| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0438/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/473 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/473
2024 04 18 2024/ШЦТ/473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
улсын яллагч А.Намдаг,
шүүгдэгч Б.***, Ё.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***, Ё.*** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00516 0401 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны энжинер мэргэжилтэй, “*** ХХК”-д цахилгааны инжинер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** /РД:***/,
2. Монгол Улсын иргэн, 2005 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “***” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** /РД:***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.***, Б.*** нар нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” төвд үйл ажиллагаа явуулах караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан, зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 325 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Ё.***, Б.*** нар.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ё.***, Б.*** нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ё.*** Б.*** нар нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” төвд үйл ажиллагаа явуулах караоке бааранд харилцан маргалдаж, улмаар Ё.*** нь Б.***ийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь үүдэн баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл, сулрал, баруун зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.*** нь Ё.***гийн толгой хэсэгт нь шилээр цохиж, баруун хөмсөгт зулгаралт, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Энэ нь Б.***ийн хохирогчоор өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны орой би хүргэн ах Батбаяр, түүний эхнэр Батчимэг нарын хамт пиво ууцгааж байтал Батбаяр ахын дүү нь гэх казак залуу орж ирэхдээ архи авч орж ирсэн ба тухайн архинаас уугаагүй Батбаяр, Батчимэг нар архинаас уусан юм. Тэгээд архиа ууж дууссаны дараа 2024 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-ны шилжих шөнийн 01 цагийн үед бид нар гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” төвийн нийтийн караоке орж пиво уунгаа дуулсан. Тэгээд байж байтал манай ширээний дуулах цаг болох үед зүүн талын ширээн дээр сууж байсан үл таних эмэгтэй дахин өөрийнхөө дуулах дууг тавих гээд байсан. Тэр үед ах Батбаяр, эгч Батчимэг нар одоо манай дуулах цаг шүү дээ, танайх ямар олон дуу хийдэг юм бэ гэж хэлтэл урдаас үл таних эмэгтэй "түрүүнээс хойш дуугаа хийхгүй байсан байж юу балайраад байгаа юм бэ, манайх дуугаа захиалчихлаа” гэж хэлэхээр нь Батбаяр ах “өө ганц дуулах гэсэн чинь дуу дуулуулахгүй ямар хэцүү юм бэ писда” гэж хэлсэн чинь зүүн талын ширээн дээр сууж байсан *** гэх залуу босож ирээд “писда чинь эхнэр юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд босож ирээд ахыг заамдаад авахаар нь би пивоны шил аваад аятайхан бай, боль гэж хэлээд түлхсэн чинь *** гэх залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон чинь хажууд чинь байсан хүмүүс бид хоёрыг салгасан юм....надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,
Ё.***гийн хохирогчоор өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны оройн шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тэнүүн” төвд байрлах нийтийн караокед эхнэр Даваасүрэн, түүний найз Дөлгөөн нарын хамт орон пиво уунгаа дуу дуулж байсан юм. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-ны шилжих шөнийн 00 цаг 20 минутын үед бид нарын сууж байсан ширээний баруун талд байрлах ширээн дээр үл таних 3 эрэгтэй, 1 эмэгтэй нар суусан юм. Тэгээд ээлжлээд дуугаа захиалан дуулж байгаад түр завсарлаж байтал эхнэр Даваасүрэн 3 дуу дуулчхаад харьж амаръя гэж хэлээд текнээс бал цаас дууны дэвтэр аваад дуулах дуугаар цаасан дээр бичиж байтал баруун ширээнд сууж байсан үл таних эрэгтэй хүн “та нар ямар их дуулдаг юм бэ писда нар минь бид нар дуулна” гэж хэлэхээр нь би эхнэрээ өмөөрөөд босож ирээд “юу гээд байгаа юм бэ, бид нар адилхан дуулж байна" гэж хоорондоо маргалдсан чинь надтай маргалдсан хүний ширээн дээр сууж байсан сүүлд нэрийг нь мэдсэн ба *** гэх залуу гартаа пивоны шил барьж байгаад толгойны баруун талын дагз хэсэг рүү 1 удаа цохиж авахаар нь би зөрүүлээд баруун гараараа шанаа нүүр орчим нэг удаа цохисон. Тэр үед цуг байсан хүмүүс бид хоёрыг салгасан юм...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би *** гэх залуутай уулзаж харилцан тохиролцсон тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх10/,
Гэрч Х.*** “...тэр үед манай нөхөр *** тухайн залуу руу юу гээд байгаа юм бэ гэж хэлтэл тус ширээнд сууж байсан *** гэх залуу босож ирээд манай нөхрийн толгой хэсэгт нь пивоны шилээр нэг удаа цохиж авсан. Тэр үед нөхөр зөрүүлээд гараараа цохиж байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх17/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тодорхойлсон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, 102 дугаар шуурхай дуудлагын дугаарт гомдол, мэдээлэл гаргасан /хх4/ тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1903 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.***ийн биед үүдэн баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл, сулрал, баруун зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д;зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх 20-21/,
Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1906 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Ё.***гийн биед баруун хөмсөгт зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх24-25/, хэрэгт авагджээ.
4. Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нарын харилцан зодолдож, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ё.***, Б.*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Шүүгдэгч нар нь харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан, хэн хэнээсээ хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.***, Б.*** нарт тус тус 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ё.***, Б.*** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.
10. Иймд шүүгдэгч Ё.***, Б.*** нарыг гэм буруугаа хүлээсэн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.***, Б.*** нарыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР