Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 148

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга А.Батдорж,

улсын яллагч Э.Гантулга,

шинжээч Б.Мөнгөнтулга,

хохирогч С.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

шүүгдэгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар М.Ганзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000211 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жаагийнхан овогт Монхорын Ганзориг, регистрийн дугаар ВТ 87020319,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

М.Ганзориг нь 2016 оны 07 дугаар сарын 14-ний орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг нутагт өөрийн эзэмшлийн 80-45 БНХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч С.Дандарыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч С.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Самбуу овогтой Дандар нь миний төрсөн дүү байгаа юм. Манай гэр болохоор Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1-30-1-12 тоотод байдаг харин манай дүү Дандарынх болохоор Баянхонгор сумын 4 дүгээр багийн 4-10-25-Б тоотод байдаг хашаандаа өөрийн хүүхэд болох Энхцэцэгийнхтэй айл байдаг. Манай дүү Дандар өөрөө болохоор тэр хашаанд гэртээ ганцаараа байдаг юм. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 14-ний орой 23:00 цагийн үед цагдаагаас манай дүү Дандарыг машинд дайруулсан талаар мэдэгдсэн. Тэгээд тэр дариудаа эмнэлэг дээр ирсэн чинь эмч нар нь түр байж бай гэсэн юм тэгээд гадаа нь хүлээж байхад удалгүй нас барсан гэж надад мэдэгдсэн... Тэр өдөр би талийгаачтай уулзаагүй харин зам тээврийн осол болохын урд өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэрт нь очиж уулзахад гэртээ ганцаараа малын гэдэс худалдаж авсан гээд гэдэсний шөлөнд будаа чанаад байж байсан тэгээд би гэрт нь орж уулзаад гарсан юм. Надтай тухайн үед уулзахдаа бол архи уугаагүй, ганцаараа гэртээ байж байсан юм. 2016 оны 07 дугар сарын 14-ний өдөр 18:00 цагийн үед охин Энхцэцэг нь талийгаачийн гэрт нь ороход тэрээр гэртээ ном уншаад зүгээр байж байсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш гадуур гарсан эсэхийг би мэдэхгүй байна. Шинжээчийн гаргасан дүгнэлтүүдтэй бүрэн танилцсан дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Оршуулгын үед юм худалдан авсан баримтууд нь байгаа. Бид нар хүнээ алдсан болохоор 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Оршуулгын зардалтай нийлээд нийт 15,000,000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-102/,

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 23 цаг болж байхад дүү чинь автын осолд орлоо гэж цагдаагаас над руу ярьсан. Тэгээд тэр дариудаа эмнэлэг дээр ирсэн чинь эмч нар түр байж бай гэсэн. Удалгүй миний дүү эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан.” гэх мэдүүлэг,

Гэрч С.Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2016 оны 07 сарын 14-ний өдөр Ганзориг, Гэрэлмаа бид 3 Ганзоригийн эзэмшлийн 80-45 БНХ улсын дугаартай автомашинаар Эрдэнэцогт суманд байдаг Ганзоригийн гэрт оччихоод орой 20 цагийн үед аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд намайг гэрт буулгаж өгчихөөд айлд очно гээд яваад өгсөн. Ганзоригийн машин нь ямар нэгэн эд анги нь эвдрэл гэмтэлгүй байсан. Ганзориг нь архи уугаагүй эрүүл байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 104-р хуудас/,

Гэрч Э.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 07 сарын 14-ний орой Баянхонгор сумын 6 дугаар баг малчны хороололд Эрдэнэбат гэх ахынд найз Ганзоригийн хамт 80-45 БНХ улсын дугаартай Приус маркийн машинаар оччихоод засмал зам уруудаад 5 дугаар багийн 7 дугаар гудамжны харалдаа явж байхад замын баруун талаас нэг хүн гүйгээд зам хөндлөн гараад ирэхээр нь би Ганзоригт хүүе наана чинь хүн гэж хэлэхэд машин зогсохын завдалгүй нөгөө хүн мөргүүлээд цонхон дээр унасан. Тэгээд машинаа зогсоогоод буухад нөгөө хүн машины урд талд зам дээр унасан харагдаж байсан. Тэгээд Ганзориг эмнэлэг, цагдаа руу хэлсэн. Тухайн үед Ганзориг бид 2 л явсан бөгөөд өөр хүн байгаагүй. Ганзориг нь архи уугаагүй эрүүл явж байсан. Тухайн үед бороо орж байсан тул машины шил арчигч ажлуулаад удаан явж байсан. Тухайн үед урдаас тод гэрэлтэй машин ирж байсан. Ганзориг тэр машины гэрлийн гялбаанд орсон эсэхийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-р хуудас/

Гэрч Д.Жамъяанмядагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би хуваарийн дагуу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг дээр оройны ээлжинд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд тухайн өдрийн 22 цаг 55 минутанд ирсэн дуудлагын дагуу Баянхонгор сумын 5 дугаар багийн 6, 7 дугаар гудамжны хажууд байх асфальтан зам дээр очиход асфальтан зам дээр машинд дайруулсан гэх эрэгтэй хүн байсан ба гаднаас нь харахад ухаангүй байдалтай, толгой нь хагарсан, цус их алдсан байдалтай байсан. Үзлэгээр даралтыг нь үзэхэд даралт хэмжигдэхгүй, зүрхийг нь чагнахад бараг сонсогдохгүй, захад пүльс мэдэгдэхгүй, пүльс оксиметр гэдэг зүрхний цохилт хэмждэг багажаар л үе үе хэлбэлзэлтэйгээр зүрхний цохилт нь мэдэгдэж байсан. Энэ нь тухайн хүний биеийн байдал туйлын хүнд агональ байдалтай байсан. Агональ үе гэдэг нь үхлийн өмнөх туйлын хүнд үе бөгөөд би яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү тээвэрлэж яаралтай тусламжийн тасагруу оруулахад зүрх нь зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/,

Шүүгдэгч М.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор сумын малчны хороололд байдаг Эрдэнэбат гэдэг айлд оччихоод өөрийн эзэмшлийн 80-45 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянхонгор сумын 5 дугаар багийн 7 дугаар гудамжны баруун талд байдаг асфальтан замаар явж байсан чинь надтай хамт явсан Гэрэлмаа наана чинь хүн гэсэн. Тэгтэл гэнэт машины шилэн дээр юм ирээд цохьсон. Тэгээд шил хагараад өмнөөс үсрэхээр нь би машинаа зогсоогоод машинаасаа буугаад харсан чинь машины урд талд нэг хүн зам дээр хэвтэж байсан. Цаад талд нь гутал нь харагдаж байсан. Тэгээд би цагдаагийн газар болон эмнэлэгийн байгуулагад өөрөө дуудлага өгсөн... Би тухайн үед 5 дугаар багийн асфальтан замаар хойноос урагш чиглэлтэй явж байсан, Тэр үед би тэр хүнийг зам хөндлөн гарч явааг хараагүй. Гэрэлмааг наана чинь хүн гэж хэлэхэд би ямар нэгэн үйлдэл хийхийн завдалгүй л шилэн дээр юм унасан тэгээд машинаа зогсоогоод буугаад хартал зам дээр хүн хэвтэж байсан. Тэр үед би уруудаад 20 километр цагийн хурдтай явж байсан. Тухайн үед би ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өдөр нь тараг уусан харин Эрдэнэбат гэдэг айлд очоод бол хоол идчихээд гараад явж байсан юм. Миний машины тоормоз, болон гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн ажиллаж байсан. Ямар нэгэн эвдрэлтэй эд анги байгаагүй бүгд хэвийн ажиллаж байсан. Би шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцлаа, тухайн үед бол хажуугаар хурц гэрэлтэй машин зөрсөн. Гэхдээ миний нүд тухайн үед гялбаагүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 172-173, 176-177-р хуудас/,

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би өөрийн эзэмшлийн 80-45 БНХ улсын дугаартай Toyota prius маркийн машиныг жолоодож явсан. Намайг Эрдэнэбат гэх айлд хоол идчихээд гарахад гадаа харанхуй, бороо орж байсан бөгөөд Баянхонгор сумын 5 дугаар багийн 7 дугаар гудамжны баруун талын замаар явж байхад Э.Гэрэлмаа хүн гэхлээр би шууд тооромз гишгээд зогссон. Буугаад харахад машины урд зам дээр нэг хүн хэвтэж байсан.” гэх мэдүүлэг,

Шинжээч Б.Мөнгөнтулгын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “

Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Н.Мөнх-Эрдэнэ, цагдаагийн ахмад М.Дашзэвэг, цагдаагийн хошууч Б.Мөнгөнтулга нар нь энэхүү ослын талаар бүрэлдэхүүнтэйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан. Жолоочийн нүдэнд гялбалт өгөөгүй гэж үзсэн. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д зааснаар “...зорчих баримжаа алдсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэж заасны дагуу тогтоосон. Учир нь жолоочийн “...урдаас гэрэлтэй машин ирж явсан…” гэж мэдүүлсэн байдаг. Жолооч зогсоох арга хэмжээ аваагүй гэдийг “...жолооч аюул саад бий болсон тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсооно...” гэж заасныг зөрчсөн буюу хэргийн газрын үзлэг болон ослын талаарх бүдүүвч зургаас үзэхэд жолооч явган зорчигчийг мөргөсөн А цэгээс 1 метр гаран явсан байдаг. Өөрөөр хэлбэл анх мөргөхдөө зогсоох арга хэмжээ аваагүй, мөргөснийхөө дараа зогсоох арга хэмжээ авсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн байна. Явган зорчигт С.Дандар нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасныг буюу “...явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэж заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзсэн. Мөн жолооч, явган зорчигч хоёрыг буруутай байна гэж үзэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан.” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-14/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 24-34/,

Цогцосонд задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-34/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 48/,

Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, ослын акт, хэрэг учралын газрыг тэмдэглэсэн бүдүүвч зурагны үзүүлэлт /хх-ийн 49-52/,

Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 71-87/,

Хохирогч С.Дандарын өвчний түүх /хх-ийн 93-94/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 07 сарын 28-ны 6483, 6484 дугаартай дүгнэлт /хх-ийн 121-122/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 сарын 02-ны өдрийн 52, 2016 оны 07 сарын 21-ний 86 дугаартай дүгнэлтүүд, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 133-135, 140-144/,

Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 05 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт /хх-ийн 150-151/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн 20, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний 03 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 156-157, 164-165/,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 178/,

Хохирогч С.Дандарын нас барсны гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 179-180/,

Баянхонгор аймгийн улсын бүртгэл статистикийн газрын 2016 оны 08 сарын 31-ний 1/999 дугаартай алба тоотын хуулбар /хх-ийн 182/,

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 184/

Шүүгдэгч М.Ганзоригийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 185/,

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тухай тодорхойлолт /хх-ийн 148/,

Шүүгдэгч М.Ганзоригийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 186/,

Шүүгдэгч М.Ганзоригийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, хувийн хэргийн хуулбарууд /хх-ийн 151-161/,

Шүүгдэгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтүүд /хх-ийн 199-200, 210-212/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн нэр бүхий иргэдийн гарын үсэг, хүсэлтүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн толнгой, хүзүү, нурууны томографийн шинжилгээ, Амбулаториор эмчлүүлэгчийн карт, хохирлын мөнгө төлсөн баримт, хохирлын мөнгийг хүлээлцсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

М.Ганзориг нь 2016 оны 07 дугаар сарын 14-ний орой 22-аас 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн 80-45 БНХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч С.Дандарыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч М.Ганзоригийн сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч М.Ганзоригийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Ганзориг нь хохирогч С.Наранцэцэгт 6.500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй, хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80-45 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг буцаан олгож, 1 хос гутал, 1 ширхэг улавч, 1 ширхэг малгай, 1 ширхэг нэмэлт гэрлийн таг зэргийг устгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч М.Ганзоригийн өмчлөлийн Тоёота Приус маркийн автомашин, 5 тооны эр ямааг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290.3, 294, 295-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                 

                                                                                     ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Жаагийнхан овогт Монхорын Ганзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас С.Дандарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганзоригт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганзоригт оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.Ганзоригт хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан М.Ганзоригт сануулсугай.

6. Шүүгдэгч М.Ганзориг нь бусдад төлөх төлбөргүй ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганзоригийн өмчлөлийн Тоёота Приус маркийн автомашин, 5 тооны эр ямааг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 08 сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80-45БНХ улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг буцаан олгож, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар №870679 дугаартай жолоочийн үнэмлэхийг цагдаагийн газарт шилжүүлж, 1 хос гутал, 1 ширхэг улавч, 1 ширхэг малгай, 1 ширхэг нэмэлт гэрлийн таг зэргийг устгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ганзоригт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ