Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Тад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй 

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгч Д.Т

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн  

           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.Тад холбогдох /3 хавтас/ эрүүгийн 1822001950159 тоот хэргийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, төрсөн, настай эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, ажилтай, ам бүл-, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД: / Бовогт Дийн Т нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын төвд иргэн Б.Дыг хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Тад холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.Тыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүргийг Д.Тад хүлээлгэж, албадлагын арга хэмжээний тогтоосон хугацаанд хяналт тавихыг Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.800.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч иргэний нэхэмжлэлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Д нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Таас нэхэмжлэх эрхтэйг зааж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийи 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхэг, хутга 1 ширхэгийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн хутга 1 ширхэг, чулуу 1 ширхэгийг Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт хүлээлгэн өгч баримтыг Д.Тад холбогдох эрүүгийн 1822001950159 хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

            Дундговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Гансэлэм шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ:

           Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын төвд хохирогч Б.Дын цээжин тус газарт 1 удаа, гуян тус газарт нь 1 удаа хутгалсаны улмаас цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, өрц ба бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх, гуянд зүсэгдсэн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

           Аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Тыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Тад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

           Анхан шатны шүүхээс “...Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь сэтгэцийн өвчин биш бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаа алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ” гэж тайлбарлаад, шүүгдэгч Д.Т нь хохирогч Б.Дыг хутгалах үедээ дээр дурдсан нөхцөл байдлын улмаас “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан” гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнээд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо: “...Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас...” гэж тодорхойлсон бөгөөд эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд тухайн өдөр болсон маргааныг анх шүүгдэгч Д.Т анх өөрөө үүсгэж, хохирогч Б.Дыг: “...чи муудаа халагдаа биз...та нар юу болсон юм, аймагт очиход тоодоггүй байж яах гэж ирсэн юм...” гэх мэтээр үг хэлээр доромжилсноос гадна уг үйлдэл үргэлжлэн даамжирч хохирогчийг цайны газарт сууж байхад нь сандлаар толгой руу нь цохих, сумын төвийн хойно толгой руу нь чулуугаар цохих гэх мэтээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж зодсон, улмаар хохирогч газраас чулуу авч шүүгдэгчийн гэр лүү чулуу шидсэний улмаас гэрийнх нь цонх хагарсаны улмаас Д.Т нь Б.Дыг хутгалж биед нь “Хүнд” хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн баримтуудаар тогтоогджээ.

           Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон биш архидан согтуурч, согтуурсны улмаас болон хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийг үг хэлээр доромжлох, зодох, сандлаар, чулуугаар цохих зэрэг авир байдал гаргаж байсан нь харин ч ууж согтуурсны улмаас биеэ хянах чадвар багасаж, бусдыг хутгалж санаатай “Хүнд” хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

          Мөн тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Б.Д нь шүүгдэгч Д.Тыг санаа сэтгэлийн болон бие махбодийн хувьд түүнийг хутгалж, гэмтэл учруулах хэмжээнд хүргэх хууль бус үйлдэл гаргаагүй, харин хэрүүл маргаан үүссэн нөхцөл байдалд хохирогч Б.Д чулуу авч шидэн байшингийн цонхыг хагалсан гэх үйлдэл нь түүний гэмт санаа төрөх үйл явцыг өдөөснөөс бус санаа сэтгэлийн хүчтэй цочрол, давчдалд гэмт санаа төрөх шалтгаан болоогүй болно.

          Мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, нотолсон, оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан, хууль зөрчсөн байдал байхгүй байна.

          Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай таарамжгүй харьцаж улмаар Б.Дыг хутгалж “Хүний биед санаатай хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн нөхцөл байдал, тухайн өдөр болсон үйл явдал, тэдгээрийн өрнөсөн, үргэлжилсэн байдлуудад дүгнэлт хийх, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг судлахад энэ хэрэгт прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан зүйлчлэл тохирсон байхаас гадна эрүүгийн хуулийг хэрэглэх буюу тайлбарлахтай холбоотой ямар нэгэн “эргэлзээ”-тэй асуудал огт биш, шүүхийн практикт нэгэнт хэдийнээ тогтсон асуудал болох нь энэ төрлийн гэмт хэргүүдийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолуудаар давхар батлагдаж байгаа болно.

          Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэхийг тогтоохын тулд тухайн хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, цаг хугацаа /агшин/, нөхцөл байдлын талаар тогтоох нь хэргийг зүйлчлэх гол шалгуур болох бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Тын: “...тухайн үед ээж минь эмнэлгийн хяналтанд орсоныг сонссон хохирогч Б.Дын сэтгэл санаа нь тавгүй байсан юм билээ, манай найз намайг хутгалсан гэдгээ мэдээгүй, сүүлд нь мэдсэн гэж байсан” гэх мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч Д.Тыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэв гэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хууль зүйн онолын тайлбарыг зөв хийгээгүй, хэрэгт авагдсан баримтууд, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, илтэд 1 талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болжээ.

          Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч нь шүүгдэгчид удаа дараа зодуулсан, үг хэлээр доромжпуулсан, тухайн маргаан анх шүүгдэгч Д.Тын хууль бус үйлдлийн улмаас үүссэн талаарх хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг зааж өгөөгүй, хэрхэн үгүйсгэж байгаа талаарх үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг зөрчсөн байна.

         Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор  дүгнэлтдээ: Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч Д.Т нь хохирогч Дыг гэрийнхээ цонхыг хагаллаа гэж уурлан гэрээсээ хутга авч гарч ирээд хутгалсан байдаг. Энэ хэрэг нь шүүгдэгчийн санаа сэтгэл гэнэт цочрон давчидсаны улмаас үйлдэгдээгүй харин хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн. Иймд эсэргүүцлээ дэмжиж байна, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

         Шүүгдэгч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед миний бие Овооны наадам зохион байгуулах ажлын хэсэгт орсон, ажил ихтэй байсан. Хохирогч Д над руу “Танайд очихоор аймгаас гарч байна” гэж утсаар ярьсан. Би ажилтай байгаа тухайгаа хэлсэн боловч тэд ирсэн бөгөөд би хоолонд оруулж, 1 шил архи авч өгсөн. Дараа нь сумын баруун овооны хажууд очсон,  Д нь маргаан үүсгэж, намайг цохиж унаган дээр сууж хоолой боох зэргээр хүнд байдалд оруулсан. Тэгэхээр нь би газраас чулуу авч цохисон бөгөөд босч машиндаа сууж гэрээдээ явсан. Гэтэл тэд  миний  араас ирж Д миний аавыг хочоор нь хэлж доромжлон хашгирч намайг гэртээ орсон хойно манай гэрийн цонхыг чулуугаар цохиж хагалсан бөгөөд гэнэт миний уур хүрч түүнийг хутгалж гэмтээсэн байсан. Би тухайн үедээ хутгалснаа ч мэдээгүй. Би маш их бачимдсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн: Тухайн цаг үед хохирогч нь шүүгдэгч болон түүний аавыг нь хочилж элдвээр доромжилж, шүүгдэгчийг зодсон төдийгүй тэднээс зугтаан гэртээ ирсэн хойно нь араас нь ирж гэрийнх нь цонхыг чулуу шидэн хагалсанд шүүгдэгчийн уур гэнэт хүрч, түүнийг хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон бөгөөд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хууль хэрэглээний асуудалд зөв дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль ёсны болсон  тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогч нь маргааныг үүсгэх, шүүгдэгчийг доромжлох, зодох зэргээр сэтгэл санааны хүнд байдалд оруулсан нь хохирогчийн сэтгэлзүйд гэнэт нөлөөлсөн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон гэв. 

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ гаргасан  дүгнэлтдээ: Шүүх үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн аймгийн Ерөнхий прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Яллагдагч Д.Т нь Б.Дыг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хутгалж хүнд хохирол учруулсан үйлдлийг Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Аймгийн Ерөнхий прокурорын эсэргүүцэлд “Тухайн өдөр болсон маргааныг шүүгдэгч  Д.Т нь өөрөө үүсгэж, хохирогчийг цайны газар сууж байхад нь сандлаар цохих, сумын төвөөс хойш хөдөө гарч чулуугаар цохиж эрх чөлөөнд нь халдаж зодсон. Улмаар хохирогч чулуугаар гэрийнх нь цонхыг хагалсны улмаас Д.Т нь Б.Дыг хутгалж хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон” гэжээ. Прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад тухайн өдөр Б.Д Б.Рэнцэндорж , И.Эрдэнэцог нар Д.Тыг “Ажил ихтэй завгүй” гэж хэлсээр атал түүнтэй уулзахаар аймгийн төвөөс Луус суманд очсон. Очихдоо пиво ууцгаагаад халмаг очсон бөгөөд Д.Т тэднийг хүлээн авч хоолонд оруулаад 1 шил 75 гр-ын архи авч ууцгааж байхад Д.Т, Б.Д нар нь хоорондоо маргалдаж  Д.Т нь Дын толгой руу сандлаар цохисон, тэндээсээ  хөдөө гарч зодолдсон,  Д.Тыг эргэж гэрээдээ явахад нь араас нь  очиж  эцгийг нь хочилж доромжлон улмаар гэрийнх нь цонхыг чулуугаар хагалсанаас Т түүнийг хутгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 Анхан шатны шүүхээс “ Шүүгдэгч нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэлд санааны гэнэтийн цочролд орж үйлдсэн” гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг гаргахдаа хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэжээ.

 Хохирогч нь шүүгдэгчтэй цайны газар болон хөдөө, түүний гэрийн гадаа  удаан хугацаанд маргалдан зодолдсон бөгөөд улмаар шүүгдэгчийг болон эцгийг нь хочилж дуудаж, гэрийнх нь цонхыг чулуугаар хагалсанд  шүүгдэгч  гэнэт цочирдон  түүнийг хутгалсан байх тул шүүгдэгчийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайн үед Б.Д нарыг очихоос өмнө Д.Т нь сэтгэл санааны хямралд байсныг хэргийн бодит байдлыг тогтоохдоо анхаарч үзсэн нь хуульд нийцсэн байна.

 Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, Дундговь аймгийн Ерөнхий прокурорын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ