Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1622

 

МАГАДЛАЛ

 

2018.07.16                                                     Дугаар 1622                             Улаанбаатар хот

 

 

 

 

Л.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01176 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15 268 970 төгрөг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 1995 оноос тус байгууллагад ажиллаж, сахилгын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ээлжийн инженерээс шат дараалан дэвшиж хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тус газрын захирлын Б/1227 тоот тушаалаар 3 дугаар баазад ээлжийн инженерийн ажилд шилжүүлж, томилсон. Би уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, цалин олговорт 608 057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд шимтгэл зохих өөрчлөлт оруулж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. ЗТН  ОНӨААТҮГ-ын төлөөлөгчийн гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээс татгалзаж намайг ажилд эгүүлэн авахгүй байсан ба 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр захирлын тушаал гаргасан боловч одоо болтол ажилдаа ороогүй байна. Энэ хугацаанд миний бие ажилгүй, цалингүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан эрх, эрх чөлөө хөндөгдөж хохирсоор байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн авах тухай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх цалин 15 268 970 төгрөгийг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү. Миний сарын цалин     1 200 000 төгрөг, 40 хувийн нэмэгдэл 480 000 төгрөг нийт 1 680 000 төгрөгнөөс тооцож гаргуулж өгнө үү. Харин хоол, унааны зардлыг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Л.Н-г тус газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 тоот тушаалаар өөр ажилд шилжүүлснийг тэрээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг анхан шатны шүүх хэлэлцэж, ажилд нь эгүүлэн тогтоосон. Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын 4-т “...Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд нөхөх олговор, хөнгөлөлтийн орлогыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2016 оны 9,10,11 дүгээр саруудад 3 727 463 төгрөгийн цалин авсан ба үүнээс 3 сарын хоолны мөнгө 129 000 төгрөг, унааны мөнгө     33 600 төгрөг, 11 дүгээр сарын лист 314 702 төгрөг, нийт 477 302 төгрөгийг хасвал             3 250 161 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс сарын дундаж цалинг тооцвол 1 083 387 төгрөг, өдрийн 49 245 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь хуанлийн ажлын 198 өдөр болж байх тул нийт 9 750 000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЗТН  ОНӨААТҮГ-аас 15 268 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч ЗТН  ОНӨААТҮГ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 445 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ЗТН  ОНӨААТҮГ-аас 234 294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Цалин хөлсний дундажийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын 7-д Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заасан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 9 750 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Л.Н-г Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэрээр өмнөх ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 608 057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан.

Хариуцагч нь шүүхийн дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гаргасан өдрөөс Л.Н-г ажилд эгүүлэн авах тухай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 268 970 төгрөгийг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч нь 1 сарын цалингаа 1 200 000 төгрөг, 40 хувийн нэмэгдэл 480 000 төгрөг нийт 1 680 000 төгрөг гэж тодорхойлсон ба шүүх энэ тооцоог үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалд нэхэмжлэгч Л.Н-ийн 1 сарын цалин 1 032 685 төгрөг, 1 өдрийн цалин 48 031 төгрөг гэж тогтоосон, энэ магадлал хүчин төгөлдөр болсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 1 сар, өдрийн цалингийн хэмжээг шинээр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь ажлын 198 өдөр гэдэгт талууд маргахгүй байх тул Л.Н-ийн ажилгүй байсан хугацааны олговорт 9 510 138 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй боловч хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 9 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...ЗТН ОНӨААТҮГ-аас 15 268 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н-д олгосугай.” гэснийг “9 750 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н-д олгож, үлдэх 5 518 970 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...хариуцагчаас 234 295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “170 950 төгрөгийг гаргуулан” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 234 295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                              Ч.ЦЭНД

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ