| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00699/И |
| Дугаар | 155/ШШ2021/00817 |
| Огноо | 2021-07-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2021/00817
| 2021 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2021/00817 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .... сумын .... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, О аймгийн Б сумын Д хороолол ...... тоотод түр оршин суух, Л овогт Б-н У (Р..............)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ....... сумын ............... тоотод оршин суух, О овогт Б-ны Э (Р..................)-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2021/006..../и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б-н У нь нөхөр Б.Э-тэй танилцаж үерхэж байгаад 2006 оны намар албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж үүнээс хойш хамт амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Б төрсөн. Хамтран амьдарсан эхний 1-2 жилд бидний харилцаа хэвийн амьдрал сайхан байсан боловч сүүлдээ таарч тохирохгүй болж, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2008 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Бид одоо тус тусдаа гэр бүлтэй болцгоосон, цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Охин ******* минь миний асрамжинд байдаг.
Иймд Б-ы Э-тэй гэрлэлтээ бүртгүүлсэн 2007 оны гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, охин *******ийг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнггийн талаар ямар нэгэн маргаангүй ба охин *******эд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б-ны Э нь эхнэр Б.У-тэй 2006 оны намар албан ёсоор гэрлэлтээ бүргүүлж, гэр бүл болсон. Ингээд хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2007 оны 06 сарын 06 өдөр охин ******* төрсөн. Хамтран амьдарсан 1-2 жилд бидний харилцаа хэвийн амьдрал сайхан байсан боловч сүүлдээ таарч тохирохгүй болж, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2008 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Бид одоо тус тусын гэр бүлтэй болцгоосон, цаашид хамт амьдрах боломжгүй. Охин ******* эхийнхээ асрамжинд байдаг.
Иймд Б-н У-тэй гэрлэлтээ бүртгүүлсэн 2007 оны гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Охин *******ийг эхийнх нь асрамжид үлдээнэ. Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнггийн талаар ямар нэгэн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигч нь 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсноо 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 38 дугаарт бүртгүүлсэн болох нь №1140/000969 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин ******* төрснийг 2007 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 048 дугаарт бүртгэсэн 1140/000968 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч Б.У нь 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******ийг өөрийн асрамжинд авах талаараа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.
Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдийн насны байдал, түүний өсөж дадсан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцлийг харгалзан, 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******ийг эх Б.У-н асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин *******ийг эх Б.У-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Б.Э-г хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Л овогт Б-н У (Р...............), О овогт Б-ны Э (Р............) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******ийг эх Б.У-н асрамжинд үлдээсүгэй.
3.Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-с 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хэвээр үлддэг болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН