Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2023/00213

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01813 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01362 дугаар магадлалтай,                                                                                                                                  

Б ын нэхэмжлэлтэй,

“М ” ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 25,360,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранзаяа, Л.Намжилмаа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 25,360,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01813 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч “М ” ХХК-д холбогдох 25,360,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,853 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01362 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01813 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-аас 25,360,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б д олгосугай” гэж, 2 дахь заалтын “7.1.2” гэснийг “7.1.1” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “М ” ХХК-аас 284,753 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд:

Анхан болон Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Давж заалдах шатны шүүхийн магадлалд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Магадлалыг  хуульд заасан үндэслэлээр хянан үзэж хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна гэж буруу тайлбарласан. Нэхэмжлэгч Б  нь даатгалын тохиолдол үүссэн талаар нэн даруй мэдэгдээгүй нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, гэрээний 9.4-т заасан нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй, нэн даруй мэдэгдэх үүрэг нь даатгалын гэрээний үндсэн үүрэг биш тул хариуцагч “М ” ХХК даатгалын тохиолдлын талаар нэн даруй мэдэгдээгүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх буруу тайлбарласан байна.

Б тай 2021.10.12 өдөр байгуулагдсан 21/104407534820035 дугаартай "Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт даатгуулагч энэхүү гэрээгээр нөхөн төлбөр олгогдож болох аливаа хохирлын талаарх тухайн эрсдэл учирсан ослын газраас хөдлөхгүйгээр даатгалын тохиолдлыг газар дээр нь мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хэрвээ нэн даруй мэдэгдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол даатгагчид 24 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт даатгуулагч, даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Ийнхүү даатгалын тохиолдлыг нэн даруй мэдэгдэх тухай хууль болон гэрээнд тусгайлан үүрэг болгоод заасан учир даатгалын тохиолдлыг болсон үгүйг тодруулах хамгийн чухал ач холбогдолтой байдаг. Б  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зам тээврийн ослыг газар дээр нь, аль эсхүл сүлжээ орсон даруйд мэдэгдээгүй, зам тээврийн ослыг нотлох гэрэл зураг аваагүй, баримтжуулаагүй буюу 2022.09.02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө даатгалын тохиолдол болсон гэх боловч даатгагчид 9 сарын 06-ны өдөр буюу аль хэдийн осол болоод ослын газраас хөдлөөд Улаанбаатар хотод ирсний дараа мэдэгдсэн. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч автомашины хурдыг тохируулсан эсэх, харанхуй үед, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явсан эсэхийг зөрчөөгүй гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, хэрэгт гэрэл зургаас өөр зам тээврийн осол гарсан шалтгаан, нөхцөл, гэм бурууг тогтоосон баримт авагдаагүй байдаг. Д , Ж , Б, Т, Ж  нарын гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслээгүй буюу давхар нотлогдоогүй. Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-ын “Г” дахь хэсэгт заасны дагуу ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх, 3.6 дахь хэсэгт зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолоочийн тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч, даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3,5-ын г-д заасан үүргээс чөлөөлөгдөхөөр заасан байдаг. Иймд Замын Хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн эсэхийг харьяа эрх бүхий байгууллага болох Цагдаагийн газраас лавлаж тодруулахад Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргүүдээ биелүүлээгүй болох нь Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2022.10.03-ны өдрийн 39а/979 тоот албан бичгээр нотлогддог. Б  нь нөхөн төлбөр олгохыг хүсэж нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлэн өгөхдөө хуульд заасны дагуу бичгээр гаргасан өргөдөл, холбогдох эрх бүхий албан тушаалтны хохирол үнэлгээний баримт, аваар осол болсон тухай холбогдох мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгөх ёстой байдаг. Гэвч дээр дурдсанчлан шаардлагатай баримтуудыг гаргаж өгөөгүй тул Б тай байгуулсан даатгалын гэрээний 5.7 дахь хэсэгт “Нотлогдох боломжгүй болсон хохирол” гэж, 5.9 дэх хэсэгт “Мэргэжлийн байгууллагад аваар осол, хохирлын талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж, хохиролтой...” гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/01362 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.13-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/01203 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 25,360,650 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, “...Нэхэмжлэгч ослын тохиолдол болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, баримтаа бүрэн бүрдүүлж өгөөгүй. Даатгалын тохиолдлыг газар дээр нь мэдэгдэх үүрэгтэй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол даатгагчид 24 цагийн дотор мэдэгдэх ёстой байсан. “Рremium” даатгал нь бусад даатгалаас машины зогсоол, гараажид байсан үед ослын тохиолдол бий болоход хамаарагддаг даатгал, нөөц сангаас нөхөн олговрын мөнгийг олгох боломжгүй” гэж маргажээ.

7.“М ” ХХК, Б  нарын хооронд 2021.10.12-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгагч “М ” ХХК нь ...  улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг даатгаж, даатгуулагч Б  нь даатгалын хураамжид Premium ангилал буюу автомашины үнэлгээ болох 260,000,000 төгрөгийн 1 хувиар тооцож 2,600,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, Б  нь даатгалын төлбөрийг төлсөн байна.

8.”...Даатгуулагч Б  нь 2022 оны 09 сарын 02-03-нд шилжих шөнө ...  улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг жолоодон явахдаа Өвөрхангай аймгийн Шартын даваа гэх газар адуу мөргөсний улмаас даатгалын зүйл болох автомашинд эвдрэл гэмтэл учирсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээгээр тогтоогдож байхад анхан шатны шүүх бусад баримтаар нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзлээ.    

Тодруулбал, дээрх ослын улмаас ...  улсын дугаартай Лексус-570 маркийн автомашины урд гуфер цуурч зурагдаж, капут хонхойж чихэгдэж эмжээр хугарсан, нүүр сетка хагарч хугарсан, гуфер тогтоогч зам хугарч, зүүн урд гэрэл хагарч нийт 25,360,650 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон ба хариуцагч хохирлын хэмжээ болон ослын шалтгаан, нөхцөлийн талаар маргасан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

9.Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-д “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд даатгуулагчийн эрх, үүргийг заасан ба мөн зүйлийн 10.1.5-д “даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх” гэж зохицуулсан байна.

Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон үед даатгагчид энэ тухай нэн даруй мэдэгдсэнээр аль болох хугацаа алдахгүйгээр зохих шалгалтыг хийх, нөхөн төлбөрөө хурдан авах боломжийг олгохын зэрэгцээ ослын шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэмжээ, нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл байгаа эсэхийг тогтоох ач холбогдолтой.

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь хөдөө хээр холбоо барих боломжгүй газарт зорчиж байхад шөнийн цагт буюу 9 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө тухайн осол гарсан буюу автомашиныг адуу мөргөсөн, машиныг Улаанбаатар хот руу буцааж, улмаар үнэлгээний компаниар ослын үнэлгээг гаргуулан, 9 сарын 06-ны өдөр ”Констракшин конвеншил ББСБ”-аар дамжуулан холбогдох баримтыг даатгагч “М ” ХХК-д хүргүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

10.Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт зохицуулсан, түүнчлэн талуудын хооронд хийгдсэн гэрээний 9.4-т заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд Б ын даатгалын тохиолдол үүссэн талаар даатгалын компанид нэн даруй мэдэгдээгүй гэх үндэслэл хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.

Давж заалдах шатны шүүх “...осол болсон тухай Б  цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлээгүй, даатгалын компанид нэн даруй мэдэгдээгүй гэх үндэслэлээр “М ” ХХК нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй. Даатгалын тохиолдол бий болсон нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, үнэлгээний баримт, түүнд хавсаргасан гэрэл зургаар тогтоогдож байх бөгөөд осол болсон тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх боломжгүй нөхцөл байдалд даатгуулагчийг байсан” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Иймээс “...хариуцагч “М ” ХХК даатгалын тохиолдлын талаар нэн даруй мэдэгдээгүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 5.7, 5.9 гэсэн нөхцөлөөр нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж гомдолд заасан боловч хэрэгт авагдсан гэрээнд энэ нөхцөл байхгүй, мөн гэрээний 2.1, 2.7-д зааснаар нөхөн төлбөр олгохгүй гэх боловч ийм нөхцөл гэрээнд заагдаагүй байх тул гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн байх бөгөөд “даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан” гэсэн хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэх талаар хариуцагч тайлбар болон баримт гаргаагүй байна.

11.Зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, “М ” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 25,360,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б д олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01362 дугаар   магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 284,754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                 Д.ЦОЛМОН