Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/374

 

 

 

 

 

 

 

 

       2024             5               09                                   2024/ШЦТ/374       

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч ***

иргэний нэхэмжлэгч “***” ББСБ-ийн төлөөлөгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-нд *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; үеэл дүүгийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, *** *** дугаар гудамж, *** тоотод оршин суух,

ял шийтгэл:

1. *** дүүргийн шүүхийн *** оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор ***оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

2. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** регистрийн дугаартай, *** овогт ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /нэг бодгаль/-н түүхий эд болох 4 ширхэг саврыг 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн ***дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот хашаанд байрлах саарал өнгийн нэг давхар байшинд хадгалсан, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 ширхэг баавгайн саврыг 700.000 төгрөгөөр бусдад худалдаж ашиг олсон, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *** дүүргийн нутаг дэвсгэрээс *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” төмөр замын зорчигч тээврийн төв рүү **** улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад ярьсан тул нэмж ярих зүйлгүй. Энэ гэмт хэрэгт намайг буруутгаж байгаад маргах юм алга.

Би таксинд явж байтал миний машинд сууж явсан 3 залуу хоорондоо муудалцаад, би тэд нарыг орхиод явтал машин дотор нэг юм үлдсэн байсан нь баавгайн савар байсан. Тэгээд би 2 жил орчим хугацаанд гэртээ хадгалж байгаад нэг ширхэг саврыг нь 700.000 төгрөгөөр хүнд худалдаж зарсан. Зарсан мөнгөөрөө хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Дараа нь над руу нэг хүн залгаад баавгайн савар байна уу, авъя гэхээр нь зарахаар төмөр замын вокзал руу очтол намайг цагдаа нар бариад авсан.

Би өөрийн эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн автомашиныг ББСБ-д 11.0 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан. Гэмт хэрэгтэй холбоотойгоор машин хураагдахыг ойлголоо. “***” ББСБ-аас авсан зээлээ төлөх болно.

Надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

Иргэний нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би “***” ББСБ-д орлогч захирлаар ажилладаг. Манай ББСБ-с иргэн *** нь ***улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөгийн зээл 36 сарын буюу 3 жилийн хугацаатай авсан. Зээл олгох үед тухайн машинд ямар нэгэн хязгаарлалт, битүүмжлэл, мөн эзэмшигчийн маргаан энэ тэр байгаагүй. Өөрөөр хэлбэл Экологийн цагдаад шалгагдаж байгаа талаар огт мэдээгүй. Гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх саналтай байна.

Зээлдэгч *** 2023 оны 11 дүгээр сард зээл авснаас хойш өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг зээлд төлөөгүй. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зээлдэгчийн үүрэг, 5 дугаар зүйлийн 5.2.2-т гэрээ дуусгавар болох болон гэрээ цуцлагдах үндэслэлийг заасан байдаг.

Зээлийн барьцааны хөрөнгө болох ***улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн автомашин нь одоо манай ББСБ-ийн хашаанд байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн төлөөлөгч ***ын *** “... би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд мэргэжилтнээр ажилладаг.

... Монгол Улсад хоёр төрөл зүйлийн баавгай байгаа. Нэг төрөл зүйл нь мазаалай баавгай, нөгөө төрөл зүйл нь хүрэн баавгай. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлсийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын 2 хавсралтад бүртгэгдсэн тархац нутгийн хувьд монгол орны газар зүйн хувьд салангид хүрэн баавгайн 4 популяци байдаг бөгөөд Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсаар тархсан байдаг. Хүрэн баавгай өөрсдийн үндсэн тархац нутгаас 10-200 км зайтай Дорнод Монголын уулын хээр, голын хөндийд хааяа нэг тохиолддог юм. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна” /хх-н 49-51/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... би болсон хэргийн талаар өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг бүгдийг нь үнэн зөв ярьсан. Надад одоо тухайн мэдүүлгийг өөрчилж ярих зүйл байхгүй. ... шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна /хх-н 136/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний шинжээч, цагдаагийн дэслэгч ***

“... шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг зүйл нь баавгайнх-Ursidae (Linnaeus, (178) овгийн, Хүрэн баавгай-Ursus arctos (Linnaeus, 1778)-н сарвуу байна,- Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг сарвуунаас хүйсийг тодорхойлох боломжгүй. - Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг сарвуунаас агнагдсан байдлыг тогтоох боломжгүй байна.

- Хүрэн баавгай-Ursus arctos (Linnaeus, 1778) нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номын (2016 он) ховор амьтны жагсаалтад багтсан болно.

-Уг сарвуунаас насыг нарийн тодорхойлох боломжгүй байна. Бие гүйцсэн баавгайн сарвуу байна. 6. Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай түүхий эд нь нэг бодгалийн гаралтай түүхий эд байх боломжтой байна.

- Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05 өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ээр нэг бодгаль Хүрэн баавгай-Ursus arctos (Linnaeus, 1778) нь 12.450.000 гэж тогтоогдсон байна. Хүрэн баавгай-Ursus arctos (Linnaeus, 1778)-н сарвуу нь тусдаа үнэлгээгүй болно” гэсэн *** тоот дүгнэлтийг гаргасан байна. /хх-н 70-72/

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ховор амьтан болох хүрэн баавгайн 3 ширхэг саврыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох ***улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн автомашинд тээвэрлэж яваад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Улаанбаатар” төмөр замын зорчигч тээврийн төвийн ард байрлах автомашины зогсоол дээр цагдаа нарт баригджээ.

Энэ байдал нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-13/ гэсэн баримтуудаар бэхжүүлэгдсэн байна.

 

Гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлийг шалгах явцад шүүгдэгч *** 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүрэн баавгайн 1 ширхэг саврыг бусдад 700.000 төгрөгөөр худалдсан болох нь

гэрч ***ын **** “... манай ээж сахартай, мөн савны хорт хавдартай байсан юм. Баавгайн савраар хэвлий хэсгээр савардах зорилгоор худалдаж авсан. Ингэж байгаад манай ээж нас барсан. Ээжийн хэрэглэж байсан юмтай хамт баавгайн саврыг шатаасан. ******* дугаартай данс нь манай ээжийн данс байсан’’ /хх-н 141-142/ гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн газрын үзлэгтэй холбоотойгоор ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгахад тэрээр хүрэн баавгайн савруудыг өөрийн амьдардаг *** дүүргийн ** дугаар хороо, ***** дугаар гудамж, *** тоотод хадгалж байсан нь мөн нотлогдон тогтоогдсон байна. /хх-н 14-16, 17-20/

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *** ховор амьтан болох хүрэн баавгайн түүхий эд зүйл буюу 4 ширхэг саврыг тусгай зөвшөөрөлгүйгээр гэртээ хадгалсан, үүнээс 1 ширхэг саврыг нь бусдад 700.000 төгрөгөөр худалдсан, улмаар үлдэх 3 ширхэг саврыг нь худалдан борлуулахаар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***г тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч *** энэ гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө 2011, 2020 онуудад шүүхээс ял шийтгэл хүлээж байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Нөгөөтээгүүр гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 90/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-н 88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 86/, газар эзэмших эрхийн лавлагаа /хх-н 89/,

гэрч ***ийн ****ийн “... би ***той багын найзууд. Түүний ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг одоогоос сар гаруйн өмнө, барагцаагаар 11 сарын сүүлчээр авсан санагдаж байна. ***г хөдөө ажилд явлаа гэхээр нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх гэж авч үлдсэн. Би ***д 2 сая төгрөг зээлүүлсэн байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 64-65/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд хохирол 12.450.000 төгрөг гэжээ. Харин Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан бөгөөд 12.450.000x2=24.900.000 төгрөг болж байна.

 

Дээрх 24.900.000 төгрөг болон шүүгдэгч ***гийн бусдад худалдсан баавгайн 1 ширхэг саврын үнэ болох 700.000 төгрөгийг түүнээс гаргуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн банк дахь **** тоот дансанд төвлөрүүлэхээр, мөн шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн автомашиныг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч ***гийн өмчлөлд байсан ***улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн автомашины талаар шүүх дараах тайлбарыг хийх нь зүйтэй.

Учир нь *** “***” ББСБ ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “ЗГ-23/011/0413” дугаартай Зээлийн гэрээ” байгуулж 11.000.000 төгрөгийн зээл авсан /хх-н 108-109/, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “БГ-23/011/0413/ дугаартай Барьцааны гэрээ”-гээр тухайн автомашиныг барьцаалсан байна. /хх-н 110-112/

Гэвч цаг хугацааны хувьд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө тухайн тээврийн хэрэгсэл гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан байх тул уг тээврийн хэрэгслийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь хуулийн заалтад нийцнэ.

 

Иймд зээлдэгч ***гоос 11.000.000 төгрөг гаргуулан “***” ББСБ ХХК-д олгож, энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон зээл олгогч “***” ББСБ ХХК-ийн зээлийн хүү, алдангаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн мөрийн баримтаар хураагдаж, одоо Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа баавгайн 3 ширхэг саврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлэн өгөхийг тус цагдаагийн албанд даалгав.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхээс түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                            ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***г тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

хорих ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч ***гоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хүрэн баавгайн (1 бодгаль) үнэ болох 24.900.000 /хорин дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг,

хүрэн баавгайн 1 ширхэг саврыг бусдад худалдсаны үнэ болох 700.000 /долоон зуун мянга/ төгрөг нийт 25.600.000 /хорин таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн банк дахь 100900013040 тоот дансанд төвлөрүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн автомашиныг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

7. Шүүгдэгч ***гоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “***” ББСБ ХХК-д олгож,

иргэний нэхэмжлэгч “***” ББСБ ХХК-ийн зээлийн хүү, алдангаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн мөрийн баримтаар хураагдаж, одоо Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа баавгайн 3 ширхэг саврыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлэхийг тус цагдаагийн албанд даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ЖАНЧИВНЯМБУУ