Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1623

 

МАГАДЛАЛ

 

2018.07.16                                                  Дугаар 1623                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00924 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.С-т холбогдох,

 

2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд оруулсан Х Б ХХК ХХК гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.М,

Хариуцагч: Ц.С,

Гуравдагч этгээд: Х Б ХХК ХХК-ийн төлөөлөгч Н.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: М.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.С-тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, нотариатч Ж.М-аар гэрчлүүлсэн. Нотариатч гэрээг талуудад адилхан олгох ёстой. Дээрх гэрээг бид гурвуулаа хамт байж байгаад хийсэн. Гэрээг хийсний бид хоёрт нэг, нэг хувийг өгч, нэг хувийг нь нотариатч өөрөө авсан. Гэтэл миний анх хийсэн гэрээнд засвар орсон байсан. Х Б ХХК ХХК-тай гэрээ байгуулсан болгож, өөрчлөлт оруулсан болохыг нь 2017 онд мэдсэн. Иргэнтэй хийснийг өөрчилж албан байгууллага болгож гэрээнд засвар оруулсан байсан. Гэрээнүүд хоорондоо зөрүүтэй учраас энэ зөрүүг арилгах шаардлага гарсан. Шүүхэд хэд, хэдэн удаа хандсан. Нотариатчийн гэрчилсэн гэрээнүүд нь адил байх ёстой байхад манайд байгаа гэрээг Ц.С-тэй , харин Ц.С-т байгаа болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт байгаа гэрээ нь Х Б ХХК ХХК-тай байгуулсан хэмээн харагдаж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд оруулсан Х Б ХХК ХХК гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.  

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2008 онд Ц.С Х Б ХХК ХХК-ийн захирал байхдаа Б ХХК-иас Дундговь аймагт байршилтай гурван давхар үйлчилгээний барилгыг дагалдах хөрөнгө барилгын материалуудын хамтаар худалдан авч байсан. Бид 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө би 2-3 удаа танайх энэ объектоо зарах гэж байгаа юм уу гэж асууж байж, өөрийн компанийн гэрчилгээ, тамга тэмдэгтэйгээ Дундговь аймагт очиж, гэрээ хийж худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг хоёр өөр агуулгатай гэрээ байгуулаагүй. Гэрээг бидний хүсэлтээр нотариатч бичиж өгсөн бөгөөд зарим нэг гэрээнд Х Б ХХК ХХК гэдгийг дутуу бичсэн нь техникийн алдаа юм болов уу гэж бодож байна. Үүнээс болж гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. 2010 онд Х Б ХХК ХХК-ийг Н.Б-т шилжүүлж өгсөн. 2008 онд тухайн барилга байгууламжийг худалдан авснаас хойш дагалдуулан өгсөн барилгын материалуудыг өөрийн дураар хүчээр буцаан авснаас болж бидний хооронд маргаан үүссэн. Үүнийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа. Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал С.Д нь үндэслэлгүй нэхэмжлэлүүдийг байнга гаргадаг. Мөн 2017 онд Х Б ХХК ХХК гэж нэмж бичсэнийг мэдсэн гэдэг нь худал болохыг шүүхийн шийдвэр, магадлалаар хангалттай нотолж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х Б ХХК ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Д-ийн энэ нэхэмжлэлийн шаардлага нь гэрээн дэх Х Б ХХК ХХК гэснийг 2017 он хүртэл мэдээгүй гэдэг огт худлаа бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэл юм. Учир нь Ц.С нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулах үед Х Б ХХК ХХК-ийн ганц үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байсан бөгөөд Х Б ХХК ХХК, Б ХХК-иудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэдгийг С.Д мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдэж байсан гэдгийг нь олон баримтаар нотлогдоно. С.Д нь энэ гэрээтэй холбоотой олон нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан боловч бүгдийг шүүх хянаж үзээд үнэн зөвийг дүгнэн шийдвэрлэсэн. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар С.Д нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар өгөх 33 нэр төрлийн хөрөнгөнөөс 12 529 500 төгрөгийн үнэ бүхий хөдлөх хөрөнгийг Х Б ХХК ХХК-иас залилан мэхлэх замаар буцааж авсан байна. Мөн Х Б ХХК ХХК-ийн түрээслэгч нараас 2008 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөр болох 3 853 000 төгрөгийг, 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан авсан байна гэдгийг тогтоож 25 тоот шийтгэх тогтоол гаргасан. Энэ тогтоол нь давах болон хяналтын шүүхээр хүчин төгөлдөр болсон. С.Д нь Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд гаргасан нэхэмжлэлүүдээ бүгдийг Х Б ХХК ХХК-д хандаж гаргасан. Энэ олон нэхэмжлэлүүдийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Х Б ХХК ХХК, Б ХХК-иудын хооронд хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэдгийг тогтоосон. 2010 оноос хойш Х Б ХХК ХХК-д хандаж энэ гэрээтэй холбоотой нэхэмжлэлүүдийг гаргасан байж, 2017 оны сүүлчээр Х Б ХХК ХХК-д өгснийг сая мэдлээ гэдэг нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд оруулсан Х Б ХХК ХХК гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж, хүлээн авахаас татгалзах эрх шүүхэд олгогдоогүйгээс гадна шүүх мөн хэлэлцэх эрх олгоогүй байна. Үндэслэлгүй гаргасан захирамжид холбогдуулан гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Иргэний хуулийн 61 дүгээр зүйл болон 243 дугаар зүйлийн холбогдох заалтыг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй байхад шүүх тухайн заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаагүй байхад хүсэлтийг үндэслэж хэмээн үндэслэлгүй өгүүлбэр бичихээс гадна Үндсэн хуульд заасан эрхийг маань хязгаарласан болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ц.С-т холбогдуулан 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд оруулсан Х Б ХХК ХХК гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Х Б ХХК ХХК гэдэг нэрийг дутуу бичсэн нь бичвэрийн алдаа, 2013 оноос хойш уг гэрээтэй маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал С.Д болон Х Б ХХК ХХК-ийн захирал Ц.С нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын  31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг Б ХХК-ийн захирал С.Д нь хуулийн этгээдтэй байгуулаагүй иргэн Ц.С-тэй байгуулагдсан хэлцэл тул нотариатчийн өөр өнгөөр нэмж бичсэн Х Б ХХК ХХК-ийн нэрийг хасуулах талаар маргажээ.

Нэхэмжлэгч байгууллагаас тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар дээрх шүүхийн шийдвэрүүдэд тогтоогдсон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /хх 62-70/

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд Х Б ХХК ХХК-ийн нэр бичигдсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзал, түүний тайлбарыг баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нөгөө талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул үйл баримтыг тогтоогоогүй, хууль буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ