| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2020/03707/и |
| Дугаар | 181/2021/00176 |
| Огноо | 2021-01-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 181/2021/00176
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймагт бүртгэлтэй ч, Баянгол дүүрэгт оршин суух, О.О -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт түр оршин суух, Л. Н,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт түр оршин суух, Д.Э нарт холбогдох
Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хохирол зардалд нийт 5.411.970 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 18.500.000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О , хариуцагч Л.Н , Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Хариуцагч нар 2019 оны 1 дүгээр сард миний Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 4а дугаар байрны 6 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 13.000.000 төгрөгийг бэлэн өгч, орон сууцанд амьдарч, cap бүр 500.000 төгрөгөөр 2030 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 133 сарын хугацаанд төлж, төлбөр төлж дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэх нөхцөлийг амаар тохиролцож хэлцэл хийсэн.
Ингээд хэлцлийн дагуу 2019 оны 01 дүгээр сараас тус орон сууцанд нүүн орж, тохиролцооны дагуу 11 сарын турш 500.000 төгрөгийг төлсөн бөгөөд өөрсдөө 2019 оны 12 дугаар сард танай байрыг худалдаж авахаа болилоо гэж гэрээнээсээ татгалзсан. Би тухайн үед нь “...за яахав та нар авахаа больж байгаа бол байраа чөлөөлөөд өг, би өөр хүнд зарна. Таны урдчилгааны 13.000.000 төгрөгийг чинь буцааж өгье” гэхэд хариуцагч “...зөвшөөрөхгүй, 11 сарын хугацаанд cap бүр төлсөн 500.000 төгрөг буюу 5.500.000 төгрөгийг хамт авахаас нааш байрнаас гарахгүй” гэж ойлголцохгүй өдийг хүртэл манай байранд амьдарч байна. Анх 2018 оны сүүлээр амаар Д.Э тай тохиролцож, 2019 оны 01 дүгээр сараас эхлэн байранд хариуцагч нар амьдарч эхэлсэн. Д.Э Солонгост байсан тул гэрээг бичгээр хийж амжаагүй. 2019 оны дундуур гэрээгээ хийе гээд манай ажил дээр ирэхэд уулзаж гэрээний төслийг үзүүлэхэд нэмэх зүйл байсан тул гэрээг бичгээр хийж амжаагүй. Дараа нь ярихад Д.Э удахгүй ирнэ тэгээд гэрээг хийе гэсэн. Дараа нь наадам, зуны амралт гэсээр уулзалдаж амжаагүй. Хоорондоо тохиролцсон хэлцлээсээ 11 сарын дараа худалдан авагч тал өөрсдөө татгалзсан бөгөөд 11 сарын хугацаанд худалдаж авна гэж итгүүлсний үндсэн дээр амьдарсан.
Улмаар дээрх 11 сараас хойш огт төлбөр төлөөгүй 10 cap, нийт 21 cap манай байранд амьдарч байна. Өнөөдөр зах зээлийн нийгэмд орон сууцандаа үнэ төлбөргүй амьдруулах хүн нэг ч байхгүй, би хариуцагчийн өмнө тийм үүрэг хүлээгээгүй, мөн гэрээнээс татгалзсан нь хариуцагч өөрөө атлаа хүний байранд үнэгүй амьдарна гэж зүтгэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Орон сууцыг худалдаж авах нэрийдлээр 2 жил шахуу амьдарсан тул бидний хооронд гэрээний харилцаа байхгүй болсон гэж үзэж байна. Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс эрхийн улсын Ү-2203021194 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 4а дугаар байрны 6 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, нийт 21 сарын хугацаанд орон сууцанд амьдарч, зах зээлийн түрээсийн ханшаар тооцвол сарын дунджаар 500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөгийн түрээсийн төлбөрөө хэмнэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Үүнээс өмнө нь төлсөн 5.500.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 5.000.000 төгрөг, амьдрах хугацаандаа СӨХ-ны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус, домофон төхөөрөмжийг ашигласан атлаа ашиглалтын төлбөрөө бүрэн төлөөгүй, 660.283 төгрөг дутуу байх тул энэ төлбөрийн хамт хариуцагчаас нийт 5.660.283 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Орон сууцны ашиглалтын зардал 660.283 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж байна. Хэрэгт байгаа баримтаар СӨХ-ийн зардлаас бусад нь төлөгдсөн байна. Интернэтээр орж үзэхэд СӨХ-ны 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын хоорондох төлөгдөөгүй төлбөр 411.970 төгрөг гэж гарч ирсэн тул энэ шаардлагаа дэмжиж байна. Иймд хариуцагч нараас өөрсдийн мөнгийг хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу хэрэв түрээсэлсэн бол гарах зардал 5.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр 411.970 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Урьдчилгаанд төлсөн 13.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Миний байранд 2 жил амьдарч байгаа тул үлдэх хэсгийг түрээсийн төлбөрт тооцон суутгасан болно гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Л.Н , Д.Э бид О.О тай 2018 оны 12 дугаар сарын үед нөхрийн найзаар дамжуулж, холбогдсон. Бид түүнтэй нүүр тулж, уулзаж ярилцаж байгаагүй. Тухайн үед нөхөр Д.Э Солонгост байсан. Би Солонгосоос ирээд удаагүй байсан. О.О тай холбогдохоос өмнө Улаанбаатарт орон сууц авахаар ярилцсан байсан. Нөхрийн найзаас О.О ыг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 4а байрны, 06 тоот, 35.09 мкв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг хувь лизингээр худалдах гэж байгаа талаар сонссон. Манай нөхөр О.О тай Солонгосоос утсаар холбогдож, дараах нөхцөлтэйгээр орон сууцыг нь худалдаж авахаар амаар тохирсон. Уг орон сууц нь Хаан банкны зээлийн барьцаанд байсан. Энэ нь Хаан банкнаас ажилтнууддаа өгдөг 6 хувийн хүүтэй зээл байсан юм билээ. Урьдчилгаа төлбөрт 13.000.000 төгрөгийг өгөөд, үлдсэнийг хувааж төлөх буюу сap бүр банкинд төлөх зээл болон хүүгийн төлбөр 500.000 төгрөгийг О.О ын Хаан банкны данс руу 133 сарын турш төлж, үүний дараа орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөлийг О.О аас шилжүүлж авахаар тохирсон.
Үнийн дүнг тооцвол 13.000.000 төгрөг дээр cap бүр төлөх 500.000 төгрөгийг 133 сараар үржүүлбэл 66.500.000 төгрөг, орон сууцны нийт үнэ 79.500.000 төгрөг. Үүнээс 1 мкв талбайн үнийг тооцвол 2.265.600 төгрөг байна. О.О бидэнд байраа маш өндрөөр үнэлж, зарсныг бид зөвшөөрч, төлөхөөр болсон. Урьдчилгаа 13.000.000 төгрөгийг бид 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 4 сарын 12-ны өдөр хүртэл 6 удаа хувааж төлж, дуусгасан. Харин cap бүрийн 500.000 төгрөгийн төлөлтийг 2019 оны 01 сарын 24-ний өдрөөс эхлэн 11 capын турш төлсөн. Бид О.О т тохирсон ёсоороо 5.500.000 төгрөгийг төлсөн боловч бидний хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар маргаан үүсч эхэлсэн. Учир нь О.О тай байраа худалдан авахаар амаар тохиролцсон асуудлыг нэг мөр бичгээр буулгаж, гэрээ хийгээгүй байсан. Гэрээг бичгээр хийхийг түүнээс удаа дараа шаардсан боловч О.О ажилтай, завгүй гэх зэргээр татгалзаж, өнөөдрийг хүртэл гэрээ хийгээгүй.
Бид түүнд огт танихгүй шахам мөртлөө 18.500.000 төгрөгийг өгсөн атал бидэнтэй гэрээ байгуулахгүй, зугатаад байсан учир бид төлөлтөө 2019 оны 11 сард төлөөгүй. Гэтэл О.О бидэн рүү ярьж, “та 2 төлөлтөө битгий таслаач, банкны мөнгө хоцроод байна. Би найдваргүй зээлдэгч болох гээд байна. үргэлжлүүлээд төлөөч, би та 2-той удахгүй гэрээгээ бичгээр хийе” гэж гуйсан.
Тэгмэгц бид 2019 оны 12 сард дахин 500.000 төлсөн. Гэтэл О.О шалтаг тоочиж, гэрээ хийхгүй зугатаад байсан. Тиймээс бид хоёр 2020 оны 01 сараас төлөлтөө бүр мөсөн зогсоосон. Учир нь бид хэдий тус байранд 2019 оны 01 сараас амьдарч эхэлсэн ч гэсэн бидний мөнгийг аваад байгаа мөртлөө эргээд хууль ёсоор өмчлөлөө шилжүүлэх асуудал эргэлзээтэй байсан тул бид түүнд үл итгэж эхэлсэн.
Өмчлөлөө хэзээ, хэрхэн яаж шилжүүлэх талаар бодитоор гэрээгээ хийчихвэл 500.000 төгрөгийг үргэлжлүүлэн, төлөхийг зөвшөөрч байгаа талаар О.О т удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч бидний шаардлагыг биелүүлээгүй.
О.О 2020 оны 01 сард бидэн рүү залгаж, “та 2 төлөлтөө хийхгүй бол би байраа заръя” гэж ярьсан. Д.Э түүнд “бидний мөнгийг гаргаад өгчих, тэгвэл бид байрыг суллахад татгалзах зүйлгүй” гэсэн чинь О.О “танай 13.000.000 төгрөгийг өгнө. Харин 5.500.000 төгрөгийг өгөхгүй. Учир нь танайх манай байранд 1 жил амьдарсан учир түрээсэнд тооцно” гэж хэлсэн. Бид үүнийг татгалзсан. Яагаад гэвэл бид чамтай анхнаасаа байрыг чинь түрээслэе гэж тохироогүй. Худалдаж авахаар тохирсон. Магад түрээсэлнэ гэсэн бол бид танай байранд амьдрах шаардлагагүй. Чамд 500.000 төгрөгийг cap бүр төлөх шаардлагагүй. Байранд чинь орохдоо өөрсдөөсөө хөрөнгө засвар тохижилт хийх шаардлагагүй байсан. Гэтэл зарна, худалдана гэж тохирчихоод гэрээ ч байгуулахгүй, хүнээс зөндөө төлбөр авчихаад, өнөөдөр түрээсийн асуудал ярьж байгаа бол хууль бус гэж татгалзсан. Хууль бусаар эзэмшээгүй, мөнгөө авчихбал байрыг суллаж өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ хэлж байсан. Сүүлдээ гэрээ хийхгүй бол төлбөрийг төлөхгүй гэдэг зүйл яригдсан. Нэхэмжлэгчтэй биечлэн уулзаагүй, утсаар холбогдож байсан. 2020 оны 9 дүгээр сард байрыг суллаж өгье, гэрээ хийгээд авах үлдэгдэл мөнгөө тусгая гэхээр нэхэмжлэгч өөрөө завгүй гэсэн. Үүнээс хойш О.О ч бидний 18.500.000 төгрөгийг гаргаж өгөөгүй. Тиймээс орон сууцыг өгөөгүй. Бид О.О ын өмчлөлийн орон сууцанд хууль бусаар буюу хүчээр, нууцаар, залилж мэхэлж, мэдэгдэхгүйгээр орж амьдраагүй. Анхнаасаа худалдах худалдан авах аман гэрээний тохиролцоогоор нүүж орж амьдарсан учир бид ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй учир шүүхээр албадаж гаргах үндэслэлгүй.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд бид тохиролцсон банкны зээл түүний хүүгийн төлөлтөд cap бүр төлсөн 500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөгийг түүнд итгэж төлсөн үйлдэл маань яагаад өнөөдөр хууль бусаар хөрөнгөжсөн үйлдэл болохыг ойлгохгүй байна. Учир нь бид түүний орон сууцыг түрээслээгүй, түрээслэх тухай тохироо ч анхнаасаа хийгээгүй атал биднийг орон сууцыг түрээсэлж суугаад, түрээсээ дутуу төлсөн мэтээр 5.000.000 төгрөг нэхсэн байна. Орон сууцны хэрэглээний төлбөрийн тухайд бид тухайн орон сууцанд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс амьдарч эхэлсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх орон сууц ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр, домофон ашиглалтын төлбөр, цахилгааны ашиглалтын төлбөрийг тухай бүр нь хариуцлагатай төлж, байсан. Ямар ч төлбөрийн үлдэгдэлгүй. Бид төлбөрийн үлдэгдэлгүй талаарх тодорхойлолт, баримт сэлтийг нотлох баримтаар гаргаж өгч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид амаар харилцан тохиролцож урьдчилгаа 13.000.000 төгрөг, сар бүр 500.000 төгрөгөөр тооцон 11 удаа нийт 18.500.000 төгрөг төлсөн. О.О бидэнтэй амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж биднийг байрнаасаа гарахыг шаардсан учир бид түүний байрыг чөлөөлж өгөхийн тулд өөрсдийн түүнд шилжүүлсэн 18.500.000 төгрөгийг буцаан авах эрхтэй гэж үзэж байна. Анх гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгч тавьсан болно. Гэрээг бичгээр хийвэл төлбөрийг төлнө гэж хэлээд төлөөгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө цацалъя байраа сулла гэсэн болно. Иймд О.О аас 18.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч О.О хариуцагч Д.Э , Л.Н нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол, зардалд 5.660.283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 18.500.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч ашиглалтын зардалд 660.283 төгрөг гаргуулах шаардлагаа 411.970 төгрөг болгон багасгаж байх тул шүүх энэ хүрээгээр тооцон шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нэг талаас О.О , нөгөө талаас Д.Э , Л.Н нар 2019 оны 01 дүгээр сард амаар харилцан тохиролцож, Худалдагч нь Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 4а байрны 6 тоотод байрлах 35,09 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг төлбөр төлж дуусгаснаар худалдагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч орон сууцны үнэ нийт 79.500.000 төгрөгөөс урьдчилгаа 13.000.000 төгрөг төлөх, үлдэх хэсгийг 2030 оны 1 дүгээр сар хүртэл 133 сарын турш сар бүр 500.000 төгрөгөөр төлж дуусгахаар тус тус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тохиролцжээ.
Түүнчлэн хариуцагч нар урьдчилгаа 13.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас сар бүр 500.000 төгрөгөөр 11 сард 5.500.000 төгрөг, нийт 18.500.000 төгрөг төлсөн, 2019 оны 01 дүгээр сард байрыг хариуцагч нарын эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах санал гаргасныг 2020 оны 02 дугаар сард хариуцагч хүлээн авч, зохигчид харилцан тохиролцож дуусгавар болгосон үйл баримтад маргаагүй.
Хариуцагч төлсөн 18.500.000 төгрөгийг буцаан авна гэж, нэхэмжлэгч 13.000.000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг орон сууц ашигласан хугацааны хөлсөд тооцсон гэж тайлбарлав. Улмаар нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар дуусталх хугацаа 21 сард сар бүр 500.000 төгрөг хөлсөлснөөр тооцон 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Гэрээний аль нэг тал нөгөө талдаа мэдэгдэж гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар өгсөн авснаа харилцан буцаан өгөх үүрэг хүлээх бөгөөд мөн зүйлийн 205.7-д зааснаар энэ үүргийг талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэхээр заасан. Энэ маргааны хувьд нэхэмжлэгч орон сууцаа хариуцагч нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн тул хариуцагч нар орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлэх үүрэг хүлээнэ. Хариуцагч нар үнэ 18.500.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэгч уг үнийг мөн буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021194 дугаарт бүртгэлтэй, маргааны зүйл болсон уг орон сууцны өмчлөгч О.О болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, түүнчлэн хариуцагч нар өнөөг хүртэл орон сууцанд амьдарч байгаа, нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлж өгөөгүй болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх 49/
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль ёсны өмчлөгч өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Түүнчлэн нэхэмжлэгч орон сууцны үнэд төлсөн мөнгийг буцаан өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс 18.500.000 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж, мөн хуулийн 227.3-т “гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж, хэрэв нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүй байхаар мөн зүйлийн 227.2-т тус тус заажээ.
Гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгч гаргасан, анх хэн алин нь хөрөнгийг худалдах худалдан авах агуулгаар хүсэл зоригоо илэрхийлж амаар тохиролцож байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд “орон сууцыг ашигласан” үндэслэлээр нэхэмжлэгч татгалзах санал гаргах хүртэлх буюу 2020 оны 02 дугаар сар дуусталх хугацаанд хариуцагч нараас “орон сууц хөлслөх үнийг”-ийг хохиролд тооцон шаардах эрхгүй.
Харин гэрээнээс татгалзсанаас хойш хариуцагч байрыг суллаж, нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад буцаан өгөх үүрэгтэй ч энэ үүргээ эс биелүүлж улмаар “мөнгөө өгсний дараа гарна” гэх үндэслэл зааж орон сууцыг өөрсдийн эзэмшил ашиглалтад байлгасан тул энэ хугацаанаас хойшхи нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч орон сууцыг хөлсөлснөөр тооцож хохирол нэхэмжилснийг шүүх буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч уг орон сууцыг бусдад хөлслөхөд нэг сарын хөлс 500.000 төгрөг болно гэж энэ үнээр тооцон нэхэмжилжээ. Хэрэгт шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр уг хөрөнгө байршиж буй тухайн байршилд 2 өрөө орон сууц хөлслөхөд нэг сард 600.000-700.000 төгрөг гэсэн зарууд байх тул нэхэмжлэгчийн тооцоолсон үнээр нэг сарын хөлсийг тооцох боломжтой гэж үзэв.
Зохигчид хэн алин нь эрхийн доголдолтой хөрөнгө гэдгийг мэдсэн хэрнээ хэлцэл хийсэн, түүнчлэн татгалзах саналыг нэхэмжлэгч гаргасан зэргээр хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчийн төлбөл зохих 4.500.000 /2020 оны 3-10 дугаар сар = 8 сар * нэг сар 500.000 төгрөг= 4.000.000/ төгрөгийг 50 хувиар бууруулж тооцон, хариуцагч нараас хохиролд нийт 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж дүгнэлээ.
Ашиглалтын зардлын тухайд: уг орон сууцны 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр бүрэн төлөгдсөн тухай харьяалах “Хилчин” СӨХ-ноос 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тодорхойлсон байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /хх 58/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч хэн алин нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тус тус өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээхээр заасан, зохигчид хэн алин нь дээрх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрхийг нэгтгээд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлж, хохиролд 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. Мөн нэхэмжлэгчээс 18.500.000 төгрөг гаргуулж, хариуцагч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021194 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 4а байрны 6 тоот орон сууцыг Л.Н , Д.Э нарын эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйл 227.1, 227.4-т заасныг баримтлан хариуцагч Л.Н , Д.Э нараас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.О т олгож, нэхэмжлэгч О.О аас 18.500.000 /арван найман сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж хариуцагч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.411.970 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175.715 төгрөг, хариуцагчийн төлсөн 250.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 250.450 төгрөг гаргуулж, хариуцагчид, хариуцагч нараас 117.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ