Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/2021/00268

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт байрлах, “А Ө Т А м”  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “А Э Ж А Ө Т”  ГХОХХК -д холбогдох

2019 оны 6 дугаар сараас хойшхи хугацааны компанийн санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээллийг хувьцаа эзэмшигч болох тус компанид гарган өгч, танилцуулахыг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “А Э Ж А Ө Т”  ГХОХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу нийт нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийг “А Ө Т А м”  ХХК, үлдсэн 50 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох “Ай Эс Жи холдингс Эй Пи Эй Си Птэ.лтд” компани тус тус эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийнхээ адил тэнцвэртэй эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангахын тулд Компанийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагааг ил тод, шударга, байнгын тасралтгүй байлгах, хэн хэндээ харилцан хяналт тавьж байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцуулахаар гүйцэтгэх захирал Майкл Жон 0’Маллейг томилсон бол, санхүү, захиргаа хариуцсан захирлаар нөгөө хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч болох Г.Батбаатарыг томилсон байдаг. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаас хойш энэхүү нэхэмжлэлийг гаргасан өдрийг хүртэлх хугацаанд компанийн 2 хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн буюу мухардмал байдалд орсон байгаа. Өөрөөр хэлбэл, 2 хувьцаа эзэмшигчид цаашид компанийн үйл ажиллагааг хамтран явуулах боломжгүй болсон. Тиймээс хэд хэдэн удаа бие биедээ өөрийн эзэмшдэг хувьцааг худалдах санал гаргасан боловч тохиролцоонд хүрч чадалгүй өнөөдрийг хүрээд байна.

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаас хойш дээрх маргаантай холбоотойгоор компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Батбаатар намайг компанийн Санхүү, захиргаа эрхэлсэн захирлын үүргээс хууль бусаар чөлөөлсөн ба үүнтэй холбоотой хөдөлмөрийн маргаан Улсын Дээд шүүхэд байгаа ба эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй болно. Дээр дурдсанчлан компанийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагааг ил тод, шударга, байнгын тасралтгүй байлгах, хэн хэндээ харилцан хяналт тавьж байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2 хувьцаа эзэмшигчдийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр компанийн нэр бүхий банкуудад эзэмшдэг данснуудыг захиран зарцуулахтай холбоотой 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал болох Майкл Жон 0’Маллей, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг компанийн Санхүү, захиргаа эрхэлсэн захирал Г.Батбаатар тус тус эзэмшихээр зохицуулсан.

Гэтэл Майкл Жон 0’Маллей уг хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчин өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, тус гэрээг хүчин төгөлдөр хэвээр байхад Г.Батбаатарыг хууль бусаар буюу үндэслэлгүйгээр ажлаас халах замаар 2 дугаар гарын үсэг зурах эрхийг хууль бусаар компанийн нягтлан бодогч н.Амартүвшинд шилжүүлж, улмаар компанийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг зөвхөн өөрийн мэдэлд бүрэн шилжүүлэн авсан болно. Өөрөөр хэлбэл, 2019 оны 6 дугаар сараас хойш Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд нөгөө хувьцаа эзэмшигчийн тавих хяналтыг бүр мөсөн алга болсон. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс хэд хэдэн удаа компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцах талаар санал хүсэлт, шаардлагыг бичгээр тавьж байсан боловч одоо хүртэл танилцаж чадаагүй байгаа. Үүний улмаас 2019 оны 6 дугаар сараас хойш одоо хүртэл компанид ямар хэмжээний өр төлбөр, мөнгөн хөрөнгө байгаа талаар нэг ч мэдээлэл бидэнд байхгүйгээр барахгүй гүйцэтгэх захирал Майкл Жон 0’Маллей Компанийн мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа дээр хяналт тавьж чадахгүй байна. Түүнчлэн, Компани нь 2019 оны 6 дугаар сараас хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн гэсэн нэрийдлээр их хэмжээний хэлцлийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тодорхой болсон. Тодруулбал, “Оюу Толгой” ХХК-тай байгуулсан их хэмжээний хэлцлийг Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулаагүй. Мөн үүнээс өөр ямар их хэмжээний эсвэл сонирхлын зөрчилтэй хэлцлийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулахгүйгээр, дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд бид мэдэх эрхтэй.

Иймд компанийн санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээллийг 50 хувийн хувьцаа эзэмшигч “А Ө Т А м”  ХХК-д гарган өгч, танилцуулахыг “А Э Ж А Ө Т”  ГХОХХК-д даалгаж өгнө үү.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдсэн, одоо Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа хэргийн нэхэмжлэлийн шаардлага хувьцаа эзэмшигч нарын хоорондох бэлэглэлийн гэрээг бэлэг өгөгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүй болгуулах тухай маргаан. Энэ хэргийн тухайд компани болон хувьцаа эзэмшигчийн хооронд компанийн мэдээлэл, үйл ажиллагааг өгөхгүй байгаа үйлдэлтэй холбоотой маргаан тул энэ хэрэгт хамааралгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар өөр хэргийг шийдвэрлэх хүртэл энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байхгүй болно. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хэргийн харьяаллын асуудлыг шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолтой болно гэв.  

 

            Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт үндэслэн хувьцаа эзэмшигч гэх “А Ө Т А м”  ХХК-д компанийн 2019 оны 6 дугаар сараас хойшхи санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээллийг компаниас гаргуулж, танилцуулахыг даалгах гэсэн байна.

            Гэвч өнөөдрийн байдлаар компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэх “А Ө Т А м”  ХХК нь компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд хувьцаа эзэмшигчийнхээ эрхийн хүрээнд тус нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь маргаантай байгаа бөгөөд тус маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Тодруулбал компанийн үүсгэн байгуулагч болох “Ай Эс Жи Холдингс” пти.лтд компанийн зүгээс “А Ө Т А м”  ХХК-д холбогдуулж, хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож, “А Ө Т А м”  ХХК-ийн эзэмшлийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Өөрөөр хэлбэл “А Ө Т А м”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх зүйн байдал маргаантай байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон компанийн дүрмийн заалтуудыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалтад “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татаглзана”, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “...65.1.7-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэв энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж шүүхээс нэхэмжлэгчийг компанийн хувьцаа эзэмшигч мөн гэж тогтоовол манай зүгээс Компанийн тухай хуульд заасан үүргийн дагуу холбогдох мэдээллийг танилцуулахад татгалзахгүй болно. Харин энэ хэргийг шийдвэрлэхээс өмнө танилцуулбал мэдээллийг өөр байдлаар ашиглах, улмаар компанид хохирол учрах болзошгүй гэж үзэж 2019 оны 6 дугаар сард хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэнээс хойшхи мэдээллийг танилцуулаагүй нь үнэн.

Мөн Компанийн дүрмийн 23.2 болон 23.3 дахь хэсэг хэрэв талуудын хооронд компанийн дүрэмтэй холбоотой буюу бусад маргаан үүссэн тохиолдолд түүнийг эцэслэн шийдвэрлүүлэхээр Монгол Олон улсын болон Үндэсний арбитрт нэхэмжлэл, хүсэлт гаргах тухай маргаан шийдвэрлэх харъяаллыг талууд тохиролцсон. Харин хувьцаа эзэмшигчийн гэрээний 14.3-т зааснаар маргааныг Олон улсын худалдааны Австрали дахь Арбитрын төвд шийдвэрлүүлэхээр тохиролцжээ. Хэрэв компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний хооронд аливаа зөрчил гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн гэрээний нөхцөл давуу хүчинтэй үйлчлэхээр заасан байна. Иймд маргааныг Олон улсын худалдааны Австрали дахь Арбитрын төвд эцэслэн шийдвэрлэхээр байна. Хэдийгээр нэхэмжлэгч “А Ө Т А м”  ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд хариуцагч “А Э Ж А Ө Т”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй хэвээр байгаа боловч тус нэхэмжлэлийн шаардлага компанийн хувьцаа эзэмшигч хоорондын маргаантай байдлаас үүссэн, компанийн нөгөө хувьцаа эзэмшигч компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгажээ. Үүнтэй холбогдуулж нэхэмжлэгч тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн ч, дээр дурдсаны дагуу ийнхүү хэргийн харъяаллыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ” гэсэн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харъяалал зөрчсөн бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “...65.1.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.7-д заасан нөхцөл бүрдсэн тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “А Ө Т А м”  ХХК нь “А Э Ж А Ө Т”  ГХОХХК-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сараас хойшхи хугацааны компанийн санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээллийг хувьцаа эзэмшигч болох тус компанид гарган өгч, танилцуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн хоорондох маргаан өөр шүүхэд хянагдаж байгаа, түүнчлэн хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Хариуцагч “А Э Ж А Ө Т”  ГХОХХК нь “А Ө Т А м”  ХХК болон Сингапур улсын хуулийн этгээд болох “Ай Эс Жи холдингс Эй Пи Эй Си Птэ.лтд” компани гэсэн хоёр хувьцаа эзэмшигчтэй, тэдгээр нь тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшдэг, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасан “хязгаарлагдмал хариуцлагатай компани” болох нь хэрэгт авагдсан тус компанийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүрмийн 2, 3 дугаар зүйл, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээний 5.2, болон “гишүүдийн тоо 2 болж өөрчлөгдснийг 2017 оны 12 дугаар сарын 26-нд бүртгэв” гэсэн тус компанийн улсын бүртгэлийн 0001355867 тоот гэрчилгээний хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.  /хх 6-32, 64/

Зохигчид хэн алин нь дээрх компанийн дүрэмд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгч “А Ө Т А м”  ХХК нь 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй хэвээр байгаа үйл баримтад маргаагүй.

Мөн 2019 оны 6 дугаар сараас хойшхи хугацааны компанийн холбогдох мэдээллийг танилцуулаагүй гэдэгт хариуцагч шүүх хуралдаанд маргаагүй болно.

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй” гэж, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигчид ... танилцуулна” гэж, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т “компани дараах баримт бичгийг хадгалж, ...... шаардлагаар танилцуулах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүрэг хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Нэгэнт нэхэмжлэгч нь хариуцагч хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа эзэмшигч тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч танилцуулах үүрэг хүлээнэ. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02483 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 373 дугаар магадлалаар, “Ай эс жи холдинг ПТИ ЛТД” компанийн нэхэмжлэлтэй “А Ө Т А м”  ХХК-д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн 50.000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай хэргийг шийдвэрлэжээ.  

Уг хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдаж байгаа, энэ хэрэгт дурдагдсан “бэлэглэлийн гэрээ” нэхэмжлэгчийн “А Э Ж А Ө Т”  ГХОХХК-ийн 50 хувийн хувьцааг олж авсан хэлцэл гэдэгт зохигчид хэн алин нь маргаагүй болно.

Хариуцагч дээрх маргаан шийдвэрлэгдсэний эцэст энэ маргааныг шийдвэрлэнэ хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “зохигчийн маргаж буй зүйл түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдвол шүүх мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ.

Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж буй хэрэг хувьцаа эзэмшигч хоёр хуулийн этгээдийн хоорондох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлага бүхий маргаан байна. Харин энэ хэрэг хувьцаа эзэмшигч компанид холбогдуулан гаргасан үйлдэл хийхийг даалгах агуулга бүхий маргаан бөгөөд уг хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ маргааныг шийдвэрлэж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хувьцаа эзэмшигч хэвээр байгаа нөхцөлд түүний хуулиар олгогдсон “компанийн мэдээлэлтэй танилцах эрх”-ийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэв. Иймд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв.

Тус шүүхийн 2020 оны 181/ШЗ2020/14381 дүгээр шүүгчийн захирамжаар “арбитрын тохиролцоотой” буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан “хэргийн харьяалал зөрчсөн” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан, уг захирамжийг тус шүүхийн 2020 оны 181/ШТ2020/00456 дугаар шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон, дээрх шүүхийн тогтоол хүчинтэй тул хариуцагчийн хүсэлтээр дахин энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүй, түүнчлэн энэ хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуралдааны дэг, журмын дагуу гаргаагүй тул уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 97 дугаар зүйлийн 97.2-д заасныг баримтлан 2019 оны 6 дугаар сараас хойшхи хугацааны компанийн санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээллийг хувьцаа эзэмшигч болох “А Ө Т А м”  ХХК-д гарган өгч, танилцуулахыг “А Э Ж А Ө Т”  ГХОХХК-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ