Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 118/ШШ2022/0016

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: н *******, *******ын *******

нарын хоорондын өвөлжөөний газрыг давхардуулан эзэмшүүлсэн тухай  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д. нь сумын Засаг даргад холбогдуулан 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар захирамжийн Н.т холбогдох хэсгийг болон уг захирамжийн дагуу Н.т олгосон дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар  маргаж байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч нь анх сумын багийн нутаг дахь Дулаан Хайрханы доод бууц гэх нэртэй өвөлжөөний газрыг 1996 оноос хойш эзэмшиж ирсэн гэх ба сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэн шинэчлэн олгосон дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу нэгж талбарын дугаартай дээрх 0.5 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшиж иржээ.

сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар захирамжийн дагуу Н.*******д Дулаан хайрхан уулын өвөрт хаваржааны зориулалтаар 0.5 га газрыг эзэмшүүлэхээр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгож, Дулаан Хайрханы доод бууцны өвөлжөөний  газартай давхардуулсан хэмээн  үзэж, уг гэрчилгээ болон захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын талаар сумын Засаг даргад өөрт нь гомдол гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/552 дугаар албан бичгээр хариу авсан бөгөөд Завхан аймгийн Засаг даргад 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гомдлоо гарган урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан боловч хариу өгөөгүй байна. /Хэргийн 7-22, 25-26 дугаар хуудсанд/

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д. нь Дулаан Хайрханы доод бууц гэх өвөлжөөг нэгдлийн үед эзэмшиж байсан бөгөөд нэгдэл тарах үед ******* гэдэг хүн хувьчилж авсан байдаг. Ингээд Д. нь 1996 онд *******аас уг өвөлжөөг худалдаж аваад одоог хүртэл эзэмшиж байгаа. Гэтэл эзэмшиж байгаа өвөлжөөнийх нь эзэмшлийн газар дээр буюу өвөлжөөнөөс нь 1 км орчим зайд сумын Өгөөмөр багийн иргэн П.******* нь багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэргүйгээр хаваржаа барьсан. Хаваржаа гэсэн мөртлөө жилийн 3 улиралд байнга байршиж Д.гийн өвөлжөөний бэлчээрийг П.******* нь малаараа идүүлээд, Д.г өвөлжих нөхцөл боломжоор хангахгүй ийм нөхцөл байдал үүсгээд байгаа. Энэ асуудлаас болж өвөлжөөний маргаан үүссэн. Мөн сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай захирамжаар Дулаан Хайрханы доод бууц гэх өвөлжөөний эзэмшлийн газрыг Н.*******д олгоогүй байдаг. Гэтэл газар олгосон гэж гэрээ байгуулаад гэрчилгээ олгосон учраас энэ гэрчилгээг бариад газар олгосон гэж үзээд Н.******* нь өвөлжөөний газрыг чөлөөлөхгүй байгаа... 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай захирамжаар Н.*******д Шургах багт 0,5 га газар, сумын төвд 0,5 га газар олгосон. Бэлчээр, өвөлжөөний газрыг эзэмшүүлэхэд 0,5 га газар эзэмшүүлэх боломжгүй. 2 га түүнээс дээш хэмжээтэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлдэг. Гэтэл 0,5 га газраа эзэмшчихээд, 0,5 га-аас давсан Дулаан Хайрханы доод бууцны өвөлжөөний газарт малаа бэлчээрлүүлээд, өвөлжөөний бэлчээрийг идүүлээд байгаа учраас энэ асуудал үүссэн. Ер нь бол 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжид Н.*******д хаваржааны газар олгох тухай заалт байхгүй. Гэтэл сумын тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан ******* нь 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай захирамжийг үндэслээд мөн өдөр 0,5 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байдаг. Энэ нь тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь байна уу гэхээр байдаггүй... 1996 оноос хойш эзэмшиж байхад ******* бууц нь Дулаан Хайрханы өвөлжөөний газарт хамаарч байсан. Яагаад тусдаа асуудал яригдаад байна гэхээр тухайн үед кадастр гэдэг зүйл огт хийгддэггүй байсан. сумын өвөлжөөний газрын кадаструуд 2018 оноос хойш хийгдсэн байдаг. Энэ үед газрын хэмжилтийн хувийн компаниуд үйл ажиллагаа явуулж эхлээд, тэр хүмүүс газрын гэрчилгээтэй холбоотой асуудлыг сумын газрын даамлаас шаардаад, тухайн үед кадастр хийгдсэн. Өөрөөр хэлбэл, 2007 онд гэрчилгээ нь олгогдчихоод, 2018 оноос хойш кадастр хийгдсэн учраас Дулаан Хайрханы доод бууцны өвөлжөөний эзэмшлийн газраас тусдаа юм шиг кадастрын зураг нь харагдаад байгаа юм. Түүнээс эзэмшлийн газар нь Дулаан Хайрханы доод бууц өвөлжөөний эзэмшлийн газарт хамаарч байсан. Мөн нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн. Хөндөгдөөд энэ асуудлаар маргаан гараад сумын тамгын газраас ажлын хэсэг тухайн өвөлжөөн дээр очиж шалгаад та нар хоорондоо зохиц, чадахгүй бол дараагийн шатны байгууллагад ханд гэсэн байна. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөөд байна вэ гэхээр малын үндсэн хүнс тэжээл бол бэлчээр өвс ногоо. Дулаан Хайрханы доод бууц өвөлжөөний 0,5 га газар буюу сумд хашааны газар шиг газар эзэмшчихээд малаа Дулаан Хайрханы доод бууц өвөлжөөний эзэмшлээр бэлчээрлүүлээд, тухайн өвөлжөө эзэмшигч өөрийнхөө малыг бэлчээрлүүлэх боломжийг хаагаад байгаа учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөд байна. Засаг даргын хууль бусаар олгосон газрын гэрчилгээг үндэслээд Н.*******ынх Дулаан Хайрханы доод бууц өвөлжөөний бэлчээрийг малаараа идүүлээд, өөрийнхөө өвөлжөөнд малаа бэлчээрлүүлэх Д.гийн боломж нөхцөлийг хаагаад байгаа учраас эрх ашиг нь зөрчигдөөд байна гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй байх. Тийм учраас Н.*******д олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээ, Засаг даргын захирамж нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байгаагүй газрыг олгосон учраас хууль зүйн үндэслэлгүй гарсан тул уг маргаан бүхий захирамжийн Н.*******д холбогдох хаваржааны газар олгосон хэсэг болон мөн өдрийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Өгөөмөр багийн малчин ******* овогтой *******, багийн малчин ******* овогтой нар нь өвөлжөө, хаваржааны болон хадлангийн талбайн асуудлаар маргаж байна. Н.******* нь тус сумын Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тоот гэрчилгээгээр ******* бууцны хаваржааг өөрийн нэр дээр авсан байна. Мөн түүний хүү П.******* нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Шургах багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн Тасархай арыг байгалийн хадлангийн зориулалтаар 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 0123443 тоот гэрчилгээгээр эзэмших эрх авсан нь нотлогдож байна. 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрийг үндэслэн 121500372 нэгж талбарын дугаартай 2 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшиж байна. П.*******ийн эзэмшиж буй Ёндгоо толгой нь сумын төвөөс 10 км, ******* овогтой , Дулаан Хайрханы дунд бууц нь сумын төвөөс 13 км зайтай болно. Иймд эдгээр газрууд нь газар дээрх хоёр иргэний эзэмшилд тус бүр бүртгэгдэж гэрчилгэн дээрх огноо бүхий сумын Засаг даргын захирамжаар баталгаажсан болно гэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газрын асуудлаар манайд 2021 оны 9 сард өргөдөл ирсэн. Бид тухайн үед ажлын хэсэг гаргаад очиж танилцсан. Тэгэхэд өвөлжөөний бууцтай давхцал байгаагүй учраас бэлчээр төрийн өмч, та нар ах дүү улсууд, хоорондоо зохиц, чадахгүй бол дараагийн шатны байгууллагад ханд гэж хэлсэн. Хариуцагчийн тухайд өмнө ажиллаж байсан хүмүүсийн гаргасан, албан ёсны бичиг баримт байгаа учраас бид үгүйсгэх арга байхгүй... Өвөлжөөний газрыг тухайн хувь хүн өөрөө эзэмшинэ. Бэлчээрийн талбай нийтийн эзэмшлийн газар. Манай сумын тухайд багийн хилийн цэс гэж байхгүй. Уламжлалт байдлаар газар нутгаа тогтоодог. Ерөнхийдөө Дулаан Хайрханы ар хэсэгт Шургахын айлууд өвөлждөг байсан. Одоо ч гэсэн Чонжхорол, Ганбат гээд Дээд Шургахын айл өвөлжиж байгаа... гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

7. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа зүйлүүд бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал, Д. нь ******* гэдэг хүнээс тухайн өвөлжөөг худалдаж авсан гэдэг боловч хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт байдаггүй, 2008 онд эзэмшиж авсан гэрчилгээ байдаг. Харин маргаан бүхий ******* толгойн өвөлжөөн дээр Н.******* гуай 1997 онд гэрчилгээ авч байсан, 2007 онд уг гэрчилгээг холбогдох журмын дагуу шинэчлүүлсэн. Тийм учраас үүн дээр ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолгүйгээр эзэмшсэн гэж байна. Газрын тухай хуульд өвөлжөөний газрыг эзэмшүүлэх, хуваарилахдаа заавал багийн иргэдийн Нийтийн хурал хуралдаж шийдэх зохицуулалт байхгүй. Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөө дээр тухайн газрыг олгох асуудлыг ярихаас биш нэр заан олгоогүй учраас Н.******* гуайг үүнд буруутгах боломжгүй. Түүнчлэн сум хил тогтоосон зохицуулалтгүй тул Өгөөмөр багийн газар нутаг, эсхүл багийн газар нутаг гэж шууд маргах боломжгүй. Тийм учраас Н.******* гуайг Д.гийн эзэмшил дээр хаваржааны газар авсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Д. гуайн эзэмшиж байгаа газар дээрээс Н.******* гуайн газар тодорхой хэмжээгээр зайтай, уулаар хязгаарлагдсан газар байгаа. Газрын тухай хуульд бэлчээрийг мал амьтан идээшлүүлэхээр тогтоосон газрыг хэлэх талаар заасан. Өөрөөр хэлбэл, бэлчээр нь нийтийн эдэлбэр газарт ордоггүй, хэн ч байсан чөлөөтэй ашиглах боломжтой байдаг. Тэгэхээр Д. гуайд өвөлжөөний газрыг эзэмшүүлэхдээ бэлчээрийг хамт эзэмшүүлээгүй.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тухайн этгээдийн эрх ашиг зөрчигдсөн, эсхүл хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж болохуйц нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл Н.*******д газар олгосон шийдвэр Д.гийн ямар эрх ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвөлжөөний журмаар 0,5 га газар олгоогүй, 2007 оны захирамжаар олгосон газар нь Шургах багт байгаа учраас хуульд нийцэхгүй захирамжаар газар олгосон гэж маргаад байна. Хамгийн гол нь Д.гийн хууль ёсны эрх ашиг яаж зөрчигдсөн гэдгийг анхаарах ёстой. Түүнээс Д. гэдэг хүн нийтийн эрх ашгийг төлөөлөөд ойр орчмын өвөлжөөний газрыг шалгаад шүүхэд хандаж явах эрх бүхий этгээд биш. Д. гэдэг хүний өвөлжөөний газар буюу түүний эзэмшээд байгаа зүйрлэж хэлбэл ширээний тавцан шиг газрын нэг хэсэг дээр нь Н.******* гуай өмчлөөд авчихсан тэр нь хууль бус байвал өнөөдөр нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрх нь хууль ёсных болно. Гэтэл нийтийн эзэмшил буюу хэн ч эзэмшээгүй талбайг миний эзэмшил байсан, мал идүүллээ гэсэн асуудал яриад байна. Тухайн газрын бэлчээрийг ганц Д.гийн мал идэх ёстой байсан уу, Тухайн бэлчээрийг Д.д эзэмшүүлээгүй учраас маргаад байх зүйлгүй шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын хууль тогтоомжид хөдөө орон нутагт амьдарч байгаа малчид заавал зөвшөөрөлтэй газар бууна гэсэн заалт байхгүй.  Харин нийтийн эзэмшил газарт малчид ард иргэд малаа бэлчээрлүүлэх боломжгүй.  Д. гуайд Дулаан хайрхан уулыг тэр чигт нь эзэмшүүлээгүй. Зөвхөн өвөлжөөний газрыг л эзэмшүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй. Тийм учраас Н.*******д олгосон газар олгосон захиргааны акт, гэрээ гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн, талуудын тайлбарт тулгуурлан дор дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.гийн “ сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар захирамжийн Н.т холбогдох хэсгийг болон уг захирамжийн дагуу Н.т олгосон дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий дээрх захирамжийн огноог буруу бичсэн, тодруулбал, захирамжийг гаргасан өдрийг “19” гэж андуурч тусгасан талаараа шүүх хуралдаан дээр залруулан “12-ны өдөр” хэмээн зөвтгөн тайлбарласан болно.

2. Нэхэмжлэгч тал “Дулаан Хайрханы доод бууц” гэх өвөлжөөний газартай давхардуулан Н.******* болон түүний хүү П.******* нарт хаваржааны болон хадлангийн зориулалтаар хууль бусаар газар олгож, малын бэлчээргүй болгосон” гэж,

Хариуцагч тал “ Дулаан Хайрханы доод бууцны өвөлжөөний газар нь ******* бууц гэх хаваржаа, Тасархайн ар гэх хадлангийн газруудтай давхардаагүй, байршлын хувьд тусдаа газар” гэж, 

Гуравдагч этгээдийн тал “Хоорондоо зайтай нэг уулын наана цаана байршиж буй газруудыг давхцуулан олгосон байх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 27, 28, 29, 30, 32, 33 дугаар зүйлийг үндэслэн хавсралтад заасан газар эзэмших хүсэлт гаргасан, газар эзэмшиж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газрыг эзэмшүүлж, гэрээг шинэчлэн байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж, холбогдох баримтыг бүрдүүлэхийг газрын даамалд үүрэг болгосон байх ба захирамжийн хавсралтын 89 дүгээрт Н.*******д Шургах багийн нутаг дэвсгэрт 0.5 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх агуулга тусгагджээ. /Хэргийн 36, 82 дугаар хуудсанд/

Дээрх захирамжид Газрын тухай хуулийн зохицуулалтыг баримталсан байх боловч заалт бүхий хэсгийг тодорхой тусгаагүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх, 28 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний төрлийг, 29 дүгээр зүйлд эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, 30 дугаар зүйлд газар эзэмшүүлэх хугацаа, 32 дугаар зүйлд газар эзэмших хүсэлт гаргах, 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар тус тус зохицуулжээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Д.д Дулаан Хайрханы доод бууцны 0.5 га газрыг өвөлжөөний зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон /Хэргийн 5, 84, 85 дугаар хуудсанд/,

сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Н.*******д ******* бууцны 0.5 га газрыг хаваржааны зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрчилгээний хавсралтад хамтран эзэмшигчээр түүний хүү П.*******ийг нэрлэн заасан /хэргийн 43, 82, 83 дугаар хуудсанд/,

сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжаар гуравдагч этгээд П.*******ид ******* толгойн бууцны урд хэсэгт 2 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2009 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 0123443 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон /хэргийн 44, 86, 87 дугаар хуудсанд/ нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.

5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг, 33 дугаар зүйлийн 33.1-д газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах журмыг тус тус зохицуулсан байх ба 21.4.3, 33.1.1-д зааснаас харахад сумын Засаг дарга иргэдэд газар эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.

6. сумын Засаг дарга дээрх 2007 оны 25 дугаар захирамжийг үндэслэн Н.*******д ******* бууцны 0.5 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь дээрх хуулийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, ...газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасантай нийцсэн байна.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “ сумын 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хаваржааны газар эзэмшүүлэх талаар тусгаагүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд уг үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын 2007 оны 25 дугаар захирамжийн Н.*******д холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн жилд шинээр ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх газрыг тусгаж төлөвлөдөг тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 7/31 дүгээр, 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/42 дугаар, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/15 дугаар тогтоолуудаар батлагдсан 2007, 2008, 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /хавтаст хэргийн 88-111 дүгээр хуудсанд/-нд тухайн жилд иргэн, хуулийн этгээдэд шинээр эзэмшүүлэх өвөлжөө, хаваржааны газруудын талаар төлөвлөж тусгасан гэж үзнэ.

9. Гуравдагч этгээд Н.*******ын тухайд ******* бууцны хаваржааны газрыг 2007 онд анх шинээр эзэмшээгүй, түүнээс өмнө буюу сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг үндэслэн олгосон 121700177 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж ирсэн нь уг газар эзэмших гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ, гэрч Ж.*******, Д.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /Хэргийн 132, 143,165, 166 дугаар хуудсанд/

10. Түүнчлэн маргаан бүхий сумын Засаг даргын 2007 оны 25 дугаар захирамжийн агуулга, түүний хавсралт болон гэрч Ж.*******ийн мэдүүлэг зэрэг баримт /хэргийн 82, 132 дугаар хуудсанд/-аас харахад 2007 онд шинээр газар эзэмших хүсэлт гаргасан иргэдээс гадна нийт газар эзэмшигчдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээг шинээр байгуулах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд энэ үндэслэлээр гуравдагч этгээд Н.*******д ******* бууцны хаваржааны газрыг эзэмших эрхийн гэрчилгээг тийнхүү шинэчлэн олгосон  байх тул 2007 онд түүнд уг газрыг анх шинээр эзэмшүүлсэн гэж үзэхээргүй байна.

11. Мөн нэхэмжлэгч Д.гийн эзэмшлийн Дулаан Хайрханы доод бууцны өвөлжөөний 0.5 га газар нь гуравдагч этгээд Н.д эзэмшүүлсэн ******* бууцны 0.5 га газартай байршлын хувьд огт давхцаагүй, нэг нь нөгөөгөөсөө 2 км гаруй зайд байршиж буй болох нь гэрч нарын мэдүүлэг, газрын даамлаас мэдүүлгийнхээ үндэслэл болгон гаргаж өгсөн сансрын хиймэл дагуулаас харагдах хэвлэмэл зураг, кадастрын зураг, шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтууд /хэргийн 132, 143, 147-151 дүгээр хуудсанд/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас дүгнэхэд дээрх маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газруудын тус бүрийн 0.5 га хэмжээтэй талбайн тухайд давхацсан гэхээсээ илүүтэй эргэн тойрны бэлчээрийн газар хүрэлцэхгүй болж давхацсан гэх үндэслэлийг тодруулан тайлбарлаж байгаа хэдий ч маргаан бүхийн захиргааны акт болох сумын Засаг даргын 2007 оны 25 дугаар захирамж нь бэлчээрийн газар тогтоох, хуваарилах асуудлаар гараагүй байна.

12. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.2-д “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заажээ.

Уг зохицуулалтаас харахад бэлчээрийг ашиглахдаа түүний уламжлалт тогтолцоо болох өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа гэсэн ерөнхий хуваарийг баримтлахаар байх ба маргаан бүхий 2007 оны 25 дугаар захирамж нь дээрх асуудлаар гараагүй бөгөөд нэхэмжлэгчээс Дулаан Хайрханы доод бууцны өвөлжөөний 0.5 га газраа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Д.гийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

13. Завхан аймгийн архивын тасгийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/822 дугаар албан бичгээр ирүүлсэн “Завхан аймгийн бэлчээр ашиглалтын нэгж талбарууд” гэх  баримтаар  тус сумын бэлчээрийн талбайг харуулсан байх боловч өвөлжөө, хаваржааны газрууд тодорхой байршил, нэрээр тусгагдаагүй байх ба сумын тухайд багуудын нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг тогтоосон шийдвэр байхгүй, ******* бууцны хаваржааны газар нь Шургах болон багийн нутаг дэвсгэрийн зааг нутаг гэдгийг гэрчүүд мэдүүлжээ. /Хэргийн 115, 132, 142, 147 дугаар хуудсанд/

Маргаан бүхий 2007 оны 25 дугаар захирамжийн хавсралтад ******* бууцны хаваржааны газрын байршлыг Шургах гэж тусгасан байх ба Шургах багийн иргэдийн Нийтийн Хурлын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад тухайн өдөр гуравдагч этгээд Н.*******аас гаргасан өргөдлийг шийдвэрлэжээ. /Хэргийн 41 дүгээр хуудсанд/

Хуралдааны тэмдэглэлийн Н.*******ын өргөдлийг хэлэлцсэн хэсэг болон уг хуралдаанаас гаргасан 18 дугаар тогтоолын агуулгаас харахад ******* толгой, Тасархайн давааны ар орчмын хадлангийн талбайд  8 дугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд айл буулгаж малаар хадлан, бэлчээр идүүлэхгүй хамгаалахаар тогтоосон тул гуравдагч этгээд Н.*******д ******* бууцны хаваржааны газрыг эзэмшүүлэх талаар тус багийн Хурлаас хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байх ба уг багийн Хурлын шийдвэрийг үндэслэн Н.*******д ******* бууцны хаваржааны 0.5 га газрыг эзэмшүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд уг тогтоолыг гаргахаас өмнө маргаан бүхий сумын Засаг даргын 2007 оны 25 дугаар захирамжаар Н.*******д хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

14. Мөн дээрх багийн Хурлын шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээд П.*******ид Тасархайн арын 2 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшүүлсэн гэх нөхцөл байдал ч тогтоогдохгүй байна.

Учир нь уг Шургах багийн иргэдийн Нийтийн Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолыг гаргахаас өмнө буюу 2009 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 11 дүгээр захирамжаар П.*******ид Тасархайн арын 2 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байгаа тул Шургах багийн Хурлын хууль бус шийдвэрээр гуравдагч этгээд нарт ******* бууцны хаваржаа, Тасархайн арын хадлангийн газруудыг Дулаан Хайрханы доод бууцны өвөлжөөний газартай давхардуулан эзэмшүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн сумын багуудын нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг тогтоосон баримт нэгэнт байхгүй тул “Шургах багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчин ******* хаваржааны газар орчмын хадлангийн талбайг хамгаалах асуудлыг шийдвэрлэсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

15.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Н.******* нь ******* бууцны хаваржааны газрыг эзэмших талаар хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байгаа нь уг газрыг өмнө нь хууль бусаар эзэмшиж байсныг нотлох бөгөөд хуульд нийцүүлж, хаваржааны газраа эзэмшихээр хүсэлтээ хожим гаргасан” гэх тайлбарыг мөн хүлээж авах боломжгүй.

Гуравдагч этгээд Н.******* нь газар эзэмших эрхээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим бүртгэлд бүртгүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг “Э” дугаартайгаар шинэчлэн авах үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр газрын даамалд хүсэлт, мэдүүлэг /хэргийн 73 дугаар хуудсанд/-ээ гаргасан байх ба нэхэмжлэгч Д.гийн тухайд ч мөн адил Дулаан Хайрханы доод бууцны өвөлжөөний газрыг эзэмших эрхээ цахим бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт, мэдүүлгийг нэгэн адил гаргасан буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн алиных нь тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 2022 онд цахим бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхээр хүсэлт гаргасан адил нөхцөл байдал тогтоогдож байхад уг хүсэлт, мэдүүлгийг үндэслэн  зөвхөн Н.*******ын тухайд ******* бууцыг эзэмших эрх нь 2022 онд үүссэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

16. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтууд нь шинэ баримтууд биш байх ба хэргийн 129-130 дугаар хуудсанд байх “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг Д.д хүлээлгэн өгсөн тухай акт”, “Д.гийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг” гэх баримтуудтай адил баримт болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1,  34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар захирамжийн Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийг үндэслэн Н.*******д олгосон дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

                           ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ