийг ард иргэдэд түгээж амьд амьтнаараа бахархаж байгаарай, дахин ийм үйлдэл гаргахгүй байх гэж найдаж байна. гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Миний хувьд Доржбат гэдэг хүнийг янгир ямаа агнасан талаар 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн. Янгир ямааг агнах зөвшөөрлийг Баягаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог. Манай сумаас энэ жил янгир ямаа агнах ямар нэгэн зөвшөөрөл яамнаас олгогдоогүй. Тэгэхээр Доржбат нь хууль бусаар агнасан байгаа юм. Миний хариуцсан Бууцагаан сумын 4, 5 дугаар багийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газар байхгүй... Миний хариуцсан 4, 5 дугаар багийн Богд уул, Уртын гол, Хөх хайрхан, Толийн тээг гэх газруудад янгир ямаа байдаг. Тухайн янгир агнасан гэх Өвдөгийн хоолой гэх газар нь Богд уулын зүүн урд талд залгаа байдаг янгир ямааны бэлчээр газар байгаа юм. Янгир ямаа бэлчээрлэхдээ Богд уулнаас буугаад Өвдөгийн хоолойгоор гарч толийн тээгээр бэлчээрлэдэг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Х.Найдансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 08 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Өвдөг гэх газарт байх гэртээ ирэхэд манай баз хүргэн Доржбат нь манай эхнэр Үүрцайхад надад өгөөрэй гэж хэлээд янгир ямааны шулсан цул мах үлдээгээд явсан байсан. Ингээд би маргааш нь Доржбатын гэрт очиж яасан юм гэж асуухад Доржбат нь өчигдөр би мотоцикльтой явж байгаад нэг янгир ямааг мотоциклиор хөөгөөд бахардаад унахаар нь буудаж унагаасан...гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Багабандийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

“Би 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед ганцаараа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Өвдөг гэх газарт саахалт айл Доржбат ахынд ирэхэд гэрт нь эхнэр хүүхдүүд нь болон Доржбат ах байсан. Намайг гэрт нь ороход мах чанаж байсан. Тэгээд надад мах өгөөд би махнаас нь идээд байж байтал янгир ямааны мах байгаа юм гэж хэлсэн. Би тэгэхэд нь та агнасан юмуу гэхэд тийм гээд би янгир ямаа харж байгаагүй болохоор сонирхоод толгойг нь үзье гэхэд гэрийнх нь ард талд 2 ширхэг янгир ямааны толгой байсан. Намайг үзэхэд нэг нь том нөгөө нь арай бага 2 ширхэг эвэртэй толгой байсан. Би нэг толгойг нь авъя гэхэд тэгээрэй гэж байсан. Уг толгой нь шинээрээ цустай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 09 сарын 13-ны өдрийн: 1.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан. Үүнд эр янгир ямаа 2.700.000 төгрөг, эм янгир ямаа 3.100.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Бууцагаан сумын 4-р багийн иргэн П.Доржбатын агнасан 2 тооны янгирын экологи-эдийн засгийн үнэлгээ 2.700.000 х 2 = 5.400.000 төгрөг. Жич: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу амьтанд учруулсан хохиролыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно. Иймд 5.400.000х2=10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөг. 2.Янгир ямаа нт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн. 3.Бууцагаан сумын 4-р багийн нутаг Богд уулын зүүн урд хормой буюу Өвдөгийн хоолой гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй гэх үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хх-ийн 33/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 7-10/

Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн А/18 дугаартай иргэний нэхэмжлэгч томилох тухай тушаал /хх-ийн 12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 5512, 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 7843 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-43/,

Сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 52-59/,

эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 64-71/

Шүүгдэгч П.Доржбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/,

Бууцагаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79/,

Шүүгдэгч П.Доржбат болон түүний гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 82-84/

Шүүгдэгч П.Доржбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/

Шүүгдэгч П.Доржбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Манайх 2016 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Өвдөгийн хоолой гэх газарт нутаглаж байсан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвдөгийн хоолойд хонио ганцаараа хариулж явж байгаад 10-аад тооны янгир ямаатай хонины бэлчээрт тааралдаж би мотоцикльтой хониндоо явж байсан учир мотоциклиор хөөсөн чинь 2 тооны эр янгир ямаа тасраад хаданд ороод бахардсан шинжтэй хэвтсэн. Тэгэхээр нь би гэрлүүгээ буцаж яваад гэрээсээ өөрийн буугаа аваад буцаж ирсэн чинь нөгөө 2 янгир ямаа байсан хадан дотроо бахардаад хөдөлж чадахгүй хэвтэж байсныг хоёуланг нь буудаж алаад нэг нэгээр нь мотоцикль дээрээ ачиж гэртээ авчирсан. Ингэхдээ би эхлээд буудсан газраа өөрт авч явдаг жижиг хутгаар тэр 2 янгир ямааны гэдсийг аваад хаясан. Тэгээд гэрлүүгээ нэг нэгээр нь мотоциклиор тээвэрлээд гэрийнхээ гадаа ирээд ганцаараа хуулсан. Тэгээд махыг нь чанаад байж байхад манай баз Ганхуяг, Багабанди нар ирж махнаас нь идсэн. Мах идсэнийх нь дараа би янгир ямааны мах гэдгийг нь хэлсэн. Намайг эхлээд янгир ямаа агнасан талаар мэдээгүй байсан. Манай гэр уг 2 янгир ямааг бахардаад хэвтэж байсан газраас 1 км гаран газар зайтай байгаа байх. Би янгир ямааг мотоцикльтой 3-4 км орчим хөөсөн байх тарган эр ямаа байсан болоод амархан бахардсан байх. Би гэрээс буу аваад ирэхэд 10 орчим минут болсон байх тэгэхэд ямаа босож чадахгүй уг газраа хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч П.Доржбат нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Өвдөгийн хоолой” гэх газарт ховор ан амьтан болох хоёр тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч П.Доржбатыг ховор ан амьтан зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар ял оногдуулаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Доржбатыг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч П.Доржбатын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан баривчлах ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан П.Доржбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан замаг №8455, гол төмөр №9308455 дугаартай ТОЗ-78-01 маркийн ангийн бууг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны эвэртэй толгой 2 ширхэгийг устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Доржбатын эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль, 100 тооны ямааг тус тус битүүмжилсэн 2016 оны 09 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолоос 100 толгой ямаа битүүмжилсэн хэсгийг шүүгдэгч экологи-эдийн засгийн хохиролыг төлсөн байх тул хүчингүй болгох, мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжлсэн хэсгийг шүүгдэгч П.Доржбат нь тухайн янгир ямааг мотоциклиор хөөж бахардуулж байгаад алсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Тайжууд овогт Пүрэвсүрэнгийн Доржбатыг ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Доржбатыг гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Доржбатад оногдуулсан гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Доржбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны эвэртэй толгой 2 ширхэгийг устгаж, замаг №8455, гол төмөр №9308455 дугаартай ТОЗ-78-01 маркийн ангийн бууг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар П.Доржбатын эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль, 100 тооны ямааг битүүмжилсэн 2016 оны 09 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолын Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэнийг хэвээр үлдээж, 100 тооны ямааг битүүмжилсэнийг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч П.Доржбат нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Доржбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэхь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Доржбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ШҮҮГЧ Н.БААСАНБАТ