| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0301/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/306 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Бат-Орших, шүүгдэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410002170141 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, тавилгын үйлдвэрийн захирал, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ******* дүүрэг, 10 дугар хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 43 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт *******ын ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* УЕМ улсын дугаартай автобусны толийг гараараа цохин гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш буюу 585,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 18-ны 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл экспо төвийн урдуур замаар ******* УЕА улсын дугаартай автобус барьж ажлаа хийж байсан. Тэгээд замаар явж байгаад замын уулзвар дэр түгжрээнд ороод зогсож байсан. Тэгтэл миний талын толийг нэг үл таних эрэгтэй хүн ирээд шууд цохиж толины корпусны доод суурийг хагалж толийг унжуулсан. ...Толийг хараад наад чинь хагараагүй байна ш дээ буцаад машин руугаа явахаар нь чи автомат толийг эвдэлсэн байна гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 29 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Т.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “.. Би машинаасаа бууж ирээд толийг нь эргүүлэх санаатай өнгөцхөн хүрээд ингэж машин барихаа болиоч гэж хэлээд машиндаа суусан. ...Тэгсэн автобусны толь эвдэрчихлээ төлөөрэй гэж хэлсэн. ...Би толийг нь эргүүлэх санаатай хүрсэн төдий...” /хавтаст хэргийн 43дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 23-24 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 34 дэх тал/,
- Зорчигт тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н 1/137, 1/152 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 62-63 дахь тал/,
- Шүүгдэгч Т.*******ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 46 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтас хэргийн 48 дахь тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* УЕМ улсын дугаартай автобусны толийг гараараа цохин гэмтээсний улмаас 585,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ын: “...2023 оны 12 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл экспо төвийн урдуур замаар ******* УЕА улсын дугаартай автобус барьж ажлаа хийж байсан. Тэгээд замаар явж байгаад замын уулзвар дэр түгжрээнд ороод зогсож байсан. Тэгтэл миний талын толийг нэг үл таних эрэгтэй хүн ирээд шууд цохиж тольны корпусны доод суурийг хагалж толийг унжуулсан. ...Толийг хараад наад чинь хагараагүй байна ш дээ буцаад машин руугаа явахаар нь чи автомат толийг эвдэлсэн байна гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 29 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Т.*******ийн: “...Би машинаасаа бууж ирээд толийг нь эргүүлэх санаатай өнгөцхөн хүрээд ингэж машин барихаа болиоч гэж хэлээд машиндаа суусан. ...Тэгсэн автобусны толь эвдэрчихлээ төлөөрэй гэж хэлсэн. ...Би толийг нь эргүүлэх санаатай хүрсэн төдий...” /хавтаст хэргийн 43дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 23-24 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 34 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Т.******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, төлсөн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н эд хөрөнгөд 585,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч хохирлыг төлсөн буюу хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2410002170141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овог *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.*******т шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2410002170141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР