| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00695/И |
| Дугаар | 155/ШШ2021/00815 |
| Огноо | 2021-07-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2021/00815
| 2021 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2021/00815 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ............... сумын 01 дүгээр багийн ........ тоотод оршин суух, С овогт Б-н Ц- (Р........)-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .....н сумын.. дүгээр багийн ..... тоотод оршин суух, Г овогт Д-н Л- (Р..............)-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2021/006.../и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Л бид хоёр 10 жилд суралцдаг байхдаа буюу 2015 оноос үерхэж, нөхөрлөж эхэлсэн. Ингээд бид хоёулаа оюутан болж, үерхэж явсаар, бидний дундаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин У төрсөн. Охиноо төрөх хүртэл бидний харилцаа сайн байсан. Гэвч Д.Л нь үр хүүхэд нь төрсөн байхад өөр эмэгтэйтэй уулзаж, энэ байдлаас бидний харилцаа хөндийрсөн. Тэрээр 2020 оны 10 дугаар сараас хойш бидэн дээр нэг удаа ч ирээгүй. Бид гэрлэлтээ батлуулж, албан ёсоор өрх тусгаарлаагүй. Гэхдээ охин У маань эцэг Л-р овоглодог. Цаашид эвлэрэх боломжгүй болсон учир шүүхэд хандаж байна.
Иймд хуульд заасны дагуу эцэг Д.Л-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Л шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц бид хоёр 10 жилд байхаасаа өдийг хүртэл үерхсэн нь үнэн. Бидний дундаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин У төрсөн. Би Ц-тай хамтран амьдарч байх хугацаандаа өөр эмэгтэйтэй харилцаа тогтоож байгаагүй. Бидний дунд үүссэн маргаан нь гэр бүлийн хүмүүсийн дунд байдаг жижиг маргаанаас үүдэлтэй бөгөөд өдий хүртэл үргэлжилж ийм байдалд хүрсэн. Энэхүү маргаан эхэлсэн цагаас би Ц-с охиноо эргэж очиж уулзах талаар асуудаг байсан. Цогзолмаа ямар ч хариу өгдөггүй байсан учир уулзаж чадахгүй байсан. Охин Уянга нь миний охин мөн гэдэгт эргэлзэх зүйлгүй учир охиндоо хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Л-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Л нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Л.У төрснийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэсэн 6701000888 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Л.У нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Л-с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Л.У-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-с Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Л.У нь 1 нас 8 сартай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийн тал хувь 106.900 төгрөгийг сар бүр хариуцагч Д.Л төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Л.У-д сар бүр төлөх 106.900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.282.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Л.У-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Л-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-с 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН