Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Э-ийн А-д холбогдох 2416000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ****аймгийн *** суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт **** аймгийн *** сум, *** багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, **** регистрийн дугаартай, Ж овгийн Э-ийн А,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.А нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед **** аймгийн *** сумын төвд өөрийнх нь талаар бусдад ярьсан гэх шалтгааны улмаас З.М-г толгой хэсэг рүү нь гараараа цохиж тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.А нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед ***  аймгийн *** сумын төвд өөрийнх нь талаар бусдад ярьсан гэх шалтгааны улмаас З.М-г толгой хэсэг рүү нь гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас З.М-ийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.А гэм буруутай болох нь:

 

          Хохирогч З.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 30 минут орчимд дотуур байранд хоолонд орж байхад манай доод ангийн Б гэдэг хүүхэд рүү манай сумын А гэдэг залуу фейсбүүк мессенжерээр залгасан. Б надад А чамтай ярина гэж байна гээд утсаа надад өгөөд А намайг Би хашаанд орж ирээд залгаарай гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр хоолоо идчихээд Билгүүний хашаанд очиж А рүү залгахад Э гэдэг хүүхдийг дагуулаад ир гэж явуулсан. Тэгээд Эрхэмбаяр Б бид хоёрыг дагуулж Б-ний дүүгийн гэрт очсон. Гэрт нь яваад ороход А, Э, Б-ний дүү гурвуулаа байсан. Өмнө нь манай сургуулийн багш Аг хэнтэй үерхдэг вэ? гэж асуухаар нь би тэр охинтой үерхдэг гэж хэлсэн байсан. А чи яагаад тэрийг хэлсэн гэж Б бид хоёрыг зодсон. А Б бид хоёрыг учир зүггүй зодож эхэлсэн. Эхлээд нүүр, ам, толгой хэсэг рүү гараараа цохиж, аймхай руу цохиж, тонгойхоор ар ууц руу цохисон. Намайг болон Б бид хоёрыг А олон удаа гараараа цохиж, гар нь хавдахаар нь гутлаа тайлж аваад гутлаараа гар хөл рүү цохисон. Тэгээд байж байхад *** сумын *** багийн багийн дарга нь орж ирсэн. Тэгээд А бид хоёрыг дагуулж наадмын талбай дээр очоод Б, бид хоёрыг сандал дээр суу гээд сандал дээр сууж байхад А Б, бид хоёрыг 3, 3 удаа өшиглөсөн. Тэгээд А мотоциклоо унаад яваад өгсөн. Б бид хоёр дотуур байр луу явсан. Би А гэх хүнийг зүс танина. Ямар нэг садан төрөл найз нөхдийн холбоо байхгүй. Миний бие махбодод гэмтэл учирсан. Тухайн үед миний хоёр нүд хөхрөөд хавдсан мөн толгойн баруун тал зулгараад улайсан, зүүн талын хэсэг хавдсан байсан. Тухайн гэмтлийг А гараараа цохиж учруулсан. А Б-ний дүүгийнд очиход пиво уугаад сууж байсан. Тухайн үед согтуу байсан. Би Агийн биед халдаж цохисон зүйл байхгүй. Тухайн үед би юу болсныг мэдэхгүй байна. Намайг утсаар дуудаад очсон чинь зодсон. Бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Манай найз Б бид хоёрыг А зодсон. Надад эмчилгээний зардал болон шаардлагатай зүйлийг өгсөн тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй мөн ямар нэгэн гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 дугаар тал/,

 

          2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 90 дугаартай Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Д.Даваахүүгийн “...Иргэн З.М-ийн биед тархины доргилт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, баруун чамархайд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт гэмтэл дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 20-21 дүгээр тал/,

 

          2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч А.Бын самсунг-А54 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-29 дүгээр тал/,

 

          Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч З.М-д эмнэлэгийн тусламж үйлчилгээний зардал болох 373,750 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлсөн төлбөрийн баримт /хх-ийн 69-70 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Иймд Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгож, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Аг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийн эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй талаар хэрэгт баримт /хх-ийн 34 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд 373,750 (Гурван зуун далан гурван мянга долоон зуун тавь) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж овгийн Э-ийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ад мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд 373,750 (Гурван зуун далан гурван мянга долоон зуун тавь) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

          9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР