| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00218/И |
| Дугаар | 104/ШШ2021/00198 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 104/ШШ2021/00198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ................................................... тоотод оршин суух, ******* овогт Д.А /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ................................................... тоотод оршин суух, ******* овогт Г.Х /РД: /-д холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагчийн гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хариуцагч Г.Х,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Би Г.Хтэй 2015 онд анх танилцаж, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас ******* охин Х.М төрсөн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Х.Мийг аавынх нь асрамжид үлдээж өгнө үү. Г.Хгийн гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна. Д.А нь охин Х.Мд хуулийн дагуу тэтгэлэг төлнө гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Би Д.Атай 2015 онд анх танилцаж, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас ******* охин Х.М төрсөн. Бид цаашдаа эвлэрч хамт амьдрах боломжгүй тул Д.Агийн гаргасан гэрлэлт цуцлуулна. Харин охин Х.Мийг өөрийн асрамжид авч, эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Г.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г.Х нь нэхэмжлэгч Д.Ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
Г.Х, Д.А нар нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас ******* охин Х.М төрсөн нь одоо эцгийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар 3 жил тусдаа амьдарснаас болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тус шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас явуулсан эвлэрүүлэх арга хэмжээ 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
Г.Х, Д.А нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ хариуцагчийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, 2018 оноос хойш эцгийн асрамжид байгаа зэргийг харгалзан охин Х.Мийг эцгийн асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Зохигч нь хүүхдийн тэтгэлэг дэрээ маргаагүй боловч энэ талаар гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцгийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан охин Х.Мийг сар бүр эх Д.Агаар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37 870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 37 870 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Г.Х, ******* овогт Д.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Х.Мийг эцэг Г.Хгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Х.Мийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Д.Агаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Г.Хд даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй нэхэмжлэгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37 870 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж,
хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 37 870 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ