Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2021/00102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................................................................. тоотод оршин суух, ******* овогт Г.Д /РД: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: .................................................................. тоотод оршин суух, ******* овогт Н.Э /РД: /-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс 36 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Г.Д, өмгөөлөгч *******,

хариуцагч Н.Э, өмгөөлөгч *******,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ц, өмгөөлөгч С.Нарангэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Н.Этай 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Н төрсөн. 2017 оны 09 дүгээр сараас бид хоёрын хооронд таарамжгүй харилцаа үүсээд, тусдаа амьдрах болсон. 2017 онд манай эхнэр надад хандан “миний сэтгэл хөрсөн. Хотод ажилладаг байхдаа өөр хүнд сайн болсон” гэж хэлж байсан. 2017 оны 09 дүгээр сараас хойш өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Д.Д.Нийг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэхгүй.

Дундын хөрөнгө гээд байгаа дээрх байрыг манай аав, ээж хоёр бид гуравт авч өгөөгүй. Манай аав, ээж хоёр сэлбэгийн дэлгүүр ажиллуулж, тэндээ амьдардаг байсан. Машины тос, масло их үнэртдэг байсан болохоор тухайн байрыг манай дүүд зориулж худалдаж авсан. Эхнэр, охин бид 3 хадмындаа ирэн очин байдаг байсан болохоор манай аав, ээж өөрсдөдөө авсан байрандаа бид гурвыг түр байлгаж байсан юм. Бид гуравт авч өгөөгүй. Яагаад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр манай аав, ээж 2 миний нэр дээр банкнаас зээл авах гэж гэрчилгээг миний нэр дээр гаргасан. Анх Б гэх хүнд байрны урьдчилгааг өгч, Г гэдэг хүнд үлдсэн мөнгийг нь өгөн уг байрыг худалдаж авсан. Манай ээжийн нэр дээр дахин зээл гарах боломжгүй байсан. Эцэг, эх 2 маань эргэлтийн мөнгөгүй болж, байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаж, дээрх байрыг барьцаанд тавьж, Хаан банкнаас 7 000 000 төгрөгийн зээл авсан. Банкнаас авсан 7 000 000 төгрөгийг аав, ээж 2 маань төлж дуусаад 2020 оны 01 дүгээр сард байраа өөрсдийн нэр дээрээ шилжүүлж авсан.  

Соната маркийн машинаа 3 200 000 төгрөгөөр 2018 онд авсан. Дараа нь 2 900 000 төгрөгөөр зараад, дээр нь нэмж банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлээд .............. улсын дугаартай, приус 20 маркийн автомашиныг 2019 оны 11 дүгээр сард 7 200 000 төгрөгөөр авсан. Зээлээ төлж чадахгүй байсан учраас 2021 оны 02 дугаар сард зээл авсан банк бус санхүүгийн байгууллагад машинаа хураалгасан. Миний нэр дээр бүртгэгдсэн авто машин одоо байхгүй. Иймд мөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Би Г.Дтай 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үерхэж, 2013 онд жирэмсэн болсон. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Н төрсөн. 2017 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. Бид 2 тусдаа амьдрах болсон шалтгаан бол Г.Д нь удаа дараа намайг хууран мэхэлж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Би энэ хугацаанд тэссээр ирсэн. 2018 оноос хойш охин бид 2 манай аав, ээж хоёртой амьдарч байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд охин Д.Нд хүүхдийн тэтгэлэг гаргуулж, өөрийн асрамжид авна. Байрны хувьд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Г.Дын нэр дээр тус байрны гэрчилгээ гарсан. Уг байрыг Г.Дын эцэг, эх бид гуравт авч өгсөн. Нөхрийн тал байраа бэлдэж, манай тал тавилгуудыг авсан. Машиныг Г.Д өөрөө авсан. Нэгэнт орон сууц, машин нь гэрлэлт батлуулснаас хойш бий болсон тул бидний дундын эд хөрөнгө юм. Иймд орон сууцыг 45 000 000 төгрөгөөр үнэлж, үүнээс охин бид хоёрт ногдох хэсэгт 30 000 000 төгрөг, авто машиныг 9 000 000 төгрөгөөр үнэлж, үүнээс 6 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөгийг Г.Даас гаргуулж авах хүсэлтэй байна. Үнэлгээг нэхэмжлэгчийн гаргаж өгснөөр тогтооход татгалзах зүйлгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид 2 сэлбэгийн дэлгүүр, дугуй засварын газар ажиллуулдаг. Дэлгүүр, гэр хоёр залгаа учир дуу чимээ ихтэй, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байсан учир дээрх байрыг 13 настай охиндоо зориулж өөрсдөө амьдрах зорилгоор худалдаж авсан. Анх уг орон сууцыг авахдаа Б гэх хүнд урьдчилгаа мөнгийг төлж, үлдэгдэл мөнгийг компанид төлөхөөр тохиролцож, худалдаж авсан. 2017 оны 02 дугаар сард байр авах гэж өмнө нь авсан 2 зээлээ хаах гэж өөрт байсан эргэлтийн бэлэн хөрөнгө болон нэмэлт зээл авч хаагаад дахин зээл авч, байрны мөнгийг төлөх зорилгоор Г.Дын нэр дээр байрны гэрчилгээг гаргуулан түүний нэр дээр зээл авсан. Уг зээлийн төлбөрийг төлж дуусгаад 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа Г.Даас буцааж шилжүүлж авсан. Маргаан бүхий орон сууц Г.Д болон Н.Эд зориулж авсан байр биш, мөн тэднээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Зөвхөн өөрсдөө амьдрах зориулалтаар авсан тул Н.Э нь ногдох хэсгээ авах эрх үүсээгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Н.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

хариуцагч Г.Н.Э нь нэхэмжлэгч Г.Дд холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох .............................................................. тоот орон сууц, .................. улсын дугаартай, приус-20 маркийн авто машинаас өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэгт 36 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлагатай маргаагүй, харин нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 36 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй 83-87, 93-р талд авагдсан баримтыг шүүхийн зүгээс үнэлээгүй болно.

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  уг  нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

Г.Д, Н.Э нар нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Н төрсөн, хүүхэд нь одоо эхийн хамт амьдарч байгаа, гэрлэгчид нь 2017 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэхгүй болохоо илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дуусгавар болсон зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүрэх бүх талын арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

Г.Д, Н.Э нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд хариуцагчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай нэхэмжлэгч маргаагүй, хүүхдийн асрамжийн талаарх гэрлэгчид хоорондоо тохиролцсон, хүүхэд 2017 оноос хойш эхийн хамт амьдарч байгаа зэргийг үндэслэн охин Д.Д.Нийг эхийн асрамжид үлдээж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан охин Д.Д.Нийг сар бүр эцэг Г.Даар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 36 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч нь Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалантын 95-4 тоотод байрлах орон сууц нь эцэг П.Ганбаатар, эх Ж.Ц нарын хөрөнгөөр авсан тэдний хөрөнгө тул гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцож хуваах ёсгүй хэмээн маргаж, энэ байр сууриа нотлох зорилгоор гэрчээр М.Мөнхбат, О.Б, Г.Г нараас мэдүүлэг авахуулж, хэргийн 81-144 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Хэрэгт авагдсан Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 715 тоот албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142 тоот албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэргээр Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалантын 95-4 тоотод байрлах орон сууцны анхны өмчлөгчөөр Г.Д 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гарган улсын бүртгэлд бүртгүүлж 1 өмчлөгчтэйгээр гэрчилгээ авсан, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Г.Даас Ж.Цийн өмчлөлд дээрх орон сууц шилжиж бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байна. Харин Г.Д нь П.Ганбаатар, Ж.Ц нарын өмчлөлийн орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, үүнтэй холбоотой үүрэг хүлээсэн талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрч О.Б, Г.Г нар нь тухайн орон сууцыг худалдан авах үед төлөгдсөн төлбөрийн талаар мэдүүлэг өгсөн боловч гэрчүүдийн мэдүүлгээр Г.Д болон П.Ганбаатар, Ж.Ц нарын хоорондын тохиролцоо, хэлцлийг тодорхойлох боломжгүй, энэ нь маргааны хүрээнд хамаарахгүй байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж заасан, Г.Д, Н.Э нар нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тухайн орон сууцны өмчлөгчөөр Г.Д бүртгүүлэх үед гэрлэгчид нь хамтран амьдарч байсан байх тул Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалантын 95-4 тоотод байрлах орон сууц нь Г.Д, Н.Э нарын гэр бүлийн дундын эд хөрөнгө байжээ гэж үзэх нь зүйтэй.

Дээрх орон сууц нь Г.Дын өмчлөлд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл байсан бөгөөд одоо өмчлөлд нь байхгүй хэдий ч гэр бүлийн дундын эд хөрөнгөд байсан хөрөнгөөс ногдох хувийг гэр бүлийн гишүүд нэхэмжлэх эрхтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагын үнийг хариуцагч нь орон сууцыг 45 000 000 төгрөгөөр үнэлж, өөрт болон хүүхдэд ногдох хувьд 30 000 000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Н20-45 тоот үнэлгээний тайлангаар орон сууцыг 38 752 241 төгрөгөөр үнэлсэнтэй хариуцагч маргаагүй. Иймд баримтаар тогтоогдож буй 38 752 241 төгрөгийн үнэлгээгээр гэр бүлийн дундын эд хөрөнгөд байсан орон сууцыг үнэлж, гэр бүлийн 3 гишүүнд хуваахад 1 гишүүнд 12 917 413.6 төгрөг ногдож байгаа тул хариуцагч, түүний охинд ногдох хэсгийг 25 834 827.2 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчээс гаргуулж, энэ нэхэмжлэлийн шаардлагаас 4 165 172.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Харин уг эд хөрөнгийг бий болгоход өөрийн хөрөнгийг оруулсан гэж үзэж буй сонирхогч этгээд нь Г.Дд холбогдуулан маргах эрх нь нээлттэй боловч энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байна. Учир нь Г.Дын өмчлөлд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл байсан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө орон сууц нь бусдад шилжсэнтэй холбогдуулан гэр бүлийн гишүүдэд үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох ёстой байсан хувийг тодорхойлон одоо хувааж байна. Энэ нь орон сууцны одоогийн өмчлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны одоогийн өмчлөгч Ж.Цийг хүсэлтийн дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Одоо 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Г.Д, Н.Э, Д.Н нарын дундын эд хөрөнгө байсан орон сууцнаас ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр тооцож хуваарилсан тул тухайн орон сууцыг хуваах, орон сууцнаас нэхэмжлэлийн үнийн дүнг хангуулах, шинэ өмчлөгч тогтоох асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн эрх, үүрэгт энэ шүүхийн шийдвэр сөргөөр нөлөөлөхгүй болно.

 

Дараагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч нь 48-54 УББ улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 9 000 000 төгрөгөөр үнэлж, өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэгт 6 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг зөрүүтэй бичсэн тул .............. улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсэгт 6 000 000 төгрөг гаргуулах болохоо хариуцагч тодруулсан.

Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 тоот лавлагаагаар Г.Дын нэр дээр тухайн өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, 63-15 УНЦ улсын дугаартай, соната маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Г.Д нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгэлтэй байсан болох нь тогтоогдсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь 2018 онд 63-15 УНЦ улсын дугаартай, соната маркийн тээврийн хэрэгслийг 3 200 000 төгрөгөөр худалдан авсан, 2019 оны 11 дүгээр сард .............. улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 7 200 000 төгрөгөөр худалдан авсан. Соната машинаа 2 900 000 төгрөгөөр худалдаж уг мөнгөө приус машины урьдчилгаанд өгсөн, үлдэх мөнгийг нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан тул уг байгууллагын нэр дээр приус-20 маркийн машин бүртгэгдсэн. Зээлээ төлж чадаагүйгээс 2021 оны 02 дугаар сард машинаа зээл авсан байгууллагадаа хураалгасан тул одоо тээврийн хэрэгсэл байхгүй, тусдаа амьдарснаас хойш машин авч байсан учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүхийн зүгээс үндэслэх хэсэгт дээр өгсөн гэрлэгчдийн гэрлэлтээ бүртгүүлсэн хугацаанаас хойших хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд тооцож хуваахаар шийдвэрлэсэн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгчийн өмчлөлд байсан тээврийн хэрэгслээс гэр бүлийн гишүүдэд ногдох хувийг хуваарилах нь зүйтэй гэж үзэв.

Гэхдээ нэхэмжлэгчийн соната маркийн тээврийн хэрэгслээ 2 900 000 төгрөгөөр худалдсан, уг 2 900 000 төгрөг дээр нэмж зээл авч приус-20 маркын тээврийн хэрэгслийг худалдан авсан, приус-20 маркын тээврийн хэрэгслийг цаашид худалдалгүйгээр зээлийн барьцаанд хураалгасан гэх мэтгэлцээний байр суурийг шүүх хүлээн авч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38, 107 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын бүрэн эрхийн буюу мэтгэлцэх, диспозитив зарчмын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн байр суурийг хуульд заасан нотолгооны арга хэрэгслээр няцаагаагүй.

Иймд гэр бүлийн дундын эд хөрөнгө байсан соната маркийн тээврийн хэрэгслийг 2 900 000 төгрөгөөр нэхэмжлэгч бусдад худалдсан, уг 2 900 000 төгрөгөө одоо нэхэмжилж буй приус-20 маркын тээврийн хэрэгслийг худалдан авахад зарцуулсан тул приус-20 маркын тээврийн хэрэгслийг 2 900 000 төгрөгөөр үнэлж, 1 гишүүнд ногдох хувийг 966 666.6 төгрөгөөр тооцон хариуцагч, түүний хүүхдэд ногдох хувьд 1 933 333.3 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, үлдэх 4 066 666.7 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Хэрэгт авагдсан эд хөрөнгийн үнэлгээрээр .............. улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 6 400 000 төгрөгөөр тооцсон боловч тухайн тээврийн хэрэгслийг зээлээр авсан, уг зээлийн төлбөртөө хураалгасан гэх нэхэмжлэгчийн байр суурийг шүүх хүлээн авсан тул бодит үнэлгээг 2 900 000 төгрөгөөр тооцов.

Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 36 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нийт өгсөн дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч Г.Даас 27 768 160.5 /25 834 827.2+1 933 333.3/ төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Эд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 231 839.5 /4 165 172.8+4 066 666.7/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн 445 180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 404 855 төгрөгийг гаргуулж хариуцагчид, дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 835 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн дансанд тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Г.Д, ******* овогт Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Д.Д.Нийг эх Н.Эгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.Д.Нийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Даар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Эд даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Даас 27 768 160.5 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Эд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 231 839.5 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн 445 180 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 404 855 төгрөг гаргуулан хариуцагчид, мөн хариуцагчаас 835 төгрөг гаргуулан улсын төсөвт тус тус олгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ