Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй 

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал  

           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Э.Ад холбогдох  эрүүгийн 1922003600006 тоот хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн суманд 19 онд төрсөн,  настай, , дээд боловсролтой, багш мэргэжилтэй, сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн оршин суух, урьд ял шийтгэлгүй, / / Тайж овогт Эы А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн сумын Соёлын төвийн байранд Ч.Атай маргалдан түүнийг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Шүүгдэгч  Э.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчийн дансанд 400.000 төгрөгийг 2019.12.23-ны өдөр шилжүүлэн өгсөн, хохирогч Ч.А нь “гомдолгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан, Э.А нь бусдад төлбөргүй болсныг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ч.Агийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсантай холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг Э.Ад анхааруулж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Э.А нь хохирогч Ч.Атай маргалдаж улмаар гарын харьтанд нь 2-3 удаа алгадсан.

Хохирогч Ч.Агийн тархи доргиж хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн 2019.12.17-ны өдрийн 08 тоот дүгнэлт, 2020.02.04-ний өдрийн 102 дугаартай дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтүүдэд уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэсэн байдаг. Мөн шинжээч эмч болох М.Баттүвшинг асуухад " их биеийн хүчтэй савалт, биеэрээ хананд савах болон газар унах үед тархи доргилт үүссэн байх боломжтой. Харьтанд бага хэмжээний хүчээр цохилт өгөх үед тархи доргилт үүсэхгүй гэж мэдүүлсэн.

Мөн шинжээч Г.Ханхүү мэдүүлэхдээ: Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй болон өндөр, нам хэмийн үйлчлэл, тэсэрч дэлбэрэх бодисоос бусад зүйлийг ойлгоно. Их бие хэсэгт хүч үйлчилснээр тархи доргилт, гэмтэл учрах боломж багатай. Цохилтын улмаас их бие унах, хана мөргөх гэх мэт нөхцөл байдлаас үүсч болохыг үгүйсгэхгүй гэж мэдүүлдэг.

Гэрч Ц.Тэгшсүрэн, Г.Ууганцэрэн нар нь шүүгдэгч Э.Аг хохирогчийн харьтанд цохисон талаар мөн мэдүүлдэг.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А нь хохирогч Ч.Аг булангийн хананд шахаж зүүн гap, дал мөр рүү нь удаа дараа цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Ч.Агийн бие махбодид "тархи доргилт гэмтэл” учирсан болох нь тогтоогдож байх ба уг гэмтэл нь Э.Агийн хүний эрх, эрх чөлөөнд халдаж зодсон үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн байна гэж дүгнэсэн байна. Хэдийгээр Э.А нь хохирогчийн эрх чөлөөнд халдаж харьтанд нь цохисон нь буруу ч гэсэн, түүний энэ үйлдлийн улмаас хохирогчид тархи доргилт үүсэх боломжгүй гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т " Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор ypшиг учирсаныг гэмт хэрэгт тооцно" гэж хуульчилсан. Гэтэл шүүгдэгч нь хохирогчийн гарын харьтруу цохисон, харьтруу цохисноор тархи доргихгүй гэсэн шинжээч эмч нарын дүгнэлтүүд байсаар байхад Э.Аг үндэслэлгүйгээр буруутгаж, хохирогчийн биед өөр халдсан этгээд байхгүй учир түүнийг гэм буруутайд тооцож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Э.Аг цагаатгаж өгнө үү гэв.

 

           Прокурор Г.Хаш-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.А нь Ч.Атай маргалдаж, улмаар түүнийг зодож, хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.    Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Д сумын соёлын төвийн байранд “Эцгийг минь доромжиллоо” гэж  Ч.Аг зодож тархи доргилт гэмтэл учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Э.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Ч.Агийн мэдүүлэг /хх-17-18, 82-83/, гэрч Г.Ууганцэрэнгийн /19, 88/, гэрч Ц.Тэгшсүрэнгийн /хх-26, 86-87/, гэрч М.Баярмаагийн мэдүүлэг /хх-84/, шинжээчийн дүгнэлт /хх-20, 125-128/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-34-35/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн бөгөөд үндэслэлтэй гарчээ.

           Э.Агийн өмгөөлөгч Х.Отгонжаргал нь “ Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А нь хохирогч Ч.Аг булангийн хананд шахаж зүүн гар дал мөр рүү нь удаа дараа цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Ч.Агийн бие махбодид “тархи доргилт гэмтэл” учирсан болох нь тогтоогдож байх ба уг гэмтэл нь Э.Агийн зодсон үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн байна гэж дүгнэсэн. Хэдийгээр Э.А нь хохирогчийн эрх чөлөөнд халдаж харьтанд нь цохисон нь буруутай ч түүний үйлдлийн улмаас хохирогчид тархи доргилт гэмтэл үүсэх боломжгүй гэж үзэж байна” гэсэн гомдлоо давж заалдах шатны шүүх хуралдаанд дэмжиж “Э.А нь хохирогчид тархи доргилт гэмтэл учруулаагүй болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж тайлбарлан, анхан шатны шүүхийн шийтгэх тогоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь “Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид тархи доргилт гэмтэл үүсэх боломжгүй, энэ талаар шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг нотлох баримтаар авагдсан байгаа” гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянан үзэж, дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийн улмаас  хохирогчид тархи доргилт гэмтэл учирсан болохыг шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан бусад баримтууд болох  хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудас зэрэг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь хохирогчийн харьтанд зөөлөн цохисноор тархины доргилт гэмтэл учрахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үндэслэн давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй болно. 

           Иймд шүүгдэгч Э.А нь “Хохирогч Ад тархи доргилт гэмтэл учруулаагүй” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгчид анхан шатны шүүхээс авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжилж байгаа болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ