| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Э-ийн Хэд холбогдох 2216001600053 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, дүүгийн хамт *** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, **** регистрийн дугаартай, Б овогтой Э-ийн Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Х **** аймгийн *** сумын *** багийн ***** гэх газар 2022 оны 05 дугаар сарын 20-ны үеэс хойш хохирогч Д.М-О-нд амьдарч малыг нь маллаж туслах малчнаар ажиллах аман гэрээ хийж түүний 2 морийг номхруулан сургаж өдөр тутмын ажилдаа хэрэглэж байх явцдаа итгэмжлэн хариуцуулсан орос цэрэг эмээл, хазаар, ногт, чөдөр, бугуйл, ташуур, аргамжаа, орос дуран, дээл, бүс мөн зүүн гуяндаа бүдэг дормон тамгатай хар зүсмийн нас бие гүйцсэн морийг 2022 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө завшиж хохирогч Д.М-О-т 3,410,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Х *** аймгийн *** сумын *** багийн *** гэх газар 2022 оны 05 дугаар сарын 20-ны үеэс хойш хохирогч Д.М-О-нд амьдарч малыг нь маллаж туслах малчнаар ажиллах аман гэрээ хийж түүний 2 морийг номхруулан сургаж өдөр тутмын ажилдаа хэрэглэж байх явцдаа итгэмжлэн хариуцуулсан орос цэрэг эмээл, хазаар, ногт, чөдөр, бугуйл, ташуур, аргамжаа, орос дуран, дээл, бүс мөн зүүн гуяндаа бүдэг дормон тамгатай хар зүсмийн нас бие гүйцсэн морийг 2022 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө завшиж хохирогч Д.М-О-т 3,410,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Х гэм буруутай болох нь:
1.Хохирогч Д.М-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 05 дугаар сарын 20-ны үеэр ямаа самнуулах хүн хайсан *** сумын *** багийн малчин У гэх залуу надад 1,000,000 төгрөгийн өртэй байсан. Тэгээд би тэрнээс мөнгөний өрөндөө ямаа самнаад өгөөч гэж хэлэхэд Би завгүй ээ танд өөр хүн олж өгье гэж надад хэлээд 2 хоногийн дараа нөгөө ямаа самнах хүн болох Х манайд ирсэн. Тэгээд нийт 130 ямаа самнаж дуусаад 600.000 төгрөгийн цалин өгсөн. Цалингийнхаа 360,000 төгрөгөөр *** төв дотроос тар утас худалдаж авсан, 150,000 төгрөгөөр өмд гутал авсан, 150,000 төгрөгийг бэлнээр Х гэх ямаа самнаж хүнд өгсөн. Тэгээд Х надад намайг малчнаар ажилд авах уу гэхэд би авъя гэж хэлээд гэхдээ ар гэрийнхэнтэй чинь уулзана гэрээ хэлэлцээр хийнэ ерөнхийдөө 9 дүгээр сараас эхэлж ажил эхлээд цалингаа бодож эхэлнэ гэж хэлсэн. Би уг Х гэх залууд тэрлэг, бүс, малгай авч өгсөн цалингаас гадна. Х манайд байх хугацаандаа 2 морь номхруулж унасан, өглөөд хааяа ямаа саалцаж өгдөг, хонь малын захаар явдаг тийм л ажил хийдэг байсан. Би хоол унд, хувцас хунар унаа мал тусгай гэрт унтуулж амьдруулдаг байсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө аргамжаатай байсан 2 морь унаад алга болсон. Тэр хоёр морины нэг нь бүрэн хэрэглэлтэй эмээл, хазаар, ташуур, бугуйл, аргамжаатай байсан бөгөөд 2 нүдний дуран болон өөрийн бичиг баримт болох иргэний үнэмлэхээ аваад явсан байсан. Тэгээд би маргааш нь болох 2022 оны 07 дугаар сарын 19-ний өглөө хоёр морио алдсан гэдгээ мэдээд Хийн гар утас руу залгахад хүрэн морио алдчихаад хайгаад явж байна гэж надад хэлсэн. Удалгүй 2 цагийн дараа залгахад гар утсаа ерөөсөө авахгүй байсан. Тэгээд би Хийг над руу явуулсан У гэх залууд нөгөө залуу чинь хоёр морь аваад алга болсон байна чи гар утас руу нь залгаад яриадхаач гэж хэлэхэд Х морио алдчихаад хайж явж байгаад олоод гэртээ харих гээд явж байна гэж надад хэлсэн цагдаагийн 7048102 гэх дугаарын утсанд залгаж мэдэгдсэн. Маргааш нь 2022 оны 07 дугаар сарын 20-нд Хийн гар утас руу залгахад гар утсаа ерөөсөө авахгүй байсан мөн Уаар гар утас руу нь залгуулахад гар утсаа авахгүй байсан. Уг өдөр 15 цагийн үед У над руу залгаж нөгөө залуу чинь манай ард талын хашаа буюу Б-н гэх хашаанаас орой 20-21 цагийн үед гараад явсан байна гэж надад хэлсэн. Уг хашаанд амьдардаг хун хэлэхдээ өдөр хар морь уначихсан доор гудамжинд явж байсан тэгээд би таараад банз буулгаад өгөөч гэж гуйгаад банзаа буулгаж өгчхөөд тэр залуу яваад өгчихсөн. Тэгээд орой 21 цагийн үед мартсан байсан дурангаа аваад гэртээ харина гээд явсан. Тэгээд чи яагаад мотоцикль унахгүй мориор явж байгаа юм бэ гэхэд миний байгаа айлын хүн бензиний үнэ нэмэгдсэн болохоор мориор яв гэж хэлсэн гэж надад хэлээд гараад явсан би дахиж таараагүй гэж надад хэлсэн. Тэгээд би олон хүнээр хайлгасан. Би 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл өгсөн. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед саахалт айлын Т гэх залуутай уулзахад танайд байсан залуу чинь өчигдөр 15 цагийн үед хүрэн морио хөтөлсөн хар морио унасан ногоон дээлтэйгээ манай гадуур (дөтийн ар амруу) маш ширүүн давхиад өнгөрсөн. М-Э гэх хүний эхнэрээс асуухад хөтөлгөө морьтой хүн З бэлээр хойшоо явсан гэж хэлсэн. У гэх хүнтэй би 2019 онд манай өвөлжөөний ойролцоо отор хийж байхад нь танилцсан хааяа манай адууг харж өгдөг хүн. Гар утас нь ***** Х сумын ** багт оршин суудаг. Миний хоёр морины содон шинж тэмдэг гэвэл том сартай хүрэн морь буурал хоншоортой зүүн гуяны хавтгай дээр саран дэвсгэртэй Р үсгэн тамгатай том тарган морь, Хар морь номхон бие томтой тарган зүүн гуяны хавтгай дээр бүдэг дормондуу тамгатай цагаан оломтой. Эмээл нь хийц сайтай орос цэрэг эмээл, ширэн гөлөмтэй, бугуйл нь 7 алд орчим мяндсан бугуйл, хазаар нь шинэ суран хазаар, хоёр ширхэг суран ногт, ремэн болон суран чөдөр, ремэнэн аргамжаа мөн мяндсан аргамжаа 2 гадастай, хоёр нүдний дуран нь шинээр худалдаж аваад удаагүй байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 81-82 дугаар тал/,
2.Хохирогч Д.М-Оын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын *** багийн нутаг *** арын баруун салааны ам гэх газраас угшилгүй залуу 2 морь эмээл, дуран, ташуур, бугуйл, хазаар, ногт, чөдөр, аргамжаа, дээл бүс гэх зүйлүүд алга болсон. Тэгээд алга болсон хүрэн халзан морь нь адуундаа буцаад ирсэн. Үнэлгээтэй санал нийлж байна. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Үнэлгээ дээр хоёр морины гарсан байна. Нэг морь нь буцаж адуундаа ирсэн учир нэг морины төлбөрийг нэхэмжилж байна...нэг морины үнэ хасаад 3,410,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87 дугаар тал /,
3.Гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “Э.Х нь 2022 оны 04 сард Манай хүргэн ах болох ****аар орж гарахад хажуу айлд нь байдаг байсан. Тэгээд мотоцикль янзалж байхад надад туслаад бид 2 танилцаж байсан. М-О ах ямаа самнаад өгөх хүн байна уу гэж надаас асуусан тэгэхээр нь би Х-ээс чи ямаа самнах юм уу манай ах асуугаад байна гэхэд тэгье гэж хэлээд М-О ахынд очсон. Тэгээд Х ямаа самнаж дуусчхаад М-О-с би танай малыг хариулаад егье гэж асуусан. М-О ах надаас энэ залуу хаана байдаг ямархуу залуу вэ гэж надаас асуухад нь би сайн мэдэхгүй наадах чинь Б аймгийнх гэж надад хэлсэн манай хойд хашаанд байдаг би сайн танихгүй гэж хэлсэн. Тэгэхэд М-О ах Хээр малаа маллуулсан байсан. М-О ах 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр над руу залгаад нөгөөх чинь хоёр морь аваад алга болчихлоо гэж надад хэлсэн тэгээд би Х рүү залгахад морио алдчихаад одоо барьж аваад одоо гэр рүүгээ явж байна гэж надад хэлсэн. Тэрнээс хойш миний гар утасны дугаарыг блоклоод миний дуудлагыг дахиж аваагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 90-91 дүгээр тал/,
4.Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 онд манай хашаа буюу Б багийн *** тоотод У гэх айл байсан. Х нь тухайн айлд байсан юм.: Хтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би Д.М-Оын 2 тооны адуу алдагдсан хэргийн талаар сайн мэдэхгүй 2022 оны 07 дугаар сарын 20-ны үе байсан санагдаж байна. Үдээс хойш болж байхад Х хар зүсмийн морьтой, эмээл хазаартай нь унаад явж байсан. Тухайн үед манай хашаанд мод бууж байсан бөгөөд Хийг гуйгаад модоо буулгуулсан. Х нь манай гэрт тэрлэг, бүс зэрэг эд зүйлсээ мод буулгахдаа оруулаад тавьсан байсан. Мод буулгаж дуусаад “за ах би дэлгүүр орж тамхи аваад ирье гээд хар морио унаж гараад дэлгүүр орчхоод буцаж ирээд унд цай уугаад тэрлэг бүс, эд зүйлсээ гэрээс аваад, морио унаад гараад явсан юм. Тэгээд Хийг би дахин хараагүй. Манайхаас гарахдаа за одоо мал руугаа буцлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд буцаж очоогүй гэсэн. Х нь хар зүсмийн морийг эмээллэж хазаарлаж унасан байсан. Ногоон өнгийн дээлтэй явж байсан санагдаж байна одоо сайн санахгүй байна. Х нь хөтөлгөө морьгүй явж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 94-95 дугаар тал/,
5.“Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-921/21 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт, /хх- ийн 104-106 дугаар тал/,
6.2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Юнител ХХК-ийн №05-01/7777 дугаартай албан бичиг, орсон гарсан дуудлага, яриа, мессежний лавлагаа /хх-ийн 46-59 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд өмчлөгчөөс зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас зарим нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө.
Шүүгдэгч Э.Хийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “Хөрөнгө завших” гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Хийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, мөн ээжийн нь бие Баянхонгор аймагт муу байгаа зэргийг харгалзан хохирлоо ажил хийж төлөх боломжоор нь хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөөгүй, хохирол төлөх талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд оргон зайлж цагдан хоригдсон зэрэг хувийн байдлыг харгалзан өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (Дөрвөн зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Хэд мэдэгдэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-От 3,410,000 (Гурван сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийн хохирол учирсан шүүгдэгч төлөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Хээс 3,410,000 (Гурван сая дөрвөн зуун арван мянга) төгрөг гаргуулж хохирогч Д.М-От олгох нь зүйтэй байна.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч 29 (Хорин ес) хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Эийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хийг 400 (Дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хийн цагдан хоригдсон 29 (Хорин ес) хоногийн 1 (Нэг) хоногийг ажлын 8 (Найм) цагаар дүйцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, жинхэнэ эдлэх ялыг 168 (Нэг зуун жаран найм) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (Найм) цагаас дээшгүй тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (Найм) цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Хэд мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Э.Хэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Х-ээс 3,410,000 (Гурван сая дөрвөн зуун арван мянга) төгрөг гаргуулж хохирогч Д.М-От олгосугай.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч 29 (Хорин ес) хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР