Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Хохирогч Б.Н,

Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О овогт Лийн Т-д холбогдох 2416000000066 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ***** аймгийн *** сумын **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 07 сарын 09-ний өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсгүүдэд дааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, **** регистрийн дугаартай, О овгийн Лийн Т,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Т нь 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр **** аймгийн *** сум *** захын таксины зогсоол дээр араас дууд дохио ажиллуулсан гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Нын нүүр рүү чулуугаар цохиж үүдэн доод 2 шүдний булгаралт, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Тгийн нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр **** аймгийн *** сум **** захын таксины зогсоол дээр араас дууд дохио ажиллуулсан гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Нын нүүр рүү чулуугаар цохисон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Б.Нын нүүр рүү чулуугаар цохиж үүдэн доод 2 шүдний булгаралт, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор талд өнгөц язрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.Т гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед *** аймгийн *** сум **** тоотод байх гэрээсээ эхнэр Ггийн хамт ногоон өнгийн, приус-20 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Шинэ Алтай зах руу явсан. Би эхнэр Гг *** төвийн баруун талд буулгачхаад Шилэн захын баруун талын таксины зогсоолын тийшээ орох гээд машинууд араасаа цуваад зогсчихсон байсан. Би өмнө явж байсан машинаа сигналдаад зогсоолын тийшээ орсон. Саарал өнгийн приүсний жолооч нь машинаасаа бууж ирээд Ал минь чи намайг сигналдлаа гэж хэлээд бид хоёр хоорондоо барьцалдаж аваад миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод, хөл рүү нэг удаа өшиглөсөн. Би тэгэхээр нь нэг их юм яриагүй тэр хүнээс салаад захын баруун хойд талын хаалга руу алхаад явж байсан чинь хүмүүс шуугилдаад араас чинь цохилоо гэж хэлэхээр нь эргээд харсан чинь шууд миний ам руу хэсэг рүү шууд цохисон. Намайг цохисон хүн над руу чамайг алаад өгнө өө гэж хэлээд дайраад байсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад би шууд цагдаагийн байгууллага дээр ирсэн. Ийм асуудал болсон юм. Энэ талаар манай эхнэр цагдаад дуудлага өгсөн юм. Би тэр хүнтэй хоорондоо маргалдаж муудалцсан. Бид хоёрын дунд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа болон өс хонзонгийн асуудал байхгүй. Миний доод үүдэн хэсгийн хоёр ширхэг шүд унасан. Баруун уруулын дотор хэсэгт язарсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учирсан асуудал байхгүй. Би зүгээр байж байгаад хоёр шүдийг маань унагаасанд гомдолтой...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/,

          Гэрч Ш.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би Ш-А захын мотоциклийн таксины зогсоол дээр.таксинд явах гээд зогсож байхад Ш-А захын машины такси зогсдог газар Н нэг эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан юм. Тэгээд Н тухайн маргалдаж байсан хүнээсээ салаад эргээд машин руугаа алхаж байхад нөгөө үл таних хүн гартаа чулуу бариад Нын нүүр хэсэг рүү цохичхоод яваа л өгсөн юм. Нын амнаас цус гарч байсан ба доод хоёр шүд нь унасан байсан. Л.Т гэх хүн Нын нүүр рүү нэг удаа гартаа чулуу барьж байгаад цохисон....” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26-р хуудас/,

 

            Гэрч Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би нөхөр Нын хамт өдрийн 13 цагийн орчим гэрээсээ хамт гараад Харзат багийн **** захын Буудай худалдааны төвд хүргүүлж очсон ба манай нөхөр хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг болохоор **** захын такси зогсдог газар зогсох гээд явсан. Тэгээд намайг гэртээ ирсэн байхад манай нөхөр Нын нүүр нь цус болсон доод үүдэн хоёр шүд нь булгарч унасан, унасан хоёр шүдээ барьсан гэртээ орж ирэхээр би гайхаад юу болсон талаар асуухад **** зах дээр хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг Т гэх хүнтэй маргалдаад, Т чулуугаар намайг цохичихлоо гэсэн. Тэгэхээр би Нын дагуулаад тухайн зодоон болсон гэх газар ирээд Т гэх хүн рүү залгаад ирээд уулз гэхэд уулзаагүй болохоор нь цагдаагийн байгууллагад би дуудлага өгсөн юм     ” гэх мэдүүлэг /хх- ийн 21-22-р хуудас/,

 

Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн “...1.2. Б.Нын биед үүдэн дээд 2 шүдний булгаралт, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. б.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /10%/ тогтонги алдагдах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө...” гэх 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Т нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Л.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Тгийн тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Тг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эрүүл мэндийн хохиролд 6,000,000 (Зургаан сая) төгрөгийг нэхэмжилдэг ба энэ талаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст ЭЛИТБРИДЖ ХХК-ийн албан бланк, тамга тэмдэг бүхий 2 шүдний имплант хийлгэх нийт зардал 6,000,000 (Зургаан сая) төгрөг гэсэн баримт гаргаж өгсөн. Үүнийг шүүх эмчилгээ хийлгээгүй, бодит зардал биш хэмээн үзсэн тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

          Иймд хохирогч Б.Н нь цаашид эрүүл мэндэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

          Харин хохирогч Б.Н гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгтийн 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 3,960,000 (Гурван сая есөн зуун жаран мянга) төгрөгийг шүүгдэгч Л.Тгаас гаргуулж, хохирогч Б.Нт олгуулж шийдвэрлэлээ.

         

          4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овгийн Лийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Л.Тд мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,960,000 (Гурван сая есөн зуун жаран мянган) төгрөгийг шүүгдэгч Л.Тгаас гаргуулж, хохирогч Б.Нт олгосугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Н нь эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 6,000,000 (Зургаан сая) төгрөгөө холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР