| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/67 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Ө.Манзушир,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
Хохирогч Ж.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Д овгийн С-ийн М-д холбогдох 2316001840039 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр ***** аймгийн **** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ****-н захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар *** аймаг, **** сум, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Д овгийн С-ийн М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилгын туслах ажилтан Ж.Б нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ***** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт ****-ийн барьж буй барилгын ажилд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа помпын чиглүүлэгч оосор нь тасарч барилгын 2 давхраас унаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч “***-ны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий ажил олгогч буюу захирал С.М нь помпын чиглүүлэгч оосор тасарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 9.5 дахь заалтуудыг, мөн осолдогч ажлын хувцас хамгаалах хэрэгсэл авсан баримт материал байхгүй, тухайн осол болсон өдөр ажлын хувцасгүй ажиллаж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг, Ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас сургалт ороогүй, шалгалт аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь заалтуудыг, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь үйлдвэрлэлийн орчинд үзлэг шалгалт хийж, эрсдэлийн түвшин үнэлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй буюу помпын чиглүүлэгч оосор муудсан байгаа, олж тогтоон солих арга хэмжээ аваагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалтыг, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь шинээр орсон ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалт орж, шалгалт авах үүргээ биелүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх заалтыг, компанийн захирал С.М нь помпын чиглүүлэгч оосор муудсаныг мэдсэн боловч үйл ажиллагааг зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28 1.2 дахь заалтыг, компанийн захирал С.М нь ажлын талбай дээр осол гарсан байхад үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх орон тооны бус комисс байгуулан ослыг судлан тогтоож, ослын талаар хөдөлмөрийн байцаагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.8 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтыг, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 5.2 Өргөгчийн оосор, ган татлага, дэгээ бүрэн эсэх, баталгаат зөвшөөрөлтэй эсэхийг шалгана. 8.4. Өндөрт ажиллах угсрагчид нь хамгаалалтын бүсээр хангагдсан, багажаа хийх тусгай хайрцаг, цүнхтэй байна. Урьдчилан бэхлэгдсэн найдвартай бүтээцээс хамгаалалтын бүсээ бэхэлсэн байх шаардлагатай, 8.8 Өндөрт ажиллах ажилчид аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийн шалгалт өгч тэнцсэн. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байвал зохино, 19 дүгээр зүйлийн 19.1 Барилга, объектын өндөрт ажиллагчид нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл бүс, дуулга малгайг бүрэн хэрэглэсэн байна, 19.3 Хашлагагүй захын хийц дээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно. 19.4 Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ, 19.6 өндөрт механизмаар ажил гүйцэтгэхдээ зөвхөн мэргэжлийн оосорлогч, дохиочны тусламжтай гүйцэтгэнэ. 19.7 Өндөрт гүйцэтгэх ажлыг зөвхөн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.” гэснийг тус тус зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн барьж буй барилгын ажлын туслах ажилтан Ж.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт *****-ийн барьж буй барилгын ажилд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа помпын чиглүүлэгч оосор нь тасарч тус барилгын 2 давхраас унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.М гэм буруутай болох нь:
1.Хохирогч Ж.Бийн өвчний түүхийн хуулбарууд, /1-р хх-ийн 21-59-р тал/,
2.2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Барилгын ажил гүйцэтгэгч Т.Э-той байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, /1-р хх-ийн 65-66-р тал/,
3.“****-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Ё.У-ыг ажилд томилох тухай” захирлын тушаал, /1-р хх-ийн 64-р тал/,
4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, дэвтрийн хуулбар, /1-р хх-ийн 67-76-р тал/,
5.2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 202002024 дугаартай Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, захиалагчийн хяналт гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /1-р хх-ийн 41, 60-63-р тал/,
6.Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн “ 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээнд гэмтлийн дараах шок гэх оношоор хэвтэн эмчлүүлж яаралтай дуудлагаар Улаанбаатар хот руу явсан байна. гэмтлийн оношоор 2023 оны 06 дугаар сарын 05-аас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 13.767.00 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/,
7.Хохирогч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны 06 сарын 05-ны өдөр ахмадын барилгын 2 давхар дээр цутгалтын ажил хийж байгаад олсны үзүүр тасарч унаж 103 дуудаж эмнэлгийн тусламж авсан. 2 хөл, нуруундаа гэмтэл авсан байсан. Аймгийн сэхээний тасагт 3 хоног хэвтэж байгаад аймгийн нэгдсэн эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу хүргүүлж гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэж байгаад 2 хөлөндөө хагалгаанд орж 1 сарын дараа нуруундаа хагалгаанд орсон. Тухайн үед М нь намайг хохиролгүй болгож, эмчилгээний зардлыг төлнө чи санаа зоволтгүй эмчилгээндээ яваад ир гэж надад хэлсэн. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэгтэл М одоо утсаа авахгүй, эмчилгээний зардал төлөөгүй болохоор цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. 2023 оны 06 сарын 05-ны өдрөөс хойш хөл дээрээ босч чадахгүй байгаа. 2020 онд байгуулагдаж ахмадын сувиллын барилгын суурины ажлаас эхэлж ажилласан. Би мужаан болон армотурыг хийсэн. Тэгээд нэг хэсэг зогсож байгаад 2023 оны 05 сард эхэлсэн. Тэгээд үлдэгдэл ажлаа хийж байгаад хамгийн сүүлийн бетоны цутгалт авч байгаад 2 давхар дээрээс унасан юм. Ямар нэгэн даргын тушаалгүй ажиллаж байсан. Манай бригадыг Э ахалж 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад болж ажиллаж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хүн байдаггүй байсан Ё.У нь хааяа ирсэн байж байдаг, 2023 оны 06 сарын 05-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулсан юм. Бид нар өөрсдөө ажлаа мэддэг болохоор өөр өөрсдийнхөө ажлыг хийдэг байсан. Би хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Каск малгай бээлийтэй байсан. Ажлын хувцас байдаггүй байсан. Сургалтад сууж байгаагүй. Би мужаан мэргэжилтэй. Бригадын ахлагч Этой тохирч ажиллаж байсан. Ажил гүйцэтгэсэн цалин 5,000,000 төгрөгийг Эоос авсан. Э бид нарын цалинг өгдөг байсан. *****-ны захирал Мд гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 91-р тал/,
8.Гэрч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 12 цагийн үед манай нөхөр Ж-ийн Б нь шинээр баригдаж байгаа ахмадын байрны 2 давхар барилга цутгалтын ажил хийж байгаад помпны үзүүрийн олс нь тасарч унасан гэж над руу утсаар мэдэгдэхэд би тухайн газарт ирэхэд манай нөхрийн 2 гутлыг тайлчихсан, 2 хөл нь хөхөрч хавдсан байдалтай, өөрөө нуруу өвдөөд байна гээд хэвтэж байсан. Тэгээд 103 эмч ирээд эмнэлэг рүү авч явсан юм.Барилгын мужаан мэргэжилтэй. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр найз Э нар барилгын 2 давхарт нь карказ цутгалтын ажлыг 06 сарын 05-ны өдөр хийж дуусгахаар 6,000,000 төгрөгөөр хийж дуусгахаар амаар тохиролцож орсон байсан. Түүнээс хэн нэгэн хүний тушаал шийдвэр, гэрээ хэлцэл байхгүй. Ж.Б барилга дээрээс унаснаас болж баруун хөлний өсгий бяцарсан, зүүн хөлний шагай шилбэний хавсарсан хугаралтай, нуруундаа 3-4-р үе хугаралтай гэмтэл авсан, Улаанбаатар хотруу 2 удаа явж гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэж, нуруу хөлний хагалгаанд орсон. Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 2023 оны 08 сарын 21-27-ны өдрүүдэд хэвтэж эмчилгээ хийлгэж гарсан. Одоогоор бие нь хагалгаанд орсон шарх нь бүрэн эдгээгүй, хэвтэрт байгаа 6 сар хөл дээрээ гишгэж болохгүй гэсэн эмчийн заавар өгсөн. 7-р сард группэд орсон. Цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй гэсэн. Одоо хэвтэрт байгаа...” гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 93-р тал/,
9.Гэрч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 06 сарын 05-ны өдөр зуурмаг авч байсан чинь нэг багана задарчихаар нь би янзлах гээд доошоо буучихсан байж байхад уначихсан юм. Тэгээд юу болов гэхэд помпны хошууд уяатай байсан олс нь тасрахад нь хойшоо савж унасан гэсэн дээвэр дээр Ч, Т нар цуг ажиллаж байсан. Уул нь намайг дээвэр дээр байхад Т хошууг барьж байсан юм. Тэгээд Тийг яагаад хошуу бариагүй юм гэхэд Т Б намайг арай тунаа муутай татдаг юм гэж хэлээд надаас хошууг авсан юм. Тэгээд хоёр хүчтэй угзарч татах үед нь олс нь тасарч 2 давхраас унасан гэсэн. ** гэх компани нь ахмадын сувиллын барилгын ажлыг гүйцэтгэж байсан захирал нь М гэж хүн байдаг.Бид нарт ажилд томилогдсон тушаал байхгүй. Энэ барилга нь 2020 онд анх баригдаж эхэлж тэр ондоо суурь, нэг давхрыг манай бригад хийж гүйцэтгэж байсан юм. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр эхэлж 2 давхрын карказ угсралтын ажлыг манай бригад хийж эхлээд дуусч байсан өдөр Б 2 давхраас унасан юм. Бид санаа нийлж найз, ах дүүсээрээ нэг ажил авч хамтран гүйцэтгэж ажиллаж байсан. Албан ёсны зөвшөөрөл байхгүй. Б бид нар 2011 оноос хойш хамтарч ажиллаж байгаа нэг нь ажил олохоороо хамтарч хийдэг байсан. Хамтарч ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг би өөрөө бодож олгодог байсан. 2 давхрын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгээд 6.000.000 төгрөг авахаар надтай тохиролцсон байсан. Тэгээд Бид 6.000.000 төгрөгийн цалинг нь өгсөн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Нэг ах аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зуруулдаг байсан. Хувцас өмсөөгүй байсан Компаниас каск өгсөн байсан бид нар малгайгаа өмсөөгүй байсан. Сургалтад хамрагдаж байгаагүй." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 95-р тал/,
10.Гэрч Х.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай дүү М барилга дээр ажиллаж байгаад тухайн Улаанбаатар хот руу явсан тул би оронд нь 2023 оны 06 сарын 05-ны өдөр очиж ажилласан юм. Тухайн өдөр Э, Т, Б, Лхагвасүрэн бид 5 ажиллаж байсан юм. Барилгын доор цутгалтын явцад багана задарч Э, Лхагвасүрэн хоёр доошоо бууж, 2 давхрын дээвэр цутгалт дээр Т, Б бид гурав ажиллаж байсан. Т помпны хоолойн дээр ажиллаж байхад Б Тийг ямар тунаа муутай татдаг юм гэж хэлээд помпны хоолойг авч барилгын ирмэгээс 2 метрын зайд цутгалт хийх явцад помпны хоолойн олс нь тасарч хойшоо унасан. Тэгээд бид нар сандарч очиход миний гутлыг тайлаарай хөл мэдээгүй болчихлоо гээд байсан. Тэгээд эмнэлэг дуудаж түргэн дуудсан. Маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Олсоо хүчтэй татаад л хийндээ унасан байх Би ямар компани гэдгийг мэдэхгүй, ахмадын сувиллын барилгын ажлыг гүйцэтгэж байсан захирал нь М гэж хүн байдаг гэсэн. Манай дүү М Эын бригадад карказ угсралт дээр ажиллаж байсан гэсэн. Би тэр Өдөр ажилласан Тэгэхэд хөдөлмөр хамгааллын дэвтэр дээр гарын үсэг зуруулж, каск, бээлий өгсөн. Бид нарт каск малгай өгсөн, малгайтай байсан. Би хөдөлмөр хамгааллын сургалтад хамрагдаж байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 97-р тал/,
11.Гэрч Я.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 сарын 05-ны өдөр ахмадын сувиллын барилга дээр туслах ажил хийж байсан юм. Тэр өдөр Э, Т, Б, бид 5 ажиллаж байсан юм. Багана задарч Э ах бид хоёр доошоо бууж түүнийгээ янзалж байсан юм. 2 давхрын дээвэр дээрээс юм унах шиг болсон чинь Б ах уначихсан. Тэгээд Э ах бид хоёр Б гүйж очиход дөрвөн хөллөсөн байдалтай, миний гутлыг хурдан тайлаад өг хөл эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудсан. Б ах барилгын ажлыг маш сайн мэддэг барилга дээр нэлээн туршлагатай хүн байгаа юм. Бид нарт заавар зөвлөгөө зөвлөмж сайн өгдөг. Тухайн өдөр дээвэр дээр асгасан зуурмагийг Ч бид хоёр тарааж, Б ах беборатор тавиад Э ах өнгөлгөө хийж, Т помпны хошуу тавьж байсан. Яг барилгаас унах үед Э ах бид хоёр доор байсан. Дээвэр дээр Т, Ч, Б 3 байсан юм. Э ах, Б нар нь барилга дээр 2010 оноос хойш хамтарч ажиллаж байгаа хүмүүс би тухайн бригадад карказ угсралт дээр ажиллаж байсан. Тушаал гэрээ байхгүй. Би Э ахтай өдрийн 70,000 төгрөгөөр тохиролцож ажиллаж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан байдаг байсан. Нэг ах байдаг байсан нэрийг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 99-р тал/,
12.Гэрч Я.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Ахмадын сувиллын барилга дээр Эын бригад дээр 2023 оны 05 сарын 04-ны өдрөөс барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан. 2023 оны 06 сарын 05-ны өдөр 2 давхрын цутгалын ажил явагдаж байсан. Би помны хошуу барьж явж байсан юм. Тэгтэл Б ах чи туниа муутай татаад байгаа юм бэ, ах нь жоохон татъя гэж хэлээд авсан юм. Би буруу хараад армотур өөд нь татаж доогуур нь юм эвж байхад нэг чимээ гарахад эргэж харахад Б ах газарт унасан байсан. Тэгээд сандарч бууж очиход хөл өвдөөд байна гэж байсан. Тэгээд эмнэлэг дуудаж эмнэлгийн машин ирж авч явсан. Би помпны хошуу барьж байсан. Тэгтэл чи ядарч сульдаад байгаа юм гэж хэлээд авсан юм. Б ах беборатор тавьж ар моторын эвээс тавьж байсан юм. Маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Дээвэр дээр Ч, Б бид 3 байсан юм. Эын бригад дээр өдрийн 70,000 төгрөгөөр тохиролцож ажиллаж байсан. Бид нар гэрээ хэлэлцэл хийж ороогүй. Бид нар туслах ажилтан учраас тухайн өдөр очиж болно, очихгүй ч байж болно. Бид нарыг заавал ажил гэж шаардахгүй. 70,000 төгрөгийг ажилласан өдрөөрөө бодож авдаг байсан. Мыг танина. Би энэ хүнтэй гэрээ хэлцэл хийж байгаагүй. би Э ахаас цалинжиж ажиллаж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Уламбаяр гэж ах байсан. Бид нарт каск малгай өгдөг байсан. Б тухайн барилгаас унах үедээ яасныг ёстой санахгүй байна. Бид нар зуурмаг байсан учраас коронагийн цагаан хувцас, усны гуталтай байсан. Би сургалтад хамрагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 101-р тал/,
13.Гэрч Ё.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 01-нд *****-нд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр томилогдон ажилласан. *****-нь дотоод ажлыг сайн мэдэхгүй байна. 2023 оны 06 сарын 05-ны өдөр Ахмад сувиллын барилгын ажлын 2 давхрын цутгалтын ажил хийгдэх байсан. Тухайн ажилд гарахаас өмнө ажилчдад зааварчилга өгч гарын үсэг зуруулсан. Ж.Б зураагүй байхаар нь араас очиж гарын үсэг зуруулсан. Тэгээд цутгалтын ажил хийхээр барилгын 2 давхарт Э бригадаа аваад гарсан. Би мотопомп болон бетон хүлээн авах газар ажиллаж байсан. Тэгтэл 2 давхар дээрээс хүн уначихлаа гэхээр нь гүйгээд очиход ил харагдах шарх сорви үгүй, хөл татагдахгүй байна гэсэн зовиуртай байсан. Тэгээд 103 дуудаж түргэн тусламж үзүүлсэн. Захирал М, Э нар эмнэлэг рүү 103 дуудлагын эмчтэй цуг авч явсан. Тухайн үед ажлын ачаалал ихтэй, эмнэлгийн байгууллага дуудаж түргэн тусламж үзүүлсэн. Цагдаа болон хөдөлмөрийн байцаагчид мэдэгдэх ёстой байсныг мэдэхгүй байна. Би ерөнхий аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг, бригадын ахлагч Э ажил хийх хуваарийг хийдэг. Маргалдаж муудалцсан зүйл байхгүй. *****-ны зүгээс ажилчдад каск малгай өгсөн. Тухайн өдөр каск малгай, бээлийтэй байсан. Хувцасны асуудлыг *****-ны захирал болон бригадын ахлагч Э нарын хоорондоо тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ. Би нефть хангамжийн салбарт инженер, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн давхар хийдэг байж байгаад тэтгэвэрт гарч 2021 онд хөдөлмөр аюулгүй ажиллагааны сертификатын хугацаа дуусч сунгуулахаар Улаанбаатар хот руу явуулсан сургалт нь болохоор дуудна гэсэн юм. Зааварчилгааг байнга өгдөг...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 106-107-р тал/,
14.Гэрч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “ Барилгын ажил хийж гүйцэтгэх зөвшөөрөлгүй. С.М бид хоёр 2019 оноос хойш барилгын ажил гүйцэтгэж хамтарч ажиллаж байсан. Карказ угсралтын ажил байна гэж М надад хэлэхэд би хийе гэж гэрээ байгуулж гүйцэтгэсэн. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Би өөртөө багажаа гаргаж, байхгүй байгаа багажаа хүн амьтнаас гуйж авч хийдэг байсан. Ажилчдын хоол цай, амрах гэр, тогоочоо би өөрөө хариуцаж байсан. Ажилчдын цалинг би өөрөө хариуцаж өгдөг байсан. Би туслан гүйцэтгэгчээр, Ж.Б нь бригадын ажилтан байсан. ***** нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер Ё.У гэж ажиллаж байсан. Тэр зааварчилгаа өгдөг байсан. Би хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх эрхтэй байх хугацаандаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажлаа хариуцдаг байсан. Миний эрх дууссан учраас хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер байхгүй. Бригад заавал хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженертэй байх шаардлагагүй, гүйцэтгэгч ***** нь өөрийн гэсэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер нь бидний гүйцэтгэж байгаа ажилд зааварчилгаа өгөх, хяналт тавих эрхтэй. 2023 оны 06 сарын 05-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа Ё.У өгсөн. Би олс тасрах гэж байгааг мэдээгүй, Олс тасрах гэж байгааг мэдсэн бол хэн ч аваад сольчих боломжтой, түүнээс заавал энэ тэр солих ёстой гэсэн зүйл байхгүй. ***** нь захирал С.М Солонго хороололд орон сууц барьж байгаа Савус гоби ХХК-наас помпыг түрээсэлж ажиллуулж байсан. Ж.Бийн цалинд 6.000.000 төгрөг өгсөн. Улаанбаатар хот руу би өөрөө авч яваад эмнэлгийн хоол, цай, ахуйн хэрэглээг авч өгч байсан. Улаанбаатар хот руу явахад М 10.000.000 төгрөг надад өгсөн. Цагдаагийн байгууллагад мэдэгдэх эсэхийг тухайн үед мэдээгүй, Хамгийн түрүүнд эмнэлэг дуудсан. ***** -нь каск малгай өгсөн, манайх бээлийгээр хангаж байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Бийг малгайгүй байсан байх гэж бодоод малгайгүй байсан гэж андуурч мэдүүлэг өгсөн байна лээ. Б малгайтай байсан байна лээ. Ажиллах хүмүүс өдрийн хөлсөөр бодож цалингаа авдаг учир зарим нь нэг өдөр ажлаад ажиллахгүй тохиолдол байдаг юм. Тэгэхээр хувцас хэрэглэлээр хангах боломжгүй байдаг. Хэн нэгэн хүний буруутай үйл ажиллагаанаас осол болсон гэж бодохгүй байна..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 111-р тал/,
15.Гэрч Ё.Уын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс барилгын ажил эхэлж түүнээс эхэлж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтрийг бүртгэж эхэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Ажилдаа ирсэн хүмүүст байнгын зааварчилгаа өгдөг байсан. Каск малгай өмсүүлж, ажлын бээлийгээр хангаж ажиллаж байсан. Би нефть хангамжийн салбарт инженер, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн давхар хийдэг байж байгаад тэтгэвэрт гарч 2021 онд хөдөлмөр аюулгүй ажиллагааны сертификатын хугацаа дуусч сунгуулахаар Улаанбаатар хот руу явуулсан байсан. Өмнө нь аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байсан болохоор С.М *****-нд ажиллах санал тавьсны дагуу би ажилласан. Гэнэтийн осол болсон хэн нэгэн хүнийг буруутгах зүйл байхгүй. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өглөө намайг ажилд ирэхэд помпны машин ирсэн байсан. Попны машиныг хэнийх хаанаас авсныг би мэдээгүй. Тухайн өдөр осол болсон...” гэх мэдүүлэг, , /1-р хх-ийн 113-р тал/,
16.Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***” ХХК-ний *** улсын дугаартай *** маркийн *** япон авто помп нь 2021 оны 07 сараас хойш *** аймгийн *** сумд ирж ажилласан бөгөөд 2023 оны 8 сар хүртэлх ажиллаж байх хугацаанд ямар нэгэн техникийн бүрэн бүтэн байдал болоод хөдөлмөрийн аюул осол гарч, олс тасарч байгаагүй болно. Манай автомашин нь 2022 оны авто техникийн хяналтын улсын үзлэг оношилгоонд орж тэнцсэн. Миний бие тухайн өдрийн тус компанийн цутгалтын ажлыг эхлүүлэхээс өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тухайн компанийн ажилчид болон хөдөлмөр хамгааллын ажилтанд цутгалтын ажлын явцад аюулгүй ажиллах талаар зааварчилгаа өгч хэлж ярьж сануулж байсан. Тухай осол болох үед помпны сум болоод хошуу шланк хэвтээ байсан. Помпны хошуу шланкны үзүүрт байдаг олс бол цутгалт хийх явцад хошууны үзүүрийг зөвхөн чиглүүлэх болон хошууг буулгаж авто машин дээр бэхлэх, зэргээр ашигладаг. Тухайн өдрийн цутгалт эхлэхээс өмнө хошууны олсыг тухайн компанийн 2 туслах ажилтан уяж бэхэлж байсан. Миний зүгээс хошуу болон сумны доор ажиллаж болохгүй, хөдөлмөр хамгааллын хувцас, каск малгай, бусад хэрэгслийг өмсөж ажиллахыг болон олсыг маш сайн бат бөх уяж бэхлэх, шалгаж үзэх, талаар хэлж ярьж сануулаад, помпны тулаас данхраад болон зуурмагийн байдлыг харах зорилгоор барилгын баруун урд хэсэг рүү очиж шалгаж хянаж байх явцад Б гэх ажилтан нь доош унасныг мэдсэн. Би гүйж очоод асуухад дээр ажиллаж байсан 2 ажилтан Бааска ах уначихлаа гэсэн. Яагаад унав юу болов гэхэд олсны зангилаа тайлагдаад тасраад уначихлаа гэж хэлсэн. Тус ажилтан нь өөрийн санамсар болгоомжгүйн улмаас өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж хүчтэй угзарч татсанаас болж хүчтэй савалтаас өөрийн инерцэнд орж энэхүү осол гарсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 115-р тал/,
17.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаартай “ 1. 2. Ж.Бийн биед бүсэлхий нурууны 3-р нугалмын их биеийн хугарал, баруун өсгий ясны далд хугарал, зүүн шагайн гадна, дотно, хавчаар ясны далд хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйл үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна ...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 119-121-р тал/,
18.Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 10 сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Б-ийн “...Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 10 сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Б-ийн “1. Помпын чиглүүлэгч оосор тасарч хүний бие махбодит нөлөөлсөн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 9.5 дахь заалтуудыг,
-Осолдогч ажлын хувцас хамгаалах хэрэгсэл авсан баримт материал байхгүй, тухайн осол болсон өдөр ажлын хувцасгүй ажиллаж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг,
-Ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас сургалт ороогүй, шалгалт аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 1 7.3 дахь заалтуудыг,
-Тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь үйлдвэрлэлийн орчинд үзлэг шалгалт хийж, эрсдэлийн түвшин үнэлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй буюу помпын чиглүүлэгч оосор муудсан байгаа, олж тогтоон солих арга хэмжээ аваагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалтыг,
-Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь шинээр орсон ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалт орж, шалгалт авах үүргээ биелүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх заалтыг,
-Компанийн захирал С.М нь помпын чиглүүлэгч оосор муудсанг мэдсэн боловч үйл ажиллагааг зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28 1.2 дахь заалтыг,
-Компанийн захирал С.М нь ажлын талбай дээр осол гарсан байхад үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх орон тооны бус комисс байгуулан ослыг судлан тогтоож, ослын талаар хөдөлмөрийн байцаагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.8 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2 хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус ажилтан нь ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдсон байх тул үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэж байна.
Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт ажилтан Ж.Бид зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан боловч аюулгүй ажиллагааны зааварчилгаандаа помп ажиллуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар сүүлд бичсэн /балын хэв өөр байна/ нь тухай агуулгаар осолдогчид зааварчилга өгөөгүй гэж дүгнэж байна.
Осолдогч Ж.Б нь осолдох үедээ ямар нэгэн ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байсан талаар гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсан байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтад зааснаар ажил олгогч нь ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл үнэ төлбөргүй олгох үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэж байна.
Осолдогч Ж.Б нь шинээр ажилд орохдоо шинэ ажилтны сургалтад сууж, шалгалт аван тэнцсэн тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь заалтуудад тодорхой заасан байдаг. Гэвч осолдогчийг ажил олгогч нь сургалтад хамруулаагүй байна.
Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 5.2 /Өргөгчийн оосор, ган татлага, дэгээ бүрэн эсэх, баталгаат зөвшөөрөлтэй эсэхийг шалгана/. 8.4 /Өндөрт ажиллах угсрагчид нь хамгаалалтын бүсээр хангагдсан , багажаа хийх тусгай хайрцаг, цүнхтэй байна. Урьдчилан бэхлэгдсэн найдвартай бүтээцээс хамгаалалтын бүсээ бэхэлсэн байх шаардлагатай/, 8.8 /Өндөрт ажиллах ажилчид аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийн шалгалт өгч тэнцсэн. эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байвал зохино/, 19 дүгээр зүйлийн 19.1 /Барилга, объектын өндөрт ажиллагчид\ нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл бүс, дуулга малгайг бүрэн хэрэглэсэн байна/, 19.3 /Хашлагагүй захын хийц дээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно/ 19.4 /Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ. /19.6 /өндөрт механизмаар ажил гүйцэтгэхдээ зөвхөн мэргэжлийн оосорлогч, дохиочны тусламжтай гүйцэтгэнэ. 19.7 /Өндөрт гүйцэтгэх ажлыг зөвхөн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 128-131-р тал/,
19.Шинжээч Ц.Бадамгэрэлийн "**" ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ барилгын тусгай эрх бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлэх ёстой байдаг. тусгай зөвшөөрөлгүй бригадын бүлэг хүмүүстэй "**" ХХК нь хүн нэг бүртэй гэрээ байгуулах ёстой байсан. тухайн ажил үүргийг гүйцэтгэж байгаа ажилтан нь тусгай мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой. "**" ХХК нь ганцхан бригадын даргатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэшсэн сертификаттай байх ёстой. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах, норматив батлах тухай 16/ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул, уурхай, эрчим хүч, зам барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна. 17 дугаар зүйл.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон мэргэжлийн сургалт: 1. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан, болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг дадлагатай болсон байна. 27.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-р тал/,
20.Хохирогч Ж.Б, өмгөөлөгч Ж.Мөнхнасангаас гаргаж өгсөн хохирлын баримтууд, /1-р хх-ийн 213-246-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандарт зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-д хамаарна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж хуульчилсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг ойлгоно” гэж заасан, мөн хэрэгт авагдсан *****-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр С.М нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 208 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Мын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.Мд мэдэгдэв.
Хохирогч Ж.Б, хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нараас мөрдөн шалгах ажиллагаанд 7,403,691 (Долоон сая дөрвөн зуун гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг /хх-ийн 213-246 дугаар хуудас/, шүүх хуралдаанд 532,000 (Таван зуун гучин хоёр мянга) төгрөг нийт 7,935,691 (Долоон сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Дээрх баримтуудаас үзэхэд 4 ширхэг падаан /хх 232-235 дугаар хуудас/-д тамга, тэмдэггүй байх тул эдгээр 1,596,000 (Нэг сая таван зуун ерэн зургаан мянга) төгрөгийн дүн бүхий баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Харин бусап и-баримтаар хэрэгт авагдсан 5,807,691 (Таван сая найман зуун долоон мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Маас хохирогч Ж.Бид 2,250,000 (Хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөг төлсөн бөгөөд талууд харилцан хүлээн зөвшөөрсөн энэ талаар маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Бийн нэхэмжилсэн 7,935,691 (Долоон сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгөөс шүүгдэгч С.М хохирогч Ж.Бид 2,250,000 (Хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөг төлсөнд тооцож, 4,089,691 (Дөрвөн сая наян есөн мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Бид олгуулж, 1,596,000 (Нэг сая таван зуун ерэн зургаан мянга) төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ гэмт хэргийн улмаас гарсан зардалд 13,767,000 (Арван гурван сая долоон зуун жаран долоон мянга) төгрөг нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримтууд нь эх баримт бус канондсан хуулбар байх бөгөөд байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй зэрэг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүл мэндийн даатгалын сан нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Ж.Боос шүүх хуралдаанд гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн картыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овгийн Сийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.Мд мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 7,935,691 (Долоон сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгөөс шүүгдэгч С.Маас хохирогч Ж.Бид 2,250,000 (Хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг төлсөнд тооцож, тооцож, 4,089,691 (Дөрвөн сая наян есөн мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргуулж хохирогч Бид олгуулж, 1,596,000 (Нэг сая таван зуун ерэн зургаан мянга) төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүл мэндийн даатгалын сан нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардалд 13,767,000 (Арван гурван сая долоон зуун жаран долоон мянга) төгрөг нэхэмжилснийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Ж.Боос шүүх хуралдаанд гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн картыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР