Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1619

 

МАГАДЛАЛ

 

2018.07.16                      

 

 

 

 

 

                               Дугаар 1619                                Улаанбаатар хот

Ж.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01117 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А К ХХК-д холбогдох,

 

12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 4 сараас эхлээд А К ХХК-д барилгын модон материал нийлүүлсэн. Гэтэл А К ХХК нь одоог хүртэл төлбөрийг төлөхгүй өвөлжин ажилгүй болголоо. Би эргэлтийн мөнгөөрөө өвөл түлээ нүүрс зардаг байсан. Шүүхэд анх 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ үнийн дүнд модон материалын үнээс гадна банкны зээлийн хүүгээ оруулан тооцсон байсан ба одоо зөвхөн модон материалын үнийг буюу 9 183 200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: А К ХХК нь Хангай захаас барилгын мод худалдан авдаг бөгөөд уг ажиллагаанд тус захын мод худалдаалагчид оролцдог болно. Ж.С нь уг мод нийлүүлэгчдийн нэг бөгөөд бидний хооронд тусгайлсан гэрээ байхгүй болно. Манай компанийн санхүүгийн алба дээр ирж тооцоо нийлсний дагуу төлбөр тооцоог гүйцэтгэдэг бөгөөд уг иргэний хувьд 2017 оны 10 сараас хойш тооцоо нийлээгүй байна. Иймд уг иргэнийг компани дээр баримтуудаа авч ирэн тооцоо нийлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч ийнхүү тооцоо нийлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А К ХХК-иас 9 183 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч   Ж.С-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТЭЭ ХХК-иас 113 740 төгрөгийг, хариуцагч А К ХХК-иас 161 881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Б.М би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс гадны улсад албан томилолтоор ажилласан бөгөөд энэ талаар шүүхэд А К ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №01/24 тоот албан бичгээр мэдэгдэж, дурдсан хугацаанд шүүх хуралдаан хийхгүй байх хүсэлтийг гаргасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд нэхэмжлэгч нь хэзээ нийлүүлсэн ямар модны төлбөрт хэдэн төгрөг нэхэмжилж буй нь тодорхойгүй, түүнийг А К ХХК, түүний эрх бүхий төлөөлөгч хүлээн авсан нь нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасны дагуу "хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэсэн үндэслэлд хамаарахаар байна. А К ХХК-ийн хангамжийн менежер З.Г нь шүүхийн дуудсанаар хэрэгт гэрчээр оролцож зөвхөн өөрийн гарын үсэг бүхий баримтыг таньж, нэрэлсэн байтал шүүхээс нэхэмжлэгчийн гараараа бичиж, хэн нь үл мэдэгдэх нэрс тайлалгүйгээр бичигдсэн нийт зарлагын баримтуудыг нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууьд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч А К ХХК-д холбогдуулж барилгын модон материал нийлүүлсэн төлбөрт 9 183 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, удаа дараа мэдэгдэж байсан, нэхэмжлэгчээс тооцоо нийлж баримт үйлдээгүй гэж маргажээ.

Худалдагч Ж.С нь худалдан авагч А К ХХК-д барилгын модон материал нийлүүлж, худалдан авагч нь борлуулсан барааны үнийг дараа төлөх зэргээр ажил төрлийн байнгын холбоо бүхий харилцаатай байсан болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч байгууллагын тэмдэг, гарын үсэгтэй “Авлага өглөгийн товчоо” нэртэй баримтад заагдсан нийт 14 813 200 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь түүний өөрийнх нь тайлбараар тогтоогдож, хэрэгт авагдсан зарлагын баримтууд худалдан авсан модон материалтай холбоотой баримт мөн төлөх талаар гэрч З.Г-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Харин гэрээний үлдэгдэл 9 183 200 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт хэрэгт байхгүй байна.   /хх 4, 32-50 хуудас/

Хэрэгт авагдсан баримт болох “Авлага өглөгийн товчоо” гэх баримтад /хх-ийн 4/ төлбөр төлөх хугацааг тодорхой заагаагүй, хүү төлөх талаар буюу барааны үнэ дараа төлөх үед илүү байх талаар тухайлан тохиролцоогүй тул зээлээр худалдах, худалдан авах тусгай шинжийг агуулаагүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

Иймд хариуцагч А К ХХК нь нэхэмжлэгч Ж.С-ээс худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 9 183 200 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэг үүсчээ.

Анхан шатны шүүх зохих ёсоор хурлын товыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гарын үсэг зурж баталгаажуулж, А К ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцох боломжгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч боломжит хугацаанд шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шүүх хуралдаанд төлөөлөх этгээдийг оролцуулах эрх нь нээлттэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хариуцагч байгууллага төлөөлөгчийг ирүүлээгүй гэх байдал нотлогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, талуудын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                                                        М.НАРАНЦЭЦЭГ